| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/08886/И |
| Дугаар | 553 |
| Огноо | 2017-02-17 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 553
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Г.П
Баатаржавын Ариунбаатартай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.П шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Ариунбаатартай 1998 онд танилцаж, 1999 онд хамтран амьдарч эхэлсэн. 2000 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр охин Ариунсүлд, 2003 оны 3 дугаар сарын 09-ний өдөр охин Ариунжаргал нарыг төрүүлсэн. Тухайн үед бид хоёр нэг гэрт амьдарч, хадам ээж Д.Рина, Б.Ариунбуян нартай хамт Сүхбаатар дүүрэг 13 дугаар хороо, рашаан 9 гудамж, 477 тоотод амьдарч байсан. 2005 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Б.Ариунбаатар зуурдаар нас барсан бөгөөд тухайн үед бид гэрлэлтээ батлаагүй байсан. Иймд охин Ариунсүлд, Ариунжаргал нарт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох болсон тул Б.Ариунбаатар бид хоёрыг 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2004 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү. 2005 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Б.Ариунбаатар зуурдаар нас барсан боловч бид хоёр 2004 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан, түүнээс хойш тусдаа амьдарч байсан гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Г.Пагамдулам нь охин П.Ариунсүлд, П.Ариунжаргал нарт тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох зорилгоор талийгаач Б.Ариунбаатартай 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2004 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Г.Пагамдулам нь талийгаач Баатаржавын Ариунбаатартай 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2004 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд хамтран амьдарсан, тэдний хамтран амьдрах хугацаанд буюу 2000 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр охин П.Ариунсүлд, 2003 оны 3 дугаар сарын 09-ний өдөр охин П.Ариунжаргал нар төрсөн, Б.Ариунбаатар нь 2005 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нас барсан, мөн тэд гэрлэлтийн албан ёсны бүртгэлгүй амьдарч байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, №0012809 тоот нас барсны гэрчилгээ, 305, 1122000081 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/00914 дүгээр шийдвэр зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Пагамдуламын Б.Ариунбаатартай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан Эмч овогт Ганболдын Пагамдулам болон талийгаач Баатаржавын Ариунбаатар /РД:чг81030277/ нарыг 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2004 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ