Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2019/ДШМ/17

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, ерөнхий шүүгч Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                      Н.Энхнаран   

Прокурор                                           Ц.Лхамсүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч                    В.Давааням  

Шүүгдэгч                                            ******* нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж шийдвэрлэсэн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч В.Давааням нарын давж заалдах гомдлоор *******д холбогдох 1821002590229 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1975 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Дорнод аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дугаар зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар  шийтгүүлж, 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1 жил 1 сар 29 хоногийн ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан, бие эрүүл гэх, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, “Мах сүү, сүүний чиглэлийн үржлийн хээлтэгч, хээлтүүлэгч олгох” төслийн 3,000,000 төгрөгийн үнэ бүхий 16 толгой үхрийг төсөл сонгон шалгаруулалт явуулахгүйгээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч *******гийн төрсөн ах *******, төрсөн дүү ******* нарт 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр олгож, давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор:

1/ Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын *******ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5400000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэж, ...шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хэрэгт яллагдагчаар татаж, шүүхээс намайг гэм буруутай гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэж байна. Намайг хувийнхаа ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоо хэрэгжүүлэхийн тулд төрийн ашиг сонирхлын эсрэг эдгээр үхрүүдийг бусдад шилжүүлж давуу байдал тогтоосон гэж буруутгасан байна. 2017 оны 11 сарын 26-нд шүлхий өвчний хорио цээрийн дэглэм тавигдсан байсан. Тухайн төслийн үхэр авч эзэмших хүсэлтэй байгаа талаар Гурванзагал сумаас албан бичгийн хавсралтаар тэдгээр иргэдээс л хүсэлт ирсэн байсан. Би мэргэжилтнээсээ бусад сумд нь яасан бэ гэхэд хүсэлт ирээгүй, мөн шүлхий өвчний хорио цээртэй байгаа гэж хариулж байсан, энэ талаараа ч хэрэгт мэдүүлсэн байсан. Ингээд ажлын хэсэг хуралдаж, Гурванзагал суманд уг үхрийг олгоё, хүсэлтийн дагуу шийдье гэдгийг ажлын хэсгийн гишүүдийн саналаар шийдвэрлэсэн байдаг. Энэ талаараа хуралд оролцсон гишүүд бас хэрэгт мэдүүлсэн байсан. Шүүхээс намайг тэдгээр хүмүүст нөлөөлсөн гэсэн байна. Энэ нь үндэслэлгүй бөгөөд тухайн салбарын ажил үүргээ хариуцсан мэргэжилтнүүд байгаа тул бусдын нөлөөнд автах бус мэргэжлийнхээ үүднээс асуудлаа хэлэлцээд шийдвэр гаргасан гэж үзэж байна. Харин Гурванзагал сум цаашаа ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргынхаа төрсөн ах, дүү нарт гэрээ байгуулаад өгснийг би болон манай байгууллага мэдээгүй бөгөөд энэ нь жинхэнэ хууль бус үйлдэл гэж үзэж байна. Энэ ч утгаараа энэ асуудлыг сумын Засаг дарга өөрийн төрсөн ах, төрсөн дүүдээ Засаг даргын тамгын газраараа гэрээ байгуулж, мал олгосныг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж, иргэн Ж.Батмөнх гэдэг хүн сумын Засаг дарга Ч.Батдэлгэрийн эсрэг анх өргөдөл гаргасан юм билээ. Хувийн ашиг сонирхол энд харин яригдах байх. Ингээд шалгаж эхэлсний дараа хууль бус зүйл хийжээ гэдгээ мэдээд манайх руу хүсэлт явуулж малаа буцаасан байдаг.

Иймд давж заалдах гомдлыг хүлээн авч, надад холбогдох дээрх хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч *******ы өмгөөлөгч В.Давааням 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс *******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь:

Обьектын хувьд: Нийтийн албаны эрх ашиг зөрчигдсөн байх,

Обьектив талын хувьд: Албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашигласан идэвхтэй үйлдэл, эсхүл хийх ёстой үүргээ хийхгүй байх эс үйлдлийн улмаас өөрт нь болон бусдад давуу байдал бий болсон байх хор уршиг,

Субьектын хувьд: Нийтийн албан тушаалтан байх,

Субьектив талын хувьд: Шууд санаатай байх үндсэн шинжүүдийг агуулж байна. Үүнээс авлигын гэмт хэргийн үндсэн шинж болох албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан идэвхтэй үйлдэл байх нь энэ гэмт хэргийн үндсэн шинж юм.

Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлд “Хууль ёсны зарчим”-ыг тусгаж өгсөн бөгөөд мөн зүйлийн 4-т “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж заасан. “Урвуулан ашиглах” гэдэг ойлголтыг Эрүүгийн хуулиар тодорхойлоогүй тул Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгоно” гэж тодорхойлсноор ойлгож хэрэглэх нь зүйтэй байсан. Эндээс 22.1-д заасан гэмт хэргийн субьектив талын нэмэгдэл шинж “хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилго” байсан эсэхийг нотлон тогтоох зорилгоор бүхий л ажиллагааг хийсэн байдаг. Тухайлбал, *******ы өмчилж буй хөрөнгийн байдал, хувийн дансны мэдээлэл, тухайн цаг хугацаанд хийсэн гүйлгээ, орлого, зарлагын мэдээллийг хавтаст хэрэгт бүрэн цуглуулж шалгасан байдаг. Ийнхүү бүхий л байдлаар шалгаж үзэхэд *******ы “хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилго” огт тогтоогдоогүй бөгөөд энэ талаар яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд дурдагдаагүй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Иймд гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:              

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч В.Давааням нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Хэргийг мөрдөн шалгах болон анхан шатны журмаар хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх, түүнчлэн нотолбол зохих байдлын талаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэх үндэслэл тус тус тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх шүүгдэгч *******ыг Дорнод аймгийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн Газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Хэргийн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь  2012 оноос эхлэн мах, сүүний чиглэлийн өндөр ашиг шимтэй үхэр үржүүлэх зорилготой төслийг орон нутгийн төсвийн санхүүжилтээр хэрэгжүүлж иржээ. Уг төсөл нь орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр худалдан авсан 33 толгой үхрийг 5-6 иргэн, аж ахуйн нэгжид төсөл сонгон шалгаруулах зарчмаар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэх, төсөлд хамрагдсан этгээд эзэмшлийн хугацаандаа үр төл, ашиг шимийг нь хүртэж, гэрээнд заасан хуваарийн дагуу тоо, толгойгоор нь буцаан төлөхөөр хийгдсэн байна. Төсөл хэрэгжүүлэгч Дорнод аймгийн ХХААГазар нь төсөлтэй холбогдох үйл ажиллагаандаа хэргийн 33-34-р хуудсанд авагдсан, Дорнод аймгийн Засаг Даргын баталсан, “Сүү, мах-сүүний чиглэлийн өндөр ашиг шимт үхэр үржүүлэхэд мөрдөх журам” гэх баримт бичгийг дагаж мөрдөж ирсэн байх бөгөөд үүнийг эрх зүйн үүднээс дүгнэн үзвэл, төслийг санхүүжүүлэгчийн хувьд төсөл хэрэгжүүлэгчээр дагаж мөрдүүлэх зорилгоор баталсан, тухайн төсөлд хамаарах удирдамжийн шинжтэй баримт бичиг гэж үзэх үндэслэлтэй байна. Уг баримт бичигт “Төслийг сонгон шалгаруулах ажлыг ХХАЖДҮГ-ын даргын тушаалаар байгуулсан үнэлгээний хороо хэрэгжүүлнэ...Үнэлгээний хороо нь төсөлд хамрагдах хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн төсөлд үнэлгээ өгч хамгийн сайн үнэлэгдсэн төслийг шалгаруулна, үнэлгээний хороо хуралдан олонхийн саналаар дүгнэлт гаргана, дүгнэлтээ ХХААЖДҮГ-ын даргад танилцуулна” гэж журамласан бөгөөд урьд нь энэ журмын дагуу төсөл сонгон шалгаруулалт явагдаж ирсэн байна. Харин ******* нь тус газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2017 оны 12 дугаар сард “төсөл сонгон шалгаруулах ажиллагаа явуулахгүйгээр, Дорнод аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч *******гийн албан бичгийн дагуу  Гурванзагал суманд уг төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэх” үүрэг чиглэлийг холбогдох мэргэжилтнүүдэд өгч, үнэлгээний хорооны шийдвэр гаргуулан, нийт 16 толгой үхрийг *******гийн төрсөн ах дүү нар болох Гурванзагал сумын малчин *******,  ******* нарт олгосон байна. ******* нь энэ үйлдлээ “тухайн үед зарим сумдын нутагт шүлхий өвчин гарсан байсан, он дуусах гэж байсан, тухайн үед Гурванзагал сум эрүүл бүс байсан бөгөөд өөр сумдаас ямар нэг хүсэлт ирээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзаад тус суманд өгөх нь зүйтэй гэж үзэж байсан. Хувийн ямар нэг ашиг сонирхол байгаагүй. *******, *******, ******* нар нь ах дүүс гэдгийг үхэр хүлээлгэн өгөх үед л мэдсэн” гэж тайлбарласан байх ба *******д хувийн ашиг сонирхол байсан эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгах тодорхой ажиллагаа хийсэн боловч ямар нэг зүйл тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол...” гэж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ. Прокуророос шүүгдэгчийн дээрх үйлдлийг “албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэж дүгнэж яллах дүгнэлт үйлдсэн бол анхан шатны шүүх “албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэж дүгнэн гэм буруутайд тооцсон.

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Давааням шүүгдэгчийг уг хэрэгт гэм буруугүй гэж үзэж буй үндэслэлээ: “урвуулан ашиглах” гэдэг ойлголтыг Эрүүгийн хуульд тодорхойлон тайлбарлаагүй тул Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т тодорхойлсноор ойлгох нь Эрүүгийн хуульд тусгагдсан хууль ёсны зарчимд нийцнэ. Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т, “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийхийг ойлгоно гэж заасан. Эндээс үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид “хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилго”-той субьектив талын шинж зайлшгүй байхыг шаардаж байна. *******д хувийн ашиг сонирхол тогтоогдоогүй учраас гэм буруугүй гэж үзнэ хэмээн тайлбарласан.

Прокурор Ц.Лхамсүрэн: “Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албаны эрх ашгийн эсрэг” гэсэн үг бас байгаа. Өөрөөр хэлбэл,  албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж бусдад давуу байдал бий болгосон үйлдлийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт мөн адил гэмт хэрэг байхаар тусгасан” хэмээн шүүгдэгчийн өмгөөлөгчийн үндэслэлийг няцаасан байна.

Эндээс, “албан үүргийн хувьд дагаж мөрдөх ёстой хэм хэмжээг зөрчсөнөөр бусдад зүй бус давуу байдал бий болгосон боловч субьектив талын хувьд ашиг хонжоо олох, гэр бүл, найз нөхөд, танил талаа харах, өс хонзонгоо гүйцэлдүүлэх зэрэг хувийн ямар нэг ашиг сонирхолгүй үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг гэж үзэхээр хуульчилсан уу? Хувийн ашиг сонирхол нь энэ гэмт хэргийн тохиолдол бүрт заавал байх ёстой шинж үү? Албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглах гэх ойлголтыг хувийн ашиг сонирхлоос ангид, бие даасан утгаар ойлгох боломжтой юу?” гэсэн асуултууд урган гарч байна.  

Анхан шатны шүүх яллах ба цагаатгах талын хооронд өрнөсөн дээрх маргааны талаар ямар нэг дүгнэлт хийгээгүй; шүүгдэгч *******ыг гэм буруутай гэж үзэхдээ "хувийн ашиг сонирхлын асуудал" нь харгалзах хүчин зүйл болох эсэх тухайд дүгнэлгүй орхигдуулсан учраас анхан шатны шүүхийн дүгнэлт учир дутагдалтай, бүрэн бус болсон байна.

Тухайн эрх зүйн хэм хэмжээний зорилго, зорилт, эрх зүйн тогтолцооны бусад хэсгүүдтэй уялдаа холбоо ба ялгарах онцлог зэргийг харгалзан үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгон, шүүгдэгчийг цагаатгах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь, хууль тогтоогч “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт Авлигын гэмт хэргийн нэгэн төрөл болгон хуульчилсан. Иймд уг гэмт хэргийн шинжийг тодорхойлсон хуулийн зүйл, заалтын жинхэнэ агуулгыг зөв ойлгох, хуулийн зүйл, заалт эргэлзээтэй, салаа утгатай, бүрхэг үед үндэслэл бүхий зөв эрх зүйн дүгнэлт хийхийн тулд авлигын талаарх ерөнхий ойлголт, авлигын эсрэг эрх зүйн институтыг тодорхойлох гол хүчин зүйлсийг харгалзан үзэх нь зүйтэй. Энэ нь нийт эрх зүйн тогтолцооны нэгдмэл байдлыг хангах, хуулийг нэг мөр ойлгох нөхцөл бүрдэхэд нэн ач холбогдолтой.

Дээрх санааг удирдлага болгон судлан үзвэл, Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “авлига” гэдгийг “албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг” гэж тодорхойлсон байна. Түүнчлэн Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн агуулгаас үзвэл, авлигын эсрэг эрх зүйн хэм хэмжээнүүдийн үндсэн зорилго нь нийтийн албыг хувийн зорилгодоо ашиглах явдалтай тэмцэх, нийтийн албыг хувийн ашиг сонирхлоос үүдсэн нөлөөллөөс ангид байлгахад чиглэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, нийтийн албаны цэвэр, тунгалаг байдлыг хангахад шаардагдах олон хүчин зүйлсээс зөвхөн “хувийн ашиг сонирхлоос ангид байлгах” хэсэгт чиглэн үйлчилдэг шинжээрээ авлигын эсрэг эрх зүй хэм хэмжээнүүд нь эрх зүйн тогтолцооны бусад хэсгүүдээс ялгарч харагдаж байна.

Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн субьектив талын шинжид “хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилго” зайлшгүй байхаар хуульчилсан гэж дүгнэх бүрэн үндэстэй байна.

Хэрэв яллах талын тайлбарыг зөв гэж тооцвол энэ нь “албаны хувьд дагаж мөрдөх ёстой дүрэм журмыг зөрчсөний үр дүнд бусдад зүй бус давуу байдал бий болсон үр дагаварт хүргэсэн боловч санаа зорилгын хувьд хувийн ашиг сонирхолгүй, тэрбайтугай нийтийн албаны ашиг сонирхлын хувьд илүү зөв зүйтэй гэсэн бодлоор хийсэн” үйлдлүүдийг хүртэл гэмт хэрэгт тооцох үр дагаварт хүргэж болохоор байна. Ингэвэл зөвхөн үйлдэл ба үр дагаварт үндэслэн дүгнэж, харин гэмт санаа гэх ойлголтыг хайхрахгүй орхигдуулснаар гэмт хэргийн тухай үндсэн ойлголтоос гажсан хэрэг болно.

Дээр дурдсан үндэслэлээр, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч В.Давааням нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч *******ы үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэхдээ “бусдад бий болгосон давуу байдлын хэр хэмжээ, давуу байдлыг олж авсан этгээдүүд үүнээсээ татгалзсанаар үйлдлийн хор уршиг арилсан, *******ы үйлдлээр зөрчигдсөн дүрэм журам нь хуулиар тогтоогдоогүй” зэрэг хэргийн нөхцөлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт дурдсан гэмт хэргийн ойлголт, шинжийг үгүйсгэх нөхцөл байдалд хамаатуулан давхар харгалзан үзсэнийг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.2, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч *******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгон цагаатгаж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлд заасныг баримтлан шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.ДОЛГОРМАА                         

                  ШҮҮГЧИД                                                      З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                         Л.НАРАНБАЯР