| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2021/0050/э |
| Дугаар | 2021/ШЦТ/87 |
| Огноо | 2021-06-04 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Ганцэцэг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/87
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Төмөрбарс,
Улсын яллагч Д.Ганцэцэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д
2026002340038 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 15 дугаар хорооллын 10 дугаар байрны 10 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, *******, регистрийн дугаар *******,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Мянгад овогтой Хувжийгийн нь иргэний нэхэмжлэгч ******* өмчлөлийн ******* улсын дугаартай Тоуоtа Раv-4 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.4-т "... Жолооч дараах үүргийг хүлээнэ.”, 3.4а-д энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 3.4-т “... Жолооч дараах үүргийг хүлээнэ.’’, 3.4а-д энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 2020 оны 10 дугаар сарын 29-ний өглөө 10 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Эмээлт 3 дугаар багийн нутаг “Хайрханы ам” гэх газар хот хоорондын асфальтан зам дээр зам тээврийн осол гаргаж уг тээврийн хэрэгслийн жолоочийн хажуугийн суудалд зорчиж явсан *******ын биед хүзүүний С6 дугаар нугалмын их биеийн дунд доод хэсгийн цууралт, С6 нугалмын ар сэртэнгийн босоо хугарал, дун зүүн нүдний дээд зовхи, зүүн шанаа, доод эрүү, зүүн гарын шуу хэсэгт зулгаралт цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Мэдүүлэг өгөхгүй. Өмнө мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.
Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би эмчилгээний зардлаа хүргэн гаас барагдуулж авсан. Би хэргийн материалтай танилцахгүй. Шүүх хуралд суухгүй. Одоо миний бие өвдөж зовиурласан зүйл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 7 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумаас *******, *******, *******, *******, *******, нарын хамт гарсан. Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт явж байсан. Нэг гүвээ өгсөөд гарч ирэх үед гэнэн машин онхолдчихсон. Тэгээд машин дугуй дээрээ тогтоод зогссон. Машинаас буугаад харахад машин нилээн эвдэрсэн байсан. Би дугуй нь салаад онхолдсон байна гэж харсан. Миний хүзүү баруун гар өвдөж байсан. Би газар хэвтээд босоогүй. Түргэний машин ирээд бид нар Хайрхандулаан сумын эмнэлэг рүү явсан. Дараа нь БОЭТөвд ирсэн. Осол болох үед 60км цагийн хурдтай явж байсан байх. Манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан. Тэр зам ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан. Цаг агаар тогтуун байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Болсон зүйлийн талаар мэдэхгүй.“Миний гар өвдөж байна. Эрүү өвдөж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 29-ний өглөө 07 цаг өнгөрөөгөөд. Баянхонгор аймгаас хот орохоор явсан, замд би унтаад явж байтал гэнэт арын дугуй салж байгаа юм шиг хойшоо пүн гээд машин суусан тэгээд аав жолоодлого алдаад 2 бүтэн эргээд машин замын урд замаас гараад зогссон. Осол яг юунаас болсныг мэдээгүй арын нэг дугуй л салчих шиг болсон. Миний зүүн эрүүний доод хэсгээр зөөлөн эд гэмтсэн хөндүүр байгаа, зүүн шанаа орчимд зулгарсан шархтай өөр гэмтэлгүй шинжээч эмчид үзүүлэх шаардлагагүй гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,
Гэрч А.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Цагаан-Уул багийн бага гол гэх газраас 2020 оны 10 дугаар сарын 28-ны өглөө 11 цагийн үед гараад Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын төвд манайд 12 цаг өнгөрч байхад аав ,ээж , дүү , хүгэн дүү , 2 хүүхдийн хамт ирсэн тэгээд цай хоол идэж уугаад орой 17 цагийн үед намайг аваад Улаанбаатар орох гээд явсан шөнө 23 цагийн үед Баянхонгор аймагт ирж Нэгдэлчин гэдэг зочид буудалд хоносон. 2020 оны 10 дугаар сарын 29-ны өглөө 07 цагийн үед Улаанбаатар явахаар хөдөлсөн бид нар замдаа юм яриад явж байсан чинь гэнэт машин далбигас гээд явчихсан чинь нэг мэдсэн уначихсан байсан. Би хойно сууж байсан болохоор тойрог эргэж байгааг анзаарч хараагүй, 60 км цагийн л хурдтай явсан байх их хурдтай яваагүй замдаа юм ярьцгаагаад явж байтал гэнэт далбигас гээд тэгээд машин өнхөрсөн. Өмнөөс машин байгаагүй, хажууд ч машин байгаагүй. Гэнэт яагаад машин өнхөрсөнийг мэдэхгүй байна, хурдтай яваагүй. Баянхонгор аймгаас 07 цаг өнгөрөөс 11 цаг 30 минутын үед осол болсон би эмнэлэгт 11 цаг 32 минутад дуудлага өгсөн байсан. Баянхонгороос наашаа 130 км замыг 2 цаг гаран явсан гэхээр хурдтай яваагүй. Манай хүргэн Хувжий овогтой жолоодож явсан. Жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. 25-99УНХ улсын дугаартай Rav-4 маркийн автомашин манай хүргэний машин байгаа юм. Арын суудлын голд нь сууж явсан миний баруун гар талд дүү , зүүн гар талд манай аав , бага хүү нь ээжийнхээ өвөр дээр том охин нь миний өвөр дээр сууж явсан юм. Миний биед ямар нэгэн гэмтэл гараагүй, өвдөж зовуурилж байгаа газар байхгүй. Миний биед ямар нэгэн гэмтэл гараагүй учраас шинжээч эмчид үзүүлэх шаардлага байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хайрхандулаан сумын Эрүүл мэндийн төвд осолд орсон гэх 2 хүүхэд, 3 том хүн ирж үзүүлсэн. Биеийн байдал бүгд дунд зэрэг хүнд гэмтэлтэй хүн байгаагүй, хамт явсан гэх 2 хүн нь биеийн байдал сайн гэмтэл бэртэлгүй байсан. 5 настай эрэгтэй ******* гэх хүүхэд хүзүүний хөдөлгөөн хязгаарлагдмал, хөдөлгөөн хийхэд зовуурьтай, өвдөлт ихтэй, бусад амин үзүүлэлт хэвийн дотуур цус алдалтын шинж байхгүй өвчин намдалтын тариа хийж эм уулгасан. 14 настай, эмэгтэй хүзүүний хөдөлгөөн хязгаарлагдмал, хөдөлгөөн хийхэд зовиуртай, өвдөлт ихтэй, бусад амин үзүүлэлт хэвийн дотуур цус алдалтын шинж байхгүй өвчин намдалтын тариа хийж эм уулгаж хүзүүний бэхэлгээ хийсэн. 37 настай эмэгтэй хүзүүний хөдөлгөөн хязгаарлагдмал, бөхийх гэдийх 2 тийш эргүүлэх хөдөлгөөн хийж чадахгүй өвдөлт ихтэй өвчин намдалтын тариа хийж эм уулгаж хүзүүний бэхэлгээ хийсэн. 59 настай эмэгтэй цээжний зүүн хэсэг 5,6,7,8,9,10 -р хавирга тэмтрэхэд эмзэглэлтэй, ил харагдах шарх сорви байхгүй, өвчин намдаах тариа хийж, эм өгөөд цээжний бэхэлгээ хийсэн. 40 настай эрэгтэй нуруу өвдөнө, босоо зогсох, гэдийх тонгойхоор өвдөнө, ил харагдах шарх сорви байхгүй, өвчин намдаах тариа хийж эм уулгасан. Эдгээр хүмүүсийг үзээд дотуур цус алдалтын шиж байхгүй байсан учир онош тодруулахаар сумын эмнэлгийн машинаар аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв рүү 11 цаг өнгөрч байх үед хүргүүлэхээр явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Гэрч *******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хот гарахаар Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумаас гараад замдаа Баянхонгор аймгийн төвд айлд хоноод өглөө 7 цаг өнгөрч байх үед үүр цайх үеэр хүүхдүүд сургуульдаа явж эхлэх үеэр Баянхонгор аймгийн төвөөс гарцгаасан. Гараад 2 цаг орчим яваад Хайрхандулаан сумын урдуур засмал зам дээр явж байх үеэр машин гэнэт онхолдоод тар түр гээд өнхөрсөн, юу болсныг би ойлгоогүй. Би арын суудалд зүүн талд нь сууж явсан. Осол болсны дараа харахад миний сууж явсан талын дугуй салчихсан машинаас зайтай хэвтэж байсан. Яагаад осол болсон талаар мэдээгүй. Манай хүргэн машин барьж явсан. Архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Машинд би манай эхнэр охин Мөнхзул, , зээ охин , ******* нар явсан. Осол яг хэдэн цагийн үед болсныг мэдэхгүй. Өмнө болон ард машин байгаагүй. Тойрог зам тойроод удаан явж байсан. Ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй зам байсан. Миний биед ямар нэгэн гэмтэл гараагүй. Шинжээч эмчид үзүүлэх шаардлагагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
Гэрч Ц.Амарбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2004 онд ШУТИС-ын механик инженерийн сургуулийг төгссөн. Механик инженер мэргэжилтэй Одоо Политехникийн коллежид авто механикийн багшаар ажиллаж байгаа. Шинжээчийн дүгнэлт гаргахад татгалзах зүйлгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
Гэрч ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Политехникийн дээд сургуулийг 1985 онд төгссөн. Политехникийн коллежид дүрмийн багшаар ажиллаж байна. Шинжээчийн дүгнэлт гаргахад татгалзах зүйлгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/,
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2003 онд ШУТИС-ыг Механик инженер мэргэжилтэй Одоо Политехникийн коллежид авто машин засварын мэргэжлийн багшаар ажиллаж байгаа. Шинжээчийн дүгнэлт гаргахад татгалзах зүйлгүй”” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Э.Хүрэлсүхийн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 501 дугаартай Үзүүлэгч *******ын биед хүзүүний С6-р нугламны их биеийн дунд доод хэсгийн цууралт, С6 дугаар нугаламын ар сэртэнгийн босоо хугарал, дух, зүүн нүдний дээд зовхи, зүүн шанаа, доод эрүү, зүүн гарын шуу хэсэгт зулгаралт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Дээрх гэмтэл нь Эрүүл мэндийг удаан хугацаагаар саринулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт /хавтас хэргийн 47 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Э.Хүрэлсүхийн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 497 дугаартай Үзүүлэгч ******* биед хүзүүний С5-С6-р нугагмын үе хоорондын зөөлөн эдийн гэмтэл /гулсалт/ дух, баруун гарын сарвуу хэсэгт зулгарлт, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Дээрх гэмтэл нь Эрүүл мэндийг түр хугацаагаар саринулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт /хавтас хэргийн 58 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Э.Хүрэлсүхийн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 503 дугаартай Үзүүлэгч *******гийн биед хамрын баруун хэсэг, зүүн хацрын төвгөр, барун гарын алга, зүүн гарын шуу хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Дээрх гэмтэл нь Эрүүл мэндийг саринулахгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 66 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Э.Хүрэлсүхийн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 502 дугаартай: Үзүүлэгч биед доод эрүүнд зулгаралт, зүүн гарын шуу хэсэгт шарх зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Дээрх гэмтэл нь Эрүүл мэндийг түр хугацаагаар саринулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 70 дугаар хуудас/,
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Өвөрхангай аймаг дахь Политехникийн коллежийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 75-76 дугаар хуудас/,
Монгол санхүү бүртгэл ХХК-ны 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01/19 дугаартай үнэлгээний тайлан, /хх-ийн 83-87 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-15 дугаар хуудас/,
Эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцож хураан авсан авсан тэмдэглэл /хх-ийн 215-219 дүгээр хуудас/,
Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхний лавлагааа /хх-ийн 104 дүгээр хуудас/, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 132 дугаартай тодорхойлолт /хх-ийн 105 дугаар хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 99 дүгээр хуудас/,
Шүүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 98 дугаар хуудас/ зэрэг болно.
Улсын яллагч “Шүүгдэгч ******* нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Т.Оюунчимэг “...Шүүгдэгч ******* нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Мянгад овогтой Хувжийгийн нь иргэний нэхэмжлэгч ******* өмчлөлийн ******* улсын дугаартай Тоуоtа Раv-4 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.4-т "... Жолооч дараах үүргийг хүлээнэ.”, 3.4а-д энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 3.4-т “... Жолооч дараах үүргийг хүлээнэ.’’, 3.4а-д энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 2020 оны 10 дугаар сарын 29-ний өглөө 10 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Эмээлт 3 дугаар багийн нутаг “Хайрханы ам” гэх газар хот хоорондын асфальтан зам дээр зам тээврийн осол гаргаж уг тээврийн хэрэгслийн жолоочийн хажуугийн суудалд зорчиж явсан *******ын биед хүзүүний С6 дугаар нугалмын их биеийн дунд доод хэсгийн цууралт, С6 нугалмын ар сэртэнгийн босоо хугарал, дун зүүн нүдний дээд зовхи, зүүн шанаа, доод эрүү, зүүн гарын шуу хэсэгт зулгаралт цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч ******* нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч *******ын "... 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хот руу явахаар Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумаас гараад замдаа Баянхонгор аймгийн төвд айлд хоноод өглөө 07 цагт гарсан. Гараад 2 цаг орчим яваад Хайрхандулаан сумын урдуур засмал зам дээр явж байхад машин гэнэт осолдоод түс тасхийгээд өнхөрсөн. Машиныг манай хүргэн барьж явсан. Урд сууж яваад машины салон мөргөөд зүүн нүд орчим хөхөрсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/, Иргэний нэхэмжлэгч ******* “...Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт явж байсан. Нэг гүвээ өгсөөд гарч ирэх үед гэнэн машин онхолдчихсон. Тэгээд машин дугуй дээрээ тогтоод зогссон. Машинаас буугаад харахад машин нилээн эвдэрсэн байсан. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/, гэрч А.ийн “...Би хойно сууж явсан болохоор тойрог эргэж буйг анзаарч хараагүй. Гэнэт дайвалзаад машин өнхөрсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/, гэрч ын “...Хайрхандулаан сумын Эрүүл мэндийн төвд осолд орсон гэх 2 хүүхэд 3 том хүн ирж үзүүлсэн. 59 настай цээжний зүүн хэсэгт 5,6,7,8,9,10 дугаар хавиргыг тэмтрэхэд эмзэглэлтэй байхаар өвчин намдаах тариа хийж, цээжний бэхэлгээ хийсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/, гэрч *******ы “...Би юу болсныг сайн мэдээгүй. Осол болсны дараа харахад миний сууж явсан талын дугуй салчихсан машинаас зайтай хэвтэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/, хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 501 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-р хуудас/, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Өвөрхангай аймаг дахь Политехникийн коллежийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаартай “... ******* улсын дугаартай Тоуоtа Rаv-4 маркийн автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан ******* нь: Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, Мөн дүрмийн 3.4-т "... Жолооч дараах үүргийг хүлээнэ.”, 3.4а-д энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” зэргийг зөрчсөн нь осол гарахад шууд нөлөөлсөн. Мөн дүрмийн 23.9-д “... дараах тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно.”, 23.9А-Д “... тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоос тогтоосон тооноос олон зорчигч тээвэрлэхгүй гэсэн заалтуудыг зөрчсөн байна” гэх техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 75-76-р хуудас/, яллагдагч *******гийн мэдүүлэг /хх-ийн 98-р хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 06-15-р хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч ******* нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч *******, иргэний нэхэмжлэгч А. нарын шүүхэд ирүүлсэн “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлтүүд зэргээр тогтоогдож байна.
Улсын яллагч “Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг: “...Зам тээврийн осол нь санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гардаг. Шүүгдэгч ******* ньд ял оногдуулахдаа хохирогч *******, иргэний нэхэмжлэгч А. нар хоирол нэхэмжлээгүй бусдад төлөх төлбөргүй гэм буруугаа хүлээж байгаа, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нь тухайн ослоос болж 2 чих нь дуулахгүй болсон, хөдөлмөрийн чадвараа 50 хувиар төлсөн зэргийг харгалзан үзэж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч *******д мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж хэргийн газрын үзлэг бүхий CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт зааснаар биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.
4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *******, иргэний нэхэмжлэгч А. нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж хэргийн газрын үзлэг бүхий CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдьдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.