| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2022/0136/ |
| Дугаар | 2022/ШЦТ/148 |
| Огноо | 2022-05-19 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/148
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Ч.Түвшинжаргал,
Улсын яллагч М.Берикбол,
Шүүгдэгч *****************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *****************холбогдох эрүүгийн 2238000000117 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *****************нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *****************Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багт байрлах Монгол ардын намын байрны гадна талбайд байрлуулсан 07-77 УАУ улсын дугаартай LUXUS-570 маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын толийг нууцаар, хууль бусаар авч, 1,083,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *****************нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *****************Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багт байрлах Монгол ардын намын байрны гадна талбайд байрлуулсан 07-77 УАУ улсын дугаартай LUXUS-570 маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын толийг нууцаар, хууль бусаар авч, 1,083,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238000000117 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...МАН-ын байрны үүдэнд байсан хар өнгийн жийп маркийн машинаас толийг нь эвдэхгүйгээр тайлж авсан...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Эд зүйл түр хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хх-ийн 19-р хуудас),
Хохирогч *****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 18 цагт МАН-ын хуралд өөрийн 07-77 УАУ улсын дугаартай lexus 570 маркийн машинтайгаа очоод МАН-ын байрны гадна зогсоод машинаа үлдээгээд хуралд ороод 20 цаг 20 минутад хурал дуусаад намын байрнаас гарч ирэхэд миний машины толь хулгайд алдагдсан байсан. Тэгээд тухайн үед намын байрны хяналтын камер болон намын байрны ойролцоох “Од” нэртэй караокены хяналтын камер шүүхэд хар өнгийн куртиктэй, улаан юүдэнтэй малгайтай, цайвар өмдтэй туранхай үл таних хүн миний толийг хулгайлж байгаа нь МАН-ын хяналтын камерт бичигдсэн байсан...замын цагаан зураас мэдэрдэг, ар талын машин гүйцэт түрүүлэхэд мөн мэдэрдэг мэдрэгчтэй толь байсан юм. Тухайн толийг сууринаас нь түгжээг нь мултлаад, мэдрэгчийн утсыг нь салгаад авсан байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 17-18-р хуудас),
Гэрч *****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д.Батдаваа захиралтай нэг байранд байдаг тул хамт гэртээ харихаар МАН-ын байрнаас 20 цаг 10 минутын үед гарч ирэхэд хэрэгслийн зүүн талын толь хулгайд алдагдсан байсан. Тэгээд Д.Батдаваа ах бид хоёр буцаж намын байр руу ороод тухайн машин зогсож байсан талбай руу харсан хяналтын камерыг шүүхэд зүүн талаас баруун зүгт засмал замын хажууд байх явган хүний замаар явж байсан үл таних хүн 19 цаг 40 минутын үед Д.Батдаваа ахын машины хажууд ирээд толийг нь авчхаад баруун зүгт явсан дүрс бичлэг үлдсэн байсан. Мөн үүний дараа МАН-ын баруун талд байрлах “Од” нэртэй караокены камер шүүхэд мөн тэр хүний дүрс бичлэг харагдсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 22-23-р хуудас),
Гэрч *****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр цагдаагийн газар дээр өрөөндөө сууж байхад Эрүүгийн мөрдөгч, ахмад Д.Бат-Оргил манай өрөөнд орж ирээд МАН-ын намын байрны гадна зогсоолоос машины толь хулгайд алдагдсан байна, камерын бичлэг нь байна, та энэ хүнийг таних уу гээд асууж орж ирсэн. Тухайн бичлэгийг нь харахад бараан өнгийн ноосон малгайтай улаан өнгийн юүдэнтэй малгайтай, хар өнгийн гадуур хувцастай, өндөр хүн харагдсан. Тухайн үед хэн гэдгийг нь манай өрөөнд байсан хүмүүс таниагүй. Тэр өдөр намайг гадуур явж байхад тухайн хувцастай хүн явж байх шиг байхаар нь дуудаад өөрийгөө танилцуулаад толь хаана байна гэж асуухад гэрт байгаа гэж хэлсэн. Тэгээд тэр хүний нэрийг асуухад *****************гэж хэлсэн. Өөрийнх нь гэр болох 2 дугаар багийн 04-10 тоотод гэрт нь хүн байхгүй байсан. Байшингийнхаа үүдний хэсэг буюу таамбарт хоёр толь байхаар тухайн толийг нь аваад *******той хамт эрүүгийн мөрдөгч, ахмад Д.Бат-Оргилд хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 30-31-р хуудас),
Ихэрмөрөн-Аудит ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2245617200261 дугаартай “...*****************эзэмшлийн Luxus-570 маркийн 07-77 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талын толины хавтасны үнэлгээг 1,083,000 төгрөг” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (хх-ийн 38-39-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, захиргааны зөрчлийн тоо бүртгэлийн лавлагаа (хх-ийн 52-64-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2238000000117 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *****************нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *****************Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багт байрлах Монгол ардын намын байрны гадна талбайд байрлуулсан 07-77 УАУ улсын дугаартай LUXUS-570 маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын толийг нууцаар, хууль бусаар авч, 1,083,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч *****************(хх-ийн 17-18-р хуудас), гэрч *****************(хх-ийн 22-23-р хуудас), гэрч *****************(хх-ийн 30-31-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,
Ихэрмөрөн-Аудит ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2245617200261 дугаартай “...*****************эзэмшлийн Luxus-570 маркийн 07-77 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талын толины хавтасны үнэлгээг 1,083,000 төгрөг” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (хх-ийн 38-39-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогчийн зүгээс эд хөрөнгөө ил задгай орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч *****************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч *****************нь *****************өмчлөлийн эд зүйлийг хууль бусаар авч 1,083,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд уг хохирлоо нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *****************нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 54-р хуудас) аар тогтоогдож байна.
Шүүгдэгч *****************нь 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “...оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах прокурорын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнийг тэнсэж, “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, “...оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчид авагдсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч *****************нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Эрүүгийн 2238000000117 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******************* хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************** 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар шүүгдэгч **************** зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч ******************** хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *****************нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн 2238000000117 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******************* урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР