Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/193

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0168/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Г.Уянга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.М,

Шүүгдэгч Я.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Э мэргэн овогт Я-ын Б-д холбогдох эрүүгийн 2218000450161 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Э мэргэн овогт Я-ын Б /РД: ..../, 19.... оны .... дугаар сарын....-ны өдөр Дархан-Уул аймгийн .... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, ..... боловсролтой, ...... мэргэжилтэй, “.....” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл ..., .... ... хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, .... сум, ..... дугаар баг .... байрны .... тоотод бүртгэлтэй боловч одоогоор Дархан-Уул аймгийн .... сумын ..... дугаар баг .... байр .... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Я.Б нь 20.... оны .... дугаар сарын ......-ний өдрөөс 20.... оны .... дүгээр сарын .....-ны өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн ..... сумын ..... дугаар баг ..... байрны .... тоотод ашиг олох зорилгоор "....." аппликэйшн ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж, өөрийн эзэмшлийн Хаан банкны ..... дугаарын харилцах дансаар тоглогч нарын мөнгийг шилжүүлэн авч нийт ..... төгрөгийн ашиг олсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Я.Б-гийн өгсөн: “...Мөрдөн байцаах шатанд мэдүүлгээ өгсөн. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг

Мөрдөн байцаалтад:

20... оны .... дугаар сарын .....-ны өдрийн “...дансны хуулга бичигдсэн 1 ширхэг СД”-г эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 17 дахь тал/,

Гэрч С.Н-ын өгсөн: “...би нөхөртэйгээ хамт амьдраад 8 жил болж байгаа. Гэхдээ одоог хүртэл гэрлэлтээ батлуулаагүй. Зан байдлын хувьд зөөлөн сэтгэлтэй, найзархаг тус ч, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Тамхи татдаггүй. Манай нөхөр амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй мөн өөрөө барилгын компанитай болохоор ажил аваад зун ихэвчлэн хөдөө ажил хийгээд явж байдаг тэр болгон хамт байгаад байдаггүй. Урьд нь миний мэдэхээр хэрэгт орж байгаагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

Гэрч Б.М-ийн өгсөн: "...би одоо сар өдрийг нь санахгүй байна. Миний санаж байгаагаар 20.... оны ... дугаар сарын сүүлээр фэйсбүүкээр покер 2 гар утасны аппликэйшн ашиглан эхлээд 150,000 төгрөгийг Я.Б гэсэн данс руу шилжүүлж тоглоод дууссан. Мөн тухайн өдрөө дахин 180,000 төгрөгийг дээрх хүний данс руу шилжүүлээд дахин тоглож дууссан. Хаан банкны Я.Б гэсэн ..... тоот дансруу өөрийн ..... тоот данснаас 2 удаагийн үйлдлээр 20.... оны ... дугаар сарын сүүлээр нийт 330,000 төгрөг шилжүүлсэн. Би ашиг гэж олоогүй. Мөн олон удаа тоглоогүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/

Гэрч Э.М-ы өгсөн: "...фэйсбүүк дээр А нэртэй цахим тоглоомын зар байсан. Тухайн зар дээр яаж татах талаар танилцуулгатай тусгай нэвтрэх код байсан. Би тэгээд утасныхаа Play store-оос покер2 аппликэйшн татаж тухайн А нэртэй клуб руу орж кодоор нь нэвтэрч орж тоглосон. 20.. оны .... дугаар сарын сүүлээр байсан байх өдрийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан цалин буусны дараа байсан юм. Өөрийн эзэмшлийн Хаан банкны ..... дугаар дансаар нэг удаагийн цэнэглэлт нь 100,000 төгрөгөөр цэнэглэж тоглосон бөгөөд нийтдээ 5-6 удаа цэнэглэсэн байх. Тухайн үед уг сайтан дээр эхлэж тоглохдоо 80,000 төгрөгөөр цэнэглээд 100,000 төгрөгийн ширээнд сууж болно гэсэн байсан. Яг ямар данс руу мөнгөө шилжүүлснээ санахгүй байна. 1 өдөр л тоглосон. Тухайн үед цалин буусан байсан бөгөөд өөрийн мөнгөөрөө тоглож цалингаа алдсан. Би ашиг олоогүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/

Гэрч Т.Т-ын өгсөн: "...Өөрийн эзэмшлийн хаан банкны ..... дугаарын дансаар нэг удаагийн цэнэглэлт нь 100,000 төгрөгөөр цэнэглэж тоглосон бөгөөд нийтдээ 10 гаруй удаа цэнэглэсэн байх. Нарийн сайн санахгүй байна. Нэг өдөр л тоглосон. Ашиг олоогүй харин алдагдалтай тоглосон. Нийтдээ нэг сая гаран төгрөгийн алдагдал хүлээсэн..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/

20.... оны .... дугаар сарын ....-ний өдрийн Капитал зууч ХХК-ийн шинжээчийн "...IPhone-6 маркийн 32 GB багтаамжтай гар утас 150,000 төгрөг" гэх дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

20... оны .... дүгээр сарын ....-ний өдрийн “.....” ХХК-ийн "...Я.Б-гийн эзэмшлийн Хаан банкны ..... дугаартай дансанд 755 удаагийн гүйлгээгээр нийт ..... төгрөгийн орлого орж ирсэн. Я.Б-гийн эзэмшлийн Хаан банкны ..... дугаартай данснаас 165 гүйлгээгээр нийт .... төгрөгийн зарлага гарсан.  Хонжворт тоглоомоос нийт ..... төгрөгийн ашиг олсон байна." гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэрргийн 38-126 дахь тал/

 

Шүүгдэгч Я.Б-гийн яллагдагчаар өгсөн: “...би урьд өмнө нь сүүлийн 2 жил орчим цахимаар покер тоглож маш их мөнгө алдсан. Ингэж алдсанаас болоод би өөрөө покер тоглуулж болох юм байна гэж бодоод шинээр фэйсбүүкт “....” гэсэн нэртэй хаяг нээж фэйсбүүкийн олон группт нэгдэж зар тавьж тоглуулах болсон. Ингэхдээ гар утасны Покер апп2 нэртэй аппликэйшн ашиглаж тоглуулах болсон. Энэ аппликэйшнд тоглуулахдаа гадаад сайтад хандаж цахим зоос худалдаж аваад түүгээрээ өрөө үүсгэж тоглуулах эрх үүсдэг. Ингээд тоглуулах болсон юм. Мөн дээрээс нь Хаан банкны эзэмшлийн миний ..... тоот дансыг цагдаагийн байгууллагаас хаасан байсан. Хүмүүс тоглохдоо миний данс руу шилжүүлж, мөнгө хожсон бол би буцааж шилжүүлж өгдөг байсан. Би ойролцоогоор 20 гаруй хоног тоглуулаад больсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 138-139 дэх тал/, Нийслэлийн прокурорын газрын 20.... оны.... дүгээр сарын ....-ны өдрийн ..... дугаартай “Я.Б-гийн эзэмшлийн Хаан банкны ..... дугаартай дансны хөдөлгөөнийг хаах тухай” прокурорын зөвшөөрөл /хавтаст хэргийн 141 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: “...шүүгдэгч Я.Б нь мэдээлэлийн технологи ашиглан ашиг олох зорилгоор Pokerrrr2 аппликэйшн ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж, тоглодог покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж, өөрийн эзэмшлийн Хаан банкны ..... дугаарын харилцах дансаар тоглогч нарын мөнгийг шилжүүлэн авч нийт ..... төгрөгийн ашиг олсон гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон. Шалтгаан нөхцөл нь амар хялбараар мөнгө олох зорилготой байсан байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна гэв.

Шүүгдэгч Я.Б болон шүүгдэгчийн өмгөөлөгч нь гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Я.Б нь 20.... оны .... дугаар сарын .....-ний өдрөөс 20.... оны .... дүгээр сарын ....-ны өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн ..... сумын .... дугаар баг .... байрны .... тоотод ашиг олох зорилгоор мэдээлэлийн технологи болох "....." аппликэйшн ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж ..... төгрөгийн ашиг олсон гэх үйл баримт тогтоогдож байна.

Дээрх тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч Я.Б-гийн 20.... оны ..... дугаар сарын .....-ний өдрөөс 20.... оны .... дүгээр сарын .....-ны өдрийг хүртэл "...." аппликэйшн ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж ашиг олж байгаа үйлдэл нь мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Я.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.     

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.  

Шүүгдэгч Я.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 163 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

Шүүгдэгчид оногдуулах ял эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Я.Б-д 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагийн зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн ам бүлийн байдал, хувийн байдал, орлого олох боломж нөхцөл зэргийг харгалзан түүнд оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж заасан ба гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэдэгт гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгодог.

Шүүгдэгч Я.Б нь IPhone-6 маркийн гар утас ашиглан гэмт хэрэг үйлдсэн, дээрх гэмт хэргийг үйлдэж ..... төгрөгийн ашиг олсон гэх нөхцөл байдал тогтоогдож байх тул түүнээс IPhone-6 маркийн гар утасны үнэ ..... төгрөг, гэмт хэргийг үйлдэж олсон хөрөнгө орлого .... төгрөг, нийт ..... төгрөг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Я.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, Я.Б-гийн эзэмшлийн ..... тоот дансан дахь мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э мэргэн овогт Я-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Я.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б-аас ..... төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Си Ди-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Я.Б-гийн эзэмшлийн ..... тоот дансан дахь мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Б-ийн урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Я.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ИХТАМИР