| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2017/0415/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/347 |
| Огноо | 2017-09-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Отгонтөгс, |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 2017/ШЦТ/347
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Х.Дашням,
улсын яллагч Т.Отгонтөгс,
хохирогч Б.Б”,
гэрч Д.Б”,
шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа,
шүүгдэгч Л.Б” нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Б”ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201726010635 дугаар хэргийг 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, эхнэр, охины хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Овоотын 8 дугаар гудамж, 000в тоотод оршин суух, урьд Баянгол дүүргийн шүүхийн 0000,00,00-ны өдрийн 000 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлсэн, нэг жилийн хугацаагаар тэнсэгдсэн, Х овогт Лгийн Б” /РД:/.
Яллагдагч Л.Б” нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдрийн 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хөтөлийн автобусны буудлын урд талын “Ө”” гэх дэлгүүрийн орчим хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Б.Б”тай маргалдан улмаар нүүрэн тус газар нь 2 удаа мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Б” шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоос уучлалт гуйя. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Хохирогч Б.Б” шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр өөвтэйгээ цуг дэлгүүр орж архи авчихаад машиндаа суугаад хөдөлсөн. Ухрахдаа их аажуухан, хойно 2 хүн явж байгааг харж байсан. Тэгсэн тухайн хоёр хүн машин цохихоор нь “буугаад зүгээр байгаач” гэж хэлсэн. Нөгөө хоёр хүн хаалга саваад, хэл ам хийгээд байсан. Би машинаасаа холдуулах гэж тэр хоёр хүнийг заамдсан. Тэгсэн шүүгдэгч эхлээд нэг удаа намайг мөргөсөн. Би мөргүүлээд манарсан байсан. Дахиад намайг мөргөсөн. Би тухайн үед эмчилгээнд гарсан зардлаа нэхэмжилсэн. Гомдолтой байна, эмчилгээний зардлаа нэхэмжилж байна” гэв.
Эрүүгийн 201726010635 дугаар хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Хохирогч Б.Б”ын: “0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр 21 цаг 30 минутын үед өвөө Насанбаттай уулзчихаад Баянхошууны Хөтөлийн ертөнцийн зүгээр замын урд талд байх дэлгүүр орж нэг шил архи өвөөдөө авч өгчихөөд машиндаа суугаад ухрахдаа хойд тал руугаа хартал хоёр эрэгтэй хүн явж байхаар зөөлөн ухартал нэг нь миний машины ард тал руу хоёр удаа цохихоор нь би машинаасаа “та нар зүгээр яваач гэсэн. Тэгтэл нэг нь буюу арай жижиг биетэй нь “явган хүний зам дээр машинаа тавьчихаад юу гээд байгаа юм, намайг мөргөчихлөө гэж хэлэхээр нь би “юу гэж мөргөхөв дээ, та нар зүгээр одоо яв” гэж хэлтэл явахгүй буцаж ирж машины цонхоор толгойгоо оруулж ирээд хэрүүл өдөөд байхаар нь би “цаашаа бай” гээд цээж хэсэг рүү нь түлхэж холдуултал дахиж ирээд хэрүүл хийх гээд өдөөд, машины хаалга савахаар нь би машинаасаа буугаад “одоо та нар яв” гэж хэлтэл нэг өндөр залуу нь шууд ирээд миний нүүр хэсэг рүү 2 удаа мөргөсөн. Толгой дүүрээд, хамар, амнаас цус гоожоод байсан. ...Үүдэн хоёр шүд хөдөлсөн, уруулын дээд талын дотор язарсан, нүүр бага зэрэг хөхөрсөн. Өөр гэмтэл байхгүй. Миний урууланд 4 оёдол тавьсан. “А” эмнэлэгт 15.000 төгрөгөөр мэдрэлийн тасагт нь үзүүлсэн. Гомдолтой байна. Ямар нэгэн төлбөр мөнгө надад өгөөгүй учир би өөрийн мөнгөөр эмчилгээ хийлгэсэн. Иймд эмчилгээний зардлыг нэхэмжилмээр байна” гэх мэдүүлэг /хх-15-16, 17/,
Гэрч Д.Б”гийн: “Манай нөхөр Б.Б” 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр өвөө Насанбатад архи авч өгөх гээд дэлгүүр орсон. Над уруу 10-20 минутын дараа залгаад “зодуулчихлаа” гэхээр нь гараад очсон. Манай дүү Болормаа машинтайгаа очсон. Манай нөхрийн хамар, амнаас нь цус гарчихсан нөгөө хоёр хүн нь зүгээр зогсож байсан. Тэгээд тэр хоёр хүн бид нарыг ингэж мөнгө олдог гээд ихээр доромжлоод, цагдаа нар иртэл “үүнээс илүү зодох байсан юм” гээд байсан. ...Гэмтэл ороод оёдол тавиулаад, шинжилгээ, зураг авахуулсан. Одоо шингэн зүйл уухаараа хааяа өөрийн мэдэлгүй гоожуулчихдаг болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-20-21/,
Гэрч Б.А”гийн: “0000 оны 0 дугаар сарын 00-ны оройн ээлжинд Ачит114 гэх машинтай дуудлаганд явж байсан. Одоо санахад 21 цагийн үед байх Хөтөлийн автобусны буудал дээр үл таних хүнд зодуулчихлаа гээд дуудлагаар очиход ...эрэгтэй, эмэгтэй хүн зогсож байсан. Болсон явдлын талаар асуухад Б” гэх хүн “миний нүүрэн хэсэг рүү цохичихлоо, тархи толгой хөдөлчихлөө, гомдолтой байна” гэж байсан. Б” гэх цохисон хүн нь Б” гэх хүнийг “машинаараа манай хуурай ахыг ухрахдаа мөргөсөн” гэсэн. Түүнээс болж маргалдаад нүүрэн хэсэг рүү нь цохисон гэсэн. Хэрэг болсон газрын дэлгүүрийн гадна камерыг шүүж үзэх гээд ортол дэлгүүрийн эзэн нь тухайн үед “манай гадна камер ажиллаагүй байна” гэсэн. Б” гэх хүнд өмнө нь хүнд зодуулсан, оёдол тавиулсан ул мөр байгаагүй. Уруулыг нь дээш сөхөж үзэхэд дээд талдаа уруулын дотор тал нь улайж бага зэрэг цус гарсан байсан. Түүнээс их хэмжээний ил харагдах цус гараагүй байсан. Нүүр нь бага зэрэг улайсан байсан. ...Б” нь оёдол тавиулсан гээд орж ирж байсан...” гэх мэдүүлэг /хх-23-24/,
Гэрч А.Г”ын: “Тухайн үед 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр би хуурай дүү Б”тэй уулзаад кино үзчихээд харих гээд автобусны буудлын тэнд явж байтал нэг машин гэнэт ухраад намайг мөргөсөн. Тухайн үед би хөл алдаад газар хальт унаад босч ирээд тэр хүнд “дохио өгч байж хөдлөхөд яадаг юм бэ? Явган хүний зам дээр машинаа тавьчихаад өөр хүн мөргөвөл яах юм” гэтэл тэр хүн “миний машинаа тавих газар” гэж хэлэхээр бид хоёр цааш явж байгаад би эргэж хараад тэр хүнд хандаж “чи ер нь наанаа машинаа тавих ёстой юм уу” гээд бага зэрэг хэрүүл хийтэл тэр хүн бууж ирээд намайг баруун гараараа, Б”ийг зүүн гараараа заамдсан. Тэр хүн бид хоёрыг авч яваад машиныхаа урд талд очиход би гарыг нь тавиултал миний зүүн талын хацар хэсэг рүү нэг удаа гараараа цохисон. Би газар хальт унаад босч ирсэн. Тэгтэл Б” яаж байгаа юм гээд тэр хүнийг нэг удаа мөргөж байсан. Гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-29-30/,
Шүүгдэгч Л.Б”ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “Тухайн үед Хөтөлийн автобусны буудал дзэр 21 цагийн орчимд “Ө”” дэлгүүрийн урд явган хүний зогсоолоор явж байтал нэг машин ухраад хамт явж байсан ахыг арын купрээрээ хальт шүргэх шиг болохоор нь би араас нь 3-4 удаа айлын хаалга тогшиж байгаа юм шиг цохитол тэр машин зогссон. Би “ухрахдаа дохиогоо өгч ухраач ээ ард чинь хүн явж байна шдээ” гэж хэлтэл тэр хүн “юу гээд байгаа юм, би хаана машин тавихаа мэдэж байна” гэж хэлтэл би “ард чинь би биш өчнөөн олон хүн явдаг, тэглээ ч наад зам чинь явган хүний зам болохоос автомашины зогсоол биш” гэж хэлээд явж байтал надтай хамт явж ах эргэж харснаа “явган хүний зам шүү” гэж хэлсэн. Тэгтэл тухайн хүн гарч ирээд надтай хамт явж байсан хүнийг заамдахаар нь би “яаж байгаа юм бэ” гэтэл намайг зүүн гартаа заамдаад машиныхаа урд талд авчирсан. Тэгтэл ах заамдсан гарыг тавиулах гэтэл баруун гараараа шанаадах шиг болтол Г” ах газар уначихсан. Намайг татахаар нь толгойгоороо толгой руу нь тулаад “чи намайг амжихгүй шүү зүгээр тавь” гээд түлхээд хойшоо болтол баруун гар нь миний урдуур сарваагаад цохих гэж байгаа юм шиг болохоор нь шууд 1 удаа баруун талын хацар уруул хоёрын хооронд толгойгоороо мөргөсөн. ...Тэгээд цагдаа нар ирэх хооронд байж байтал 2 хүүхэн ирээд “Чи яахаараа хүн зоддог юм” гэсэн. Миний биед гэмтэл учраагүй. Зүүн талын шанаа нь тухайн үедээ хавдсан байсан...” гэх мэдүүлэг /41-42, 44-45/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.03.19-ний өдрийн 000 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. Б.Б”ын биед тархи доргилт, дээд уруул дотор салстад шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. ...журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ /хх-34/,
шүүгдэгчийн түр ажиллаж байсан гэх газрын ажлын үнэмлэх /хх-46/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-57/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-64/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-87-89/ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч Л.Б”ийн гэм буруутай болох нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарыг өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон гэж үзсэн болно.
Шүүгдэгч Л.Б” нь 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдрийн 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хөтөлийн автобусны буудлын урд байрлах “Ө”” хүнсний дэлгүүрийн орчим хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Б.Б”тай маргалдан түүний нүүрэн тус газарт 2 удаа мөргөж тархи доргилт, дээд уруул дотор салстад шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь хохирогч Б.Б”ын: “...нэг өндөр залуу нь шууд ирээд миний нүүр хэсэг рүү 2 удаа мөргөсөн. Толгой дүүрээд, хамар, амнаас цус гоожоод байсан. ...Үүдэн хоёр шүд хөдөлсөн, уруулын дээд талын дотор язарсан, нүүр бага зэрэг хөхөрсөн...” гэх мэдүүлэг /хх-15-16/, гэрч А.Г”ын: “...Тэгтэл Б” яаж байгаа юм гээд тэр хүнийг нэг удаа мөргөж байсан. Гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-29-30/, шинжээчийн 4014 дүгээр дүгнэлт, шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Л.Б”ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б”ын бие махбодид хөнгөн гэмтэл учирсан бөгөөд тэрээр “500000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна” гэж мэдүүлж байгаа боловч 321787 төгрөгийн хохирол хэрэгт авагдсан нотлох баримт /хх-50-52/-аар тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Б”ээс гаргуулж, хохирогчид олгуулахаар шийдвэрлэлээ. Харин хохирогч үлдэх хохирлын баримтаа жич бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч Л.Б”ийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл урьдчилан хоригдсон 3 /гурав/ хоногийг түүний ял эдэлсэнд хугацаанд оруулан тооцож, түүний эдлэх ялаас 24 цагийн нийтэд тустай ажил хийлгэх хийлгэх ялыг хаслаа.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч Б.Б”ын толгойн компьютерт томографийн 35х43см хэмжээтэй зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгох нь зүйтэй.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Л-ийн Б”ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б”ийг 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Л.Б”ийн урьдчилан хоригдсон 3 /гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, түүнд оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хассугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Л.Б” нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Б”эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Л.Б”ээс 3 сарын дотор 321787 /гурван зуун хорин нэгэн мянга долоон зуун наян долоо/ төгрөг гаргуулж, хохирогч Б.Б” /Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 8 дугаар байр, 123 тоотод оршин суух, РД/-т олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Б”эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР