Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/98

 

 Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Төмөрбарс,

Улсын яллагч Д.Ганцэцэг,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Арш овгийн *******д холбогдох 2126000110121  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1 улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Арш овгийн *******, регистрийн дугаар:*******,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч “...******* нь 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хооронд цахим орчинд “*******” гэх нэрээр Хаан банкны ******* тоот дансыг ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би энэ тоглоом тоглуулах нь хууль бус гэдгийг мэдээгүй байсан. Фэйсбүүк орж байтал хүмүүс ийм тоглоом тоглуулаад байсан. Тэгэхээр нь би бас хийж болох юм байна гээд сонирхоод хүмүүсийг тоглуулж үзсэн. 4-5 удаа тоглуулсан. Тэгээд хүмүүс хориотой гэхээр нь тоглуулахаа больсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 11 дүгээр сард Фэйсбүүк орсон чинь шагайгаар хурдан морь уралдуулдаг бооцоотой тоглоом явж байсан. Ороод үзсэн чинь явуулж байгаа хүн нь манай сумын ******* байсан. Би тухайн үед Дорноговь аймгийн Хатанбулаг суманд дадлага хийж байсан. 1 морь 5000 төгрөгийн бооцоотой гэж байхаар нь саваагүйтээд нэг тоглосон. Би 1 удаа тоглоод *******йн данс руу 5000 төгрөг шилжүүлсэн. Гүйлгээний утга дээр нь ******* гэж бичсэн. Би нэг удаа тоглоод 5000 төгрөг алдсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,

 

Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай найз ******* 2020 оны сүүлээр өөрийнхөө Фэйсбүүк хаягаар 1 морь 5000 төгрөгийн бооцоотой шагайгаар хурдан морь уралдуулж байсан. Би хоёр удаа тоглож Цэдэн-Оргийн данс руу 2 удаа мөнгө шилжүүлсэн. Би уг тоглоомыг хоёр удаа дарааллан тоглосон. Эхнийх дээр нь түрүүлээд 25.000 төгрөг авсан. Дараагийнх дээр нь хоёрт ороод 10.000 төгрөг авсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/,

 

Яллагдагч *******йн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн гэртээ өөрийн ******* гэсэн фэйсбүүк хаягаар орж лайв хийгээд шагай уралдуулж тоглосон. 1 шагайг 5000 төгрөгөөр үнэлээд 1 удаа тоглуулсан. Түрүүлсэн хүнд нь 20.000 төгрөг, хоёрт орсон хүнд нь 15.000 төгрөг,  гуравт орсон хүнд нь 10.000 төгрөг өгөөд дахиж тоглуулдаг байсан. Надад 1 удаа тоглуулахад 5000 төгрөг үлддэг. Би 2020 оны 11 дүгээр сарын 27, 28, 30, 12 дугаар сарын 22-ны өдөр гээд нийт 5 удаа тоглуулсан. Нийт 555.000 төгрөгийн орлого орж, 505.000 төгрөгийн зарлага гарсан. Надад ашиг гэж нийт 50.000 төгрөг үлдсэн. Тэрнээс хойш болохгүй гэдгийг нь мэдээд дахин тоглуулаагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64 дугаар хуудас/,

 

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 11/8103 тоот албан бичиг, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч *******йн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-8, 9-13,  37, 61 хуудас/,

 

Шүүгдэгч *******йн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Баянгол сумын 3 дугаар багийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 33 дугаартай тодорхойлолт /хх-65/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-67 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч *******йн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-66/ зэрэг болно.

 

Улсын яллагч “Шүүгдэгч ******* нь цахим хуудас ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ******* өөрийгөө өмгөөлж: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******йн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

            Шүүгдэгч ******* нь 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хооронд цахим орчинд “*******” гэх нэрээр Хаан банкны ******* тоот дансыг ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч ******* нь цахим хуудас ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулах  гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Гэрч *******ын “...2020 оны 11 дүгээр сард Фэйсбүүк орсон чинь шагайгаар хурдан морь уралдуулдаг бооцоотой тоглоом явж байсан. Ороод үзсэн чинь явуулж байгаа хүн нь манай сумын Цэдэн-Орги байсан. Би тухайн үед Дорноговь аймгийн Хатанбулаг суманд дадлага хийж байсан. 1 морь 5000 төгрөгийн бооцоотой гэж байхаар нь саваагүйтээд нэг тоглосон. Би 1 удаа тоглоод Цэдэн-Оргийн данс руу 5000 төгрөг шилжүүлсэн. Би нэг удаа тоглоод 5000 төгрөг алдсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/, гэрч *******ын “...Манай найз ******* 2020 оны сүүлээр өөрийнхөө Фэйсбүүк хаягаар 1 морь 5000 төгрөгийн бооцоотой шагайгаар хурдан морь уралдуулж байсан. Би хоёр удаа тоглож Цэдэн-Оргийн данс руу 2 удаа мөнгө шилжүүлсэн. Би уг тоглоомыг хоёр удаа тоглосон. Эхнийх дээр нь түрүүлээд 25000 төгрөг авсан. Дараагийнх дээр нь хоёрт ороод 10000 төгрөг авсан. ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/, яллагдагч *******йн “...Би 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Арвайхээр сумын 11 дүгээр баг 13-07 тоотод байх өөрийн гэртээ өөрийн ******* гэсэн фэйсбүүк хаягаар орж лайв хийгээд шагай уралдуулж тоглосон. 1 шагайг 5000 төгрөгөөр үнэлээд 1 удаа тоглуулсан. Түрүүлсэн хүнд нь 20000 төгрөг, хоёрт орсон хүнд нь 15000 төгрөг,  гуравт орсон хүнд нь 10000 төгрөг өгөөд дахиж тоглуулдаг байсан. Надад 1 удаа тоглуулахад 5000 төгрөг үлддэг. Би 2020 оны 11 дүгээр сарын 27, 28, 30, 12 дугаар сарын 22-ны өдөр гээд нийт 5 удаа тоглуулсан

гэх мэдүүлэг /хх-ийн 64-р хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 11/8103 тоот албан бичиг, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч *******йн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч нарын мэдүүлгүүд, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 11/8103 тоот албан бичиг, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч *******йн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч ******* нь цахим орчинд ашиг олох зорилгоор үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж мөрийтэй тоглоом зохион байгуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв  гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******йг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

Улсын яллагч “Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 600.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ******* нь “...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч *******йн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т  заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

   Шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч *******д мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч ******* нь уг гэмт хэргийг үйлдэж 550.000 төгрөгийн орлого олсон болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүд, шүүгдэгчийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******йн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 550.000 төгрөгийг шүүгдэгч *******йн хувьд ногдох хөрөнгө, орлогоос нь албадан гаргуулж улсын орлогод шилжүүлж,

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5,  36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Арш овгийн *******йг цахим хуудас ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Арш овгийн *******йг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000  /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******йн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 550.000 төгрөгийг шүүгдэгч *******йн хувьд ногдох хөрөнгө, орлогоос нь албадан гаргуулж улсын орлогод шилжүүлсүгэй.

 

                        6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

                        8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.