| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/03924/И |
| Дугаар | 102/ШШ2018/00406 |
| Огноо | 2018-02-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2018/00406
2018 оны 02 сарын 05 өдөр Дугаар 102/ШШ2018/00406 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ч.О-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.О-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 26.400.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.О нь анх надаас 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 800.000 төгрөгийг зээлж авсан бөгөөд дараа нь түүний хүсэлтээр 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэмж 7.200.000 төгрөгийг зээлдүүлж, нийт 8.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр бид харилцан тохиролцсон. Гэтэл Ц.О нь зээлсэн мөнгөө тохиролцсон хугацаандаа төлөөгүй учир бид 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн нотариат дээр очиж 2016 оны 12 дугаар сарын 20.-ны өдөр хүртэл хугацаагаар гэрээг шинэчлэн байгуулсан. Энэхүү гэрээний дагуу Ц.О нь үндсэн зээл болох 8 000.000 төгрөг болон 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаагаар сарын 5 хувийн хүүг зээлдэгчид төлөхөөр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан. Зээлийн мөнгийг буцаан төлөхийг Ц.Огаас удаа дараа шаардахад өнөө маргаашгүй төлнө гэдэг боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байгаа бөгөөд бүр сүүлдээ надтай утсаар холбогдохоо больсон. Иймд хариуцагч Ц.Огаас үндсэн зээл 8.000.000 төгрөг, хүү 9.600.000 төгрөг, мөн гэрээний 2.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувиар 330 хоногийн алдангид 8.800.000 төгрөг, нийт 26.400.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2015 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүртэл зээлийн хүүнд 2.800.000 төгрөгийг төлсөн. Энэхүү төлбөрийг зээлийн хүүгээс хасахад татгалзахгүй. Үүнтэй холбогдуулан алдангийн хэмжээг багасгахад татгалзахгүй гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зохигчид Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаар 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээний хугацааг, хүүг тохиролцож гэрээ байгуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ юм. Анх зээлийн гэрээ байгуулахдаа бичгээр байгуулаагүй байсан хэдий ч хожим хүлээн зөвшөөрч бичгээр байгуулсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар сүүлд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр болох тул нэхэмжлэгч нь 24 сарын хүү шаардах эрхтэй. Нэхэмжлэгчийн тайлбарласнаар 7 сарын хүүг хасах боломжтой гэж үзэж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар анзын гэрээг бичгээр байгуулсан тул алданги тооцох эрхтэй. Мөн зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр шаардаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.О нь хариуцагч Ц.Од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8.000.000 төгрөг, зээлийн хүү 9.600.000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн 330 хоногийн алданги 8.800.000 төгрөг, нийт 26.400.000 төгрөг гаргуулахаар шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч бичгээр хариу тайлбар гаргаагүй байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Зохигчид 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 24 сарын хугацаатай, сарын 5.0 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор, 8.000.000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулжээ. Дээрх зээлийн гэрээг мөнгө зээлдүүлснээс хойш 23 сарын дараа байгуулсан болох нь зээлийн гэрээ, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
Зохигчдын байгуулсан гэрээ нь хуулийн шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж, Иргэний хуулийн зээлийн гэрээний зохицуулалт үйлчлэхээр байна гэж дүгнэв.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй адил хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ. Түүнчлэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “анзын гэрээг бичгээр хийнэ” гэж заасны дагуу зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнд хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги тооцохоор харилцан тохиролцжээ.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг харилцан хүлээж, нэхэмжлэгч Ч.О нь гэрээ байгуулагдахаас 23 сарын өмнө буюу 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 800.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 7.200.000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь төгрөгийн 5019164065 тоот харилцах данснаас хариуцагчийн Хаан банк дахь 5680034823 тоот харилцах дансанд шилжүүлж, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зээлдүүлсэн 8.000.000 төгрөгийг гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дуусахад зээлдэгч Ц.О нь буцаан төлсөн байх үүрэгтэй байсан боловч хариуцагч нь үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс зээлийн гэрээний харилцаа үүсэхдээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан шаардлагыг хангаагүй байсан хэдий ч хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр байгуулсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх тул хүү авах эрхтэй гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэсэн зохицуулалт нь гэрээг бичгээр байгуулаагүй бол хүчин төгөлдөр бус байна гэсэн агуулга биш, харин хүү авах эрхгүй гэсэн агуулгатай юм. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хожим хүлээн зөвшөөрсөн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь заалт үйлчилнэ гэсэн тайлбар үндэслэлгүй байна.
Анхнаасаа зээлийн гэрээний харилцаа үүсэхдээ хүүний талаар тохиролцоогүй байх тул нэхэмжлэгч нь 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зээлдүүлсэн 8.000.000 төгрөгт гэрээ байгуулах хүртэл хугацааны хүү авах эрхгүй байна.
Харин дээрх гэрээний дагуу 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл буюу 1 сарын хүү буюу 8.000.000 төгрөгийн 5 хувь болох 400.000 төгрөгийг шаардах эрхтэй гэж шүүх дүгнэлээ.
Зохигчид Иргэний хууль болон зээлийн гэрээнд заасны дагуу алдангийн талаар тохирсон тул нэхэмжлэгч нь алданги тооцон шаардах эрхтэй байх ба нэхэмжлэгч нь гэрээний дагуу үндсэн зээл 8.000.000 төгрөг, зээлийн хүү 9.600.000 төгрөг, нийт 17.600.000 төгрөгөөс хэтэрсэн хугацааны алданги тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрэхгүй байх шаардлагад нийцүүлэн 8.800.000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэж тайлбарлав.
Хугацаа хэтэрсэн хоног нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 330 хоног хэтрүүлсэн байх бөгөөд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар нэг хоногийн алдангийн хэмжээг тогтооход 8.400.000 х 0.5 % = 42.000 төгрөг, хэтрүүлсэн хугацаагаар тооцоход 13.860.000 төгрөг болохоор байх ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 2342.4-т заасан анзын хэмжээ 50 хувиас хэтрэхгүй хуулийн шаардлагад нийцүүлбэл 4.200.000 төгрөгийг шаардах эрхтэй байна.
Иймд хариуцагч Ц.Огаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8.000.000 төгрөг, зээлийн хүүнд 400.000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алдангид 4.200.000 төгрөг, нийт 12.600.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.О олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13.800.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 216.550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан хариуцагч Ц.Огаас 12.600.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13.800.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Огаас улсын тэмдэгтийн хураамжид 216.550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.От олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ