| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/00647/И |
| Дугаар | 0958 |
| Огноо | 2017-04-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 0958
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шархадны гудамж, 708-5 тоотод оршин суух, Болцгор өөлд овогт Батсуурийн Нармандах /РД:вп87020905/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Гандангийн туул 2-21 тоотод оршин суух, Боржигон овогт Ганбаатарын Бямбасүрэн /РД:нв84051800/-д холбогдох,
784,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Нармандах, хариуцагч Г.Бямбасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Нармандах миний бие нь Г.Бямбасүрэнтэй газар худалдах-худалдан авах гэрээг 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр байгуулан Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Хужирбулангийн 5 дугаар хэсэг 79 дүгээр гудамжны 2824 тоот хаягт байрлалтай 18656311507804 нэгж талбар дугаартай 459 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-2204022782 дугаартай гэрчилгээ бүхий газрыг 5,000,000 төгрөгөөр зарсан. Гэрээний дагуу 4,000,000 төгрөгийг тухайн үед бэлнээр өгч үлдэгдэл 1,000,000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулахаар болж энэ хугацаандаа төлөөгүй тохиолдолд өдрийн 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцож газраа шилжүүлэн гэрчилгээгээ солиулж авсан. Гэсэн худий Г.Бямбасүрэн нь дээрхи төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй ба одоо 400,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа энэ мөнгөө өгөөчээ гэхээр элдэв шалтаг тоочин хойшлуулж сүүлдээ миний утасны дуудлагыг авахаа больсон. Иймд Г.Бямбасүрэнг хариуцагчаар татан үндсэн гэрээний төлбөрийн үлдэгдэл 400,000 төгрөг, алданги 314,000 төгрөг, мөн Тахарын албаны төлбөр болох 70,000 төгрөг нийт 784,000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Бямбасүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ганбаатарын Бямбасүрэн миний бие 2016 оны 5 дугаар сарын 13-нд Б.Нармандахаас Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан 5 хэсэг, 79 дүгээр гудамж, 2824 тоот газрыг 5,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 4,000,000 төгрөг өгсөн. Үлдсэн 1,000,000 төгрөгийг нь 2016 оны 8 дугаар сарын 20-ны дотор цувуулж өгөхөөр тохиролцож хэлцэл хийсэн нь үнэн. Миний бие үлдсэн мөнгөө тохиролцсоноороо өгч байсан боловч тухайн худалдан авсан газрын 30 гаруй м.кв газрыг хойд айл нь авсан бөгөөд авахдаа энэ газрыг зарсан хүн чинь мэдэж байгаа, энэ манай газар, зарсан хүнтэй чинь уулзана манайд энэ газрыг өгсөн гэж хэлсэн Нармандахтай уулзаж хэлсэн боловч надад хамаагүй гэх мэтээр хэлээд надаас зугатаагаад уулзахгүй байна. Нармандах нь бид нарт анх газраа зарахдаа 459 м.кв гэж зарсан боловч одоо уг газар нь 459 м.кв хүрэхгүй байгаа. Үлдсэн 400,000 төгрөгийг газрынхаа зөрчлийг арилгаж өгсөний дараа өгнө гэсэн боловч одоо болтол зөрчлөө арилгаж өгөөгүй. Анхнаасаа эрхийн доголдолтой газрыг надад зарж хохирол учруулсан тул үлдэгдэл мөнийг өгөх үндэслэлгүй гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Б.Нармандах хариуцагч Г.Бямбасүрэнд холбогдуулж 784,000 төгрөг нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Б.Нармандах 284,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 500,000 төгрөгийг хариуцагч Г.Бямбасүрэн 2017 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Нармандах нь хариуцагч Г.Бямбасүрэнд холбогдуулж 784,000 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 284,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 500,000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 19-ний дотор төлж барагдуулана гэж эвлэрсэн болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.
Зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан хариуцагч Г.Бямбасүрэн нь нэхэмжлэгч Б.Нармандахын 784,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 284,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 500,000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 19-ний дотор төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Бямбасүрэнгээс 7,825 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Н.ХАНГАЛ