Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 158

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Дашням,

Улсын яллагч О.Баасанхүү,

Шүүгдэгч Т.Золзаяа, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201624000504 дугаартай хэргийн шүүгдэгч

 

Монгол улсын иргэн, 1991 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Овоогийн, 2 дугаар гудамжны 15 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан бүрэн, УК91040802 регистрийн дугаартай, Тайж овгийн Төрбатын Золзаяад холбогдох хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Т.Золзаяа Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт 2016 оны 5 дугаар сарын 16-17-ны шилжих шөнийн 05 цагийн орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, хохирогч Б.Банзрагчийн эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн 90-67 УБП улсын дугаартай атомашиныг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаан, жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.1а, 2.7а, 2.5в дахь заалтуудыг зөрчсөний улмаас явган зам тусгаарлагчийг мөргөж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн Баруун салбарт 224.000 төгрөгийн шууд, 324 000 төгрөгийн нийт хохирол, Б.Банзрагчийн эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн  90-67 УБП улсын дугаартай автомашинд 2.053.000 төгрөгийн шууд 2 473 000 төгрөгийн нийт хохирол учруулан, зам тээврийн ослын газрыг санаатай орхиж  зугатаасан, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч  Т.Золзаяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 оны 05 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Цэнхэрмандал амралтын газар 3 найзын хамт байж байгаад Санлигрэнчингийн машиныг унаад хот руу орсон. Гэрээрээ орчихоод буцаад амралт руугаа явж байхдаа Сонгинохайрхан дүүргийн нутаг Сонсголонгийн замд замын хашлага мөргөсөн. Би машинаа замаас гаргаад машинаасаа буугаад засварын газар хайж явсан. Энхтайван гэдэг хүн рүү ярьж түүнийг дуудан ирүүлээд машиныг бариулж Блюбус компанийн хашаанд аваачиж тавиулсан. Надад оргон зайлах санаа байгаагүй, хохирлоо төлөх гээд ажил хийсэн, бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, өөр хэлэх зүйл алга гэв.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Банзрагч мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

Тоёота приус маркийн 90-67 УБП улсын дугаартай автомашин нь миний өөрийн эзэмшлийнх боловч одоогоор “Цагаан дэнс” ХХК-нд зээлийн гэрээтэй. Санлигренчин нь миний төрсөн ах юм. Санлигренчин ах машиныг байнга жолоодож зээлийг төлдөг. Үнэлгээгээр тогтоогдсон 2.473.000 төгрөгийг хүлээн авсан, гомдол саналгүй...гэжээ. /хх-17/,

 

Иргэний нэхэмжлэгч О.Хадбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

...2016 оны 5 дугаар сарын 17 ны шөнө манай байгууллагын эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн Сонсголонгийн шинэ замын төмөр туузан хайс шонг үл таних жолооч автомашинаараа мөргөж гэмтээж, хохирол учруулаад ослын газрыг орхиод явсан байна. Хохиролыг хүлээн авсан, гомдол саналгүй...гэжээ. /хх-22/,

 

Гэрч Санлигренчин мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр өөрийн Тоёота Приус маркийн 90-67 УБП улсын дугаартай автомашинтай Золзаяа, Нямсайхан, Сэлэнгэ нарын хамт амралтын газар луу явсан. Цэнхэр мандал амралтын газар очиж 0,75 литрийн Соёрхол архи 3 шилийг хувааж уугаад унтсан. Өглөө 5 цагийн үед сэртэл миний машин болон Золзаяа байхгүй болохоор нь цагдаад дуудлага  өгсөн. Машины урд хэсэг бүхлээрээ эвдэрсэн. Дүү Банзрагч  бид хоёр автомашиныг худалдаж авах үед “Цагаан дэнс” ХХК-тай зээлийн гэрээ хийсэн гэжээ. /хх-25/,

 

Гэрч Э.Нямсайхан мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

2016 оны  5 дугаар сарын 17-ны орой 17 цагийн үеийн үед найз Санлигренчин амралтанд яваад нэг хоноод ирэх үү гэж утсаар хэлсэн. Цэнхэр мандал амралтын газар очиж 0,75 литрийн 2 шил Соёрхол архи авч ууж хөзөр тоглоцгоосон. Би нэг мэдэхэд нам унтсан байсан. Үүрээр 4 өнгөрч байхад сэрэхэд Санлигренчингийн Т.Приус маркийн 90-67 УБП улсын дугаартай автомашин байхгүй бас Золзаяа алга байсан. Санлигренчинг сэрээгээд дуудлага өгсөн. Амралтын газраас бид бүгдээрээ гарч, Автобус-2 ХХК-ийн хашаанд иртэл Санлигренчингийн машины жолооч талын гэрэл, крылон, буфер, копут зэрэг хагарч хонхойсон байсан гэжээ. /хх-27/,

 

Гэрч Б.Энхтайван мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

2016 оны 5 дугаар сарын багцаанд үүрээр 04 цагийн орчимд намайг ажилтай гараатай байхад өмнө нь манай компанид кондуктороор ажилтай байсан Т.Золзаяа ажил дээр ганцаараа ирээд “би машин барьж яваад энүүхэн хойно шон мөргөчихлөө” гэсэн. Ослын газарт очиход Тоёота Приус 20 маркийн автомашин нь замын баруун гар талд байх хайс төмрийг мөргөсөн байсан. Тэгээд машиныг өөрийн ажлын гадаа аваачиж тавьсан. Машины урд буфер хагарч, копуд нь доошоо чихэгдсэн, баруун урд талын гэрэл нь хагарсан байсан гэжээ. /хх-108/,

Гэрч Б.Дэмчигдорж мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

Би Золзаяатай төрөл садангийн холбоо байхгүй, дунд сургуулийн найзууд юм. Золзаяаг гуйгаад байхаар нь батлан даалтанд авсан. Түүнээс хойш Золзаяа манайд 2-3 хоноод яваад өгсөн. Би түүнийг гадуур хайсан боловч ерөөсөө олдоогүй гэжээ. /хх-115/

 

Гэрч Э.Ханжидсүрэн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

Дэмчигдорж бид хоёр Золзаяаг батлан даалтанд авсан. Золзаяаг хайж Барс худалдааны төвийн хажууд цайны газар руу очсон боловч ажлаасаа гарчихсан байсан гэжээ. /хх-112/,

 

Техникийн шинжээчийн № 54 тоот дүгнэлтэнд:

1. Тоёота  приус маркийн  90-67 УБП улсын дугаартай автомашины жолооч Т.Золзаяа нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 2.1а “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг биедээ авч явна”, 2.7а “Жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 2.5в\ Зам тээврийн ослын тухай Цагдаагийн байгууллагад мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээнэ” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна гэжээ. /хх-30/,

 

Автомашины, техникийн эвдрэл хохирлын №1023  тоот үнэлгээ

Уг автомашины хөдөлгүүрийн духны лап, хөдөлгүүрийн доод лап резин труп хугарч, радиатор ком гулзайж, агаар шүүгчийн гэр хоолой хагарч, динами усны сав хагарч, баруун урьд амартизатор гулзайж, рулийн аппарат гулзайж, гар гулзайж, баруун урьд гэрэл хагарч, буферийн сетка хагарч, капут хонхойж, чихэгдэж, урд буфер хонхойж цуурч, баруун урд лонжроом тахийж, зүүн урд лонжроом тахийж, урд краказ чихэгдэж, крыло хонхойж баруун урд гэрлийн суурь чихэгдсэн байв. Уг автомашинд ослын улмаас шууд зардлын дүнгээр 2.053.000 төгрөгийн, нийт зардлын дүнгээр 2.473.000 төгрөгийн хохирол учирсан байна гэжээ. /хх-32-34/,

 

Хөрөнгийн үнэлгээний № ДХҮ4-021 тайланд: 

Сонгинохайрхан дүүрэгт байрлах замын туузан хайсыг машин мөргөснөөс дараах гэмтэл гарсан байна. Туузан хайс нугарч чихэгдсэн байв. Уг хохирлын  улмаас зардлын дүнгээр 224.000 төгрөгийн, нийт зардлын дүнгээр 324.000 төгрөгийн хохирол гарсан байна гэжээ. /хх-80/, 

 

Зам тээврийн осол хэргийн газрын гэрэл зураг, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-7/, ял шалгасан хуудас /хх-46/, иргэний нэхэмжлэгчээс гаргасан гомдол саналгүй гэсэн тодорхойлолт /хх-138/, хохирлын мөнгө төлсөн баримт /хх-127, 128/ бусад бичгийн нотлох баримт зэрэг болно.

 

Шүүгдэгч  Т.Золзаяа 2016 оны 5 дугаар сарын 16-17-ны шилжих шөнийн 05 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн Б.Банзрагчийн эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн 90-67 УБП улсын дугаартай атомашиныг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.1а, 2.7а, 2.5в дахь заалтуудыг зөрчсөний улмаас явган зам тусгаарлагчийг мөргөж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн Баруун салбарт 224.000 төгрөгийн хохирол, Б.Банзрагчийн эзэмшлийн Тоёота Приус маркийн  90-67 УБП улсын дугаартай автомашинд 2.053.000 төгрөгийн эд ангийн эвдрэл учруулсан зам тээврийн осол гаргаад ослын газрыг санаатай орхиж  зугатаасан, бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хохирогч иргэний нэхэмжлэгч Б.Банзрагчийн “...Тоёота приус маркийн 90-67 УБП улсын дугаартай автомашин нь миний өөрийн эзэмшлийнх...Үнэлгээгээр тогтоогдсон 2.473.000 төгрөгийг хүлээн авсан, гомдол саналгүй...” гэх /хх-17/, иргэний нэхэмжлэгч О.Хадбаатарын “…манай байгууллагын эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн Сонсголонгийн шинэ замын төмөр туузан хайс шонг үл таних жолооч автомашинаараа мөргөж гэмтээж, хохирол учруулаад ослын газрыг орхиод явсанбайсан...” гэх /хх-22/, гэрч Б.Санлигренчингийн “…Цэнхэр мандал амралтын газар очиж 0,75 литрийн соёрхол архи 3 шилийг хувааж уугаад унтсан. Өглөө 5 цагийн үед сэртэл миний машин болон Золзаяа байхгүй болохоор нь Цагдаад дуудлага  өгсөн. Машины урд хэсэг бүхлээрээ эвдэрсэн...” гэх /хх-25/, гэрч Э.Нямсайханы “…Цэнхэр мандал амралтын газар очиж 0,75 литрийн 2 шил соёрхол архи авч ууж хөзөр тоглоцгоосон...Үүрээр 4 өнгөрч байхад сэрэхэд Санлигренчингийн Т.Приус маркийн 90-67 УБП улсын дугаартай автомашин байхгүй бас Золзаяа алга байсан. Санлигренчинг сэрээгээд дуудлага өгсөн...” гэх /хх-27/, гэрч Б.Энхтайваны “…Т.Золзаяа ажил дээр ганцаараа ирээд “Би машин барьж яваад энүүхэн хойно шон мөргөчихлөө” гэсэн. Ослын газарт очиход Тоёота Приус 20 маркийн автомашин нь замын баруун гар талд байх хайс төмрийг мөргөсөн байсан. Тэгээд машиныг өөрийн ажлын гадаа аваачиж тавьсан. Машины урд буфер хагарч, копуд нь доошоо чихэгдсэн, баруун урд талын гэрэл нь хагарсан байсан” гэх /хх-108/, гэрч Б.Дэмчигдоржийн “…Золзаяаг гуйгаад байхаар нь батлан даалтанд авсан. Түүнээс хойш Золзаяа манайд 2-3 хоноод яваад өгсөн. Би түүнийг гадуур хайсан боловч ерөөсөө олдоогүй…” гэх/хх-115/, гэрч Э.Хажидсүрэнгийн “...Дэмчигдорж бид хоёр Золзаяаг батлан даалтанд авсан...Барс худалдааны төвийн хажууд цайны газар руу очсон боловч ажлаасаа гарчихсан байсан…” гэх /хх-112/ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, техникийн шинжээчийн №54 тоот дүгнэлт автомашины эвдрэлийн үнэлгээний 1023 тоот тайлан, Хөрөнгийн үнэлгээний № ДХҮ4-021 тайлан, бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд Т.Золзаяаг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Т.Золзаяа оргох санаа байгаагүй, бусдын төлбөр олох гэж ажил хийгээд очоогүй, шүүх хуралдаанд оролцсон түүний өмгөөлөгч цагдаагийн газраас Т.Золзаяаг дуудаад байгааг шүүгдэгч мэдээгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй тул түүнд сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн  261.1 дэх хэсгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох талаар онолын тайбар гаргалаа.

 

Шүүгдэгч Т.Золзаяа төлбөр олох гэж ажил хийсэн гэж мэдүүлдэг боловч энэ талаараа хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч болон өөрийг нь батлан дааж авсан батлан даагч нартаа мэдэгдээгүй, түүнтэй холбоо барих ямар ч боломж байхгүй, оршин сууж байсан газраа солиод өөр айлд амьдрах болсоноо хэнд ч хэлээгүй зэрэг нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг тасалдуулж байгаа үйлдэл тул түүнд сонсгосон хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ. 

 

Шүүгдэгч Т.Золзаяа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад учруулсан гэм хорын хохирлыг бүрэн төлж барагдуулсан, ар гэртээ бага насны хүүхэдтэй байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.8, 55.1.9-д зааснаар ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Б.Банзрагч, О.Хадбаатар нарт учирсан хохирол бүрэн төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ бичгээр илэрхийлснийг дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Тайж овгийн Төрбатын Золзаяаг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан, 2016 оны 7 дугаар сарын 7-оос 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-д зааснаар    Т.Золзаяаг 2 жил хорих ялаар, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил   хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан Т.Золзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялд 261 дүгээр зүйлийн 261.1 дэхьь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг багтааж, Т.Золзаяагийн биечлэн эдлэх ялыг 2 жил хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Т.Золзаяад оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Золзаяагийн цагдан хоригдсон 3 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Т.Золзаяа бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг дурдсугай  

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг журамлан Т.Золзаяад оногдуулсан 2 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр  тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн  хэлтэст даалгасугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Золзаяад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ОЮУНЧИМЭГ