Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2017/ШЦТ/567

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч М.Амарзаяа,

хохирогч Б.Б” ,

шүүгдэгч Х.О” , түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х.О” ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1708024400303 дугаар хэргийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дүгээр сарын 00 ны өдөр Ө” аймгийн А суманд төрсөн, эрэгтэй, 000 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 0, эцэг, эх, ах, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 32-24 тоотод оршин суух, “Y-000” ХХК-д ачигч ажилтай, ял шийтгэлгүй, Б овогт Х-гийн О”  /РД:/.

Яллагдагч Х.О”  нь 0000 оны 00 дүгээр сарын 00-00-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Хишигт Од” төвийн үүдэнд иргэн Б.Б” ыг зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.О”  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг дахин өгөхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 700.000 төгрөг өгсөн” гэв.

Хохирогч Б.Б”  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Одоо гомдол санал байхгүй. Би эмчилгээ хийлгэж хамраа эмчүүлсэн. Хөнгөн гэмтэл болохоор гайгүй байна. Тэр шөнө би хувиараа таксинд явж байгаад нэг хүн буулгачихаад дахиад хүн авах санаатай зогсож байтал над руу учир зүггүй дайраад зодох гээд байхаар нь би зугтсан. Тэгээд машинаа авах гээд очиход дахиж над руу дайрсан. Цагдаа ирж байж салсан” гэв.

Эрүүгийн 1708024400303 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.Б” ын: “0000 оны 00 дүгээр сарын 00-00-нд шилжих шөнө 04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, “Хишиг-Од” төвийн гадна хүн буулгачихаад зөрүүлж хүн олох санаатай машинаа арчаад зогсож байтал 20 орчим насны үл таних залуу буюу сүүлд нэрийг нь мэдэхэд О”  гэдэг залуу хүрч ирээд үгийн зөрүүгүй шууд нүүр рүү 2 удаа мөргөхөөр нь нүүрээ дараад доошоо тонгойтол цээж рүү өвдөглөөд толгой руу гараараа 2-3 удаа цохисон. Би “за чи одоо боль, чи согтуу байна” гэхэд тэр залуу над руу дахиад дайраад байсан. Би цагдаагийн 102 дугаарын утсанд дуудлага өгсөн. Удалгүй машинтай 2 цагдаа ирээд О” ыг аваад явсан. О” тай өш хонзон, өр авлага байхгүй. ...би урьд нь О”  гэдэг залууг огт харж байгаагүй. О”  нэлээн их хэмжээний согтолттой байсан бөгөөд өөрийн үйлдлээ удирдан жолоодох чадваргүй байх шиг байсан. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ... хохирлыг бүрэн барагдуулвал гомдол саналгүй” гэх мэдүүлэг /хх-9-10/,

Шүүгдэгч Х.О” ын яллагдагчаар өгсөн: “0000 оны 00 дүгээр сарын 00-00-ндөдөр 23 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, “Хишиг-Од” баар руу ганцаараа орж “Нийслэл” нэртэй шар айрагнаас 5 шилийг уусан. ...Гадагш гараад салхинд цохиулаад түүнээс хойш юу болсон талаар тодорхой сайн санахгүй байна. Ямар ч байсан нэг мэдэхэд үл таних залуутай маргалдаад нүүр рүү нь 1-2 удаа цохисноо санаж байна... нэг мэдсэн эрүүлжүүлэх байранд сэрсэн. Надад хэргийн талаар өөр мэдэх зүйл байхгүй байна. ...Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-27-28/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.11.13-ны өдрийн 13909 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Б.Б” -н биед духны хөндийн өмнөд хана зүүн талд сэлтэрсэн хугарал, тархи доргилт, хамрын нуруу, зүүн нүдний дээд доод зовхи, духны хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстад цус хуралт, доод уруул дотор салст язрал, гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь ...журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдаланд нөлөөлөхгүй” гэжээ /хх-17/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/, Б.Б” ын өргөдөл /хх-4/, хохирогчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-13/, компьютерт томографийн шинжилгээ /хх-18/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-29/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-30/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-31/, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот /хх-33/, тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа /хх-35/, “KGBMGL” ХХК-ийн тодорхойлолт /хх-43/, хохирлын баримт /хх-44-45/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч Х.О” ын гэм буруутай болох нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзлээ.     

Шүүгдэгч Х.О”  нь 0000 оны 00 дүгээр сарын 00-00-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, “Хишигт Од” төвийн үүдэнд иргэн Б.Б” ыг зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтанд өгсөн хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч “Гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, мөрдөн байцаалтын шатанд хохирлыг төлөөгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг байдлыг харгалзан шүүгдэгч Х.О” ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Х.О” ын үйлдсэн үйлдэл, хэргийн зүйчлэлийн хувьд хэлэх зүйлгүй. О”  нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, мөн хохирогч баримтаар 123500 төгрөг нэхэмжилсэн боловч хохирогчид 700.000 төгрөгийг өнөөдөр бэлнээр төлж барагдуулсан. Хохирогч гэм хор арилсан, 700.000 төгрөгийг хүлээн авсан нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж үзэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа тул эдгээрийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд зааснаар хөнгөрүүлэн үзэх боломжтой. О”  өөрөө 500.000 төгрөгийн цалинтай ажил хийдэг тул 1.000.000 төгрөгөөр торгож, уг ялыг 2 жилийн хугацаанд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг төлж барагдуулах боломжтой” гэж тус тус дүгнэлт гаргалаа.  

Иймд шүүгдэгч Х.О” ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох  ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б” ын бие махбодид хөнгөн гэмтэл учирсан ба шүүхийн шатанд “Х.О” аас эмчилгээний зардалд 700.000 төгрөг бэлнээр хүлээн авсан, хохирол бүрэн төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэх хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Х.О”  урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Хийн О” ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.О” ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.О”  700000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.О”  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Х.О”  урьдчилан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.О” т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

           

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР