| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2022/0122/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/172 |
| Огноо | 2022-05-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2022/0122/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Балжинням,
Улсын яллагч Б.Батсүх,
Шүүгдэгч З.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт З-ийн О-т холбогдох эрүүгийн 2218000000096 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт З-ийн О /РД: ..../, .... оны ..... дүгээр сарын ....-нд ..... төрсөн, ..... настай, эрэгтэй, .... боловсролтой, .... мэргэжилтэй, ..... суралцдаг, ам бүл ...., эцэг эхийн хамт .... аймаг, ..... сум, ..... баг, ..... дүгээр хороолол, .... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч З.О нь .... оны .... дүгээр сарын ....-ны өдрөөс .... оны .... дүгээр сарын .....-ний өдөр шилжих шөнө Дархан-Уул аймгийн ..... сумын ..... дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.....” төвийн гадна Ц.Ц.....тай маргалдан зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт хамар орчмын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч З.О....ын өгсөн: “...Мөрдөн байцаах шатанд мэдүүлгээ өгсөн. Одоо кино урлагийн дээд сургуульд сурч байгаа. Тогтсон орлого байхгүй. Кинод явбал орлоготой. Хохирол төлбөрөө төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Хохирогч Б.Ц...ы өгсөн: “...Би .... оны ..... дүгээр сарын .....-ны орой .... цагийн орчим миний зүс таних Э над руу утсаар яриад гадуур гарах уу? гэж асуухаар нь би тэгье гэж хэлээд Э-тай үйчилгээний төв дээр уулзсан. Э О гэх хүнтэй хамт явж байсан. Бид нар ..... баар руу хамтдаа орж 12-13 шил пиво, 2 оргилуун дарс захиалсан. Би авсан пивоноос нь 2 шилийг, оргилуун дарстай хамт уусан. Бааранд байхад З.О надад ахын дүү чи гар утсаа ломбарданд тавьчих өнөөдөр үргэлжлүүлээд ууя гэхээр нь би үгүй ээ энэ утсыг тавихгүй, аавын утас гэж хэлсэн. Тэгээд баарнаас гараад чи намайг зодно гэсэн юм уу? гээд ..... хажуу талын жижигхэн модтой хэсэг рүү дагуулж ороод чи намайг ..... барахгүй шүү гэсэн. Э хажууд салгах гээд зогсож байсан. З.О намайг хавирч газар 3 удаа унагасан. Унах үед миний нүдний шил алга болсон. Би шилээ хайгаад олоогүй. Миний хамар хэсэг рүү хөлөөрөө хоёр удаа өшиглөж хамараас цус гаргаж хугалсан. Намайг зугтах гэтэл чи зугтвал би хаанаас ч хамаагүй олж байгаад ална шүү гэсэн. Э уурлаад О-ыг тэвэрч аваад намайг яв гээд орилоод байхаар нь би гэр лүүгээ зугтаад гэрийн гадаа очиход миний хойноос дагаж ирээд орилоод байсан. Гэрээс аав, ээж хоёр гарч ирээд цагдаа дуудаж З.О-ыг салгасан. Аав, ээж хоёр гэрээс гарч ирэхэд З.О аавд хандаж хоёулаа нэг үзчих юм уу? гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 07-08 дахь тал/,
Гэрч Б.Б-ын өгсөн: “...20… оны .... дүгээр сарын ....-наас ....-нд шилжих шөнө .... цагийн орчимд гэртээ байж байхад гаднаас манай хүү Ц нүүр ам нь цус нөж болчихсон орж ирсэн. Намайг хүүхэд зодоод, таныг дуудаж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу болсон талаар хүүгээсээ асуусан чинь намайг зодоод бүлнэ гэсэн, таныг ч гэсэн бүлж ална гэж хэлсэн. Хүүхэддээ хандан чи зодуулж байхаар зугтаахгүй яасан юм бэ гэсэн чинь намайг бүлж ална чи -аас хаа холддог юм бэ гээд байсан гэсэн. Манай хүүхдийг ямар өндөр юм бэ гээд цээж рүү цохиж унагаагаад нүүр, ам, толгой, цээж рүү цохисон байна лээ. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/,
Гэрч Б.П-ын өгсөн: “...би 20.... оны ... дүгээр сарын ....-ны шөнө гэртээ унтаж байхад үүд нүдээд байхаар нь манай нөхөр хаалга нээхэд манай хүүхэд аав таныг гараад ир гэж байна гэхээр нь би босоод хүүхдээ хартал нүүр хувцас нь битүү цус болчихсон байсан. Тэгэхээр нь хамт гарахдаа цагдаа дуудаад гараад очиход гадна эрэгтэй хүүхэд манай нөхөртэй үзэлцье гээд зогсож байсан. Тэгэхэд би юу болсон талаар тэр хүүхдээс тодруулахад би танай хүүхдийг ганцаараа зодоогүй гээд дайраад байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,
Гэрч Ц.Э-ын өгсөн: “...20.. оны .... дүгээр сарын ....-ны өдөр З.О бид хоёр үйлчилгээний төв дээр .... цагийн орчим уулзаад .... баар руу орсон юм. Бааранд ороод хүний гурав гурван пиво уугаад .... цагийн орчим би Б.Ц-ыг зээлсэн мөнгөө аваарай гэж дуудсан юм. Ингээд удалгүй Б.Ц ирээд надаас 20,000 төгрөгөө аваад З.О, Б.Ц бид гурав үргэлжлүүлээд ..... бааранд пиво, дарс ууцгааж байгаад баар хаахаас өмнөхөн З.О, Б.Ц хоёр баарнаас гараад явсан. Би хэсэг хугацааны дараа буюу 30 орчим минутын дараа баарнаас гараад ирэхэд .... баарны ертөнцийн зүгээр урд талд модны хажууд З.О, Б.Ц хоёр зогсож байсан бөгөөд З.О Б.Ц-ыг миний хажууд хоёр удаа хавсарч унагаасан. Би салгах гээд дундуур нь орсон чинь З.О намайг хавсарч унагаагаад намайг цаашаа байж бай гэж хэлсэн. Би жоохон зайтай очоод хараад зогсож байсан чинь З.О, Б.Ц-ыг дахиж хавсарч газар унагаад нүүр рүү хоёр удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би очоод харахад Б.Ц-ы хамарнаас нь цус гарсан байхаар нь Б.Ц-ыг цусаа цасаар угаа, одоо гэртээ харь гэж хэлж явуулаад З.О-ыг аваад үлдсэн юм. З.О бид хоёр Б.Ц-ыг явсны дараа хэсэг зогсож байгаад З.О намайг шинэ хороололын 13 дугаар байрны гадаа хүргэж өгсөн. Би шууд гэртээ ороод унтсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 20... оны .... дүгээр сарын ....-ны өдрийн .... дугаартай “Б.Ц-ы биед хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, хамар орчмын цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
Капитал зууч ХХК-ийн 20... оны ... дугаар сарын ...-ны өдрийн “мөнгөн гинж /20гр/ 220,000 төгрөг, харааны нүдний шил 150,000 төгрөг, бүргэд хаалганы түлхүүр 2000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,
Шүүгдэгч З.О-ын яллагдагчаар өгсөн: “...20... оны .... дүгээр сарын ....-ны орой ... цаг .... минутын орчим би .... дэлгүүрт сууж байхад Э над руу залгаад гаръя, бааранд оръё гэж дуудсан. Би дэлгүүрээс гараад Э, Б.Ц нартай уулзаад бид гурав .... бааранд орсон юм. ..... бааранд орохоосоо өмнө дэлгүүрээс нэг шил 0,75 грамын Хараа архи аваад Э, Б.Ц бид гурав хувааж уугаад .... бааранд ороод хүний 4 шил пиво хоёр ориглуун дарс авч ууцгаасан. Баарнаас гараад Б.Ц бид хоёр маргалдаад баарны ертөнцийн зүгээр урд талын модны хажууд очоод бид Б.Ц-г хавсарч унагаагаад нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн, тэгэхэд Б.Ц-ы хамраас цус гарсан. Би тухайн үед согтуу байсан болохоор юунаас болж маргалдсанаа санахгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч З.О нь 20... оны ... дүгээр сарын ...-ны өдрөөс 20... оны .... дүгээр сарын ....-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн .....сумын .... дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг .... төвийн гадна Б.Ц-тай маргалдан зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байна. З.О-ын үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан. Иймд З.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна гэв.
Шүүгдэгч З.О нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон ба гэм буруугийн талаар дүгнэлт хэлээгүй болно.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч З.О нь 20... оны .... дүгээр сарын ....-ны өдрөөс 20.... оны .... дүгээр сарын ...-ний өдөр шилжих шөнө Дархан-Уул аймгийн .... сумын .... дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “....” төвийн гадна Б.Ц-ыг хавсарч унаган, нүүр лүү нь өшиглөж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, хамар орчмын цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Дээрх тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч З.О-ын хохирогч Б.Ц-ыг хавсарч унагах, нүүр лүү нь өшиглөх зэргээр зодож байгаа үйлдэл нь шүүгдэгчийн өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч З.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Ц-ы эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт хамар орчмын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө”, 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч З.О нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлөх үүрэгтэй юм.
Хохирогч Б.Ц нь шүүгдэгчээс унааны зардал 53,000 төгрөг, эмчилгээний зардал 186,000 төгрөг, нүдний шилний үнэ 140,000 төгрөг, нийт 379,000 төгрөг нэхэмжилж байгаа боловч унааны зардалтай холбоотой нотлох баримтуудыг ирүүлээгүй байна.
Иймд шүүгдэгч З.О-аас 326,000 төгрөг гаргуулж хохирогч Б.Ц-д олгож, хохирогчийн 53,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч З.О нь завсарлага авч хохирол төлбөрт 326.000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч З.О нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 45 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасан бөгөөд шүүгдэгч нь ял эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал гаргаагүй болно.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагийн зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн ам бүлийн байдал, хувийн байдал, орлого олох боломж нөхцөл зэргийг харгалзан түүнд оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 7 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.
Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт З-ийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.О-ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.О-т оногдуулсан 700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 7 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч З.О-аас 326,000 төгрөг гаргуулж хохирогч Б.Ц-д олгож, хохирогчийн 53,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээс шүүгдэгч нь 326,000 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч З.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР