Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/86

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Төмөрбарс,

Улсын яллагч Б.Тулга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Ханхөгшин овогт *******д холбогдох 2126000000099  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 24-ний өдөр, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4 эхнэр хүүхдийн хамт, ************** гэх газар оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ханхөгшин овогт *******, регистрийн дугаар:*******,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч “...******* нь 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр *******,******* гэх газар *******ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв.  Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тус өдөр 22 цагийн үед отроор яваа гэх айлд орсон. Гэрт нь ороход гэр бүлийн хүмүүс нь тэгээд бас ******* байсан. Тэгээд ******* намайг хоёулаа гараад уулзаадахъя гэсэн. Гартал миний урд явж байгаад эргэж хараад юм хэлэлгүйгээр миний хамар хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд бид хоёр нэг нэгнийгээ заамдаж аваад би *******д “чи намайг яагаад цохисон” юм бэ гэж асуусан. Тэгтэл ******* ах эхнэр ******* гэх эмэгтэйтэй хардаад цохисон гэж байсан. Тэгээд ******* бид хоёр салахдаа ******* надад уучлаарай миний буруу, би хүмүүсийн худлаа үгэнд итгээд чамайг цохичихлоо гэж байсан. Тэгээд ******* бид хоёр салаад гэр гэр лүүгээ явсан. Бид хэд бүгдээрээ нэг голын наана цаана байдаг хүмүүс. ******* Өвөрхангай аймгийн төв дээр таксинд явдаг. Хэд хэдэн удаа *******оор таксидаж байсан. Тэрийг хүмүүс *******д буруу ойлгуулсан юм шиг байсан. 2021 оны 02 сарын сүүлээр , ******* хоёр өөрсдөө над руу утсаар яриад надад зээл аваад өгөөч гээд 5.200.000 төгрөгний малчны зээл авч өгсөн. Миний хамар хэсэгт нэг удаа гараараа цохисон, аль гарыг нь санахгүй байгаа, цохиулсны улмаас хамрын яс хугарч мурийсан. Тэгээд би 2021 оны 04 сарын 05, 06-ны үед Өвөрхангай аймгийн БОЭТ дээр очиж эмчилгээ хийлгэсэн. Надад эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй. *******г зөрүүлээд цохисон асуудал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/, 

 

Гэрч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... гэдэг хүнийг хэзээ үзүүлсэн он сарыг нь сайн санахгүй байна. 4 дүгээр сард л байх хүнд зодуулсан гээд орж ирж үзүүлсэн. Тухайн үед үзээд хамар дайврын зураг авхуулсан. Рентгений эмч томограф саналтай гэсэн байсан. Тэгээд томограф хийлгэх оношийг тодруулсан. Хамрын гадна талын хугарал нь шинэ хугарал байсан. Хамрыг тэмтэрч үзэхэд хөдөлгөөнтэй дуугарч байсан. Энэ байдлаас нь шинэ гэмтэл гэж тодорхойлж байна. Харин хамрын таславч бол хуучин гэмтэл хажуу тийш нь түлхэж үзэхэд бороололтоор нь шинэ хуучин гэмтэл нь тогтоогддог юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №165 дугаартай “...үзүүлэгч *******ын биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт, /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тодорхойлсон *******ийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 77 дугаартай тодорхойлолт /хх-66/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-62/, малын А дансны хуулга /хх-ийн 67-68 дугаар хуудас/

 

Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-59/,

 

Шүүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Улсын яллагч “Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Шүүгдэгч ******* нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

            Шүүгдэгч ******* нь 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр *******,******* гэх газар хохирогч *******ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж *******ын биед хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

              Хохирогч *******ын “...Тэгээд ******* намайг хоёулаа гараад уулзаадахъя гэсэн. Гартал миний урд явж байгаад эргэж хараад юм хэлэлгүйгээр миний хамар хэсэгт нэг удаа цохисон. ...би *******д “чи намайг яагаад цохисон” юм бэ гэж асуусан. Тэгтэл ******* ах эхнэр ******* гэх эмэгтэйтэй хардаад цохисон гэж байсан. ...цохиулсны улмаас хамрын яс хугарч мурийсан. Тэгээд би 2021 оны 04 сарын 05, 06-ны үед Өвөрхангай аймгийн БОЭТ дээр очиж эмчилгээ хийлгэсэн” гэх мэдүүлэг/хх-ийн 19-20-р хуудас/, гэрч *******ы “...хамрын гадна ясны хугарал бол шинэ гэмтэл. Хамрыг тэмтэрч үзэхэд хөдөлгөөнтэй, дуугарч байсан. Энэ байдлаар нь шинэ гэмтэл гэж тодорхойлж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/, шүүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн “...би урд нь алхаж байгаад эргэж хараад *******ын хамар нь тус газарт баруун гараараа нэг удаа цохисон. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг/хх-ийн 57-58-р хуудас/, хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 165 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-40 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан  байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв  гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч *******ын шүүхэд ирүүлсэн “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлт зэргээр тогтоогдож байна.

 

Улсын яллагч “Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч  нь “...Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, хувийн байдлыг харгалзан үзэж 405 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж өгнө үү ” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч *******гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т  заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

   Шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч *******д мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч *******д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ханхөгшин овогт *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ханхөгшин овогт *******г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000  /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

 

                        5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

                        7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.