Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2017/ШЦТ/342

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Ц.Ариунтуяа /томилолтоор/,

өсвөр насны хохирогч Х.Б”, хууль ёсны төлөөлөгч Т.Г”,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа,

шүүгдэгч Б.Х” нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Б.Х”г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201726010886 дугаар хэргийг 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...оны .... дүгээр сарын ...-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ., эхнэр, охины хамт Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, Алтан овоогийн .... дүгээр гудамж, 12 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б-ийн Х /РД:/.

Яллагдагч Б.Х” нь 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоо 1-12 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн охин 16 нас 1 сар 4 хоногтой Х.Б”г зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Х” шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэв.

Өсвөр насны хохирогч Х.Б” шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу би мэдүүлэг өгөхгүй. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэв.

Өсвөр насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Г” шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэлэх зүйл байхгүй” гэв.

 

Эрүүгийн 201726010687 дугаар хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Өсвөр насны хохирогч Х.Б”гийн: “Би 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдрийн орой 21 цагийн үед манай хашаанд цуг байдаг эгч Г”ийн гэрт нь байж байсан чинь аав Х” гаднаас архи уучихсан халамцуу орж ирээд “С” хоолоо хийсэн үү” гэж манай ахаас асуусан. Тэгээд сууж байгаад намайг “Б” чи гэртээ орж галаа түлэхгүй юм уу” гэж хэлсэн. Би юм дуугараагүй. Аав намайг ээжтэй утсаар яриулсан. Ээж надтай утсаар яриад “ээж нь очиж байгаад галаа түлье, миний охин наанаа байж бай” гэж хэлсэн. Тэгээд би аавд утсыг нь өгөөд “ээж ирээд галаа түлнэ гэнээ” гэж хэлсэн чинь “чи түлчихэд яагаад байгаа юм бэ” гээд намайг буйдан дээр сууж байсан чинь миний баруун нүд рүү гуталтай хөлөөрөө өшиглөөд намайг татаад газар унагааж дээрээс хөлөөрөө дэвсэж өшиглөж зодсон. Энэ үед нь миний ухаан санаа балартсан байсан болохоор зарим зүйлийг мэдэхгүй байна. Энэ үед аав Х” “би чамайг мэдээд байгаа шүү” гээд загнаад байсан. Ээжийн дүү С” ах салгаад нөгөө өрөөнд оруулж орон дээр суулгасан. Тухайн үед аав орилоод “намайг ална шүү” гээд байсан. Энэ үед манай эмээ аавыг “чи яаж байгаа юм бэ, хүүхэд ийм болгочихдог нь” гээд аавтай хэрэлдээд байсан. Тэгээд над руу дахиж гараа зангидаж ирээд “би чамайг ална шүү, чамайг яаж орж ирдгийг чинь мэднэ шүү” гэж байсан. Тэр үед ээж рүү яриад “наад нэг юмныхаа хөлийг үзүүлээрэй” гээд байсан. Эмээд “Б” та хоёроос болж миний амьдрал ийм болсон” гээд байсан. Ээжийн дүүгийн хүүхэд З” /00 настай/ уйлаад ээжийн утас руу залгаж “Б” анайг Х” ах зодоод аймаар болгочихлоо” гэж хэлсэн. Ээж ирж байхдаа цагдаа дуудаад, эхлээд цагдаа, дараа нь ээж ирсэн. ...Архи уухаараа ээжийн ах дүү нарт агсам тавьдаг. Гэхдээ энэ болгоныг өөрсдөд нь хэлэхгүй байж надад хэлээд байдаг. Ээжийг ч бас элдвээр хэлдэг. Өмнө нь архи уусан үедээ болон эрүүл үедээ ч зодож байсан. Би ээжийг гэртээ байхгүй үед ер нь бол гэртээ ордоггүй. Учир нь аав гэртээ байхдаа байнга архи ууж, тамхи татаж намайг загнаж, заналхийлээд байдаг болохоор би хамт байхыг хүсдэггүй. Өмнө нь намайг зодож байсан. Намайг аав Х”г зодож байсныг ээждээ хэлж байсан. Намайг ямар шалтгаанаар юунаас болж зодоод байдгийг би мэдэхгүй. ...Намайг том болсон үе буюу 14 наснаас хойш тэр болгон зодохоо больсон ч элдэв үгээр хэлж, доромжилдог байсан. /нулимс нь гарч уйлав/. Үйл хөдлөл, үг яриагаараа байнга намайг дарамталдаг. Одоо хамгийн сүүлд буюу 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр зодуулснаас хойш их аймхай болсон, аавыгаа харахаар айдас төрж, жигших сэтгэл төрдөг болсон. Би аавд гомдолтой байгаа ч би ааваасаа тусдаа баймаар байна. Би гомдолгүй гэж хэлэхээр надад хэцүү байна. Гомдолтой гэж хэлчихээр бас хэцүү байна. Би ааваасаа тусдаа байх юм бол ямар нэгэн гомдол байхгүй. Би энэ хүнтэй дахиж нэг гэрт амьдармааргүй байна. Эмчилгээний зардал 160000 төгрөгийг нэхэмжилж байна...

...Тухайн өдөр манай аав Х” намайг буйдан дээр сууж байхад миний нүүр рүү нэг удаа гуталтай хөлөөрөө өшиглөсөн. Дахиж нүүр рүү өшиглөсөн үгүйг мэдэхгүй байна. Сайн санахгүй байна. Дараа нь намайг буйдан дээрээс татаж газар унагаагаад миний дээрээс дэвссэн. Тэгээд байж байтал С” ах намайг ааваас салгаж нөгөө өрөөнд оруулсан. Хөлөөрөө нүүр рүү, нуруу руу өшиглөсөн. Одоо сайн харилцаатай биш байгаа. Өмнө нь ч гэсэн аавтайгаа хөндий харилцаатай байдаг байсан. Аав надаас уучлалт гуйгаагүй. Гэхдээ тухайн хэрэг болсон өдрөөс хойш надтай ширүүн харьцаж агсам согтуу тавиагүй. Тэгэхээр би одоо гомдолгүй болсон. Энэ хэргийг хурдан хаалгамаар байна” гэх мэдүүлэг /хх-16-18, 29/,

Гэрч Б.Ч”ын: “...Б.Х” бол манай охин Г”тэй гэр бүл болоод 17 жил болж байгаа нөхөр нь юм. Манай хүргэн Х” хүнд хар буруу санадаггүй, цайлган цагаан хүн, бага зэргийн түргэн ууртай. Ар гэртээ агсам согтуу тавьж байгаагүй. Хааяа архи дарс уудаг. ...Би тэр өдөр Г”ийн гэрт хүүхдийг нь хараад сууж байхад надтай хамт Б”, манай охины нялх хүүхдүүд болон манай хүү С” нар хамт байсан. Тэгтэл гаднаас Х” орж ирээд бид нартай ойр зуурын юм ярьж байгаад Б”г “чи гэртээ орж галаа түлэхгүй юм уу?” гэсэн чинь Б” Х”д “ээж ирээд галлана гэсэн” гэж хэлсэн чинь “чи галлачихвал яасан юм?” гэж хэлээд нүүр рүү нь алгадсан. Тэр үед Б” буйдангийн үзүүр дээр сууж байснаа намайг нэг харахад газар суучихсан араас нь Х” нэг удаа өшиглөж байгаа харагдсан. Тэгээд Х” гараад явчихаар нь би Б”г цаад өрөө рүү оруулаад “чи босчихвол болоо шдээ юугаа хийгээд суугаад байдаг юм” гэж хэлсэн. ...гэнэтхэн Б” уйлаад явчихаар нь гайхаад хартал Б” уйлчихсан нүд нь хөхрөөд хавдсан байсан. Тэрийг нь яг юугаар яаж цохисныг нь би хараагүй. Нүүрээ дараад уйлаад буйдан дээр сууж байхад нь Х” Б”г “чи юундаа уйлаад байгаа юм” гээд нуруу руу нь өшиглөөд газар унахаар нь дахиж нэг нуруу руу нь өшиглөөд гараад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-34-36/,

Гэрч Т.Г”ын: “Намайг бага байхад Гансүх гэж нэрлэчихсэн байж байгаад аав миний төрсний гэрчилгээг авахдаа Г” гээд андуураад хэлчихсэн гэсэн. Тэгээд миний иргэний үнэмлэх бичиг баримтан дээр Г” гэж яваад манай гэрийнхэн намайг С” гэж дууддаг. ...Тэр өдөр манай ээж Ч”, дүүгийн хоёр жоохон хүүхэд, охин Б” бид нар хамт байсан. Би галын өрөөнд хоол хийх гээд байж байтал гэнэтхэн нөгөө өрөөнд хүн орилох чимээ гарахаар нь гайхаад хүүхэд унагаачихсан юм болов уу гээд очтол Б” буйдангийн хажууд газар уйлаад доошоо суучихсан хажууд нь Х” ах зогсож байсан. Тэгээд Х” ах Б”г өшиглөх гэж байхад нь би Х” ахыг “боль боль, та гэртээ ороод байж бай, би араас чинь хоол аягалаад оръё” гэж хэлээд гэрээсээ гаргасан, тэрээр халамцуу байсан. Миний нүдэн дээр зодож цохиж байгаагүй. Б” нүд нь хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-38/,

Шүүгдэгч Б.Х”гийн сэжигтнээр өгсөн: “Би 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдрийн 17 цагийн үед гэрээсээ гараад Б”ын гэрт очсон. Охин Б”г “гэрээ цэвэрлэж, галаа түлээрэй” гэж хэлчихээд гараад явсан. Б”ын гэрт 0,5 литрийн “Хараа” нэртэй архи хувааж уусан. Орой 20 цагийн үед гэртээ ирсэн чинь охин галаа түлээгүй, гэрээ цэвэрлээгүй, Г”ийн гэрт сууж байсан. Тэгээд би гэрт нь ороод Б”г “чи яагаад гэр орноо цэвэрлээгүй юм бэ” гээд загнаад хацар руу нь 2-3 удаа алгадаж, нуруу руу 1-2 удаа өшиглөсөн, өөрөөр зодож цохиогүй. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд намайг аваад явсан. Үүнээс өөр зүйл болоогүй. Би бага зэргийн согтолттой байсан. Өөрийн үйлдлээ санаж байсан. ...Тухайн үед Б”гийн нүүр хавдаж, нүд хөхөрсөн байсан. Өөр ямар нэгэн гэмтэл учраагүй. Би тухайн үед толгойн тус газар нь өшиглөөгүй. Өмнө нь хааяа нэг гар хүрч зодож байсан. ...Би архи уусан үед гэр орондоо агсам согтуу тавьж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-21-22/,

Б.Х”гийн яллагдагчаар өгсөн: “...Би тэр асуудлын дараа охин Б”гаас уучлалт гуйж эвлэрсэн. Одоо охин Б”, эхнэр Г” бид нар эвтэй, хамт амьдарч байгаа. Б”гийн толгой руу өшиглөөгүй, нүүр рүү нь 2 удаа алгадсан. Нуруу хэсэг рүү нь өшиглөсөн. Б”г эмнэлэгт үзүүлж эм тариа авсан мөнгийг манай эхнэр Г” өөрөөсөө гаргасан болохоор би эхнэртээ дээрх мөнгийг нь буцаан өгч хохирлыг нь барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-40-41, 56/,

Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.04.24-ний өдрийн 5330 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Х.Б”гийн биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, эрүүнд зулгаралт, цус хуралт, зүүн бугалга, шуунд зулгаралт, тархи доргилт тогтоогдлоо. 2.3 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. ...журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-12/,

өргөдөл /хх-5/, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-46/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-48/, насанд хүрээгүй хохирогч Х.Б”гийн нас тоолсон баримт /хх-49/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

Прокуророос шүүгдэгч Б.Х”г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн” гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Хуулийн тухайн зүйлд заасан гэмт хэргийн гол шинж нь “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг “байнга” зодсон болон бусад үйлдлээр үйлдэгдсэн байхыг шаарддаг. Гэвч шүүгдэгч Б.Х”гийн охин Х.Б”г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлд “байнга” гэх гэмт хэргийн шинж тогтоогдохгүй ба бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь нэг удаагийн удаан хугацаагаар үргэлжилсэн гэх шинжгүй, харин хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй байна.  

Шүүгдэгч Б.Х” согтуурсан үедээ 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овооны 1 дүгээр гудамж, 12 тоотод байх гэртээ төрсөн охин 16 нас 1 сар 4 хоногтой Х.Б”г зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан өсвөр насны хохирогч Х.Б”гийн мэдүүлэг, гэрч Б.Ч”, Т.Г” нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, өсвөр насны хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар зэргээр хангалттай нотлогдон тогтоогдлоо.  

Иймд шүүгдэгч Б.Х”г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзэв.  

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж өгнө үү” гэж дүгнэлт гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд хорих ялаас чөлөөлөх, хорих ялыг хуульд зааснаар тодорхой хэмжээнд хөнгөрүүлж буюу багасгаж шийдвэрлэхээр заасан байх ба шүүгдэгч Б.Х”гийн үйлдсэн гэмт хэрэгт хорих ял оногдуулахаар хуульд заагаагүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна.    

Түүнчлэн өсвөр насны хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт “шүүгдэгч удаа дараа зодож байсан” гэх асуудал дурдагдсан боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй төдийгүй нотлогдоогүй бөгөөд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэлээ.  

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг  дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас өсвөр насны хохирогч Х.Б”гийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан ба хохирогчийн эмчилгээний зардалд нэхэмжилсэн 160000 төгрөгийг шүүгдэгч Б.Х” сайн дураараа төлж барагдуулсан гэх ба талууд энэ талаар маргаагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Х” урьдчилан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон                                              

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Б.Х”г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.  

2. Шүүгдэгч Б овогт Б- Х”г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х”г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Х”г шүүхээс оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Х” торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Х” урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Х”д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

             

              

ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР