Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2020/0605

 

2020 оны 9 сарын 22-ны өдөр                    Дугаар                            Улаанбаатар хот

           128/ШШ2020/0605

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Б даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Г.Д, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, Г.Э нарыг оролцуулан “Б А И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газар, Монгол Улсын Засгийн газарт тус тус холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: “Б А И” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар.

Хариуцагч: Монгол Улсын Засгийн газар.

Нэхэмжлэлийн шаардлага: “Б А И”-ийн нөхөх олговор авахыг хүссэн хүсэлтээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1/******* дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу өөр талбайгаас тусгай зөвшөөрөл дүйцүүлэн олгох замаар нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар болон Засгийн газарт даалгах тухай” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б А И” ХХК-аас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... нөхөх олговор авах тухай “Б А И” ХХК-ийн хүсэлтэд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар нь “тухайн жилийн төсөвт нөхөх олговрыг тусгах талаар эрх бүхий байгууллагаас чиглэл өгөөгүй” буюу төсөвт тусгагдаагүй, мөнгө байхгүй гэдэг үндэслэлээр татгалзсан хариуг 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 1/******* тоот албан бичгээр өгсөн. Энэхүү албан бичиг нь ашигт малтмал, хайх ашиглахыг хуулиар хориглосны улмаас хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Б А И” ХХК-д нөхөх олговор олгох эсэх тухай тодорхой нэг тохиолдлыг захирамжлан шийдвэрлэсэн, гадагш буюу “Б А И” ХХК-д чиглэсэн байхаас гадна хуульд заасан “Б А И” ХХК-ийн “нөхөх олговор авах эрх”-ийг хөндөж, хязгаарласан Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан шинжийг агуулсан захиргааны акт байна. Уг захиргааны актын улмаас “Б А И” ХХК -ийн хуульд заасан нөхөх олговор авах эрх хөндөгдөж байна.

Нөхөх олговрыг мөнгөн дүнгээр өгөх боломжгүй бол Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй харилцан тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрсдэлийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж заасны дагуу шийдвэрлэх боломж байсаар байтал нөхөх олговор авах тухай хүсэлтийг хүлээн авч холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэх үүргээ хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар биелүүлэхгүйгээр татгалзсан шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ өөр талбайгаас тусгай зөвшөөрөл дүйцүүлэн олгох эрх нь Ашигт малтмалын тухай хуулийн 9.1-д зааснаар Засгийн газарт байна. 

Манай компанийн нөхөх олговор авах хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 12 дугаар сарын 4-ны өдрийн 1/******* дугаар албан бичиг, түүнд гаргасан гомдлыг хянан шийдвэрлэсэн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1/8445 дугаар албан бичгүүдэд дурдсан үндэслэлүүдийг дараах үндэслэлээр хууль зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:

Нэг. “Засгийн газрын 2010 оны 299 дүгээр  тогтоолоор баталсан журмаар тогтоосон хугацаанд манай компани Ашигт малтмал, газрын тосны газарт гаргаагүй”  гэх тухайд. Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан журмын 3.4.2-т “... давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор” нөхөх олговор авах хүсэлт гаргахаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл, 90 хоногийн хугацааг “өдөр тутмын хэвлэлд нийтэлж” мэдээлсэн өдрөөс хойш тооцохоор заасан. 

Ашигт малтмал, газрын тосны газар нь “нөхөх олговор авах тухай тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалт зарыг өдөр тутмын сонин болох Зууны мэдээ сонины 2011 оны 10 дугаар сарын 10,11-ний өдрийн 239, 240 дугааруудад, Үндэсний сонин, Үнэн сонинуудад тус тус нийтэлсэн” гэдэг ба эдгээр нэр дурдсан сонины зард ******* *******Х дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн нэр байдаггүй. Эдгээр зар нь зөвхөн алтны шороон ордыг ашиглах эрхтэй 242 ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт хандаж, нөхөн олговор авах хүсэлтээ гаргахыг мэдэгдсэн байдаг. Нэгэнт Засгийн газрын тогтоолоор баталсан журамд заасан арга, хэлбэр буюу тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан талаар “өдөр тутмын хэвлэлд нийтэлж” мэдээлээгүй учир хүсэлт гаргах 90 хоногийн хугацаа хэтэрсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Үүнээс гадна Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс,  ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр  зүйлд заасны дагуу “Б А И” ХХК нь 2015 оны 5 дугаар сараас эхлэн Ашигт малтмалын газар, Уул уурхайн яам, Монгол Улсын Ерөнхий сайдад удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч ямар ч тодорхой хариу өгөөгүй, мөн энэ хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2015, 2018 онуудад хоёр удаа сунгаж шийдвэрлэсэн нь үйл ажиллагаа үргэлжлүүлэх хүсэлтийг зөвшөөрөх гэж байна гэсэн хүлээлтийг бий болгосон бөгөөд, олон жил явсны эцэст шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн тайлбартаа “үйл ажиллагааг үргэлжлүүлэх хүсэлт”-ийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн хариу өгч, тус  компанийн зүгээс нөхөх олговор авах хүсэлт гаргуулахад хүргэсэн. 

Хоёр. “... дээрх журамд заасан тухайн жилийн төсөвт нөхөн олговрыг тусгах талаар эрх бүхий байгууллагаас чиглэл өгөөгүй байгаа бол манай газраас дээрх тогтоолоор баталсан хилийн заагт хамрагдсан тусгай зөвшөөрөл эзэмшигч нараас нөхөх олговрын хүсэлтийг хүлээн авч баталгаажуулж, тодорхойлолтыг Сангийн яаманд хүргүүлэх хууль зүйн боломжгүй байна” гэх тухайд.  Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс,  ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д ... зайлшгүй нөхөх олговор олгохоор хуульчилсан. Иймд тухайн жилийн төсөвт нөхөх олговрыг тусгах талаар эрх бүхий байгууллагаас чиглэл өгөөгүй, төсөвт тусгагдаагүй, хууль зүйн боломжгүй гэдэг үндэслэлээр тусгай  зөвшөөрөл эзэмшигчийн нөхөх олговор авах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзах хууль зүйн үндэслэлгүй юм. 

Хэрэв төсөв, санхүүгийн асуудал хүндрэлтэй байгаа тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т “... заасны дагуу нөхөх олговрыг өөр талбайд тусгай зөвшөөрөл дүйцүүлэн олгох замаар шийдвэрлэх хуулийн зохицуулалт, боломж байсан, мөн манай компани хуульд заасны дагуу өөр талбайд тусгай зөвшөөрөл дүйцүүлэн олгох хүсэлтийг гаргасан байхад уг хүсэлтийг хангахаас татгалзсан нь хариуцагчийг хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй. 

Бодит байдал дээр Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлд хамрагдсан хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт нөхөх олговор олгох асуудлыг шийдвэрлэхдээ өөр талбайд тусгай зөвшөөрөл дүйцүүлэн олгохоор шийдвэрлэсэн  тохиолдлууд нэлээд хэд байгаа бөгөөд нөхөх олговор олгохтой холбоотой хууль, журмын зохицуулалтыг тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт ялгавартайгаар,тэгш бусаар хэрэглэж байгаа нь хууль тогтоомжид заасан “нөхөх олговор олгох үйл ажиллагаанд хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмыг баримтална  гэдгийг зөрчиж байна.  

Гурав. “... танай компанийн гаргасан нэхэмжлэлийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 185 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн” гэх тухайд.  Ашигт малтмал, газрын тосны газар нь энэхүү шүүхийн тогтоолыг буруу ойлгон, тайлбарлаж, нөхөх олгон авах эрхийг биелүүлэхгүй гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Дээр дурдсан хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолоор нөхөх олговор авах хүсэлтээ гаргах эрхтэй  талаар хоёр тодорхой дүгнэлт хийж, хариу өгсөн. 

Нөхөх олговор авах хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад албан бичгээр гаргаагүй тул Ашигт малтмал, газрын тосны газар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй байна хэмээн “Б А И” ХХК -иас нөхөх олговор авах хүсэлтээ эхлээд төрийн захиргааны байгууллагад албан бичгээр гаргах, ийнхүү гаргасны дараа уг хүсэлттэй холбоотой захиргааны байгууллагын татгалзал, эс үйлдэхүй хууль бус болохыг шүүхээр тогтооно гэж дүгнэсэн. Үүнийг Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 4/3031 дүгээр албан бичгээр “...шүүхийн шийдвэрээр эцэслэн дүгнэгдээгүй аливаа бусад асуудлаар төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолоор хязгаарлаагүй” хэмээн тодруулсан хариу өгсөн. 

“Б А И” ХХК -ийн Бэрх Уул *******Х дугаар хайгуулын тусгай  зөвшөөрлийн хугацаа 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгч компани нөхөх олговор авах хүсэлтийг дээрх журамд заасны дагуу гаргах хэрэгтэй гэж анхан шатны шүүх дүгнэж, түүнийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолоор хэвээр баталгаажуулсан. Тодруулбал Улсын Дээд шүүхээс нөхөх олговор авах хүсэлтээ захиргааны байгууллагад хандаж, заавал албан бичгээр гаргасны дагуу шүүхэд хандаж шийдвэрлэхээр тогтоолдоо тусгаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Иймд “Б А И” ХХК -ийн нөхөх олговор авахыг хүссэн хүсэлтээс татгалзсан, Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1/******* дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13-т заасны дагуу өөр талбайгаас тусгай зөвшөөрөл дүйцүүлэн олгох замаар нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар болон Засгийн газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв. 

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Бэрх уул нэртэй 4547.26 гектар бүхий ашигт малтмалын хайгуулын XV-0******* дугаар тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2012 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр “М М” ХХК-аас нэхэмжлэгч “Б А И” ХХК -д шилжүүлснийг бүртгэсэн байна.

Тус хайгуулын зөвшөөрлөөр олгогдсон талбай нь 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан  Гол мөрний урсац бүрэлдэх, эх усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасныг үндэслэн гаргасан Засгийн газрын 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоол, 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор батлагдсан гол, мөрний урсац бүрэлдэх эхтэй 2390.85 гектар, ойн сантай 2234.4 гектар, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй 363.18 гектараар хэсэгчлэн давхцал үүссэн байдаг.

Нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн талбай нь Гол мөрний урсац бүрэлдэх, эх усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулиар бүхэлдээ давхцаагүй хэсэгчлэн давхацсан. Бүхэлдээ давхцалтай, бүхэлд нь үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тохиолдолд нөхөх олговрыг тооцож, нөхөх олговор олгосон бол цуцлахаар зохицуулсан байдаг. Уг талбай нь Гол мөрний урсац бүрэлдэх, эх усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуультай хэсэгчлэн давхцалтай, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийднэ. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа давхцалтай болон давхцалгүй хэсэг дээрээ бүгдэд нь дүйцүүлж авна гэж байгаа. 800 гаран га газар нь давхцаагүй. Нөхөх олговрын асуудал нь хугацаандаа хүсэлтээ гаргаагүй. Өмнө нь шүүхээр явж байхад үүнийг шийдвэрлэсэн. Засгийн газраас Гол мөрний урсац бүрэлдэх, эх усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу тогтоолын хавсралтаар журам гаргасан. Энэ журмын 3.4.2 дахь хэсэгт 90 хоногийн дотор нөхөх олговор авах хүсэлтээ гаргаагүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгохгүй гэж заасан. Гэтэл “Б А И” ХХК нь хуулийн хугацаанд нөхөх олговор авах хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад гаргаагүй, мөн Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, 94.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа 2015 онд хүсэлтээ гаргасан гэсэн ямар ч хүсэлт байхгүй. Нүүрсний хэлтэс зэрэг нь давхцаагүй хэсэгтээ үйл ажиллагаагаа үргэлжлүүлж явуулах тухай хүсэлт биш юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэгт заасан нь Засгийн газрын бүрэн эрх байгаа. Үүнд Үндэсний аюулгүй байдлыг хангах улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговор асуудлыг шийдвэрлэх гэж байгаа. Гэтэл Гол мөрний урсац бүрэлдэх, эх усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуульд орсон 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалттай дүйцэхгүй. Үүнтэй холбоотой ажлын хэсэг гарсан байгаа. Энэ нэхэмжлэгчээс өөр асуудал юм.

Нэхэмжлэлийн гол үндэслэл болж байгаа Ашигт малтмал газрын тосны газрын 2019 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 1/******* дугаарт албан бичиг нь хууль бус гэж үзэхгүй байна. Журамд заасны дагуу хугацаандаа хүсэлтээ гаргаагүй мөн Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэгт заасантай холбогдож байгаа нь ойлгомжгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Монгол Улсын Засгийн газар болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...“Б А И” ХХК нь Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Их уул нэртэй 4547.26 гектар бүхий Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн XV-0******* дугаар тусгай зөвшөөрлийн талбайтай холбогдуулан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоол, мөн үндэслэл болж байгаа Улсын Их хурлын хууль тогтоомж байгаа. Энэ нь Гол мөрний урсац бүрэлдэх, эх усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хууль юм. Нэхэмжлэгч компанийн 45747.26 гектар талбай нь Гол мөрний урсац бүрэлдэх, эх усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийн хүрээнд гол, мөрний урсац бүрэлдэх эхтэй 2390.85 гектар, ойн сантай 2234.4 гектар, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй 363.18 гектараар хэсэгчлэн давхцал үүссэн байна. Иймд Засгийн газрын шийдвэрээр нэхэмжлэгч компани давхцал үүссэн зүйл байхгүй. Гол мөрний урсац бүрэлдэх, эх усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийн хүрээнд Улсын Их Хурлаас хууль батлах эрхийн хүрээнд шийдвэр гаргах, хууль тогтоомж баталснаар хэсэгчлэн давхцал үүссэн учир нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн байна. Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолын хүрээнд хүсэлтээ гаргаад шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж байна.

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын төлөөлөн дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь хоёр зүйл дээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэгдүгээрт Ашигт малтмалын газрын 2019 оны 01/******* дугаартай шийдвэр хууль бус болохыг тогтоох, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэгт заасан талбайгаар дүйцүүлэн олгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэгт заасныг үндэслэл болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч Үндэсний аюулгүй байдлын эдийн засаг нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон шинэ төслийг хэрэгжүүлэх тусгай хэрэгцээнд авах зорилгоор Засгийн газраас шийдвэр гаргасан тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дахь хэсэгт заасны дагуу дүйцүүлэн олгох боломжтой гэж заасан. Гэтэл дээрх хуулийн 9.1.13 дахь хэсэгт заасан Үндэсний аюулгүй байдал, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төсөл гэдгийг Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12 дахь хэсэгт заасан. Энэ төслийг Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж ойлгож байна. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж Үндэсний аюулгүй байдал, эдийн засаг нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний эсхүл жил Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5-аас дээш хувиас дээш хэмжээний дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой ордыг стратегийн ач холбогдол бүхий Ашигт малтмалын орд гэж үздэг. Ордыг энгийн орд, стратегийн ач холбогдол бүхий орд ангилдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12 дахь хэсэгт заасан томьёололд багтаж байгаа стратегийн ач холбогдол бүхий орд юм. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь энгийн ордод хамаарах асуудал юм. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэгт заасныг нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Хоёрдугаар Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор Гол мөрний урсац бүрэлдэх, эх усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайгуулын ашигтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхөн олговор олгох тухай журмыг баталсан. Үүний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Тусгай зөвшөөрөл эзэмшигч нөхөн олговор авах хүсэлтээ Геологи, уул, уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмал, газрын тосны газарт албан бичгээр гаргах бөгөөд дараах бичиг баримтыг хавсаргана, 4.2 Геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 4.1 дэх хэсэгт заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш 30 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөн олговрын хэмжээг тодорхойлж, тодорхойлолтыг холбогдох бичиг баримтыг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Сангийн яаманд хандахаар журамласан. Иймд Ашигт малтмал газрын тосны газар болон Сангийн яамны нөхөн олговортой холбоотой асуудал юм. Энэ асуудалтай холбогдуулан Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас ямар нэгэн шийдвэр гаргадаггүй.

Ашигт малтмалын газраас гаргасан 2019 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 1/******* дугаар албан бичигтэй холбоотой асуудлаар Ашигт малтмал газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбараа хийсэн. Миний хувьд Засгийн газар, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамыг төлөөлөн Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасантай холбоотой тайлбар хийж байгаа. Энэ нь нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой нэхэмжлэлд дурдсан лицензийн талбайтай холбогдох асуудал биш юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Засгийн газраас нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргаагүй. Эдгээр хоёр төрийн байгууллага нь батлагдсан хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд үйл ажиллагаа явуулж байна гэж үзэж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгчээс шүүхэд хандан “Б А И” ХХК -йн нөхөх олговор авахыг хүссэн хүсэлтээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1/******* дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулж, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу өөр талбайгаас тусгай зөвшөөрөл дүйцүүлэн олгох замаар нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар болон Засгийн газарт даалгах тухай” нэхэмжлэлийг гаргасан ба уг шаардлага бүхий нэхэмжлэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөгдөөгүй байна.

          Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хэргийн оролцогч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж, маргаан бүхий  Ашигт малтмал газрын тосны газрын 2019 оны 1/******* дугаар албан бичигт дүгнэлт өгч, нөхөх олговрын талаар зохих шийдвэр гаргахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж, харин Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гаргахыг Засгийн газарт даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Хамтран хариуцагчаар татагдсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хариуцагдах нэхэмжлэлийн шаардлагагүй болохыг дурдаж заав.

          Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2009 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 201 дүгээр шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших Бэрх уул нэртэй газарт 4547.26 га талбайд ашигт малтмалын хайгуулын *******Х дугаар тусгай зөвшөөрлийг “М М” ХХК-д олгосон байсан ба улмаар Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр дээрх тусгай зөвшөөрлийг “Б А И” ХХК -д шилжүүлэн бүртгэснээр, нэхэмжлэгч“Б А И” ХХК-ийн зүгээс  уг тусгай зөвшөөрлийг өөртөө хадгалахын тулд холбогдох ээлжит жилийн төлбөрийг төлөх, үйл ажиллагаа явуулж байсан он тус бүрээр геологи-хайгуулын ажлын тайлан гаргаж хянуулах, тусгай зөвшөөрлийн талбайд эрэл хайгуулын ажлыг гүйцэтгэх хугацаандаа байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлж ажиллаж ирсэн байх ба энэ талаар талууд маргаагүй байна.

Хууль тогтоогчоос 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг баталснаар, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай /цаашид дагаж мөрдөх журмын тухай хууль гэх/ хууль мөн батлагдсан байна. Түүнчлэн дээрх хуулиар эрх олгосноор Монгол Улсын Засгийн газраас холбогдох харилцааг зохицуулсан журам болон тогтоолуудыг батлан гаргаж мөрдүүлжээ.

Ингэснээр *******Х дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон 4547.26 га талбай нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байх “ойн сан бүхий” газарт Засгийн газрын тогтоолд заасан солбицлоор байршиж, үүний улмаас дээрх хуулийн үйлчлэлийн дагуу нэхэмжлэгч “Б А И” ХХК тусгай зөвшөөрөлтэй талбайдаа үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

“Б А И” ХХК -аас 2018 оны 9 дүгээр сарын 19-нд “... “Бэрх уул” *******Х дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг нөхөх олговортойгоор цуцлахгүй байгаа хариуцагчийн үндэслэл хууль бус болохыг тогтож, “Б А И” ХХК -ийн нөхөн олговор авах хүсэлтийг хүлээн авч, “Бэрх уул” *******Х дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д заасны дагуу нөхөх олговортойгоор цуцлах шийдвэрийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал газрын тосны газрын даргад даалгах тухай” нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхээс бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 185 дугаар тогтоолоор дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь одоо хуулийн хүчин төгөлдөр байна.

Энэ тохиолдолд, анхан шүүхийн зүгээс “...“Б А И” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгч компани нөхөх олговор авах хүсэлтийг журамд заасны дагуу гаргах эрхтэй гэж дүгнэж шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхээс хэвээр үлдээж баталгаажуулсан тул” одоо маргаж буй асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл болж байгаа хэмээн нэхэмжлэгч тал үзэж байна.

Түүнчлэн дээрх хяналтын шатны шүүхийн 185 дугаар тогтоолын хянавал хэсэгт: “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журмын 4.1-д зааснаар холбогдох баримтуудыг хавсаргасан хүсэлтийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад албан бичгээр гаргаж байгаагүй, улмаар санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрын хэмжээг баталгаажуулаагүй болох нь тогтоогдсон, хэргийн оролцогчид уг үйл баримтуудтай маргаагүй ...” гэж дүгнэжээ.

Энэ утгаараа, “Б А И” ХХК -аас:

2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан 4 дугаар[1] албан бичгээр: “...Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, он сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ын 4.1-т заасныг баримтлан с-ийн *******Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хийж гүйцэтгэсэн геологи, хайгуулын ажил болон түүнтэй холбоотой бусад зардалд зарцуулсан нийт 760.470.233.05 төгрөгийн нөхөх олговор авах хүсэлтийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэж,

2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Ашигт малтмал газрын тосны газарт хандсан 5 дугаар[2] албан бичгээр: “Б А И” ХХК нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших Бэрх уул нэртэй газарт *******Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газар, усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцаагүй хэсэгт өмнө явуулж байсан геологи хайгуулын үйл ажиллагаа холбогдох журмын дагуу үргэлжлүүлэн явуулах хүсэлтээ үүгээр илэрхийлж байна” гэсэн хүсэлтийг тус тус гаргажээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1/******* дугаар албан бичгээр: “... танай компанийн нөхөх олговор авах тухай хүсэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, 94.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тул дээрх журамд заасан тухайн жилийн төсөвт нөхөх олговрыг тусгах талаар эрх бүхий байгууллагаас чиглэл өгөөгүй байгаа тул манай газраас дээрх тогтоолоор баталсан хилийн заагт хамрагдсан тусгай зөвшөөрөл эзэмшигч нараас нөхөх олговор авах хүсэлтийг хүлээн авч баталгаажуулж тодорхойлолтыг Сангийн яаманд хүргүүлэх хууль зүйн боломжгүй байна. Иймд танай компанийн ирүүлсэн нөхөх олговор авах тухай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна” гэж хариуг хүргүүлсэн байна.

Энэхүү албан бичгийн агуулгыг эс зөвшөөрч нэхэмжлэгч ““Б А И” ХХК -аас 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 5 дугаартай албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гомдол гаргасан байх ба мөн газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1/8445 дугаар албан бичгээр гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй тухай хариу өгснөөр нэхэмжлэгчээс шүүхэд маргаан үүсгэх үндэслэл болжээ.

Нөгөөтээгүүр, “Б А И” ХХК -аас 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 6 дугаартай албан бичгээр[3] Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайдад, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 7 дугаартай албан бичгээр[4] Монгол Улсын Засгийн газарт тус тус хандан “...нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасны дагуу өөр талбайд дүйцүүлэн тусгай зөвшөөрөл олгох”-ыг хүссэн байна.

Энэ тохиолдолд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Хүсэлт шилжүүлэх тухай” ХЭГ/3587 дугаар албан бичгээр “Б А И” ХХК -ийн хүсэлтийг харьяаллын дагуу шилжүүлж Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайдад хүргүүлсэн, Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яамны 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн “Гомдол уламжлах тухай” 03/14 дугаартай албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт уламжилжээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/252 дугаар албан бичгээр[5] “...Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заалт нь Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол шийдвэрээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газрыг хамгаалах зорилгоор улсын тусгай хамгаалалтад төрийн мэдэлд шилжүүлэн авсан тохиолдолд эрсдэлийн хуримтлал бүхий талбайг нөхөх олговрын хэлбэрээр олгох зохицуулалт юм. Иймд усан сан, усны урсац бүрэлдэх эх, ойн сантай хэсэгчлэн давхцалтай компанид хамаарахгүй тул хүсэлтийг хүлээн авах боломжгүйг үүгээр уламжилж байна” гэх хариу өгсөн нь хэрэгт авагджээ.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д: “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно”, 4.3-д: “энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно”, 4.6-д: “Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батална” гэж зааснаар хилийн заагийг тогтоох талаар Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн “Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай” 174 дүгээр, 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “Хилийн заагийг тогтоох тухай” 194 дүгээр, 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 289 дүгээр тогтоолууд тус тус батлагдсан, энэхүү 289 дүгээр тогтоолын 3 дахь заалтаар дээрх 174 дүгээр тогтоол болон 194 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсон байна.

Ийнхүү хамгийн сүүлийн байдлаар хуулийн хүчин төгөлдөр байгаа Засгийн газрын тогтоол ёсоор нэхэмжлэгч “Б А И” ХХК-ийн эзэмшилд байгаа XV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь гол, мөрний урсац бүрэлдэх эхтэй 2390.85 га, ойн сан бүхий газартай 2234.4 га, усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй 363.18 га тус тус давхцалтай, Засгийн газрын тогтоолын дагуу хуулиар хориглогдсон бүсээс чөлөөлөгдөөгүй байна.[6]

Харин “нөхөх олговрын асуудал”-ыг Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Журам батлах тухай” 299 дүгээр тогтоол гарснаар зохицуулах болсон, уг тогтоолын хавсралт ёсоор “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам” батлагдсан ба уг журмын 3 дугаар зүйлээр “нөхөх олговрыг тооцох”, 4 дүгээр зүйлээр “нөхөх олговор олгох” асуудлыг журамласан ба 3 дугаар зүйлийн 3.1-д: “тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн зөвхөн гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхацсан хэсэгт нөхөх олговрыг тооцож олгоно”, мөн зүйлийн 3.2-д: “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг дор дурдсанаар тооцож олгоно”, 4 дүгээр зүйлийн  4.1-д: “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нөхөх олговор авах хүсэлтээ геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад албан бичгээр гаргах бөгөөд түүнд дараах бичиг баримтыг хавсаргана”, 4.1.1-д “жил бүрийн хайгуулын, эсхүл уулын ажлын тайлан, хөндлөнгийн эрх бүхий байгууллагаар аудит хийлгэсэн санхүүгийн жилийн тайлан”, 4.1.2-д: “энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан татвар, зардлыг нэр төрлөөр нь гаргаж холбогдох төрийн захиргааны байгууллагуудаар баталгаажуулсан нотлох баримт”, 4.1.3-д: “аж ахуйн нэгж , байгууллагын гэрчилгээний хуулбар”, 4.1.4-д: “харилцагч банкны дансны дугаар”, 4.1.5-д: “тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралтын эх хувь”, 4.1.6-д: “Ашигт малтмалын тухай хуулийн 55.3.2-т заасан тодорхойлолт”, 4.1.7-д: “Ашигт малтмалын тухай хуулийн 17.1-д заасан шаардлага хангасан зураг, талбайн солбицол”, 4.1.8-д: “тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай нь гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай хэсэгчлэн давхацсан бол уг газартай давхцаагүй хэсэгт үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах тухай геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын баталсан маягтын дагуу гаргасан хүсэлт” зэргийг хавсаргахаар, мөн зүйлийн 4.2-т: “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 4.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 30 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрын хэмжээг тодорхойлж, тодорхойлолтыг холбогдох бичиг баримтлан хамт санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл энэ хугацааг дахин 30 хоногоор сунгаж болно”, 4.3-д: “Энэ журмын 4.2-т заасан тодорхойлолтод геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга гарын үсэг зурсан байна”, 4.4-д: “Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 4.2-т заасан тодорхойлолтыг хүлээн авснаас хойш ажлын 30 өдөрт багтаан хянах, тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрын хэмжээг баталгаажуулна” гэж зохицуулснаар нэхэмжлэгч “Б А И” ХХК -ийг дээрх хууль болон түүнийг дагаж гарсан журамд заасны дагуу төрийн захиргааны байгууллагад /хариуцагч захиргааны байгууллагад/ нөхөх олговрын асуудлаар хүсэлт гаргаж байгаагүй талаар шүүхийн шийдвэрээр[7] тогтоож дүгнэсэн тул өнөөдрийн хэлэлцэж байгаа шүүх хуралдаанаас уг дүгнэлтийг дахин хийх шаардлагагүй, шүүх нэгэнт тогтоосон гэж үзэх үндэслэлтэй, үүгээрээ нэхэмжлэгчийн нөхөх олговор авах талаар хандсан хүсэлтийг хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хүлээн авахгүй байгаа маргаан бүхий 1/******* дугаар албан бичиг хууль бус байна гэж шүүх үзлээ.

Үүнээс гадна дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд: “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана” гэж зааснаар “Б А И” ХХК -аас 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 15/11 албан бичгээр “*******Х тоот хайгуулын тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа” илэрхийлснийг Ашигт малтмалын газрын 2015 оны ирсэн бичгийн бүртгэлийн 1778 дугаарт бүртгэж Геологийн албанд шилжүүлсэн, түүнчлэн 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 015/33 албан бичгээр Ашигт малтмалын газрын Нүүрсний хэлтэст “төслөө үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа” илэрхийлснийг Ашигт малтмалын газрын 2015 оны ирсэн бичгийн бүртгэлийн 4909 дугаарт бүртгэж авсан, үүгээрээ дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгчийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргаагүй гэж үзэх боломжгүй, мөн хуулийн 4 дүгээр зүйлд “энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд өргөдөл ирүүлээгүй ... тусгай зөвшөөрлийг цуцлах бөгөөд” гэж зааснаар зохицуулалтын хувьд тодорхой шийдвэр гаргаагүй байна. Энэ байдал нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай” 35 дугаар шийдвэрээр, мөн хэлтсийн даргын 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай” 143 дугаар шийдвэрээр тус тус нэхэмжлэгч “Б А И” ХХК -ийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Бэрх уул нэртэй 4544.27 гектар талбай бүхий XV-0******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг сунгаж байсан ба сүүлийн шийдвэрийн дагуу 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийг дуустал хугацаагаар сунгасан байгаа нь тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг шийдвэрлээгүйг нотолж байна.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журмын 3 дугаар зүйлийн 3.4-д “дараах тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгохгүй”, 3.4.2-д: “тусгай зөвшөөрөл эзэмшигч гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах тухай хүсэлт гаргаагүй” гэж заасан байна.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас шүүх хуралдаан дээр “нөхөх олговор авах тухай тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалт, зарыг” өдөр тутмын сонин болох “Зууны мэдээ” сонины 2011 оны 10 дугаар сарын 10,11-ний өдрийн № 239,240 дугааруудад, “Үндэсний шуудан” сонины 2011 оны 10 дугаар сарын 10, 11-ний өдрийн № 234, 235, “Монголын үнэн” сонинуудад тус тус нийтэлсэн гэж тайлбарласан бол, нэхэмжлэгчийн зүгээс “нэр дурдсан сонины зард ******* *******Х дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн нэр байдаггүй. Тухайн үед төрийн байгууллагуудын зүгээс хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт нөхөх олговор олгох асуудлыг шийдвэрлээгүй, өнөөдрийг хүртэл тодорхойгүй нөхцөл байдалд явж ирсэн” гэж тайлбарлаж байгаагаас үзвэл, дээрх журмын 3.4.2-д заасныг нэхэмжлэгч нь хангаагүй гэж үзэх үндэслэлгүй, хариуцагчаас нэхэмжлэгчийн эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг нэрээр нь дурдан өдөр тутмын сонинд нийтэлсэн гэх баримтыг нотолж чадахгүй байгаагаас үзэхэд нэхэмжлэгчийг журамд заасан хугацааны дотор хүсэлтээ гаргаагүй гэж шүүх дүгнэх үндэслэлгүй, хариуцагчийн “Засгийн газрын журмаар тогтоосон хугацаанд нөхөх олговор авах хүсэлтээ гаргаагүй”  гэдэг үндэслэл няцаагдаж байна.

Шүүх, хариуцагч захиргааны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газрыг Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-д: “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих” гэж зааснаар хамгийн гол нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хянах эрх үүргийг хуулиар хэрэгжүүлэхдээ бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргахгүйгээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, хуулийн хориглолтод орсон тусгай зөвшөөрлийн дагуух үйл ажиллагааг үргэлжлүүлэх, цуцлах эсхүл нөхөх олговор олгох талаар шийдвэр гаргаагүй, зөвхөн хугацаа дууссан гэх үндэслэлээр асуудалд хандсан нь хууль бус байна, нэхэмжлэгчээс хандсан хүсэлтэд татгалзсан үндэслэл нь хууль бус болох нь тогтоогдсон гэж үзэж, маргаан бүхий асуудлаар буюу нэхэмжлэгч “Б А И” ХХК -ийн нөхөх олговор авах эсэх асуудлаар шийдвэр гаргахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр зайлшгүй биелэгдэх агуулгад нийцнэ гэж дүгнэлээ. Маргаан бүхий энэ тохиолдолд даалгах шаардлагыг хангахын тулд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д зааснаар өөр талбайгаас дүйцүүлэн олгох эрх хэмжээ хуулиар үүсэхгүй, харин шүүхийн шийдвэр бодитой байх, биелэгдэхүйц байх үүднээс маргаан бүхий асуудалд дүгнэлт өгч зохих шийдвэр гаргахыг даалгах нь зүйтэй гэж шүүх үзсэнийг тэмдэглэж байна.

Нөгөө талаас Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журмын 1 дүгээр зүйлийн 1.2-д заасан нөхөх олговор олгох үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмыг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг тус тус захиргаа /хариуцагч/ хангаж ажиллах үүрэгтэй болно.

Шүүх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамыг хамтран хариуцагчаар оролцуулах тухай хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн ба улмаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хуулийн хэлтсийн шинжээчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар уг яамны зүгээс итгэмжлэл олгогдсон, энэхүү итгэмжлэл олгогдсон шинжээч, ажилтан нь Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан тул үндсэн хариуцагч Засгийн газар, хамтран хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны байр суурь, тайлбарыг сонсож шүүх шийдвэрээ гаргасан, харин нэхэмжлэгчийн зүгээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд холбогдох нэхэмжлэлийн шаардлага байхгүйгээ илэрхийлсэн, мөн шүүхийн зүгээс дээрх яаманд холбогдох нэхэмжлэлийн шаардлага байхгүй болохыг шийдвэртээ заасныг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь Засгийн газрыг хариуцагчаар тодорхойлон, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т: “ашигт малтмалын асуудлаар Засгийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 9.1.13-т: “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж зохицуулсныг үндэслэл болгон “...өөр талбайгаас тусгай зөвшөөрөл дүйцүүлэн олгох замаар нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхийг даалгах” шаардлагыг Засгийн газарт холбогдуулан гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь дээрх заалтын агуулгаас үзвэл, “үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах” гэж шууд заасан гурван зорилгоор тусгай зөвшөөрөл бүхий талбайг өөрийн бүрэн эрхийн хүрээнд төрийн мэдэлд авсан тохиолдолд шийдвэр гаргагчийнхаа хувьд тусгай зөвшөөрлийг өөртөө хадгалж буй этгээдтэй хэлэлцэн тохиролцож шийдвэрлэхээр зохицуулсан ба маргаан бүхий энэ тохиолдолд Засгийн газарт энэхүү үүрэг байхгүй, хариуцагч Засгийн газрыг буруутгах үндэслэлгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгчийн эзэмшиж буй хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий нийт талбай нь тодорхой хэсэг нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар буюу Улсын Их Хурлаас баталсан хуулийн зохицуулалтад хамаарсан байх тул хуулиар зохицуулсан харилцааг төсөөтэй хэрэглэж, хариуцагч Засгийн газарт даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д: “улсын тэмдэгтийн хураамжийг хэргийн оролцогчид хуваарилах асуудлыг энэ хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна” гэж заасны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т: “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч болон нэхэмжлэгчид хуваарилан нөхөн төлүүлнэ” гэснийг хэрэглэж улсын тэмдэгтийн хураамжийг зааж шийдвэрлэв.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

           1. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.14, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3, 4.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Б А И” ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ашигт малтмал газрын тосны газрын 2019 оны 1/******* дугаар албан бичгийг хүчингүй болгож, “Б А И” ХХК -ийн нөхөх олговор авах тухай асуудлын талаар зохих шийдвэр гаргахыг хариуцагч Ашигт малтмал газрын тосны газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гаргахыг Засгийн газарт даалгах” гэснийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хамтран хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хариуцагдах нэхэмжлэлийн шаардлага байхгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б А И” ХХК -д олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                У.БАДАМСҮРЭН

 

 

 

[1] 1-р хавтаст хэргийн 60-63 дугаар хуудас

[2] 2-р хавтаст хэргийн 173 дугаар хуудас

[3] 2-р хавтаст хэргийн 177-179-р хуудас

[4] 2-р хавтаст хэргийн 180-181-р хуудас

[5] 2-р хавтаст хэргийн 186-р хуудас

[6] 3-р хавтаст хэргийн 41-р хуудас. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 06б/4993 албан тоот.

[7] Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр. 2019 оны 1 дүгээр сарын 18-ны №47

   Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн тогтоол. 2019 оны 5 дугаар сарын 29-ний №185