Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 744

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж өөрийн байранд оршин байх, Баянгол дүүргийн Эрүүл мэнд Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Гандангийн дэнж, Туулын 3 дугаар гудамж, 39 дүгээр байр, 2 дугаар давхрын 201 тоотод оршин байх, “Эколайн” ХХК /РД:2648709/-д холбогдох,

 

Нийгмийн даатгалын өр төлбөрт 17,970,509 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сэргэлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Золзаяа шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Эколайн” ХХК нь Монгол Улсын Нийгмийн Даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1,17 дугаар зүйлийн 1.1, 1.4 дүгээр зүйлүүдэд тус тус заагдсан үүргээ биелүүлээгүйгээс 2016 оны 7 дугаар сарын шимтгэл төлөлтийн тайлангаар 11,980,340 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа нь тэнд ажиллаж байгаа даатгуулагчийн нийгмийн баталгааг алдагдуулж, тэдэнд нийгмийн даатгалын үйлчилгээ узүүлэх боломжгүй болгож байна.Тус компанийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудад өр авлагыг барагдуулах талаар удаа дараа сануулж шаардсан, харилцах дансны зарлагын гүйлгээг түр зогсоох мэдэгдлийг холбогдох банкуудад хүргүүлэхээс гадна шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай ажил олгогчийн удирдлагуудтай биечлэн уулзаж, шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай ажил олгогчоос ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, хугацаатай гэрээ байгуулан харилцан ойлголцол, итгэлцлийн журмаар ажилласан боловч хэлсэн, тохиролцсон үр дүндээ хүрэлгүй шимтгэлийн өр авлагын хэмжээ өсч, барагдуулахад хүндрэлтэй байдалд орлоо. Иймд Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.2-т заасан заалтын дагуу “Эколайн” ХХК нь дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй ммйгмийн даатгалын шимтгэл 11,980,340 төгрөг хугацаа хэтрүүлсэнд ноогдуулсан алданги 5,990,169 төгрөг, нийт 17,970,509 төгрөгийг “Эколайн” ХХК-иас гаргуулж Төрийн банкин дахь тус хэлтсийн 105100004490 тоот дансанд шилжүүлж шимтгэлийн өрийг барагдуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “Эколайн” ХХК 10,980,339 төгрөг төлж, 5,990,160 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл нь 1,000,000 төгрөг  бөгөөд үүнийг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны дотор төлнө гэсэн байгаа гэжээ.

 
 

 

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь 17,970,509 төгрөгийг “Эколайн” ХХК-иас нэхэмжилж байгаа бөгөөд “Эколайн” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 10,980,339 төгрөгийг төлж барагдуулсан. Бид 5,990,169 төгрөгийн алдангиасаа татгалзаж, үлдэгдэл 1,000,000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны дотор хариуцагчаас авахаар тохиролцов гэжээ.

 

                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “Эколайн” ХХК-д холбогдуулж нийгмийн даатгалын өр төлбөрт 17,970,509 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 10,980,339 төгрөг төлсөн ба нэхэмжлэгч алданги 5,990,169 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1,000,000 төгрөгийг хүлээн хариуцагч “Эколайн” ХХК нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр төлж барагдуулана гэж эвлэрсэн болох нь зохигчдын  шүүхэд гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.

 

Зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй,  хуульд харшлахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан хариуцагч “Эколайн” ХХК нь нэхэмжлэгч “Баянгол дүүргийн Эрүүл мэнд Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын өр төлбөрт 17,970,509 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 5,990,169 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 10,980,339  төгрөгийг төлсөн ба үлдэх 1,000,000 төгрөгийг хариуцагч “Эколайн” ХХК 2017 оны 9 дүгээр сарын 25-ны дотор төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

                                                                                         

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

                            

 

 

 

   ШҮҮГЧ                                                                              Н.ХАНГАЛ