| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2020/00201/э |
| Дугаар | 2020/ШЦТ/197 |
| Огноо | 2020-12-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 2020/ШЦТ/197
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Г.Цолмонгэрэл,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Л.Мөнхнасан,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: П.Өнөрболд,
Шүүгдэгч: А.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овгийн А.Ц-д холбогдох 2026000000227 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, гэмт хэрэгт холбогдох үедээ улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигин овгийн А.Ц
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Боржигин овгийн А.Ц нь 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12 цагийн орчим Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа 1 дүгээр багийн нутаг “Бүзэнхий” гэх газар И.Л-г зодож цээж, баруун зүүн хөх, аюулхай, зүүн гарын шуу хэсэгт цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч А.Ц шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн өглөөний 09 цагийн орчим хониндоо явсан. Хонин дээр явж байхдаа Баянмөнх, Зүүнбаян гэх хоёр хүнтэй овоо нь дээр таарсан. Тэр хоёр хүнтэй байж байтал манай хонь хойшоо И.Л-н өвөлжөөний хажуу дээр байгаа харагдсан. И.Л машинтай ирээд хонь хөөгөөд байсан. Би хонь битгий хөөгөөд байгаач гэж хэлэх гээд өмнөөс нь очиход И.Л машинаасаа бууж ирээд намайг харааж зүхсэн. Би мотоциклиосоо буугаад хоёулаа учир зүйгээ олъё гэхэд над руу шороо цацаад намайг ирээд заамдаад авсан. Тэгэхээр нь би цааш нь зөөлхөн түлхсэн. Миний дээлийн энгэр хэсгээс татаад арагшаа ойчсон. Миний дээлийн энгэр нь урагдсан байсан. И.Л нь газраас хайраг чулуу аваад над руу шидсэн. И.Лгийн шидсэн чулуу миний нүүрийг онох гэхээр нь би зүүн гараараа хамгаалсан боловч тохиог шалбалсан байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч И.Л мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2020 оны 10 дугаар сарын 11-ний өглөө 10 цагийн үед ямаагаа харах гээд өөрийн приус-11 маркийн *****улсын дугаартай автомашиныг унаад явсан. Тэгсэн чинь манай ямаа Ц гэх айлын малтай нийлэх гээд байж байхаар нь би дундуур нь ороод байж байтал цаанаас Ц мотоцикльтой давхиж ирээд миний машины баруун талаар мотоциклиороо шүргээд гарсан. Тэгэхээр нь тэр доор нь зогссон чинь мотоциклио данхраадчихаад над дээр ирээд намайг угз татаад цагаачилж ирсэн, гуйлгачин гичий миний гараад ир гээд гартаа чулуу атгаж байгаад миний цээж, хөх, гар луу цохиж зодсон. Би болиоч ээ гээд уйлаад байхад намайг ална гээд зодоод байсан. Тэгээд би Ц-с зугтахын тулд газраас шороо аваад цацаж байгаад зугтаад машиндаа орж суугаад гэртээ ирсэн. Гэртээ ирээд байж байтал манай том банди Д аймгаас дөнгөж ирээд гадаа зогсож байсан. Удалгүй Ц-н аав, ээж хоёр манай гэрт ирээд хүүхэд зодсон байна гээд байсан. Би тэгээд хүү Д-г цагдаа дууд гээд Тарагт сумын цагдаад дуудлага өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 22-24 хуудас/,
Гэрч Ө.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр би Өвөрхангай аймаг явчихаад ирсэн. Удалгүй саахалт айлын А эхнэр Ттай ирсэн. А машиныхаа цонхыг онгойлгоод манай ээж Л-г дуудсан. Тэгээд Т манай ээжтэй маргалдаад байсан. Тэгээд манай ээж цагдаа дууд гэхээр нь би гэр рүү утас авахаар орчихоод гараад ирсэн чинь нөгөө хүмүүс явчихсан байсан. /хх-ийн 25 хуудас/,
Гэрч О.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр би үхэр хайж яваад гэртээ ирсэн. Тэгтэл манай хүү Ц ууртай байх шиг байхаар нь юу болсон талаар нь асуухад манай эхнэр хэлэхдээ Л хөдөө хонин дээрээ байхад нь дээлийг нь ураад цусыг нь гоожуулаад явуулсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэртэйгээ Л-д очоод яагаад манай хүүхдийг зодсон бэ гэсэн чинь Л манай эхнэртэй хэрүүл хийгээд байсан. /хх-ийн 27-28 хуудас/,
Гэрч Ц.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Ц нь эхээс 4-үүлээ. Нэг эгчтэй, хоёр дүүтэй. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд 5 дугаар анги хүртлээ сууж байгаад мал дээр гарсан. Ц нь зан байдлын хувьд их томоотой хүүхэд. Архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй. Ер нь их тайван, томоотой хүүхэд байгаа юм. /хх-ийн 29-30 хуудас/,
Гэрч Б.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Ц нь айлын 2 дахь хүүхэд. Тэднийх Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг Бүзэнхий гэх газар оршин суудаг. Зан байдлын хувьд төлөв даруу эелдэг, томоотой хүүхэд байгаа юм. Хөдөө аав, ээжтэйгээ хамт мал малладаг. 5 дугаар ангиа төгсөөд сургуулиас гарсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Бусдад тусархуу ажилсаг, бусадтай хэрүүл маргаан хийгээд байдаггүй. /хх-ийн 31-32 хуудас/,
Яллагдагч А.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хонио эргүүлээд явж байтал саахалтын Л машинтайгаа хүрээд ирсэн. Тэгээд танай хонь манай өвөлжөөг идээд байна. Танай хонийг хөөнө гээд намайг элдвээр хараагаад над руу цагаан юм цацаад байсан. Би тэгэхээр нь манай нутагт ингэж даварч болохгүй шүү гэж хэлсэн. Тэгээд над руу дайраад байхаар нь би Л-г цааш нь түлхсэн. Тэгээд тэр эмэгтэй цаашаа яваад өгсөн. /хх-ийн 39-41 хуудас/,
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 сарын 15-ны өдрийн №437 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Үзүүлэгч И.Лгийн биед цээж, баруун, зүүн хөх, аюулхай, зүүн гарын шуу хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 9-10 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 4/4532, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 40/4580 дугаартай албан бичгүүд, Хөрөнгийн үнэлгээ төслийн Лэндс ХХК –ий 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11/06 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 42, 34-39, 75-78 хуудас/,
Шүүгдэгч А.Ц-н хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 110 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 67, 70 хуудас/,
Шүүгдэгч А.Ц-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72 хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч А.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Боржигин овгийн А.Ц нь 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12 цагийн орчим Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа 1 дүгээр багийн нутаг “Бүзэнхий” гэх газар И.Л-г зодож цээж, баруун зүүн хөх, аюулхай, зүүн гарын шуу хэсэгт цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Боржигин овгийн А.Ц нь 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12 цагийн орчим Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа 1 дүгээр багийн нутаг “Бүзэнхий” гэх газар И.Лг зодож цээж, баруун зүүн хөх, аюулхай, зүүн гарын шуу хэсэгт цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ц-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч И.Л-н 2020 оны 10 дугаар сарын 11-ний өглөө 10 цагийн үед манай ямаа Ц гэх айлын малтай нийлэх гээд байж байхлаар нь би дундуур нь ороод байж байтал цаанаас Ц мотоцикльтой давхиж ирээд миний машины баруун талаар мотоциклиороо шүргээд гарсан. Тэгэхээр нь тэр доор нь зогссон чинь мотоциклио данхраадчихаад над дээр ирээд намайг угз татаад цагаачилж ирсэн, гуйлгачин гичий миний гараад ир гээд гартаа чулуу атгаж байгаад миний цээж, хөх, гар луу цохиж зодсон. Би болиоч ээ гээд уйлаад байхад намайг ална гээд зодоод байсан. Гэрч Ө.Дын 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр би Өвөрхангай аймаг явчихаад ирсэн. Удалгүй саахалт айлын А эхнэр Ттай ирсэн. А машиныхаа цонхыг онгойлгоод манай ээж Л-г дуудсан. Тэгээд Т манай ээжтэй маргалдаад байсан. Гэрч О.Аийн 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр би үхэр хайж яваад гэртээ ирсэн. Тэгтэл манай хүү Ц ууртай байх шиг байхаар нь юу болсон талаар нь асуухад манай эхнэр хэлэхдээ Л хөдөө хонин дээрээ байхад нь дээлийг нь ураад цусыг нь гойжуулаад явуулсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэртэйгээ Л-гийнд очоод яагаад манай хүүхдийг зодсон бэ гэсэн чинь Л манай эхнэртэй хэрүүл хийгээд байсан. Гэрч Ц.Т-н Ц нь эхээс 4-үүлээ. Нэг эгчтэй, хоёр дүүтэй. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд 5 дугаар анги хүртлээ сууж байгаад мал дээр гарсан. Ц нь зан байдлын хувьд их томоотой хүүхэд. Архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй. Ер нь их тайван, томоотой хүүхэд байгаа юм. Гэрч Б.Н-н Ц нь айлын 2 дахь хүүхэд. Тэднийх Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг Бүзэнхий гэх газар оршин суудаг. Зан байдлын хувьд төлөв даруу эелдэг, томоотой хүүхэд байгаа юм. Хөдөө аав, ээжтэйгээ хамт мал малладаг. 5 дугаар ангиа төгсөөд сургуулиас гарсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Бусдад тусархуу ажилсаг, бусадтай хэрүүл маргаан хийгээд байдаггүй гэх мэдүүлгүүд, шүүгдэгч А.Ц-н үйлдлийн улмаас хохирогч И.Л-н биед гэмтэл учирсан, хохирогч И.Л-н эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 сарын 15-ны өдрийн №437 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 4/4532, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 40/4580 дугаартай албан бичгүүд, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК –ий 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11/06 дугаартай үнэлгээний тайлан, шүүгдэгч А.Ц-н мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч А.Ц-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч А.Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч А.Ц нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан уг гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч А.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.Ц-н хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч А.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч А.Ц нь хэрэгт авагдсан нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овгийн А.Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч А.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч А.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.