Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 00685

 

    2018 оны 03 сарын 01 өдөр     Дугаар 102/ШШ2018/00685            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

           Нэхэмжлэгч  дүүрэг, дугаар хороо, Хангайн  дугаар байрны  тоотод оршин суух, овогт Э.Х-ын нэхэмжлэлтэй

 

     Хариуцагч Баянгол дүүрэг, Сөүлийн гудамжны  тоотод байрлах, МОХННН УБТЗ

 

     Хариуцагч Баянгол дүүрэг, дугаар хороо, Тээвэрчдийн гудамж хаягт байрлах, УБӨ холбогдох ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 1.740.000 төгрөг гаргуулан, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Оюумаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюумаа, Н.Баттуяа, гэрч Б.Мөнгөнчимэг, Ч.Нямсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

     Нэхэмжлэгч Э.Х нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Улаанбаатар төмөр замын “Мааньт” өртөөнд ачаа вагон хүлээлцэгчээр ажилладаг байсан ба анх УТЗӨ-д 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 187 тоот тушаалаар ажилд орж, тасралтгүй 8 жил ажиллаад, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ажлаас халагдсан.

 

Би 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ээлжийн ажилтай байсан боловч 2017 оны 9 дүгээр сарын 26-наас 29-ний өдрийг хүртэл бие өвдөж, өндөр халуурч эмчид үзүүлэхэд акт бичиж өгснийг байгууллагадаа өгөхөд хуурамч акт өгсөн гэж ажлаас халсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

            Иймээс ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 1.740.000 төгрөг гаргуулан, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү, гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюумаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Х УТЗХНН УБӨ-ний харъяа МӨ-д ачаа вагон хүлээлцэгчээр ажилладаг байсан. 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан зөрчил гаргасан. Ажил тасалсан учраас эмчийг гуйж байгаад акт бичүүлж авсан гэдгээ 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр болсон шуурхай хурал дээр өөрөө хүлээн зөвшөөрсөн.

 

Өмнө нь байгууллагын даргын 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 159 дугаартай тушаалаар ажил тасалсан зөрчил гаргасанд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь хэсэгт зааснаар сахилгын шийтгэл ногдуулж, давтан зөрчил гаргасан тул Улаанбаатар өртөөний даргын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 240 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгүүдийг үндэслэн нэхэмжлэгч Э.Х-той байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-г цуцалсан нь үндэслэлтэй. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ, 2017 оны 9 дүгээр сард надад тушаал өгсөн, дараа нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дахин тушаал гардуулсан, алиныг нь ойлгохгүй байна гэжээ.

 

Гэтэл 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ямар ч тушаал гаргаагүй. Учир нь:

 

Үнэхээр хүндэтгэн үзэх шалтгаантай байгаад ажил тасалсан уу? гэдгийг шалгах ажиллагаа явагдаж байсан тул тушаал гардуулах үндэслэл байхгүй.

 

Харин 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тушаалд техникийн алдаанаас болж 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр гэж бичсэнийг залруулан, нэхэмжлэгчид  хэлээд, нэг хувийг гардуулж өгснийг хүлээн авсан.

 

Иймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

       Нэхэмжлэгч Э.Х, хариуцагч МОХНН УБТЗ УБӨ-д холбогдуулан ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 1.740.000 төгрөг гаргуулан, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

        Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.        

 

        МОХНН УБТЗ-ыг төлөөлж цаашид “ажил олгогч” гэж нэрлэгдэх Моононхүү овогтой Цогт, нөгөө талаас ажилтан Э.Х нарын хооронд тодорхой нөхцөл зааж, 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр МӨ-ний ачаа вагон хүлээлцэгчээр “Хөдөлмөрийн гэрээ” байгуулан, ажиллаж байсан болох нь зохиогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

        Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахад, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх шаардлагатай бөгөөд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас чөлөөлөгдөх болсон үндэслэлтэй тохирсноор хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэл болдог.

 

        Ажилтанг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Өртөөний ачаа тээвэр хариуцсан орлогч даргын өрөөнд хуралдсан “Ажил тасалсан тухай” 17 дугаартай “Шуурхай хурал”-ын тэмдэглэлийн саналыг үндэслэн, 240 дугаартай тушаалаа гаргахдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ээлжийн ажлаа тасалсан, хууран мэхлэж эмнэлэгийн хүчингүй хуудас авчирсан, байгууллагын дотоод журам зөрчсөн, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, сахилгын ноцтой зөрчил давтан гаргасан тул ажлаас халах шийтгэл ногдуулан, үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон бөгөөд ажил олгогч түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа, “Хөдөлмөрийн гэрээ”, “Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам”, “Хөдөлмөрийн хууль”-д заасан үндэслэл бүхий тушаал гаргасан байна гэж дүгнэлээ.

 

          2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч “ би Багахангайн эмч Б.Мөнгөнчимэгт 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр үзүүлсэн. 26-27-ны өдрүүдэд гэртээ халуурч хэвтсэн. 9 дүгээр сарын 26-ны өдөр миний ээлжийн ажлын өдөр байсан. Даргадаа ажилдаа очиж чадахгүй талаар хэлээгүй...”, гэрч Б.Мөнгөнчимэг “ Э.Хыг 9 дүгээр сарын 28-ны өдөр очиж үзээд, хоолой нь өвдөж, халуурч байсан тул өвчин намдаах тариа хийж, арга хэмжээ авсан. Маргааш нь над дээр ирээд, би найзуудтайгаа хөдөө яваад цасан буугаар тоглож байгаад хатгаа авсан байхад “та” яагаад хатгаа аваагүй гээд байгаа юм бэ? гэж хэлсэн. Тэгэхэд нь би, чамд хатгаа туссан шинж тэмдэг байхгүй. Хоолой чинь өвдсөн гэж хэлсэн. Дараа нь гуйгаад байхаар нь “өвчтэй байсан” гэсэн актыг бичиж өгсөн. Үүнээс болоод худлаа акт бичсэн гээд 3 сарын цалин хасах арга хэмжээ авагдсан. 26-27-ны өдөрт үзүүлээгүй, 28-нд үзүүлсэн нь үнэн”, гэрч Ч.Нямсүрэн “ Э.Х миний хүү. 26-ны өдөр өвдөхөд нь би гэртээ байгаагүй. Их халуурч байна гээд ярихаар нь эмчид үзүүл гэж хэлсэн. Тэр өдөр ажлын газраас нь над руу утасдаж, ажилдаа ирээгүй гэж хэлсэн” гэх тайлбарыг өгсөн бөгөөд дээрх үйл баримтууд 2017 оны 3 дугаар улирлын “Эмчийн үзлэгийн журнал”, “Хичээлийн бүртгэл”, “ Ирцийн бүртгэл”, УБТЗ ТЭ-ийн даргын 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 39/936 дугаартай Албан бичиг, УБТЗ-ын УБӨ-ний даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 26/316 дугаартай Албан бичиг, 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 159 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулсан тухай” тушаал, УБТЗ-ын Ө-ний даргын тушаал, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаартай “Хурлын тэмдэглэл”, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж зааснаар нэхэмжлэгч 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн ээлжийн ажилдаа өвчтэй байсны улмаас ирээгүй, давтан сахилгын зөрчил гаргасан талаараа хариуцагчийн эсрэг няцаалт хийж үгүйсгэж чадаагүй, нэхэмжлэгч дээрх зөрчлийг гаргасан нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 240 дугаартай тушаалыг үндэслэлтэй гэж үзлээ.

 

        “Хөдөлмөрийн гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.1,4.2, МОХНН УБТЗУГ-ын ”Хөдөлмөрийн дотоод журам”-ын 9 дүгээр зүйл,  6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсгүүдэд заасны дагуу эдгээр зөрчилд хөдөлмөрийн сахилга хариуцлага хүлээлгэхээр тусган,  хяналт шалгалт явуулаад, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 “сануулах”, 131.1.2 “үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах”, 131.1.3 “ажлаас халах”-аар зааснаар сахилгын шийтгэлийг нэхэмжлэгчид оногдуулахдаа шат дараалсан арга хэмжээг авсан нь тогтоогдож байна.

 

          Иймээс ажил олгогчийн санаачлагаар ажлаас буруу халсан гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй учраас ажилд эргүүлэн тогтоох боломжгүй байна.

 

           Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй.

 

           Нэхэмжлэгч ажлаас халсан 240 дугаартай тушаалаа 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан ба хариуцагч хэнд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь тодорхойгүй үндэслэлээр 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгч дахин 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргасан гэж үзээд, хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.

 

           Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд хуулийн дагуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв  эргэлзээгүй баримтууд гэж шүүх дүгнэв.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

 

           115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

       1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Х-ын нэхэмжлэлтэй, хариуцагч МОХНН УБТЗ, УБТЗ УБӨ-нд холбогдуулан ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 1.740.000 төгрөг гаргуулан, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

           2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

           3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй

 

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.АРИУНАА