| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2017/0421/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/341 |
| Огноо | 2017-09-12 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун, |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 2017/ШЦТ/341
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч Р.Энх-Оюун,
иргэдийн төлөөлөгч С.Б,
хохирогч Б.Х”,
шүүгдэгчийн өмгөөлөгч П.Одонтунгалаг,
шүүгдэгч О.Т” нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Т”ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201726010910 дугаар хэргийг 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Тахилтын 0 дүгээр гудамж, 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д” овогт О”ын Т” /РД:/.
Яллагдагч О.Т” нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 0000 оны 0 дугаар сарын 00-аас 00-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 2 дугаар гудамж, 42б тоотын урд талд 00-00 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор Б.Г”тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар цээжин тус газар нь хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Т” шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр гэртээ байхад манай охин Х” нэг хүн дагуулж ирсэн. “Миний танидаг хүн байгаа юм, та танилц” гэж хэлсэн. Тэр хүн 0,75 литрийн архи, гурил, мах авчирсан. Өөрийгөө “Тагнуулын ерөнхий газар ажилладаг, энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн, Г” гэдэг гэсэн. Архи хувааж уусан. Ууж дуусаад дахиад нэг шил архи уухаар болсон. Талийгаач Г”ын машинд хүү Ц” бид гурав суугаад “Хонгор” дэлгүүр рүү орсон. 0.75 литрийн архи, чихэр, боов авч байсан. Буцаж хариад архиа хувааж уусан. Охин авчирсан материалаараа нь хоол хийсэн. Архиа уучихаад талийгаач надад “архи аваад ир” гээд мөнгө өгсөн, 5000 төгрөг байхаар нь тааруулаад “Шим” архи аваад гэртээ ирээд уусан. Сүүлд авсан архиа удаан уусан. Миний нойр хүрээд би унтсан. Шөнө дунд маань уншаад байх шиг байхаар нь “одоо боль, унт” гэж хэлчихээд унтсан чинь намайг татаад “гал түл” гэхээр нь тооноор харсан чинь харанхуй байхаар нь “гадаа харанхуй байна, унт” гэж хэлсэн. Тэгсэн намайг нэг цохиод авсан. Эргээд харсан чинь дахиад нэг цохисон. Тухайн үед миний уур хүрсэн. Тэгээд цааш болсон асуудлыг айн санахгүй байгаа. Нэг мэдэхэд цагдаагийн хэлтэс дээр ирсэн байсан.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Талийгаачийн ар гэрээс уучлалт гуйж байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирлыг төлж барагдуулна” гэв.
Хохирогч Б.Х” шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар мэдүүлэг өгөхгүй. Баримттай гарсан зардлаа нэхэмжилсэн. Хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэв.
Эрүүгийн 201726010910 дугаар хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Хохирогч Б.Х”ын: “Би амь хохирогч Б.Г”ын төрсөн дүү юм. ...Ах маань манай гэрт буюу Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо 35-6 дугаар байрны 25 тоотод хамт амьдарч байсан. ...Би талийгаачтай өнгөрөхөөс нь 1 хоногийн өмнө буюу 5 дахь өдөр уулзсан. 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр гэртээ ирээгүй, харин орой 21 цагийн орчим утсаар ярьсан. Ах нь найз эмэгтэй Отгоотой муудалцсан байгаа, надаас дандаа мөнгө нэхээд байх юм, би одоо Урьханаас хот руу орж явна, би хот руу ороод яръя” гэж хэлсэн. Тэрнээс хойш 20 минутын дараа дахин залгасан чинь гар утас нь холбогдохгүй байсан. Шөнө 04 цагийн орчим байх гэрт цагдаа нар ирээд “0000 гэсэн дугаартай машины жолооч мөн үү” гэж хэлсэн. ...Миний мэдэж байгаагаар манай ах тагнуулын дарга, мөн дүү шүүхийн шийдвэрт ажилладаг гэж бид нарын талаар онгирч ярьдаг л байх. Хууч өвчин байхгүй, зүрх нь бага зэрэг өвддөг. Энэ хэргийг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдэж өгөөч гэж л хэлмээр байна.
...Би түрүүчийн мэдүүлэгтээ нэмж хэлээд байх юу байхав дээ. Болсон асуудлыг үнэн зөвөөр л мэдүүлж байсан. Манай гэрийнхэн намайг хохирогчоор оролцуулахаар болж тогтоосон учраас миний бие цаашид хохирогчоор оролцох болно. Манай ах Г”ын өмсөж явсан хүрэн өнгийн саравчтай малгай, нүдний шил, бурхан зэрэг зүйлүүд О.Т” гэдэг хүний гэрээс хураагдсан байсан. Харин манай ахын 00-00 унп улсын дугаартай машин дотор байсан шар хүрээтэй, цагаан өнгийн том гар чийдэн бол манай ахын машинд байдаггүй гар чийдэн байна. Машиныг хүлээн авч зах дээр нэг ченжтэй машинаар сольчихсон. Гэрийнхэн тэр машинаас цээрлээд байсан болохоор өөр машинаар сольчихсон. 7123220 төгрөгийн зардал гарсан тул энэ мөнгийг нэхэмжилж байна. Хуулийн дагуу үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэж хүсэж байна...” гэх мэдүүлэг /1хх-55-56, 57-58/,
Гэрч Б.О”ийн: “О.Т” нь миний хадам аав. Би нөхөртэйгээ гэр бүл болоод 11 жил болж байна. Энэ хугацаанд хадам аавтайгаа хамт байж үзээгүй. Энэ хүний талаар дэлгэрэнгүй зүйлийг нь сайн мэдэхгүй. Ааш зангийн хувьд тайван дөлгөөн хүн шиг л байдаг. Ерөнхийдөө миний хувьд цагаан сараар л нэг удаа уулздаг. Хадам аав сүүлд нэг хүнтэй суусан гэж сонссон. Тэр хүнийх нь хүүхдүүд “аав чинь архи уучихлаа” гээд манай нөхөр рүү залгаад байдаг. Би хадам аавыг хэр их архи уудаг талаар, ямар ааш зан гаргадаг талаар нь мэдэхгүй. Хүн хутгалсан гэж л дуулсан, яг юу болсон талаар мэдэхгүй” гэх мэдүүлэг /1хх-68-69/,
Гэрч Т.А”гийн: “О.Т” нь миний төрсөн эцэг. ...Би аавтайгаа 2007 оноос хойш хамт амьдраагүй болохоор архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар ааш зан гаргадаг талаар мэдэхгүй. Ер нь архи хэрэглэдэг. Би аавтайгаа сардаа 1-2 удаа уулздаг болохоор зарим зүйлийг нь сайн мэдэхгүй. Манай аав сүүлд 2006 онд Э” гэдэг хүнтэй гэр бүл болсон. Э” нь 2017 оны 3 дугаар сард гэмт хэргийн улмаас шоронд орсон. Түүнээс хойш аав маань Э”гийн нэг охин, нэг ачтай нь хамт амьдарч байгаа. Би аавыг ямар хэрэгт холбогдсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1хх-70-71/,
Гэрч Т.Х”гийн: “Манай ээж Х.Э” нь Т” ахтай хамтран амьдраад 13 жил болж байна. 2017 оны 5 дугаар сарын 12-ны орой 00 цаг өнгөрч байх үед болов уу Г” ахтай тааралдсан. “Т”” буудалд өрөө авчихсан байгаа гээд бид хоёр тэндээ хоносон. ...13-ны өглөө босоод 10 цаг болж байхад буудлаас гараад намайг явах гэхэд “ах нь хүргэж өгье” гээд тэрээр өөрийнхөө машинтай хүргэж өгсөн. Манай гэрийн орчим очоод “Хонгор” дэлгүүрээс хэрчсэн гурил, мах, 0,75 литрийн архи зэрэг зүйл аваад манайд орсон. Бид хоёрыг ороход Т” ах, дүү Цэнгүүн, дүү Х” гурав байж байсан. Намайг ороход Х” уйлагнаад байсан учраас түүнийг тэврээд унтуулсан, унтуулж байгаад унтчихсан байсан. Оройхон бүрэнхий болж байхад сэрэхэд миний авсан архины шил хөргөгчний урд байсан. Т” ах, Г” ах хоёр уучихсан бололтой халамцуу сууж байсан. Тэгэхэд хоорондоо юм яриад л сууж байсан. Т” ахыг дандаа хүүхэд хараад гэртээ байдаг хүн нэг өдөр уувал ууг гэж бодоод буцаад унтаад өгсөн. Харанхуй болчихсон байхад нэг сэрэхэд баганын голд 0,75 литрийн архины хоосон шил байсан. Т” ах, Г” ах нар хоёулаа гэрт байхгүй байсан. Ингээд л би унтаад өгсөн. Тэгээд унтаж байхад өглөө эрт цагдаа нар орж ирсэн. Тэгэхээр нь би юу ч ойлгоогүй босож ирээд харахад пийшин дээр цустай хутга байсан. Түүнийг цагдаа нар шинжилнэ гээд аваад явсан. Цагдаа нарыг орж ирэхэд Т” ах зүүн талд байрлах орон дээр унтаж байсан. ...Өглөө эрт цагдаа нарыг ирэх үед гэрийн зүүн багананд бурханы зориулалттай гэмээр зүйл хадаж орхисон байсан. Хэдийд ямар учиртай хадсан талаар мэдэх зүйл байхгүй. Түүнийг цагдаа нар авсан. ...Тухайн үед намайг унтаж байхад толгой дээр маань уншаад байгаа бололтой чимээ гараад байхад нь сэрэхэд гэрийн зүүн талын Т” ахын орон дээр цугтаа суучихсан Г” ах маань уншаад байгаа бололтой байсан. Тэгэхээр нь би манай дүү өнгөрөөд 49 хоног нь өнгөрөөгүй байна, тэгэхээр битгий маань уншаад бай гэж хэлж байсан. Одоо санахад Т” ахтай би чамайг алж чадна шүү. Надад өшөө ч бууны хонгио байгаа шүү гэж хэлж байсан. Айхавтар зодоон цохион хийхээр биш маргалдах байдалтай л согтуу ярьж байсан. Т” ах зөрүүлж юм хэлж байгаа сонсогдоогүй. Т” ах согтохоороо юм яриад байдаггүй, дуугаа хураачихдаг, ярьж чаддаггүй юм шиг байгаа юм, суугаад л байдаг хүн. Цагдаа ирэхэд Ц”ий хүзүүнд зүүдэг сахиус байдаг түүнд нь бууны хонгио зүүлттэй байсан. Тэгэхээр нь би “энийг хэн өгсөн юм бэ” гэхэд “тэр ах” өгсөн гээд бас надад мөнгө өгсөн гээд 4000 төгрөг барьчихсан явж байсан. ...Хэргийн газрын үзлэгээр хураагдсан хутга нь хар иштэй, иш нь эвдэрхий байвал манай хутга, би тэр хутгыг хог руу хаяад олон хонож байна. Бараг 2-3 сарын өмнө л хаясан санагдаж байна. Энэ гар чийдэн нь манай гэрт байдаг, талийгаач дүү Т”ын хэрэглэж байсан гар чийдэн. Үүнийг хэзээ машинд оруулсныг нь сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1хх-72-74/,
Насанд хүрээгүй гэрч Г.Ц”ий: “Өчигдөр өдөр гэртээ байж байхад 10 цагийн үед Х” ээж ирсэн. Ирэхдээ миний танихгүй нэг халзан толгойтой ахтай хамт ирсэн. Надад гоё идэх юм болон архи зэрэг авчирсан. Халзан толгойтой ах нь намайг машиндаа суулгаад “Хонгор” дэлгүүр рүү орж Х” ээжид бэлэн гоймон, надад зайрмаг, чихэр авч өгсөн. Өвөө тэгэхэд хамт яваагүй гэртээ үлдсэн. Тэгээд нөгөө халзан толгойтой ах нь “Ум мааний” гээд амандаа маань уншаад байсан. Х” ээж талийгаачийн зургийг гаргаж ирээд лам ахад үзүүлээд буцааж боогоод шүүгээндээ хийсэн. Тэгээд нөгөө лам ах “гал түл” гэхээр нь түлээгүй бөгөөд бид нар орой бууз жигнэж идэцгээсэн. Тэгээд нөгөө халзан толгойтой ах Х” ээжийн яг ард талд нь орон дээр унтаад би бас дүүтэйгээ хамт цуг унтаж байсан. Тэгээд халзан толгойтой ах шөнө босоод буцаад өөрийнхөө зүүн талын орон дээр очиж унтсан. Тэгэхэд өвөө нөгөө талын орон дээр унтаж байсан. Нөгөө халзан толгойтой ах гараад явсан чинь өвөө хөргөгчин дээр байсан хутгыг аваад “алнаа” гэж хэлээд хутгаа гартаа бариад нөгөө ахын араас гараад явсан. Удалгүй өвөө гаднаас орж ирээд хутгаа пийшин дээр тавьсан. Орж ирэхдээ гарынх нь хуруунууд цус болчихсон байсан. Өвөө орон дээрээ хэвтээд шууд унтаад өгсөн. Тэгээд удалгүй байж байтал цагдаа нар орж ирээд өвөөг аваад явсан. Би тэгэхэд ерөөсөө унтаагүй, миний нойр хүрэхгүй байсан. Өвөө тэр халзан ахтай чанга, чанга яриад хоорондоо хэрэлдээд байсан. Тэр халзан ах “ум мааний бадмий хум” гээд маань уншаад байсан. Тэгээд би унтаж чадаагүй. Х” ээж Х” дүүг аваад унтаж байсан. ...Өвөө бас дэлгүүр орж “Шим” нэртэй архи авч ирээд халзан толгойтой ах, өвөө 2 уусан. Х” ээж архинаас нь нэг балгасан. ...Орой харанхуй болчихсон байхад халзан толгойтой ах өвөөгийн нүүр рүү гараараа цохиод байсан. Халзан толгойтой ах орилоод өвөөг цохиод байсан. Тэгээд өвөөг хурдан мод хагалаадах, Х”д бэлэн гоймон чанаж өгөх гээд байна гэж хэлсэн. Тэгээд мод хагалаагүй. ...Намайг орой “зүүлтээ өгч бай хонгио хийгээд өгье” гээд миний зүүлтийг авсан. Тэгээд миний Х” ээжийн өгсөн зүүлтэнд сумны хонгио зүүж өгсөн. Гэрэл бол асаалттай байсан. Өвөөг хутга авч гараад орж ирэхэд ч гэрэл асаалттай байсан. Халзан толгойтой ах гэр рүүгээ явна гээд гээд өөрөө хэлчихээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-75-76/,
Гэрч Г.Н”ийн: “0000 оны 0 дугаар сарын 00-14-нд шилжих шөнө ...01 цаг 30-40 минут болж байхад манай хашаанд их дуу чимээ гарсан. Босоод харахад манай хашааг 1 машин мөргөөд ороод ирчихсэн байсан. Тэгэхээр нь би дүүгээ босгоод хамт гарч машин дээр очиход машины жолоочийн суудал дээр эрэгтэй хүн суучихсан байсан. Тухайн үед дүү бид хоёр тэр хүнийг холоос харж байсан ба тухайн хүн амьсгалтай байсан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх шиг байсан. Дөхөж очоод хартал тэр хүний баруун мөр хэсгээр цус гарчихсан байсан. Тэгээд дахиад цагдаа руу залгаад тэр хүнээс цус гарсан байна гэж хэлэхэд 103 дууд гэсэн. Тэгээд удаагүй байж байтал эмнэлэг, цагдаа ирсэн. Тухайн үед жолоочийн суудал дээр нэг л хүн байсан. Юм яриагүй, би зүгээр холоос л хараад байж байсан. Тэр хүн ямар нэг зүйл дуугараагүй...” гэх мэдүүлэг /1хх-78-79/,
Насанд хүрээгүй гэрч Б.А”гийн: “...Манай аавыг Б-ийн Г” гэдэг байсан. Манай ээж 2015 онд нас барсан. Түүнээс хойш би аавынхаа төрсөн дүү Болормаагийн нэрээр овоглох болсон. Өөрөөр хэлбэл аавын дүү Болормаа өргөж авсан гэсэн үг. Энэ хэргийн хохирогчоор аавын төрсөн дүү Х” оролцож байгаа. Манай ар гэрийнхэн ярилцаад ингэж шийдсэн. Миний хувьд ч үүнийг хүлээн зөвшөөрч байна. Ээжийгээ нас барснаас хойш аавтайгаа цуг өвөө Батаагийндаа хамт амьдарч байсан. Мөн Х” ах цугтаа амьдардаг...” гэх мэдүүлэг /1хх-83-84/,
Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2017.05.23-ны өдрийн 996 дугаар актын дүгнэлтэд: “1.Талийгаачийн биед цээжний баруун дээд хэсэгт баруун эгэмний доогуур баруун эгэмэн доорхи хураагуур судсыг бүрэн бус тасласан хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун шилбэ, зүүн сарвууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, баруун шилбэ, зүүн сарвууны цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, уг шарх гэмтэл нь үүсэх үедээ амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, бусад цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 3.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5.Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. 6.Талийгаач нь АВО системээр О(I) бүлгийн цустай байна. 7.Талийгаач нь дээрх цээжний баруун дээд хэсэгт баруун эгэмний доогуур баруун эгэмэн доорхи хураагуур судсыг бүрэн бус тасалсан хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цочмог цус алдаж цус алдалтын шокын улмаас амьсгал, зүрх судасны дутадлаар нас барсан болно” гэжээ /1хх-86-87/,
Шинжээч эмч О.Б”гийн: “Талийгаачийн биед хийгдсэн задлан шинжилгээгээр уг шарх нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байсан. Харин хувцсан дээр үүссэн зүсэлтүүд нь ямар байсныг нь мэдэхгүй байна. Ийм гэмтэл авах үед их хэмжээний цус алдалт явагддаг. Гэмтэл аваад богино хугацаанд нас барна. Богино хугацаа гэдгийг нарийн хэлэх, тодорхойлох боломжгүй. Хурдан хугацаанд цус алдалт явагдаж нас барна” гэх мэдүүлэг /1хх-155-156/,
Шинжээч эмч Ө.Т”маагийн: “Амь хохирогчийн өмсөж явсан гадуур цамц буюу ногоон өнгийн малгайтай цамцан дээр 2 ширхэг шинэ зүсэлтийн мөр, дотор цамц буюу майкан дээр 1 ширхэг шинэ зүсэлтийн мөр илэрсэн. Эдгээр шинэ зүсэлтийн мөрүүд нь нэг удаагийн ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хувцас нугаларсан, хумирсан байх үед зүсэгдэлт явагдахад хувцсанд буюу цамцанд 2 зүсэлтийн мөр үүсэх боломжтой” гэх мэдүүлэг /1хх-157-158/,
Шүүгдэгч О.Т”ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр гэртээ байж байхад 10 цагийн үед гаднаас манай дагавар охин Х” өмнө зүс харж байгаагүй залуугийн хамт орж ирсэн. Тэр залуутай танилцаад түүний авчирсан 0,75 литрийн “Хараа” архийг хувааж уусан. Тэр залуу өөрийгөө Г” гэж танилцуулсан бөгөөд Афганистан явж байсан гэж ярьж байсан. Архийг ууж дуусах үед 12 цаг болж байсан, цуйван хийж идчихээд Г” бид хоёр гарч “Хонгор” дэлгүүр рүү орж 0,75 литрийн “Ерөөл” архи авч, хоёулаа хувааж уусан. Тэр архийг 16-17 цагийн үед дууссан санагдаж байна. Тэр залуу дахиад “нэг архи авья” гээд 5000 төгрөг өгсөн. Би ...мөнгөндөө тааруулаад “Шим” нэртэй 0,5 литрийн архи авсан. Энэ архийг авахдаа дэлгүүр рүү 6 настай Ц”ийг дагуулж явсан. Тэр архийг аваад ирээд Г”тай хувааж уусан. Дуусгаснаа санахгүй байна, унтсан байсан. Унтаж байхад чихэнд юм дүнгэнээд байхаар нь босож харахад ном уншаад байх шиг байхаар нь “чи юун лам хүн болчихвоо” гэж загнасан. Тэр тэгэхэд “танай гэрт ном уншихад яадаг юм” гэсэн утгатай юм хариулсан. Би тэгэхэд “манайх бөө мөргөлтэй, лам хамаагүй” гээд түүнийг “гар, гар” гээд хөөж байснаа санаж байна. Тэр намайг цохиод авах шиг болсон. Гараараа цохисон юм уу, юмаар цохисон уу, шилэн хүзүү рүү түс гэж дуугараад л цохичихлоо гэж мэдсэн. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг сэрэхэд ардаа гавтай машин дотор явж байсан. ...Архи ууж байхад Х” унтаж байсан санагдаад байна... /1хх-176-178/,
...0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр 11 цагийн үед гэртээ ирэхдээ халзан толгойтой, 40 орчим настай залуугийн хамт ирсэн. ...Би эхний архийг орж гараад л, мод түлээ хагалангаа ууж байсан. Тэгээд архиа ууж, хоол идсний дараа тэр залуу “дахиад архи авья, дэлгүүр явья” гэсэн тул Ц”ийг би аваад бид гурав “Хонгор” дэлгүүр рүү орсон. 0.75 литрийн “Ерөөл” архи авч өгсөн. Тэгээд мөн Ц”д юм авч өгөөд байх шиг байсан, яг юу авсныг мэдэхгүй. Бид хоёр гэрт ороод уусан. ...Орой болоод архи дууссны дараа тэр залуу “дахиад архи авья” гээд мөнгө өгсөн. Би “Шим” нэртэй 0.5 литрийн архи аваад буцаж ирсэн. Үлдсэн 500 төгрөгөөр нь Ц”д зайрмаг авч өгсөн. Тэгээд буцаж хариад авсан архиа Г”тай хувааж уусан байх. Яг уусан уу, уугаагүй юу сайн мэдэхгүй байна. Тэгээд ер нь согтоод тасарчихсан. Тэрээр ном уншаад ч байгаа юм уу, чангаар уншаад байхаар нь “чи юун лам хүн болчихвоо, айлд битгий ном уншаад бай” гэж хэлэхэд “танайд ном уншихад яадаг юм” гэж Г” хэлж байсан. Миний санаж байгаагаар тэр залуу миний шилэн хүзүү рүү юмаар цохисон. Тэрийг л санаж байна. Тэгээд нэг сэрэхэд гэнэт машин дотор ардаа гавтай явж байхдаа сэргэсэн. ...Хэрэв би өөрөө гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол маш их харамсаж байна. Өөрийгөө өмөөрөх зүйл байхгүй, үнэн зөвөөр нь шалгаж өгнө үү гэж хүсэж байна...” гэх мэдүүлэг /1хх-180-181/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-7-29/, цогцсонд үзлэг хийсэн тэмпэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-30-36/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-39-46/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-50/, шинжээчийн 4947 дугаар дүгнэлт /1хх-89/, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6420 дугаар дүгнэлт /1хх-92/, шинжээчийн 4928 дугаар дүгнэлт /1хх-94/, шинжээчийн 2921 дүгээр дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-122-124/, шинжээчийн 2924 дүгээр дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-134-136/, хохирлын баримтууд /1хх-204-209/, шүүх сэтгэц эмгэг судлалын 576 дугаар дүгнэлт /1хх-152-153/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-187/, иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-212/, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг /1хх-214/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч О.Т”ын гэм буруутай болох нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон гэж үзсэн болно.
Шүүгдэгч О.Т” согтуурсан үедээ 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 2 дугаар гудамж, 42б тоот хашааны урд 00-00 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор Б.Г”тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан цээжин тус газарт хутгалж алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч Т.Х”гийн: “...13-ны өглөө босоод 10 цаг болж байхад буудлаас гараад намайг явах гэхэд “ах нь хүргэж өгье” гээд тэрээр өөрийнхөө машинтай хүргэж өгсөн. Т” ах, Г” ах хоёр уучихсан бололтой халамцуу сууж байсан. ...босож ирээд харахад пийшин дээр цустай хутга байсан. ...Хэргийн газрын үзлэгээр хураагдсан хутга нь хар иштэй, иш нь эвдэрхий байвал манай хутга, би тэр хутгыг хог руу хаяад олон хонож байна. Бараг 2-3 сарын өмнө л хаясан санагдаж байна. Энэ гар чийдэн нь манай гэрт байдаг, талийгаач дүү Т”ын хэрэглэж байсан гар чийдэн. Үүнийг хэзээ машинд оруулсныг нь сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1хх-72-74/, насанд хүрээгүй гэрч Г.Ц”ий: “...Нөгөө халзан толгойтой ах гараад явсан чинь өвөө хөргөгчин дээр байсан хутгыг аваад “алнаа” гэж хэлээд хутгаа гартаа бариад нөгөө ахын араас гараад явсан. Удалгүй өвөө гаднаас орж ирээд хутгаа пийшин дээр тавьсан. Орж ирэхдээ гарынх нь хуруунууд цус болчихсон байсан. ...Орой харанхуй болчихсон байхад халзан толгойтой ах өвөөгийн нүүр рүү гараараа цохиод байсан. Халзан толгойтой ах орилоод өвөөг цохиод байсан...” гэх мэдүүлэг /1хх-75-76/, гэрч Г.Н”ийн: “...Машин дээр очиход машины жолоочийн суудал дээр эрэгтэй хүн суучихсан байсан. Дөхөж очоод хартал тэр хүний баруун мөр хэсгээр цус гарчихсан байсан” гэх мэдүүлэг /1хх-78-79/ болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Иймд шүүгдэгч О.Т”ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэх” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугийн хувьд маргаагүй бөгөөд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэж тус тус хорих ял эдлэх дэглэмийн тухайд зөрүүтэй дүгнэлт гаргаж оролцлоо.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан О.Т”т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас Б.Г”ын амь нас хохирсон бөгөөд түүний оршуулгын зардалд хэрэгт авагдсан баримтаар 7123220 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Т”ын 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл урьдчилан хоригдсон 121 /нэг зуун хорин нэг/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Талуудын хүсэлтээр хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн талийгаач Б.Г”ын Iphone-5 загварын гар утсыг хохирогч Б.Х”-д, шүүгдэгчийн хүрэн гутлыг О.Т”т тус тус буцаан олгож,
амь хохирогчийн өмсөж явсан ногоон өнгийн бэлтгэлийн цамц, хөх өнгийн бэлтгэлийн өмд, хар өнгийн турсик, саарал өнгийн пүүз, цагаан эрээн майк, О.Т”ын хуруунаас авсан хумснууд, О.Т”ын зүүн, баруун гар, алганаас авсан арчдас, ногоон өнгийн саравчтай малгай, “Сэнгүр” пивоны шил, улаан өнгийн “Red Саss” пивоны лааз, ариун цэврийн цаас, “Эссэ” тамхины ишнүүд, хар бариултай хутга 1 ширхэг, шар бариултай хутга 1 ширхэг, бор эрээн өнгийн бурхны дүрслэл бүхий зурагтай даавуун материал, “Ерөөл”, “Шим” архины бөглөө 2 ширхэг, нарны шил 1 ширхэг, цагаан өнгийн шар хүрээтэй гар чийдэн 1 ширхэг, О.Т”ын өмсөж явсан хар өнгийн пиджак, саарал өнгийн футволк, хар ногоон өнгийн ноосон майк, хар өнгийн бэлтгэлийн өмд, “Ерөөл” архины шил, хуванцар аяга 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Д” овогт О”ын Т”ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Т”ыг 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар О.Т”т оногдуулсан 9 /ес/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т”ын урьдчилан хоригдсон 121 /нэг зуун хорин нэг/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар О.Т”аас 3 жилийн хугацаанд 7123220 /долоон сая нэг зуун хорин гурван мянга хоёр зуун хорь/ төгрөгийг хэсэгчлэн гаргуулж, хохирогч Б.Х” /Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 35б байр, 25 тоотод оршин суух, РД-д олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн талийгаач Б.Г”ын өмсөж явсан ногоон өнгийн бэлтгэлийн цамц, хөх өнгийн бэлтгэлийн өмд, хар өнгийн турсик, саарал өнгийн пүүз, цагаан эрээн майк, шүүгдэгч О.Т”ын өмсөж явсан хар өнгийн пиджак, саарал өнгийн футволк, хар ногоон өнгийн ноосон майк, хар өнгийн бэлтгэлийн өмд, О.Т”ын хуруунаас авсан хумснууд, зүүн, баруун гар, алганаас авсан арчдас, ногоон өнгийн саравчтай малгай, “Сэнгүр” пивоны шил, улаан өнгийн “Red Саss” пивоны лааз, ариун цэврийн цаас, “Эссэ” тамхины ишнүүд, хар бариултай 1 ширхэг хутга, шар бариултай 1 ширхэг хутга, бор эрээн өнгийн бурхны дүрслэл бүхий зурагтай даавуун материал, “Ерөөл”, “Шим” архины бөглөө 2 ширхэг, нарны шил 1 ширхэг, цагаан өнгийн шар хүрээтэй гар чийдэн 1 ширхэг, “Ерөөл” архины шил, хуванцар аяга 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,
амь хохирогчийн Iphone-5 маркийн 1 ширхэг гар утсыг хохирогч Б.Х”ад,
шүүгдэгчийн өмсөж явсан хүрэн өнгийн 1 хос гутлыг шүүгдэгч О.Т”т буцаан олгосугай.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд О.Т”ын эдлэх ялыг 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Т”т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР
ШҮҮГЧИД Г.АЛТАНЦЭЦЭГ
Г.МӨНХЗУЛ