| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/01890/И |
| Дугаар | 1536 |
| Огноо | 2017-05-25 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 1536
| 2017 оны 05 сарын 25 өдөр | Дугаар 102/ШШ2017/01536 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, өөрийн байранд оршин байх, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс,
Гуравдагч этгээд: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, тээвэрчид гудамж, 47 дугаар байр, 61 тоотод оршин суух, Боржигон овогт Эрдэнэдалайгийн Даваажаргал /РД:уу91011074/,
Э.Даваажаргалыг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гансүх, гуравдагч этгээд Э.Даваажаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс шүүхэд гаргасан хүсэлт болон тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Цагдаагийн дэслэгч Б.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Даваажаргал барс зах, вокзал орчим байнга архидан согтуурч хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг учраас тэр орчны аж ахуйн нэгж, иргэд тус дүүргийн хороонд өргөдөл гаргасан. Хорооны засаг дарга дүүргийн шуурхай дээр Цагдаагийн байгууллагад хандсан тул эдгээр хүмүүсийг асуудлыг шийдвэрлэж байна. Э.Даваажаргал барс зах, вокзал орчим байнга хулгай хийдэг, ил задгай газар бие засдаг, аж ахуйн нэгж, иргэдээс тавьсан шаардлагыг биелүүлдэггүй. Тиймээс Э.Даваажаргалыг архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би архины албан эмчилгээнд явах хүсэлгүй байна. Учир нь манай ээж настай хүн учраас ар гэрийн хүмүүстээ санаа зовж байна. Намайг эрүүл явж байхад цагдаа нар барьж авсан. Би 2015 оноос хойш эрүүлжүүлэгдэж байгаагүй. Хамгийн сүүлд 1 сарын өмнө л архи уусан гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн болон гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс нь гуравдагч этгээд Э.Даваажаргалыг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаас үзэхэд Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байна.
Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт албадан эмчлүүлэхэд тухайн этгээд согтуурах, мансуурах дон өвчтэй болох нь мэргэжлийн эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон байх, мөн тухайн этгээд нийгмийн хэв журмыг зөрчсөн байх, түүнчлэн тухайн этгээд сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн эсхүл эмчлүүлсний дараа согтууруулах, мансууруулах бодис дахин хэрэглэсэн байх үндэслэлүүд нэг дор бүрдсэн нөхцөлд тухайн этгээдийг албадан эмчилгээнд хамруулахаар дээр дурдсан хуулийн заалтад зохицуулжээ.
Э.Даваажаргал нийгмийн хэв журмыг зөрчсөн болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байх тул гуравдагч этгээд Э.Даваажаргалыг архины албадан эмчилгээнд явуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Боржигон овогт Эрдэнэдалайгийн Даваажаргалыг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т заасны дагуу хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш, тухайн өвчтэй этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол тус тус гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ