| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/04246/И |
| Дугаар | 102/ШШ2018/00497 |
| Огноо | 2018-02-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2018/00497
2018 оны 02 сарын 12 өдөр Дугаар 102/ШШ2018/00497 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ч.З-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.А-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.З шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 онд Г.Ү гэх хүнтэй 10 сарын хугацаатай 10.000.000 төгрөг зээлүүлсэн. Г.Ү нь 5 дахь сараас зээлийн төлөлт хийгээгүй. Намайг зээлээ яагаад төлөхгүй байгаа юм бэ гэж уулзахад Г.Үйлдстөгөлдөр би 10.000.000 төгрөгийг Г.Атай хамт зээлсэн. 10.000.000 төгрөгийн 50 хувийг Г.А хувааж төлөх ёстой гэж хэлсэн. Намайг Г.Атай уулзахад мөнгө авсан нь үнэн, төлбөрийн хувааж төлнө гэж хэлсэн. Би Д.Н гэх хүнээс мөнгө зээлж, Г.Үийг гуйхаар нь талыг нь зээлүүлсэн байсан. Би 2015 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр Д.Н, Г.А нарыг уулзуулж, 8.000.000 төгрөгийн гэрээ байгуулсан. Тухайн үед Д.Н, Г.А нар зээлийн гэрээг зөвшөөрч байгуулсан. Гэвч энэ гэрээний дагуу Г.А нь Д.Нт төлбөрөө төлөөгүй. Би эдгээр хүмүүсийг төлбөрийг цалингийн зээл авч хүүгийн хамт бүгдийг нь төлж барагдуулсан. Одоо надад бусдад төлөх төлбөр байхгүй. Би 2016 онд Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд өгснөөр эдгээр хүмүүс надад 2.000.000 төгрөг цувуулж өгсөн. 2016 оны 12 дугаар сард Г.Аад холбогдуулан Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг Д.Нтой байгуулсан гэрээг цуцлаагүй учраас шүүхээс татан авсан. 2017 оны 01 дүгээр сард Д.Нтой гэрээний үүрэг дуусгавар болгосон тухай хэлцэл байгуулсан. Мөн Г.Атай 5.000.000 төгрөгийн гэрээ байгуулахдаа 1.000.000 төгрөгийг хасаж, сарын 150.000 төгрөгөөр 3 жилийн хугацаатай төлөхөөр хүүгүй гэрээ байгуулсан. Гэвч Г.А 3 удаа төлбөр төлөхдөө дандаа хугацаа хэтрэлттэй төлбөр төлдөг байсан. Сүүлдээ Г.Аын утас холбогдохгүй, би түүний хаа байгаа газраас нь хүнээр дамжуулж олж, 2018 оны 01 дүгээр сард Чингэлтэй дүүргийн шүүхэд өгч, Цагдаагаар эрэн сурвалжлуулж олж авсан. Г.А төлбөр барагдуулах гэрээгээр 570.000 төгрөг төлсөн. Одоо би түүнээс 4.500.000 төгрөг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Г.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Г.А Г.Ү найзаасаа 2014 оны 3 дугаар сард 5.000.000 төгрөг авсан. Манай найз хүнээс зээлсэн хоёулаа хувааж авъя гэж хэлсэн. Тухайн үед би Сандэй плазад 2 лангуу түрээслэн ажиллуулж байсан. Барааны эргэлтэд хэрэглэхээр авсан. Тэгээд тэр үед маш өндөр 10 хувийн хүүг 4 сар өгч 2.000.000 төгрөг Г.Үт өгсөн. Дараа нь өгөх боломж багасч лангуугаа түрээслэхээ больсон. Тэгээд би 5.000.000 төгрөг авсан юм чинь 3.000.000 төгрөгийг хуваагаад өгч дуусгая гэсэн. Манай найз цаад хүн нь дарамтлаад байна. Олон сарын өндөр хүүг нэхсэн, надад цаашдаа өндөр хүү төлөх боломжгүй байсан учир хэдэн сар орхисон. Иймд яахаа мэдэхгүй сандарч найзтайгаа Ч.Зтой уулзсан. Өөрөө мөнгө зээлсэн хүнтэйгээ уулзуулж бид хоёрыг дарамтлан, танихгүй огт харж байгаагүй 100 төгрөг ч аваагүй хүнтэй 8.000.000 төгрөгийн зохиомол гэрээ давхар хийлгэж тулган дарамт үзүүлсэн. 2015 оны 1 дүгээр сарын 28-нд шинэ 8.000.000 төгрөгийн гэрээний хувийг хүнээр хийлгэж тухайн үед бид хоёр ажилгүй байсан учраас тэр танихгүй хүнд мөнгө өгч чадаагүй. Хуулийн зөвлөгөө авсан. Тэгээд шүүхээр шийдвэрлүүлсэн нь дээр гэдэг зөвлөгөө аваад Ч.Зийг шүүхэд өгөхийг хүлээсэн. Тэгээд удалгүй Ч.З гэрийн хаягаар ирж эхнэртэйгээ хамт уулзахыг санал болгосон. Ч.Зийн эхнэр удаа дараа уулзаж бид хоёрыг доромжлон, дарамталж олон нийтийн газар хүнээр гар гэрээ хийлгэж өгдөг газар нь өгнө, болохгүй бол шоронд чинь өгнө гээд сар бүр мөнгө өгөхөөр болсон. Тэгээд би 2015 онд ажилд орж 9 сараас эхлэн сард боломжоороо 2.000.000 төгрөгийг өгч эхэлсэн. Заримдаа боломжгүй болонгуут утсаар ээж рүү минь залгаж дарамталдаг байсан. Би ээжтэйгээ байр хөлсөлж амьдардаг, боломжгүй болоод шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэх гээд орхисон боловч Ч.Зийн эхнэр миний зургийг барин амьдардаг байр, ажил, таньдаг хүмүүсээс луйварчин, худалч, хулгайч нэрийдлээр намайг хууль бусаар эрэн сурвалжилж эхэлсэн. Би энэ хүмүүст гомдолтой байна. Монгол улсын албан ёсны хаягаар зүй ёсоор эхлээд асуудлаа шийдэхгүй фэйсбүүк болон гадуур миний зургийг барьж нэр хүндэд минь халдсан. Тухайн үед үерхэж байсан найз залуу руу маань ч дарамт үзүүлэн бид хоёрыг салгасан. Би анхнаасаа найзынхаа гар дээрээс мөнгө авсан, ямар ч хүн мэхлэх санаагүй. 2016 онд би Бөмбөгөр худалдааны төвд ажилд орсон. Тэгээд байж байтал 3 цагдаа ирээд намайг баривчлан авч явсан. Хан-Уул дүүргийн шүүхээр асуудлаа шийдвэрлүүлсэн. Ч.З нь ямар ч гэрээгүй байж намайг шүүхэд өгсөн, танихгүй хүнтэй гэрээ хийлгэсэн гэж буруудаад шийдвэрлэсэн. Шүүхийн дараа намайг бас дарамталсан. Танай үеэл манай баз чи надад мөнгө төлөхгүй бол үеэлийг чинь манай хадмууд айхтар хүмүүс шүү, дарамтлан гэр бүлгүй болгоно гэж хэлсэн. Дарамтлаад дахин 5.000.000-н гэрээ хийлгэсэн. Манай ээжийн дүү Должинсүрэнгийн хүү Оргил Ч.Зийн эхнэрийн дүүтэй суусныг би тэр өдөр мэдсэн. Тэгээд ээж бид 2 аргагүйн эрхэнд гэрээ хийсэн. Тэгээд 2016 онд төлж эхэлсэн боломжоороо. 2016 оны 7 сард миний бие өвдөж ажил хийх боломжгүй болсон. Хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа учраас асуудлыг шийдвэрлэж өгнө үү. Би энэ хүмүүст нийт 4.470.000 төгрөг өгөөд байгаа. Тийм учраас одоо би энэ хүмүүст 530.000 төгрөг төлөөд энэ асуудлыг шийдвэрлэж дуусгамаар байна. Ч.Зийн нэхэмжлэлийг миний бие бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.З нь хариуцагч Г.Аад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4.430.000 төгрөг, шүүхийн зардалд 70.000 төгрөг, нийт 4.500.000 төгрөг гаргуулахаар шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Дараах үйл баримт тогтоогдлоо.
Нэхэмжлэгч Ч.З нь Г.Үтэй 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 10.000.000 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл хугацаатай, нэг сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцож, зээлийн гэрээ байгуулж, гэрээ байгуулсан өдрөө 10.000.000 төгрөгийг Г.Үт бэлнээр хүлээлгэн өгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлжээ.
Хариуцагч Г.А нь Г.Үийн нэхэмжлэгчээс зээлсэн 10.000.000 төгрөгийн 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь зохигчдын тайлбар, 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр зохигчдын хооронд байгуулсан төлбөр барагдуулах тухай гэрээгээр тогтоогдож байна.
Улмаар хариуцагч Г.А нь Г.Үөөс авсан 5.000.000 төгрөгт ногдох зээлийн хүүг нэхэмжлэгч Ч.Зт төлж байсан нь талуудын тайлбараар нотлогдож байна. Зохигчид 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулснаар Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэглэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заасны дагуу хариуцагч Г.А нь нэхэмжлэгч Ч.З, Г.Ү нарын 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан 10.000.000 төгрөгийн зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч болсон байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Г.Ааас 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 10.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй байх ба зохигчдын тайлбараар нэхэмжлэгч нь Г.Ү болон Г.А нараас хэсэгчлэн шаардсан болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй адил хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасан “эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн өгсөн”-өөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцох ба нэхэмжлэгч нь Г.Үт 10.000.000 төгрөгийг хүлээлгэн өгч, уг мөнгөнөөс хариуцагч Г.А нь 5.000.000 төгрөгийг хүлээн авснаар зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэлээ.
Дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч Г.А нь хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон боловч 570.000 төгрөгийг төлж, бусад төлбөрийг хугацаандаа төлөөгүй үүргийн зөрчил үүсгэжээ.
Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 4.430.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг эрэн сурвалжлуулах зорилгоор 70.000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн гэж уг төлбөрийг хариуцагчаас шаардаж байна.
Улсын тэмдэгтийн хураамж нь шүүхийн зардал бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гарган хандахдаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлд заасан үүрэг зөрчснөөс үүсэх хариуцлагад хэрхэн хамаарч байгаа нь тодорхойгүй байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан хохиролд тооцогдох үндэслэл гэж дүгнэж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ааас улсын тэмдэгтийн хураамжид 85.830 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтыг баримтлан хариуцагч Г.Ааас зээлийн гэрээний үүрэгт 4.430.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Зт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хохиролд 70.000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ааас улсын тэмдэгтийн хураамжид 85.830 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Зт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ