| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/02180/И |
| Дугаар | 1722 |
| Огноо | 2017-06-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 1722
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, Зүүн Ард Аюуш 16 дугаар гудамж, 433 тоотод оршин суух, Боржигон овогт Цогоогийн Хандмаа /РД:еп88072607/-ийн
иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Тунгалагийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Хандмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц.Хандмаа миний бие Т.Тунгалагтай 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Баруун 4 зам ТБД андуудын урд байрлах нотариатын газраар зээлийн гэрээ байгуулан 4,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Т.Тунгалаг нь янз бүрийн шалтаг тоочсоор 2017 оны 02 дугаар сарын 23-нд 500,000 төгрөг, 2 дугаар сарын 25-нд 550,000 төгрөг, 3 дугаар сарын 25-нд 300,000 төгрөг нийт 1,750,000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн. Зээлдэгч Т.Тунгалаг нь зээлийн гэрээний дагуу надад үндсэн зээлийн 2,650,000 төгрөгийг шуурхай шилжүүлнэ гэсэн боловч утсаа салгаад ямарч сураггүй боллоо. Би 2017 оны 4 дүгээр сарын 27-нд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 101/ШЗ2017/07873 тоот захирамжаар зээлдэгч Т.Тунгалаг нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд бүртгэлтэй боловч хаяг нь дээр оршин суудаггүй, хаяг нь тодорхойгүй тул нэхэмжлэл хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан. Миний ээж Б.Сийлэгмаа нь зээлдэгч Т.Тунгалагийн паспортын хаягаар Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороонд очиход тус хорооны хэсгийн ахлагч Уранцэцэг манай ангийн хүүхэд байна. Энэ хаяг нь дээрээ байхгүй урд Дүнжингарав худалдааны төвийн баруун талд байдаг “Сүмбэр орд” гэх 12 давхар нэг нэг орцтой 2 ижилхэн байрны зүүн талын хөх байранд амьдардаг. Би 2-3 удаа очсон боловч давхар, хэдэн тоотод оршин суудагийг санахгүй байна гэсэн. Уранцэцэг нь Т.Тунгалагийн ээж, дүү, нөхөр Жаргалыг сайн таньдаг. Т.Тунгалагийн нөхөр Жаргалын эгч Нарантуул ОУХТ-д цайны газар ажиллуулдаг гэж хэлсэн. Ээж Б.Сийлэгмаа нь Т.Тунгалагийн амьдардаг гэх байранд очиж жижүүрээс нь асуухад бид байнга солигддог танихгүй харин та үйлчлэгчээс нь асуу энэ байранд 3 жил ажиллаж байгаа гэсэн. Үйчлэгчээс нь асуухад танина 2 хүүтэй, нөхөр нь бараг харагддаггүй хөдөө гадаа явдаг юм шиг байна лээ хааяа л тааралддаг гэж хэлсэн. 2017 оны 3, 4 дүгээр сард хэсгийн ахлагч Уранцэцэг рүү зээлдэгч Т.Тунгалаг нь 91910548 гэсэн дугаараас 2-3 удаа залгаж манай дүү 4 дүгээр хороонд очиж байгаа бүртгэж аваарай гэх мэтээр ярьсан гэсэн. Зээлдэгч Т.Тунгалагийн хаяг нь тодорхойгү байх тул Т.Тунгалагийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сийлэгмаа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Ц.Хандмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сийлэгмаа би 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 13 цаг 30 минутад болох иргэний хэргийн шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй тул хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Хандмаа нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Тунгалагийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд ханджээ.
Т.Тунгалаг нь Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Цэргийн хотхон гудамж, 554 тоотод оршин бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох гэх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны 101/ШЗ2017/07873 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ц.Хандмаа иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Тунгалагийг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл дээрх баримтаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй байна.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Тунгалагийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч Ц.Хандмаад мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Төмөртогоогийн Тунгалагийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Т.Тунгалагийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагчийн Ц.Хандмаад мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
Нэхэмжлэгч: Боржигон овогт Цогоогийн Хандмаа /утас:89339004, 99876384/,
Хаяг: Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, Зүүн Ард Аюуш 16 дугаар гудамж, 433 тоот
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Боржигон овогт Батаагийн Сийлэгмаа /утас: 99876384/
Хариуцагчаар оролцвол зохих этгээд: Төмөртогоогийн Тунгалаг
Хаяг: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Цэргийн хотхон гудамж, 554 тоотод
Утас: 91910548
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ