Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2015/0223/З |
Дугаар | 221/МА2015/1338 |
Огноо | 2015-07-29 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2015/1338
2015 оны 7 сарын 29 өдөр | Дугаар 221/МА2015/1338 | Улаанбаатар хот |
И ХХК, М ХХК,
Г ХХК-иудын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Д.Батбаатар, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгч М ХХК-ийн захирал Т, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Т нарыг оролцуулан, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн /хуучнаар/ 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 277 дугаар шийдвэрт хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, И ХХК, М ХХК, Г ХХК-иудын нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: И ХХК нь Ө аймгийн Ц сумын Хонгор Овоо нэртэй газар ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах Х дугаартай тусгай зөвшөөрлийг 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс, М ХХК нь Ө аймгийн Б, Ноён, С сумдын газарт орших ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах ХV016969 дугаартай тусгай зөвшөөрлийг 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс, Г ХХК нь Ө аймгийн Б, Ноён сумдын нутагт орших Тэнүүн-1 нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах ХV-016970 дугаартай тусгай зөвшөөрлийг 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс авсан юм. Энэхүү тусгай зөвшөөрлүүдээр эзэмших талбайдаа 2009, 2010, 2011, 2012, 2013, 2014 онуудад хайгуулын ажлыг явуулж ирсэн. И ХХК, М ХХК, Г ХХК-иудыг үүсгэн байгуулагч 100 хувь хувьцаа эзэмшигч Э нь 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр хувьцааны 90 хувийг Мт, 10 хувийг Тд, И ХХК-ийн хувьцааны 60 хувийг н.Нямсүрэнд, 40 хувийг Мт тус тус худалдсан юм. Хуульд заасан үндэслэл журмын дагуу компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байтал дээрх компаниудын хувьцааг худалдан шилжүүлсэн Э тэй холбогдуулан компанийн хувьцааг худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар иргэн Н.Уранчимэгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт шүүхийн шийдвэрийг биелэлтийг баталгаажуулах зорилгоор тус компаниудын ХV016691, ХV-016969, ХV-016970 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 7188 дугаар шүүгчийн захирамжаар битүүмжилсэн. Ийнхүү бидний үйл ажиллагаанаас үл хамааран өмчлөх эрхийн асуудлаар иргэний хэргийг хянан шийдвэрлэх явцад И ХХК, М ХХК, Г ХХК-иудын тусгай зөвшөөрлүүдийг худалдах, бэлэглэх, зэргээр шилжүүлэхийг хориглосон. Дээрхи тусгай зөвшөөрлүүдийн 3 дахь удаагийн сунгалтыг хийлгэхээр Ашигт малтмалын тухай хуулийн 21.1.5, 22.1-д зааснаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт гаргаж Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргад хандахад амаар хүлээн авахгүй, танай лицензүүд хоригт байгаа гэсэн хариу өгч, 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 6-6912 дугаартай албан бичгээр ...танай компанийн тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан байх бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2013 оны 2/1795, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 31 дүгээр тогтоолоор дээрх тусгай зөвшөөрлүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна. Иймд шүүхийн маргаан шийдвэрлэгдтэл ХV016691, ХV-016969, ХV-016970 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг хүлээн авах боломжгүй байна гэх үндэслэлээр хүлээн авч бүртгэхээс татгалзаж буцаасан юм. Бид талбай тус бүрийн хайгуулын зардал болон тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг улсад жил болгон төлж хайгуулын ажилд 7 жилийг зарцуулсан бөгөөд 2014 онд тусгай зөвшөөрлийн сунгалт хийлгэх гэхээр шүүхээс хориг тавьсан гэх үндэслэлээр сунгалтын материалыг хүлээн авалгүй байсаар өдий хүрсэн бөгөөд эцэст нь та нар тусгай зөвшөөрлөө сунгуулаагүй гэж компаниудын ХV016691, ХV-016969, ХV-016970 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг дуусгавар болгон бүртгэж байгаа шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу тус хэлтсийн дээд шатны байгууллага, албан тушаалтан болох Ашигт малтмалын газрын даргад хандахад 2015 оны 02 дугаар сарын 12-ны 6/815, 6/816, 6/817 дугаар албан бичгээр ..Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж... гэж заасны дагуу өргөдлөө өгөөгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу ХV016691, ХV-016969, ХV-016970 тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусгавар болсон учир өргөдлийг шийдвэрлэх боломжгүй, шүүхэд хандан шийдвэрлүүл гэсний дагуу нэхэмжлэлээ гаргаж байна. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3-д заасан Ард түмэнд үйлчлэх, мөн хуулийн 4.2.7-д заасан хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах гэсэн төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд нийцэхгүй байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг худалдах, бэлэглэх зэргээр захиран зарцуулахыг шүүхээс битүүмжилсэн нь биднийг хайгуулын ажлаа явуулахгүй байх, ашигт малтмалын Кадастрын хэлтсийн дарга нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөл хүлээн авч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байх үүргийг бий болгоогүй нь шүүхийн шийдвэрээс харагдаж байна. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.4-т зааснаар И ХХК-ийн эзэмших ХV-016691, М ХХК-ийн эзэмших ХV-016969, Г ХХК-ийн эзэмших ХV-016970 дугаар хайгуулын тусай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахгүй байгаа Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмалын хэлтсийн Кадастрын хэлтсийн даргад даалгаж өгнө үүгэжээ.
Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс шүүхэд гаргасан хариу тайлбартаа:Нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Ө аймгийн Ц сумын нутагт байрлах 16691Х тоот тусгай зөвшөөрлийг анх 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ шийдвэрээр И ХХК-нд, Ө аймгийн Б, Ноён, С сумдын газарт орших ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах ХV016969 дугаартай тусгай зөвшөөрлийг 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр М ХХК-нд, Ө аймгийн Б, Ноён сумдын нутагт орших Тэнүүн-1 нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах ХV-016970 дугаартай тусгай зөвшөөрлийг 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тус тус олгосон байна. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2 үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус хавсарган өгөхөөр хуульчилсан байна. М ХХК, Г ХХК-иуд нь ашигт малтмалын хайгуулын 166969Х, 16970Х тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах өргөдлийг 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс өмнө, И ХХК нь 16691Х тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө тус тус төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байна. Тус компаниуд нь тусгай зөвшөөрлийг сунгуулах тухай өргөдлөө Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хугацаанд гаргаагүй тул, мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон байна. ...Иймд И ХХК, М ХХК, Г ХХК-иудын 16691Х, 166969Х, 16970Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг сэргээж өгөхийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 277 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын И ХХК, М ХХК, Г ХХК-иудын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, И ХХК-ийн эзэмших ХV-016691, М ХХК-ийн эзэмших ХV-016969, Г ХХК-ийн эзэмших ХV-016970 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг хуульд заасны дагуу хүлээн авч, шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч Ашигт малмталын газрын Кадастрын хэлтэс давж заалдах гомдолдоо: ...Тус компаниуд нь тусгай зөвшөөрлийг сунгуулах тухай өргөдлөө Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хугацаанд гаргаагүй тул мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон байна. И ХХК, М ХХК, Г ХХК-иуд нь өөрсдийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлүүдийнхээ хүчин төгөлдөр байх хугацаанд сунгуулах өргөдлөө төрийн захиргааны байгууллагад гаргаж өгөөгүй байна. Иймд И ХХК, М ХХК, Г ХХК-иудын 16691Х, 166969Х, 16970Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг сэргээж өгөхийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэргийн 20 дугаар шүүхийн 277 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Учир нь шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлэлгүй шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлжээ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан үүргээ биелүүлж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хугацаа сунгуулах тухай өргөдлөө төрийн захиргааны байгууллагад гаргасан эсэхийг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Тодруулбал, анхан шатны шүүхийн шийдвэрт ...нэхэмжлэгч И ХХК, М ХХК, Г ХХК-иудыг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусгавар болохоос 1 сарын өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст гаргасан нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогддог... гэж дүгнэсэн байх боловч хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын шүүхэд урьд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт нэхэмжлэгч нарыг хугацаандаа өргөдлөө гаргасныг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх хуралдааны тэмдэглэлд ...албан ёсны хариу өгсөн албан бичиг байгаа эсэхийг сайн мэдэхгүй байна... гэж тэмдэглэгдэн үлджээ.
Дээрхи нөхцөл байдал Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дах хэсэгт захиргааны хэргийн шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна гэсэнтэй зөрчилдөж байна.
Зүй нь М ХХК-ийн 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 14/88, Г ХХК-ийн 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 14/198, И ХХК-ийн 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 14/202 дугаар албан бичгүүдээр тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах хүсэлт гаргасан эсэхийг үзлэг хийх, гэрч асуух болон нотолгооны бусад арга хэрэгслээр тогтоосны дараа хэргийг шийдвэрлэх боломжтой байжээ.
Нэхэмжлэгч Г ХХК-ийн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 14/218 дугаар албан бичигт Ашигт малтмалын газрын 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 6-6912 дугаар албан бичгээр хариу өгсөн нь тогтоогдож байх боловч Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусгавар болохоос 1 сарын өмнө буюу М ХХК, Г ХХК нар 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр буюу түүнээс өмнө, И ХХК 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр буюу түүнээс өмнө хугацаа сунгуулах өргөдлөө гаргасан эсэх, өргөдлийг ямар журмаар гаргасан, ямар албан тушаалтан өргөдлийг хүлээж авахгүй татгалзаж буцаасан зэрэг үйл баримтыг тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нар тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр болон үйлчилгээний хөлсийг тусгай зөвшөөрлөө сунгуулах хүсэлт гаргаснаас хойш төлсөн байгааг шалгах шаардлагатай.
Иймд хариуцагчийн гомдлыг хүлээн авч шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн /хуучнаар/ 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 277 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаармагадлалыг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН