Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 426

 

 

2019          5              7                                             ДШМ/2019/426

 

 

                                                Б.Б-, Б.Б- нарт холбогдох

                                                              эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эрдэнэ,

шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Дашдорж,

шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, Ц.Оюунбаатар,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 296 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Б-, Б.Б- нарт холбогдох эрүүгийн 1806092910018 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 8-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Алтан-Овоо овгийн Б.Б, 19... оны ..... дугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “.......” караокед тогооч ажилтай, ам бүл 1, Сүхбаатар аймгийн ........... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ......... дүүргийн ...... дугаар хороо, ......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:............../;

2. Гөөг овгийн Б.Б, 19.... оны ....... дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Наран суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Их засаг их сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 4, эх, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн ............... оршин суух бүртгэлтэй боловч ...... дүүргийн ...... дугаар хороо, ........ дүгээр байрны ........ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ......../;

Б.Б- нь 2018 оны 11 дүгээр сарын 5-6-ны өдрүүдийн хооронд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 25 дугаар гудамжнаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг түүж, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, улмаар Б.Б-т хэсгийг нь өгч 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах “Анар” зочид буудалд худалдаалах зорилгогүйгээр өөрийн биедээ хууль бусаар хадгалсан,

Б.Б- нь 2018 оны 11 дүгээр сарын 5-6-ны өдрүүдэд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Б.Б-эс авч 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах “Анар” зочид буудалд худалдаалах зорилгогүйгээр өөрийн биедээ хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Б-, Б.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Алтан-Овоо овгийн Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан үйлдсэн гэм буруутайд, Гөөг овгийн Б.Б.-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаанд тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зан үйлээ засах, 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг Б.Б-т хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Б.Б-, Б.Б- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Б.Б-ийн биеэс үзлэг хийж 61 дугаараар дугаарлан авсан хар өнгийн тагтай цагаан өнгөтэй, дугуй хэлбэртэй хуванцар сав, дотор нь бор өнгийн хатсан нунтаг ургамал мэт зүйл /цэвэр жин нь 4.1859 грамм/, 2 хэсэг тугалган цаас, Б.Б-ийн биеэс хураан авсан 62 гэж дугаарласан “Grgnberry Extract” гэсэн бичиглэлтэй дугуй хэлбэртэй ногоон өнгийн тагтай дөрвөлжин хэлбэртэй, цагаан өнгийн хуванцар сав дотор бор өнгийн хатсан нунтаг ургамал мэт зүйл /цэвэр жин нь 1.7476 грамм/, Б.Б-ийн мэдүүлгийг шалгасан газраас дээжлэн авсан ургамал мэт зүйл /шинжилгээнд өгч дүгнэлт гаргуулсан/ зэрэг эд мөрийн баримтууд нь Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Б-, Б.Б- нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Анхан шатны шүүхээс намайг Б.Б-ийг уруу татаж ийм хэрэгт оруулсан мэтээр үзэж хэргийн бодит байдлыг хүндрүүлж надад 2 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хэргийн нөхцөл байдалд тохироогүй, ял хүндэдсэн гэж үзэж байна. Иймд миний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг холбогдсон зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Ц.Оюунбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Б.Б- нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 21-ний 296 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдал байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл болон 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэх боломжтой, хэргийн нөхцөл байдал адилхан байхад нэг шүүгдэгчид тэнсэн харгалзах ял оноож, миний үйлчлүүлэгчид 2 жилийн хорих ял оногдуулсан нь ял хүндэдсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ял оногдуулахдаа “хувийн байдал, хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзнэ” гэж заасан. Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахдаа ялгаварлан үзэхгүй гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй” байхаар заасан байхад шүүгдэгч Б.Б-д 2 жил хорих ял оногдуулсан нь хүндэдсэн байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хорих ялыг тэнсэж, зан үйлээ засах албадлагын арга хэмжээ авч өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчийн хүсэлтээр орж байна. Анхан шатны шүүхийн 296 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Б.Б-ийн гэм буруугийн асуудлаар тодорхой дүгнэлт хийгээгүй байна. Хавтас хэргийн 185-190 дүгээр хуудсанд байх шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгдэгч гэм буруугаа тодорхой ярьсан байдлыг анхаарч үзнэ үү. Шийтгэх тогтоолд дурдсанаар “дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг” гэсэн ба энэ нь өөрийн ургамлаараа биш шавар гэх нийлмэл бодисийн хэмжээнд очсон дельта-9 гэх мансууруулах бодис юм. Үүнийг шүүх бүрэлдэхүүн шавар биш өвс байна гэж бичиглэлийн хэлбэрээр нь тодорхойлсон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэж, тэнсэх боломжтой байгаа. Шүүх энэрэнгүй ёсны зарчмыг баримталж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Б.Б-ийн хувьд гэм буруугаа хүлээсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Иймд шүүгдэгч Б.Б-т холбогдох заалтыг хэвээр үлдээх саналтай байна. Б-ийг уруу татсан, татаагүй гэх зүйл ярьж байна. Анхан шатны шүүх хуралдаанд ийм асуудал яригдаагүй. ...” гэв.

Прокурор Г.Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Бат-Эрдэнийн өмгөөлөгч нарын зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйл заалтыг хэрэглэж өгнө үү гэж байна. Хууль хэрэглээний хувьд олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тухайн зүйл заалтыг хэрэглэх нь зөв зүйтэй гэж үзэхгүй байна. Шүүгдэгч Б.Б- нь тухайн сэтгэцэд нөлөөт дельта-9 гэх бодисыг түүж бэлтгэн, бусдад өгсөн, өөртөө хадгалсан үйл баримтад анхан шатны шүүхээс зөв зүйтэй дүгнэлт хийсэн. Иймд шүүгдэгч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 11 дүгээр сарын 5, 6-ны үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 25 дугаар гудамжнаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалт дахь Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг түүж, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, улмаар Б.Б-т хэсгийг нь өгч, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Бөхийн өргөөний зүүн талд оршин байрлах Анар зочид буудалд худалдаалах зорилгогүйгээр өөрийн биедээ хадгалсан,

Шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 11 дүгээр сарын 5, 6-ны үед дээрх “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлын хэсгийг Б.Б-эс авч, улмаар 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах Анар зочид буудалд худалдаалах зорилгогүйгээр өөрийн биедээ хууль бусаар хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь;

“Б.Б-ийн биед үзлэг хийж хураан авсан 4,1859 грамм бор өнгийн хатсан ургамал мэт зүйл, хоёр хэсэг тугалган цаас, Б.Б-ийн биед үзлэг хийж хураан авсан Granberry extract гэх бичиглэлтэй хуванцар сав дотор 1,7476 грамм бор өнгийн хатсан ургамал мэт зүйл, Б.Б-ийн мэдүүлгийг шалгаж уг ургамлыг түүсэн гэх газраас дээжлэн авч шинжилгээнд хүргүүлсэн ургамалд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 43/, дээрх эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 44/,   

Дээрх эд мөрийн баримтуудад шинжилгээ хийж, Дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн тухай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 189, 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 374 дугаартай дүгнэлтүүд /хх 67-69, 71-72/, 

Б.Б-, Б.Б- нараас биологи /шээс/-ийн дээж авч, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх тест хэрэглэж, ТНС хэсгийн Т, С түвшинд 1 улаан зураас  эерэг /илэрсэн/ тухай тэмдэглэл /хх 37, 38/,

Уг биологийн дээжинд шинжилгээ хийж, Дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн тухай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 12463 дугаартай дүгнэлт /хх 74-75/,

Шүүгдэгч Б.Б-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгаж, тухайн мансууруулах үйлчилгээтэй ургамлыг хаанаас түүж бэлтгэсэн тухай бэхжүүлсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 64-65/ болон шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Б- нь “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан”, шүүгдэгч Б.Б- нь “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг тус тус үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн шинжийг хангасан байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгч нарын хувийн байдалд тохируулан,  шүүгдэгч Б.Б-д 2 жил хорих ялаар, шүүгдэгч Б.Б-т хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаанд тэнсэж, үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Харин прокурорын яллах дүгнэлтээр шүүгдэгч Б.Б-ийн үйлдлийг “бэлтгэсэн, бусдад өгсөн, хадгалсан” гэсэн шинжүүдээр дүгнэж ирүүлсэн байхад анхан шатны шүүх “бусдад өгсөн” үйлдлийг хэрэгсэхгүй болгоогүй атлаа “бэлтгэсэн, хадгалдсан” үйлдэлд нь гэм буруутайд тооцсон нь буруу боловч тухайн хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хэмжээний зөрчил биш гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял түүний үйлдэл, хувийн байдалд тохирсон, хүнд биш ял байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн учраас “хорих ялыг хөнгөрүүлж өгөх” талаар гаргасан түүний давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 296 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.           

 

                       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                    ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ