| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/02027/И |
| Дугаар | 102/ШШ2018/00336 |
| Огноо | 2018-01-29 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2018/00336
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ч.Т-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “ЭК” ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 114.388.600 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э гэрч Ч.Б, Л.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 7 дугаар сарын 18-нд “ЭК” ХХК-ийн ерөнхий инженер Л.Х манай компани дээр ирээд танай бүтээгдэхүүнийг харлаа, худалдан авах сонирхолтой байна. Гэхдээ байгаа үнээсээ доошлуулах боломж байна ууг гэхэд нь бид 10 хувь хямдруулсан. Тэгэхэд дахиад 5 хувь хямдруулах боломж байна уу. Би өөрийн биеэр ирж байна гэж хэлэхэд дахин 5 хувь хямдраад гэрээгээ байгуулаад ажилдаа оръё. Дараа дараагийн ажлууд хүлээж байна гэж ярилцаад гэрээ байгуулсан. Манай компанийн зүгээс ажлаа хийж эхлэхдээ заавал гэрээ байгуулах ёстой байдаг учраас тамга тэмдэгээ аваад Монголын үндэсний их сургууль дээр очиход Монголын үндэсний их сургуулийн нарийн бичгийн даргатай гэрээ байгуулсан. Тэгээд гэрээт ажлын хугацаа тулчихсан байсан учраас манай агуулахын барааг бүтээгдэхүүн дээр график гаргасан. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт А блокийн ажлыг хэдэн хоногт дуусгах талаар гэх мэт хугацааг тогтоосон байсан. Тэгээд ажилдаа орсон юм. 7 дугаар сарын 25-нд ажилдаа ороогүй байсан. Учир нь барилгын дотоод засал чимэглэлийн асуудал байсан юм. Тийм учраас бид нар ажилдаа хугацаа хоцорч орсон. 8 дугаар сарын 05, 06-нд бид нарын ажил эхэлсэн. 9 дүгээр сарын 01-нээс өмнө дуусах ёстой гэж бид нарын шахаж байсан. Бид нар ч энэ хугацаанд дуусгах гэж маш их ажилласан. Маш их хүч гаргаж, нэмэлт зардлууд гаргаж хийсэн юм. Гэрээний нийт дүн бол 149.947.000 төгрөгийн үнэтэй байсан. Энэ гэрээний үнийн дүнд бараа материал болон суурилуулалтын ажлын хөлс багтсан. Урьдчилгаа 30.000.000 төгрөгийг гэрээ батлагдсанаас хойш 3 хоногийн дотор шилжүүлэх ёстой байсан ч шилжүүлээгүй байсаар 8 дугаар сарын 24-нд шилжүүлсэн байдаг. Энэ ямар шалтгааны улмаас шилжүүлсэн бэ гэвэл бид нар ажлаа зогсооно гэж айлгаж байж урьдчилгаа төлбөрөө авсан. Тэгээд бид нар 9 дүгээр сар дотроо ажлаа хийж дуусгасан. Түүнээс хойш тухайн үеийн Монголын үндэсний их сургуулийн няравт тухайн бараа материалыг хүлээлгэж өгсөн. Манай талаас хариуцаж байсан хүн гэрчээр асуулгасан байгаа. Тэгээд гэрээний дагуу ажлаа хүлээлгэж өгөх шатанд орсон. Ажлаа хүлээлгэж өгсөн өдөр нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр акт үйлдээд тухайн үед талбай дээр ажиллаж байсан н.Б, н.Мөнхцэцэг нартай хамт явж дутуу үлдээсэн ажлаа тооцож бид нарт хугацаа өгсний үндсэн дээр үлдэгдэл ажлаа дуусгаад бид 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ажлаа хүлээлгэж өгч, актаа үйлдсэн. Нийт нийлүүлсэн бараа материалын үнэ 122.643.600 төгрөг, буцаалтад 907.200 төгрөг, урьдчилгаа 30.000.000 төгрөгийг хасаж тооцоод үлдэгдэл 91.736.400 төгрөг, суурилуулалтын ажлын хөлс 21.560.000 төгрөг нэхэмжилж буй нийт үнийн дүнг бодохоор 114.388.600 төгрөгийг нэхэмжилж байна гэв. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулсан гэрээ нь бүтээгдэхүүн худалдан авах суурилуулах гэрээ байгуулсан. Иргэн Ч.Т нь Францын GERFLOR-ийн бүтээгдэхүүнийг албан ёсоор борлуулдаг этгээд юм. Үүний дагуу “ЭК” ХХК нь Монголын үндэсний их сургуулийн оюутны байранд хулдаас худалдан авч суурилуулах ажиллагааг хамт хийе гэж гэрээ байгуулсан. Энэ гэрээ бол худалдах, худалдан авах гэрээний дагуу талууд тохиролцож гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу худалдан авагч нь ямар нэгэн хөрөнгийн доголдолгүй бүтээгдэхүүнийг нийлүүлэх ёстой гэсний дагуу нийлүүлсэн гэж үзэж байгаа. Яагаад тэгэж үзэж байгаа юм бэ гэвэл худалдан авагч талын хийсэн ажил нь чанарын шаардлага хангахгүй гэж үзэж байгаа ч ажил гүйцэтгэх гэрээ гэж тусад нь салгаж авах боломжгүйгээр бүтээгдэхүүнийг худалдаж аваад талбай дээр суурилуулах ажлыг Ч.Т хийж гүйцэтгэнэ гэсний дагуу хийж гүйцэтгэсэн. Хийж гүйцэтгэсэн ажлыг “ЭК” ХХК гэрээ байгуулсан боловч хүлээн авах ажлыг Монголын үндэсний их сургуулийн оюутны байранд ажиллаж байсан. Сургуулийн дотуур байрны багш н.Б, туслах нягтлан н.Мөнхцэцэг, н.М нартай ерөнхий инженер Л.Хын хэлсний дагуу хүлээн авсан акт үйлдсэн. Энэ актыг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр үйлдсэн. Нотлох баримт шинжлэн судлах явцад ажлыг 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээж авсан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч андуурч хэлээд байх шиг байна. Үүнд бол гэрээний дагуу ажил гүйцэтгэх хугацаа 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 8 дугаар сарын 25-ны өдрийн хооронд байсан гэж хугацаа заасан байдаг. Ажил эхэлсэн хугацаа маань ч өөрөө заасан хугацаандаа эхлээгүй. Үүнийг нь ажил дуусах хугацаа гэж хариуцагч талын тайлбар үндэслэлгүй байна. Ажил хүлээлцсэн актын дагуу 5-10 давхрын ажлыг огт хийгээгүй гэж байна. Энэ актад А блокийн 2-12 давхар, Б блокийн 2-8 давхрыг 2016 оны БНГ гэсэн гэрээний дагуу ажлыг хүлээгээд авсан. Ажил хүлээлцсэний дагуу ямар мөнгө төгрөгийг төлж, ямар материал хүлээж авсан гэдэг нь гэрээний гүйцэтгэл гэдэг баримтанд үйлдсэн. Ч.Б гэрчийн материалаар нотлогдож байгаа. А блокийн 2-12 давхар, Б блокийн 2-8 давхарт нийтдээ 3,920 метр квадрат талбай дээр бүтээгдэхүүн нийлүүлсэн гэдгийг хариуцагч тал хүлээгээд авсан. Үүнийг үгүйсгэсэн баримт байхгүй байгаа. Үүний дагуу ажлын ажлын хөлс гэдэг зүйл дээр сая тодорхойлж ярилаа. 26.265.200 төгрөгийг нэхэмжилж байгаа. Талууд тохирсон байсан. Гагнуур хийх ажил, плентүүс наах ажиллагаа, шал тэгшилгээ зэрэг зардлууд ороод явчихсан. Гэхдээ нэхэмжилж үнийн дүн 114.388.600 төгрөгөөс материалын үнийг хасахаар цаана үлдэж байгаа төгрөг 22.652.200 төгрөг гарч байгаа. Энэ үнийн дүнг хангаж өгөөч гэж шүүхээс хүсэж байна. Хариуцагч талаас гаргаж өгсөн баримт болох “БӨО” ХХК-тай байгуулсан гэрээ байсан. Энэ гэрээг Монголын үндэсний их сургуулийн барилгатай холбоотой гэж хэлэхэд учир дутагдалтай байна. Нэхэмжлэгч өөрөө ч ярьсан. Хэдэн Солонгос хүмүүс орж ирсэн болохоос биш “БӨО” ХХК орж ирээд ажиллаагүй. Хэдэн гагнуурын холбоосыг хийсэн. Дээш, доош нь зөөх ажилд тусалсан. Ийм л ажиллагаа хийгдсэн. Гэрээний дагуу иргэн Ч.Т хийх ёстой ажлаа хийсэн. Энэ ажлыг нь хариуцагч хүлээгээд авчихсан. 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр дууссан. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл жил, 5 сарын хугацаанд гомдол гаргаагүй. Харин худалдан авагчийн хувьд гэрээгээр хүлээсэн бүтээгдэхүүн худалдан авсан төлбөрөө өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаа гэдэг нь баримтаар нотлогдож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв. Хариуцагч ”ЭК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан 114.388.600 төгрөгийн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Нэхэмжлэгч тал манай компанитай 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр бүтээгдэхүүн худалдан авах, суурилуулах гэрээ байгуулсан. Үүний нийт дүн 149.947.000 төгрөгөөр гэрээ байгуулж ажлаа хүлээж авсан. Гэрээг байгуулахад бараа материалын үнэнд ажлын хөлсийг шингээгээд гэрээ байгуулсан. Ингээд бараа материалын тоо хэмжээгээр нь хүлээж аваад нэхэмжлэгчийн яриад байгаа метр квадрат талбайн тоо хэмжээг болон хавтас хэрэгт байгаа материалыг тооцож бодох юм бол 121.489.500 төгрөг болж байгаа. Үүнд материал тус бүрийг 1.040.000 төгрөгөөр авсан гэсэн баримт байдаг. Энэ бүх баримт дээр болохоор хүлээж өгсөн гэсэн гарын үсэг байна. Харин хүлээж авсан хүний гарын үсэг алга байна. Түүнээс урьдчилгаа 30.000.000 төгрөгийг хасаад 91.489.500 төгрөгийн бараа материалын үлдэгдэлтэй байгаа. Нэхэмжлэгч тал суурилуулсан гэж тайлбар хэлээд байна. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн хуурамч ажил хүлээлцсэн актад гарын үсэг зурсан хүмүүс манайд ажилладаггүй. Гэтэл баримт дээр захиалагч “ЭК” ХХК гэсэн байна. Гүйцэтгэгч гэх хэрэгт Ч.Т гэсэн байна. Мөн ажил хүлээлцсэн актын хүрээнд өөр нэг асуудал гарч ирж байна. А блок 2-12 давхар, Б блок 2-8 давхарт 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 25-ны хооронд ажил гүйцэтгэж дууссан гэж байна. Өөрөө нэхэмжлэлээ ярьж байхдаа 9 дүгээр сарын 01-нд ажил дуусгасан гэж байна. Тэгвэл энэ актыг хуурамч бичиг баримт гэж үзэж байна. Хэдэн давхарт хэдэн метр квадрат ажил хийсэн юм. Гэрээ хийсэн гол төлөөлөгч Л.Хын гарын үсэг байхгүй байна. Л.Х бол ерөнхий инженер юм. Энэ актад байгаа гурван гарын үсгийн эзэнг танихгүй. 12 дугаар сарын 05-ны өдөр ажил хүлээлцсэн гэж бичсэн байна. Тэгтэл 8 дугаар сарын 25-нд ажил дууссан гэж бичсэн мөртлөө 8 дугаар сарын 26-нд бараа, материал хүлээлгэж өгсөн гэж байна. 8 дугаар сарын 26-нд бараа, материал хүлээлгэж өгчхөөд 8 дугаар сарын 25-нд ажил дууссан гэж бичсэн нь ойлгомжгүй байна. Үүнд гэрч Ч.Б гүйцэтгэл тооцоонд ороогүй байгаа гэж бичсэн байгаа. Нэхэмжлэгч тал гэрээгээ ингэж байгуулсан мөртлөө одоо бид нараас ажлын хөлс гэж нэхэмжилж байна. А блок, Б блокийн ажлаа гүйцэд дуусгаагүй. 7 дугаар сард гэрээ байгуулсан. Тэгэхэд нэхэмжлэгч тал хулдаасаа нааж чадахгүй байсан. Бид нар “БӨО” ХХК-аар хулдаас наалгасан. Ингээд 9 дүгээр сарын 01-ний өдөр болоход хулдаасаа нааж дуусаагүй. Хичээл эхлэх гэж байдаг. Хүүхдүүд орон нутгаас ирээд дотуур байрандаа орох гэж байдаг. Тэгээд бид дахин гуравдагч компанитай гэрээ байгуулж байж ажлаа дуусгасан. А блокийн 2,3,4,11,12 дугаар давхрыг өөр хүмүүсээр наалгасан. Бусад давхрыг нэхэмжлэгч тал наасан. Б блокийн 2-8 дугаар давхрыг өөр хүмүүсээр наалгасан. Яагаад гэвэл нэхэмжлэгч талын хүчин чадал нь хүрээгүй. Гэрээний нөхцөлд ажил нь 8 дугаар сарын 25-ны өдөр дуусна гэж заасан байдаг. Нэхэмжлэгч тал өөрсдөө гэрээгээ биелүүлээгүй. Энэ талаар нэхэмжлэгч тал өөрөө ч хэлсэн. Тооцоо нийлсэн актад дээр бас бичигдсэн байгаа. Нэхэмжлэгч тал бид нарт ажил хүлээлгэж өгөөгүй. Л.Х инженер тооцоо нийлье гэхэд өөрсдөө алга болсон. Тэгсэн мөртлөө нэг өдөр өөр манайд ажил хийдэггүй гурван хүний гарын үсэгтэй баримтаар манайд ажил хүлээлгэж өгсөн гэж хэлээд мөнгө нэхэмжилж болохгүй. Үлдэгдэл төлбөр дээрээ ажлын хөлсөө нэмж нэхэмжилж байна. Гэрээнд материалын үнэ ажлын хөлсөнд шингэсэн байгаа гэж заасан байхад тооцоо нийлсэн актын дагуу бол суурилуулсан гэж бид нараас дахиж мөнгө нэхэмжилж байна. Нэхэмжлэгч өөрөө ч хэллээ гэрээ ажлын хөлс суурилуулалт дотроо орсон байгаа. Хулдаасны нийт үнэ 149.947.000 төгрөг гэж байна. Манайд 121.489.500 төгрөгийн хулдаас өгсөн. Үүнээс бид 30.000.000 төгрөгийг урьдчилгаанд өгсөн. Мөн нэхэмжлэгч талын хийж чадахгүй ажлыг гуравдагч этгээдээр хийлгүүлсэн. Үүний зардал 17,146,800 төгрөгийг бид өөрөөсөө гаргасан. Гэрээний үүргээ биелүүлээгүй учраас бид нарт хохирол үүссэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. 91.485.500 төгрөгөөс бид нараас гарсан 17.146.800 төгрөгийг хасвал үлдэх төлбөрийг хүлээж авах боломжтой гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Т нь хариуцагч “ЭК” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 114.388.600 төгрөг гаргуулахыг хүсч нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Зохигчид 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр БНГ-2016/017 тоот “Бүтээгдэхүүн худалдан авах, суурилуулах үйлчилгээ авах гэрээ” байгуулж, Gerflor Mipolam 180 загварын хулдаас нийлүүлж, суурилуулахаар тохиролцсон байна. Дээрх гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д хулдаасны нийт үнийг 149.947.000 төгрөг байхаар, төлбөрийн 20 хувийг нь 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор үлдэгдэл төлбөрийг 2016 оны 10 дугаар сарын 15-ны дотор бүрэн төлж дуусахаар тохиролцжээ. Шүүхээс энэхүү гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэж, Иргэний хуулийн худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтыг баримталж шийдвэрлэлээ. Тус нийлүүлсэн хулдаасыг худалдагч тал буюу нэхэмжлэгч Ч.Т нь суурилуулахаар тохиролцсон байх бөгөөд суурилуулах хөлсийг тусад нь тохиролцоогүй бүтээгдэхүүний үнэд багтсан талаар зохигчид маргаагүй болно. Гэрээний дагуу нэхэмжлэгч нь нийт 122.643.600 төгрөгийн хулдаас, туслах материал нийлүүлсэн болох нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн тооцоо нийлсэн баримт, гэрч Ч.Бын “.. би тооцоо нийлүүлж, үлдэгдлийг баталгаажуулсан бөгөөд энэ баримтад зурсан гарын үсэг минийх мөн” гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Үүнээс 907.200 төгрөгийн барааг худалдагч талд буцааж, нэхэмжлэгч нь гэрээний 3.2-т зааснаар 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 30.000.000 төгрөгийн урьдчилгаа төлж, 91.736.400 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй талаар зохигчид маргахгүй байна. Харин зохигчдын маргаан нь гэрээний дагуу нэхэмжлэгч хулдаасыг бүрэн суурилуулж, хүлээлгэн өгөөгүй, тогтоосон хугацаанд суурилуулах ажлыг гүйцэтгээгүй, хариуцагч нь өөр байгууллагаар хулдаасыг суурилуулсан, хулдаасны үнэд суурилуулах хөлс орсон гэж маргалаа. Нэхэмжлэгч нь ажлын хөлс нийтдээ 29.879.600 төгрөг болсон ба анх тохиролцсоны дагуу 5 хувийн хөнгөлөлт үзүүлж, 28.385.620 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэх боловч зохигчид ажлын хөлсийг тусад нь тохиролцоогүй, ажлын хөлс нь хулдаасны үнэд багтсан, нэхэмжлэгч нь ажлын хөлсөө баримтаар нотолж чадахгүй байна. Иймд нэхэмжлэгч нь 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр БНГ-2016/017 тоот “Бүтээгдэхүүн худалдан авах, суурилуулах үйлчилгээ авах гэрээ”-ний дагуу хулдаасны үнээс тусдаа ажлын хөлс шаардах эрхгүй байх тул хариуцагч “ЭК” ХХК-иас худалдах, худалдах авах гэрээний үүрэгт 91.736.400 гаргуулж, нэхэмжлэгч Ч.Тд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 22.652.200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 739.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 616.632 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг баримтлан хариуцагч “ЭК” ХХК-иас худалдах, худалдах авах гэрээний үүрэгт 91.736.400 гаргуулж, нэхэмжлэгч Ч.Тд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 22.652.200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 739.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 616.632 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
|
| |||
| |