| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2021/0085/э |
| Дугаар | 2021/ШЦТ/85 |
| Огноо | 2021-05-31 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Ц.Баатарсүрэн |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 2021/ШЦТ/85
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашдэмбэрэл,
Улсын яллагч Ц.Баатарсүрэн,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Б.Батсайхан,
Иргэний нэхэмжлэгч *******,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Илдэн бэйс овгийн *******ид холбогдох 2126000470095 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ял шийтгэлгүй, Илдэн бэйс овгийн ******* /*******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Илдэн бэйс овгийн ******* нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн 8 дугаар гудамжны баруун үзүүрт 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 10 цагийн орчим *******ийн эзэмшлийн Даюун DY-150 загварын улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодон яваад *******ын жолоодон явсан UB moto-150 маркийн мотоциклтой мөргөлдсөний улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2020 оны 02 дугаар сарын 20-ны өглөө 08 цагийн үед гэрээсээ хөдөө явах гээд гарсан. Ээжийн гадаа машинаа янзлах гээд очсон чинь янзлахад нь хэрэгтэй төмөр байгаагүй. Тэгээд айлаас төмөр авах гээд явсан. Айлаас төмөр аваад өгсөж байх замд юу юугүй мотоцикль урдуур ороод ирсэн. Урдуур нь тойроод гаръя гэж бодсон боловч болоогүй. Тэгэхээр нь хойгуур нь тойрох гэж байгаад мөргөлдсөн. 9 цаг өнгөрч байхад хэргийн газар дээр хоёроос гурван цаг ухаангүй байсан. Хаашаа явах гээд яах гээд байгаа нь мэдэгдэхгүй айлаар хэсүүчлээд мотоцикль дээрээ очсон. Нэг мэдсэн чинь эмнэлэг дээр байсан. Орой нь гэртээ хоол идээд сууж байхад эхнэр юу болсон бэ гэхээр нь эхнэртээ юу болсон талаар тайлбарлаж хэлсэн. Миний буруу хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Насанд хүрээгүй хохирогчид 500.000 төгрөг хохиролд төлсөн. Баримтаар хохирол нэхэмжилвэл төлнө. Цаашид эмчилгээ хийлгэвэл хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна” гэв.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Насанд хүрээгүй хохирогч ******* 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн төв эмнэлэг дээр бөөрний бяцралт, цус алдалттай гэж эмнэлэгт хүргэгдсэн. Бөөр нь бяцарсан байна яаралтай хагалгаанд орно гээд гэмтлийн тасаг дээр хагалгаанд орсон. Бөөрний хагалгаанд орохдоо доошоо цус алдаад бөөгнөрсөн цусыг нь соруулж авсан. Хүүхэд маань цаашид сав болон давсгандаа уйланхайтай байгаа тул эргээд эмнэлэгт үзүүлэх шаардлагатай гэж эмч хэлсэн. Хохирол төлбөрийн хувьд шүүгдэгч ******* нь 500.000 төгрөгийг хагалгаанд ороход нь өгсөн. Тухайн мөнгө нь эмчилгээний зардал болон эм тарианд нь ороод илүү төлбөр мөнгө гарсан. Илүү гарсан төлбөрийн баримтыг нь авч чадаагүй. Эмнэлгээс ийм тариа хийж байгаа тэдэн төгрөг өгөөрэй, ийм лаа хийж байгаа, шээс болон өтгөн нь гарахгүй байгаа тул ийм гуурс тавьж байгаа мөнгө төгрөгийг нь өгөөрэй гэсэн болохоос надад өгсөн баримт байхгүй. Би хүүхдээ том болоод бөөрний дутагдалтайгаасаа болоод үсэрч харайж чадахгүй байх гэж айж байна. Шөнө хүртэл шээсээ барьж чадахгүй орондоо шээдэг болсон. Би хүүхдээ үзүүлж эмчилгээ хийлгэнэ. Хэрэгт хавсаргасан 263.000 төгрөгний баримт өмнө нь авсан 500.000 төгрөгөнд багтсан байгаа. Шүүгдэгч *******оос 1.500.000 төгрөг нэхэмжилсэнээс 500.000 төгрөгийг авсан. Одоо 1.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Баримт бол байхгүй. Цаашид эмчилгээ хийлгэх зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэв.
Иргэний нэхэмжлэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би хөдөө мал руугаа бас ажил хийх гээд мотоцикльтойгоо явдаг учир унаагүй болчихоод байна. Би мотоциклийнхоо эвдрэлд учирсан 185000 төгрөгийг *******оос гаргуулж авмаар байна гэв.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 02 дугаар сарын 20-ны өглөө 09 цагийн үед санагдаж байна. Манай хадмын үхсэн байсан ямааг өглөө нь манай нөхөр ******* хөдөө гаргаж хаях гээд мотоцикл дээрээ ачаад явах гэтэл манай том хүү ******* хамт явна гээд дагаад байсан. Манай нөхөр хүү *******ыг сундлаад явсан. Тэгээд манай нөхөр, хүү 2 гэртээ удалгүй хүрээд ирсэн. Манай нөхөр хэлэхдээ бид хоёрыг гудамжны үзүүрт явж байтал хажуу талаас нэг мотоцикл орж ирээд бид хоёрыг мөргөж унагаагаад, мөргөсөн мотоциклийн жолооч манай хүүг босч ирээд сэгсэрсэн гэсэн. Тэгээд нөхөр хүү хоёрыг ирсэн даруй би түргэн дуудсан. Тухайн үед манай хүү *******ын царай хөхөрчихсөн хойшоо гэдийж уйлаад тонгойж чадахгүй байсан. Тэгээд эмнэлэг дээр очоод үзүүлтэл дотуур цус алдалттай бөөр бяцарсан гэж хэлж байсан. Манай хүү ******* 02 дугаар сарын сүүлчээр хагалгаанд орсон. Эмнэлгээс гарсны дараа Эход харуулсан чинь бөөрөн дотроо жаахан уйланхайтай байна гэсэн. Одоогоор биеийн байдал нь гайгүй байгаа. Шөнө орон дотроо шээгээд, шээсээ барьж чадахгүй байгаа. Манай хүүхдэд урьд өмнө нь ямар нэгэн хуучин өвчин байгаагүй. *******ын эмчилгээнд 500.000 орчим мөнгө зарцуулагдсан. Эмч цаашдаа эмчилгээ хийлгэх хэрэгтэй гэж хэлсэн. ******* бидэнд 500.000 төгрөг өгсөн. Цаашдаа хүүхдийн эмчилгээнд мөнгө төгрөг хэрэгтэй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* нь манай эхнэр Бямбадуламын төрсөн дүү байгаа юм. *******ийн 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр зам тээврийн осол гаргахдаа унаж явсан “Dayun” маркийн тээврийн хэрэгсэл миний тээврийн хэрэгсэл байгаа юм. Тухайн өдөр ******* айлд очиж юм авч ирье гээд унаад явсан юм. 2020 оны 06 дугаар сард би уг мотоциклийг ******* гэх залуугаас 300.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би тухайн мотоциклийг өөрийн нэр дээр шилжүүлээгүй байгаа. ******* гэх хүн гаалийн бичгийг нь алга болгочихсон гээд гэрчилгээгээ шилжүүлж чадаагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2015 онд би уг мотоциклийг Мягмардорж гэх хүнээс 600,000 мянган төгрөгөөр худалдаж авч байсан юм. Мягмардорж бид хоёрын хооронд ямар нэгэн өр авлагын асуудал байхгүй. Би 600,000 мянган төгрөгөө бүрэн төлж дуусгасан. Би тухайн мотоциклыг өөрийн нэр дээр шилжүүлээгүй бичиг баримт байхгүй. Би мотоциклынхоо эвдрэл гэмтлийн зардлыг нөхөн төлүүлмээр байна. Надад өөр нэмж ярьж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 хуудас/,
Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Улаан өнгийн “UB-Moto“ гэх мотоциклийг *******т 600.000 төгрөгөнд өгч байсан санагдаж байна. Тухайн үедээ мөнгөө, бэлнээр аваагүй хувааж л авсан. Одоо бараг зараад 5 жил гаран болж байна өр авлага байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 126 дугаартай шинжээчийн:
1. Үзүүлэгч *******ын биед зүүн бөөрний эдийн няцрал, дэлүүнд цусан хураа, цээжний дээд, доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь авто ослын үед мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 69-71 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Батсайханы гаргасан 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаартай “...Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1 дэх хэсэгт заасан “Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан саадгүй зорчих”,
2. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино,
3. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.
4. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг жолоочийн үүрэг 3.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөлтэй байх.
5, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг 3.4-т Жолооч дараах үүргийг хүлээнэ: в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх
6. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар бүлгийн
II. Зохицуулдаггүй уулзвар нэвтрэх
15.8. Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан байна.
Улсын дугааргүй Даюун маркийн мотоциклыг жолоодож явсан ******* нь улсын дугааргүй UB Moto маркийн мотоциклыг жолоодож явсан Д.Жанцаноровт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.8-д заасны дагуу зам тавьж өгөөгүйгээс зам тээврийн осол гарч *******ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна.
Улсын дугааргүй UB Moto маркийн мотоцикпыг жолоодож явсан ******* нь
1. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримттай байна: a/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй)
2. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ:
в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтыг зөрчсөн зөрчил гаргасан байх ба зөрчлүүд Монгол Улсын Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжтэй үйлдэл байна.
7. Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов.” гэсэн мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 96-97 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Монгол санхүү бүртгэл” ХХК-ний 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 02/30 дугаартай улсын дугааргүй “Даюун DY-150" маркийн мотоциклийн зах зээлийн үнэлгээнд учирсан нийт зардлын дүн 295.000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 75-76 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Монгол санхүү бүртгэл” ХХК-ний 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 02/31 дугаартай улсын дугааргүй “UB moto-150" маркийн мотоциклийн зах зээлийн үнэлгээнд учирсан шууд бус зардал 100000 төгрөг нийт зардлын дүн 185.000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 84-85 хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4, 5-11 хуудас/,
2021 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоцикль, улсын дугааргүй UB moto маркийн мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-17 хуудас/,
Мөрдөгчийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Эд мөрийн баримт хураан авах тухай” санал, Өвөрхангай аймгийн прокурорын 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл”, мөрдөгчийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол /хх-ийн 128-130 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2126000470095 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 93-94 хуудас/,
Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-121/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-104/, 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, Өвөрхангай аймаг дахь политехникийн коллежийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 103 хуудас/ зэрэг болно.
Улсын яллагч “...Шүүгдэгч *******ийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 29 ширхэг бүхий 260.233 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Үүнээс шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй хохирогчийн эмчилгээний зардалд 500.000 төгрөгийг өгсөн. Иргэний нэхэмжлэгч ******* нь мотоциклийн эвдрэлийн мөнгө болох 295.000 төгрөгийг нэхэмжлэхгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Иргэний нэхэмжлэгч ******* нь UB мото улсын дугааргүй тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээ болох 185.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Дээрх зардлуудыг шүүгдэгчээс гаргуулах. Мөн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн баримтаар нэхэмжилсэн 263.233 төгрөгийг шүүгдэгч нь сайн дураараа төлсөн байгаа. Насанд хүрээгүй хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Батсайхан нь “...Шүүгдэгч *******ийн хувьд болгоомжгүй хэлбэрээр дөрвөн настай *******ын биед тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас *******ын биед хүнд гэмтэл учирсан. Бөөрөнд томоохон хэмжээний язрал, бяцрал гэмтэл үүссэний улмаас цус хуралт үүссэн. Одоогийн байдлаар насанд хүрээгүй хохирогч *******ын биеийн байдал дунд зэрэг байгаа. Цаашид бөөрний болон давсгийн үрэвсэл, шээсний замыг нь хамгаалах эмчилгээнүүдийг хийлгэх шаардлагатай байгаа. Насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэнд нь хуучин шигээ цовоо сэргэлэн биш болсон. Ээж нь хүртэл сая ярихдаа орондоо шээдэг болсон гээд ярьж байна. Хохирол төлбөрийн хувьд 1.500.000 төгрөгийн хохирол төлбөр гарсан. Үүнээс 500.000 төгрөгийг нь насанд хүрээгүй хохирогчийг эмнэлэгт хэвтэж байх хугацаанд төлсөн. Хавтас хэрэгт хавсаргасан байгаа 263.233 төгрөгийн баримт нь шүүгдэгчээс авсан 500.000 төгрөгт орж байгаа. Цаашид 1.000.000 төгрөгийг нэхэмжилнэ гэж байгаа. Хавтаст хэрэгт 30 ширхэг баримтанд ор хоногийн төлбөр төлсөн тухай баримт байхгүй байгаа. Энэ баримт яасан юм бэ гэж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс асуусан. Тэгэхэд тухайн үед эмнэлэгт мөнгийг өгөөд баримтыг авч чадаагүй гэх мэтчилэн, эмнэлэг дотор байхдаа төлбөртэй эм эмийн хэрэгсэл болон үйлчилгээ хийлгэсэн боловч баримтыг авч чадаагүй. Шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй хохирогчийн биед болгоомжгүйгээр хүнд хохирол учруулсан. 1.500.000 төгрөг нэхэмжилснээс 500.000 төгрөгийг нь төлсөн. Гэм хорын хувьд насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндийн байдал нь ямархуу байгаа талаар сая хэллээ. Шүүх хохирлыг тооцохдоо дээрх байдлыг харж үзэж тооцож өгнө үү гэсэн саналтай байна. Цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нь тогтоолдоо дурдаж өгнө үү.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн нь “...Миний үйлчлүүлэгч энэ гэмт хэрэгт гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байгаа. Улсын яллагч дүгнэлтэндээ шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт гэм буруутай байна гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Улсын яллагч нь насанд хүрээгүй хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү гэсэн дүгнэлтийг мөн адил хүлээн зөвшөөрч байна. Миний үйлчлүүлэгч нь цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө гэж байгаа. Насанд хүрээгүй хохирогчийн эмчилгээний зардлыг Нийгмийн эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцаж байгаа. Саяын нэмэгдэл зардлууд нь гаднаас нэмж хэрэглэх шаардлагатай зүйлүүдийн зардал байгаа гэж бодож байна. Хүний үр хүүхэд гэмтсэн байхад юу л сайн гэнэ тэр болгон луу явж байсан байх гэж ойлгож байна. Тийм учраас 263.233 төгрөгийг эм хэрэгслийн баримтыг хүлээн зөвшөөрч байна. Хохирлын хувьд 500.000 төгрөгийг төлсөн, одоо 1.000.000 төгрөг дутуу байгаа гэж байна. Аливаа нэхэмжлэл нь тодорхой баримтуудаар явагддаг. Бүх төрлийн үйлчилгээ НӨАТ-ын баримттай байдаг учраас баримтаар нотлогдсон эмчилгээний зардлыг нь төлсөн. Иргэний нэхэмжлэгчид төлөх ёстой 185.000 төгрөг дээр эмчилгээний зардлыг нэмээд 445.000 төгрөгийг насанд хүрээгүй хохирогчийн ар гэрт нь төлөх ёстой. Энэ зардлыг төлөгдсөн байна гэж ойлгож байна. 1.000.000 төгрөгийн хувьд цаашид гарах зардал гэж тооцож байгаа байх, Цаашид гарах эмчилгээний зардлыг баримтыг нь үндэслээд төлөхөө илэрхийлж байна. Тийм учраас хохирол төлөгдсөн байна гэж үзэж байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч *******ид холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Гэмт хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч *******, иргэний нэхэмжлэгч ******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан болох нь 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “амьсгал дахь спиртийн агууламж нь 0.00 промиль” гэсэн тэмдэглэл, Цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн системийн жолоочийн лавлагааны хуудас, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, цагдаагийн ахмад Э.Батцэрэнгийн рапорт /хх-ийн 12-13 хуудас/,
Шүүгдэгч ******* нь В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй болох нь №1072625 дугаартай жолоочийн үнэмлэх зэргээр тус тус тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн 8 дугаар гудамжны баруун үзүүрт 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 10 цагийн орчим *******ийн эзэмшлийн Даюун DY-150 загварын улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодон яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, *******ын жолоодон явсан UB moto-150 маркийн мотоциклтой мөргөлдсөний улмаас насанд хүрээгүй хохирогч *******ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь автотээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас, насанд хүрээгүй хохирогч *******ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:
Шүүгдэгч *******ийн”... Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Насанд хүрээгүй хохирогчид 500.000 төгрөг хохиролд төлсөн. Цаашид эмчилгээ хийлгэвэл хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн “...******* 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн төв эмнэлэг дээр бөөрний бяцралт, цус алдалттай гэж эмнэлэгт хүргэгдсэн. Бөөр нь бяцарсан байна яаралтай хагалгаанд орно гээд гэмтлийн тасаг дээр хагалгаанд орсон. Бөөрний хагалгаанд орохдоо доошоо цус алдаад бөөгнөрсөн цусыг нь соруулж авсан. Хүүхэд маань цаашид сав болон давсгандаа уйланхайтай байгаа тул эргээд эмнэлэгт үзүүлэх шаардлагатай гэж эмч хэлсэн” гэсэн мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч *******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Би мотоциклийнхоо эвдрэлд учирсан 185000 төгрөгийг *******оос гаргуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг, Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн “...2021 оны 02 дугаар сарын 20-ны өглөө 09 цагийн үед манай нөхөр хүү *******ыг сундлаад явсан. Тэгээд манай нөхөр, хүү 2 гэртээ удалгүй хүрээд ирсэн. Манай нөхөр хэлэхдээ бид хоёрыг гудамжны үзүүрт явж байтал хажуу талаас нэг мотоцикль орж ирээд бид хоёрыг мөргөж унагаагаад, мөргөсөн мотоциклийн жолооч манай хүүг босч ирээд сэгсэрсэн гэсэн. Тэгээд эмнэлэг дээр очоод үзүүлтэл дотуур цус алдалттай бөөр бяцарсан гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 хуудас/, иргэний нэхэмжлэгч *******ийн “...*******ийн 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр зам тээврийн осол гаргахдаа унаж явсан “Dayun” маркийн тээврийн хэрэгсэл миний тээврийн хэрэгсэл байгаа юм. Тухайн өдөр ******* айлд очиж юм авч ирье гээд унаад явсан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 хуудас/, иргэний нэхэмжлэгч *******ын “...2015 онд би уг мотоциклийг Мягмардорж гэх хүнээс 600,000 мянган төгрөгөөр худалдаж авч байсан юм. Би мотоциклынхоо эвдрэл гэмтлийн зардлыг нөхөн төлүүлмээр байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 хуудас/, насанд хүрээгүй хохирогч *******ын биед зүүн бөөрний эдийн няцрал, дэлүүнд цусан хураа, цээжний дээд, доод хэсэгт цус хуралт бүхий хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 126 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 69-71 хуудас/, “..Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан байна. Улсын дугааргүй Даюун маркийн мотоциклыг жолоодож явсан ******* нь улсын дугааргүй UB Moto маркийн мотоциклыг жолоодож явсан Д.Жанцаноровт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.8-д заасны дагуу зам тавьж өгөөгүйгээс зам тээврийн осол гарч *******ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан” болохыг тогтоосон Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Батсайханы гаргасан 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаартай мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 96-97 хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4, 5-11 хуудас/, 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоцикль, улсын дугааргүй UB moto маркийн мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-17 хуудас/, Мөрдөгчийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Эд мөрийн баримт хураан авах тухай” санал, Өвөрхангай аймгийн прокурорын 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл”, мөрдөгчийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол /хх-ийн 128-130 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн 8 дугаар гудамжны баруун үзүүрт 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 10 цагийн орчим *******ийн эзэмшлийн Даюун DY-150 загварын улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодон яваад *******ын жолоодон явсан UB moto-150 маркийн мотоциклтой мөргөлдсөний улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас иргэний нэхэмжлэгч *******ийн улсын дугааргүй “Даюун DY-150” маркийн мотоциклийн эвдрэлд 295.000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч *******ын улсын дугааргүй “UB moto-150” маркийн мотоциклийн эвдрэлд 185.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Монгол санхүү бүртгэл” ХХК-ны 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 02/30 дугаартай“Даюун DY-150" маркийн мотоциклийн зах зээлийн үнэлгээнд учирсан нийт зардлын дүн 295000 төгрөг.” 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 02/31 дугаартай улсын дугааргүй “UB moto-150" маркийн мотоциклийн зах зээлийн үнэлгээнд учирсан шууд бус зардал 100000 төгрөг нийт зардлын дүн 185000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 84-85 хуудас/ зэргээр тогтоогдож байна.
Иргэний нэхэмжлэгч ******* нь мотоциклийн эвдрэлд учирсан хохирол 295.000 төгрөгийг нэхэмжлэхгүй талаар мэдүүлсэн. Иргэний нэхэмжлэгч ******* мотоциклийн эвдрэлд учирсан хохиролд 185.000 төгрөгийг нэхэмжилсэнийг шүүгдэгч ******* нь гэм хохирол нөхөн төлөхөөр завсарлага авч завсарлага авсан хугацаанд иргэний нэхэмжлэгч *******т 185.000 төгрөгийг төлсөн болно.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь гэм хорын хохиролд 1.500.000 төгрөг нэхэмжилсэнээс шүүгдэгч ******* нь 500.000 төгрөг төлсөн. Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, үлдэх 1.000.000 төгрөгийн нэхэмжлэл нь баримтгүй байх тул шүүх тус 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ. Мөн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь насанд хүрээгүй хохирогчийн цаашид эмчилгээ хийлгэх зардлыг нэхэмжлэнэ гэсэн болно.
Иймд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ болон насанд хүрээгүй хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж байна.
Улсын яллагч Ц.Баатарсүрэн шүүх хуралдаанд “...Шүүгдэгч *******ийн үйлдсэн Монгол Улсын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч *******ын биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид ялыг эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураан авсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх саналтай байна. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж дүгнэлтээ дуусгаж байна” гэсэн дүгнэлтийг,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Батсайхан шүүх хуралдаанд “...Улсын яллагчийн яллах дүгнэлтэнд дурдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ******* нь гэм буруутай гэж үзэж байгаа. Иргэний нэхэмжлэгчид 185.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч болон насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 500.000 төгрөгийн хохирлыг төлсөн. Ял болон эрүүгийн хариуцлагын талаар насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс ямар нэгэн санал хэлэхгүй” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүх хуралдаанд “...Миний үйлчлүүлэгч насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө гэдгээ илэрхийлж байгаа гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 6.7 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэргийг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ял оногдуулахгүйгээр тэнсэж болно гэсэн хуулийн заалттай байгаа учраас дээрх зүйл ангийг хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Хохирогчид хохирлоо төлсөн. Гэхдээ 100 хувь төлсөн, дахин төлөхгүй гэж байгаа юм биш, цаашид гарах эмчилгээний зардлыг хариуцна гэж шүүгдэгч хэлж байгаа. Мөн иргэний нэхэмжлэгчийн хохирлыг төлсөн байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй хохирогч *******ын цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.
Шүүгдэгч ******* нь хөнгөн ангилалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирлоо нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******ид оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолж, тэнссэн хугацаанд, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг шүүгдэгчид мэдэгдэж,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй дурдаж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч *******ийн эзэмшлийн № 1072625 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.4, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1,5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Илдэн бэйс овгийн *******ийг автотээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /жил / 6 /зургаан/ сарын хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******ид тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Чулуундоржид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсан үеэс тоолсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1. 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч *******ийн тэнссэн хугацаанд, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь 1.500.000 төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч ******* нь 500.000 төгрөг төлсөн, үлдэх 1.000.000 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтгүй тул хэлэлцэхгүй орхиж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ болон насанд хүрээгүй хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч *******т 185.000 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч *******, ******* нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Г. Чулуундоржийн эзэмшлийн № 1072625 дугаартай жолоочийн үнэмлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.