Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/181

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0164/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,

Улсын яллагч К.Нанжинханд,

Шүүгдэгч Б.Д-ын өмгөөлөгч Б.Ч,

Шүүгдэгч Г.Т, Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Г-ын Т, Т овогт Б-гийн Д нарт холбогдох эрүүгийн 2218000000182 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Г-ын Т /РД: ....../, 19... оны .... дугаар сарын ....-ны өдөр ..... аймгийн ..... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, ..... боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ..... ..... хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн ..... сумын ..... баг ..... дүгээр байрны .... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .... оны .... дүгээр сарын .....-ний өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

Монгол Улсын иргэн, Т овогт Б-гийн Д /РД: ..../, .... оны .... дүгээр сарын ....-ны өдөр Дархан-Уул аймгийн ..... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...., ..... хамт Дархан-Уул аймгийн .... сумын Санжинт баг .... ..... гудамж .... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд нь шүүгдэгч Г.Т, Б.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т-гийн өгсөн: “...архи ууж маргалдан архины шилээр Б.Д-ын зүссэн. Зүйл ангийг хүлээн хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэх зүйл байхгүй. Шарх сорви маань эдгэрсэн. Улсын яллагчтай 500,000 төгрөгөөр торгох ялаар тохиролцсон...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д-ын өгсөн: “...архи ууж Г.Т-г архины шилээр зүссэн. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Улсын яллагчтай 500,000 төгрөгөөр торгох ялаар тохиролцсон...” гэх мэдүүлэг,

Хэрэгт авагдсан:

Хохирогч Г.Т-гийн өгсөн: “...20... оны .... дугаар сарын ...-ний орой ... цагийн орчим гаднаас Б.Б, Б.Д хоёр архи уучихсан нэлээд согтуу манай гэрт орж ирсэн. Тэрнээс өмнө би өөрөө өөр хүмүүстэй архи уучихсан байсан учраас жаахан согтуу байдалтай байсан. Б.Д орж ирээд над руу агсам согтуу тавих гээд байгаа бололтой янз бүрийн үг хэлээд байсан. Тэр үгийг нь би одоо санахгүй байна. Хоорондоо маргаж байснаа санаж байна. Нэг мэдсэн эмнэлэг дээр ирчихсэн хэвлийн хэсэгтээ оёо тавиулж байсан. Б.Д яагаад намайг зүсэж гэмтээсэн талаар би мэдэхгүй. Бид хоёрын дунд ямар нэгэн өс хонзон гэж байхгүй. Тухайн үед хэн хэн нь архи уучихсан согтуу байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

Хохирогч Б.Д-ын өгсөн “...миний бие 20.... оны .... дугаар сарын ....-ний өдөр .... цагийн үед .... сумын ..... баг ..... дугаар байранд ..... гэх ахын гэрт Г.Т, Б.Б, Б.Н нарын хамт ороод 0,75 литрийн шилтэй Хараа нэртэй архи хувааж уусан. Архи уугаад байж байтал Г.Т надад согтуурхаад хар лалар минь, банди минь чи надтай зодолдох уу? гээд Хараа нэртэй архины шилээр миний зүүн гарын хуруу хэсэг болон хүзүү хэсгийг зүссэн. Тэгээд миний уур хүрээд уг хагарсан архины шилнээс аваад Г.Т-гийн гэдэс рүү нь 1 удаа зүссэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,

Гэрч Б.Н-ийн өгсөн “...Г.Т миний нөхөр юм. Бид хоёр хамт амьдраад 9 жил орчим болж байгаа. Энэ хугацаанд 2 хүүхэдтэй болсон. Манай нөхөр тогтсон ажилгүй. Энд тэнд мөнгөний ажил гарсан үед явж хэдэн төгрөг олж ирдэг. 20... оны ... дугаар сарын ...-ний өдөр би гадуур явж байгаад 22 цагийн орчим Зоригоо ахын гэрт ороход Д, Т нар нил цус болчихсон байсан учраас юу болсон талаар асуухад согтуу байсан учраас олигтой хариу хэлээгүй. Батхаанаас асуухад би сая орж ирлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би газарт гоожсон цусыг цэвэрлээд архины хагархай шилийг хамж аваад гадагшаа гарч хогийн саванд хийгээд буцаад орж ирэхэд цагдаа нар ирээд Тэмүүжин, Дарханбаатар нарыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

Гэрч Б.Б-ы өгсөн “...би Г.Т, Б.Д нарыг юунаас болж маргалдсан талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан хоорондоо маргалдаад байсан. Би тухайн үед нэлээд согтуу байсан учраас зарим зүйлийг сайн санахгүй байна. Түс тас гэх чимээ гарч дараа нь харсан чинь шалаар нилээд их цус гойжсон мөн архины шал хагарсан байсан...” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 21 дэх тал/,

Гэрч Б.С-ийн өгсөн “...Б.Д нь миний төрсөн дүү юм. Сургуульд огт суруугүй. Учир нь багаасаа гацаж ярьдаг байсан учраас сургуульд сургаагүй юм. Аавыг нас барснаас хойш ээжийг асарч хамт амьдарч байгаа. Б.Д их тайван дөлгөөн зантай, хүн чанар сайтай, бусдад тусархуу зантай ажил төрөлд сайн. Найз нөхөд олонтой хүмүүстэй хэрүүл маргаан хийгээд яваад байдаггүй. Дуу цөөтэй даруухан зантай. Сүүлийн үед архи дарс уугаад зан ааш нь жаахан өөрчлөгдөөд байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 20... оны .... дугаар сарын ....-ний өдрийн ..... дугаартай “Г.Т-гийн биед аюулхай орчим болон баруун хавирганы нум орчимд шарх тогтоогдлоо. Дээрх шархнууд нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Г.Т-гийн биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26 дахь тал/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 20.... оны ..... дугаар сарын ....-ний өдрийн ..... дугаартай “Б.Д-ын биед хүзүү хоолойн зүүн талд ба зүүн гарын 3-р хуруунд шарх тогтоогдлоо. Дээрх шархнууд нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Б.Д-ын биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

Шүүгдэгч Г.Т-гийн яллагдагчаар өгсөн “...20... оны ... дугаар сарын ....-ний орой ... цагийн орчим гаднаас миний танил Б.Д, Б.Б 2 гэрт орж ирсэн. Тухайн үед би нэлээн согтуу байсан учраас Б.Д-тай маргаж байснаа санаж байна гэхдээ юунаас болж маргасан талаараа санахгүй байна. Нэг мэдсэн чинь .... сумын эрүүл мэндийн төв дээр ирчихсэн хэвлийнхээ орчим оёо тавиулж байсан.  Би юунаас болж Б.Д-тай маргалдсанаа санахгүй байна. Учир нь би нэлээд согтуу байсан. Тухайн үед Б.Д, Б.Б нар гаднаас архитай орж ирсэн ба тэр архины шилний хагархайгаар миний хэвлийн орчим зүсэж гэмтээсэн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

Шүүгдэгч Б.Д-ын яллагдагчаар өгсөн: “...20.... оны .... дугаар сарын .....-ний өдөр би өөрийн найз Б.Б-тай уулзаад нэг шил архи хувааж уусан. Дараа нь дэлгүүрээс 1 шил архи аваад танил Г.Т-гийн хөлсөлж амьдарч байгаа байранд очиход Г.Т гэртээ ганцаараа нэлээд халамцуу байдалтай бууж байсан. Тэгээд хамт тэдний гэрт авсан архиа ууж байтал Т намайг гэртээ харь гээд хөөгөөд байснаа сүүлдээ хар лалар минь, банди минь чи надтай зодолдох уу гэх мэтээр дайрч давшлаад, ууж байсан архиныхаа шилийг хананд цохиж хагалаад хагархайгаар нь миний зүүн гарын дунд хуруу, хүзүүний зүүн доод хэсэгт нэг удаа зүссэн. Би тэр хагархайг нь шүүрч аваад Г.Т-гийн гэдэсний орчим зүсэж гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Т, Б.Д нар нь 20... оны .... дугаар сарын ....-ний өдөр .... цагийн орчим Дархан-Уул аймгийн ..... сумын ..... багийн нутаг дэвсгэрт байрлах .... давхрын брак байрны ..... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдаж, архины шилний хагархайгаар харилцан бие биенээ зүссэний улмаас Б.Д-ын биед хүзүү хоолойн зүүн талд ба зүүн гарын 3-р хуруунд шарх бүхий хөнгөн хохирол, Г.Т-гийн биед аюулхай орчим болон баруун хавирганы нум орчимд шарх бүхий хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Дээрх тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч Г.Т, Б.Д нарын үйлдлүүд нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Т, Б.Д нарын эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Г.Т, Б.Д нар нь “...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг, хүсэлт зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч  нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа ба прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Г.Т, Б.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Г.Т, Б.Д нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба шүүгдэгч Г.Т урьд 1 удаагийн ял шийтгэлтэй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 77, 80 дахь тал/-аар нотлогдож байна.

Улсын яллагчаас шүүгдэгч нарыг тус бүр 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг шүүгдэгч Г.Т, Б.Д нар нь хүлээн зөвшөөрч тохиролцсон ба энэ нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Иймд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Т, Б.Д нарын хувийн байдал, бусад орлого олох боломжийг харгалзан улсын яллагчийн саналаар тэндэд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, Г.Т, Б.Д нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарыг торгох ялаар шийтгэсэн тул Г.Т, Б.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Г-ын Т, Т овогт Б-ийн Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т, Б.Д нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Т, Б.Д нарт оногдуулсан 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд сар бүр 100,000 /нэг зуу мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Т, Б.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Т, Б.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР