Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/95

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Төмөрбарс,

Улсын яллагч С.Баярчимэг,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дамба овогт *******д холбогдох 2126000000020  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сум дундын 18 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Дамба овогт  ******* /регистрийн дугаар:*******/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч “...******* нь 2021 оны 01 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө 02 цагийн орчимд *******ын хувийн сууцанд буюу хүн амьдрах зориулалттай байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 1.778.468 төгрөгийн хохирол учруулсан,

 

2020 оны 12 дугаар сарын 23-24-ний өдрийн хооронд *******гийн хувийн сууцанд буюу хүн амьдрах зориулалттай байшин хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 5 ширхэг мөнгөн аяга болон эмэгтэй хүний дээлний 3 ширхэг хуучин мөнгөн товч хулгайлан 1.285.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 18 цагийн орчим эхнэр, хүүхдүүд, хадам ээж нарын хамт хамаатны айл болох Баярсайхан ахынд очоод 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 02 цагийн орчим гэртээ ирээд эхнэр, хүүхдүүд гэрийн гадаа буугаад би машинаа гражид тавьж байтал эхнэр хулгайч гэж орилоод гэрээс гараад ирсэн. Тэгтэл баруун талын хашаан дээгүүр хүн даваад зугтаж байсан. Улаан куртиктэй 165 см орчим өндөртэй туранхайдуу эрэгтэй хүн байсан. Манай гэрээс бэлэн мөнгө болон хөөрөг, манай эхнэрийн хүзүүний монетон гинж, миний мөнгөн очиртой чулуун бугуйвч, хөөрөгний толгой зэрэг эд зүйлс алдагдсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

 

Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 29-06 тоотод байх өөрийн өвлийн сууцандаа өдөр бүр ирж зул өргөдөг юм. 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зул өргөөгүй юм. Тэгээд 25-ны өдөр 18 цагийн үед зул өргөхөөр ирсэн чинь манай байшинд байсан авдар савыг онгичоод эд зүйлийг нь гаргаад орхисон байсан. Тэгэхээр нь Цагдаад дуудлага өгсөн. Манай гэрээс 4 ширхэг мөнгөн аяга, эмэгтэй хүний хуучны мөнгөн дээлийн товч, зэрэг эд зүйлс алдагдсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 88 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг хүнс бараан зах дотор байрлах Хангамж худалдааны төвийн №78 дугаартай лангуунд байрлах миний эзэмшлийн ломбарданд 2 ширхэг хуучин цагийн мөнгөн аягыг 200.000 төгрөгөнд барьцаанд тавьчихаад алга болсон. Барьцаанд тавьсан 200.000 төгрөг болон хүү 46.000 төгрөг буюу нийт 246.000 төгрөгийг *******аас нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 91 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ******* манай ломбарданд 2 ширхэг шинэ цагийн мөнгөн аягыг 130.000 төгрөгөнд тавьсан. Сарын 10 хувийн хүүтэй барьцаанд тавьсан. Барьцаанд тавьсан ломбардны мөнгө болох 130.000 төгрөг, өнөөдрийг хүртэл бодогдсон хүү 30.500 төгрөг нийт 160.500 төгрөгийг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 94 дугаар хуудас/,

 

Гэрч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэрийнхэн 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 18 цагийн орчим хүргэн ах Баярсайханыд очоод шөнө 02 цагийн үед гэртээ ирсэн. Гэрийн гадаа ирээд би 2 хүүхдийн хамт гэртээ ортол том өрөөний цонхоор хүн гарч байхыг хараад гэрээсээ буцаж гараад нөхөр Буянбадрахад хэлсэн. Тэр хүн хашаа даваад зугтаасан. Манай гэрээс бэлэн мөнгө болон манай нөхрийн хөөрөг, мөнгөн очиртой чулуун бугуйвч, миний цүнхэнд байсан монетон гинж, монетон ээмэг, хөөрөгний толгой зэрэг зүйл алдагдсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

 

Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баян-Өндөр сумаас ажил хийхээр 2020 оны 11 дүгээр сард ирсэн. Би өмнө нь 2017 онд хулгайн хэргээр ял шийтгэгдэж байсан юм. Тэр хэрэг дээр барагдуулаагүй хохирол болох 12.000.000 төгрөг үлдсэн байсан юм. Тэр мөнгийг Хархорин сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нэхээд байсан юм. Надад мөнгө байхгүй байсан болохоор тэр мөнгийг олох зорилгоор 2021 оны 01 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө 12 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багт байрлах Хаус хорооллын ойролцоо явж байгаад гэрэл нь унтраалттай, хөшиг нь нээлттэй нэг байшин байхаар нь цонхыг нь гараараа түлхэж онгойлгоод дотогш орсон. Гэрт нь хүн байгаагүй. Шинэ жилийн модон дээр байсан мөнгөнүүдийг авсан. Дараа нь нь унтлагын өрөө рүү ороод шүүгээн дотроос бэлэн мөнгө, хөөрөг авсан. Мөн авдарны цоожийг нь гал тогооноос нь отвертика авч ирж эвдээд онгойлгон дотроос нь бэлэн мөнгө, монетон гинж, бөгж зэрэг эд зүйлийг авсан. Тэгтэл гражийн хаалга нь дуугарахаар нь би цонхоор гараад зугтсан. Тэгтэл эмэгтэй хүн орж ирээд хулгайч гээд орилсон. Би урд талын хашааг даваад зугтаасан. Миний араас нэг эрэгтэй хүн хөөгөөд байсан. 500 метр орчим зугтаагаад тэр хүнд баригдсан. Тэр хүн цагдаа дуудсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-51 дугаар хуудас/,   

                                                                                                                                                                                                                                   

Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр би ажлаа тараад гэр рүүгээ харих гээд явж байтал нэг улаан тоосгон хоёр давхар байшингийн яндангаар нь утаа гарахгүй бас цонхнууд нь хаалттай гэрэл нь унтраалттай байхаар нь хашааны хойд талаас  нь давж ороод цонхыг нь онгойлгоод орсон.Тэгээд авдарнаас нь 4 ширхэг мөнгөн аяга, дээлийн товч зэрэг эд зүйлсийг авсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 131-133 дугаар хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ий 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/02 дугаартай, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 12/54 дугаартай, 2121 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 03/06 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангууд, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл,  эд зүйлд үзлэг хийж түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Заан гарьд” ломбардны 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1066 дугаартай барьцаат зээлийн гэрээ, “Стийл шоп” ломбардны 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 8458 дугаартай барьцаат зээлийн гэрээ, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-14, 31-42, 64-66, 71, 78, 80-82, 110-114, 119-123 хуудас/,

 

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Баянгол сумын 3 дугаар багийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 21 дугаартай тодорхойлолт /хх-156/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-147 дугаар хуудас/, сум дундын 18 дугаар шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаартай, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаартай, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-160-179/,

 

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-157-158/ зэрэг болно.

 

Улсын яллагч “Шүүгдэгч ******* нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч ******* “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

    Шүүгдэгч ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг 5-500 тоотод байрлах *******ын хувийн сууцанд буюу хүн амьдрах зориулалттай байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 1.778.468 төгрөгийн хохирол учруулсан,

 

2020 оны 12 дугаар сарын 23-24-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг 5-500 тоотод байрлах *******гийн хувийн сууцанд буюу хүн амьдрах зориулалттай байшин хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 5 ширхэг мөнгөн аяга болон эмэгтэй хүний дээлний 3 ширхэг хуучин мөнгөн товч хулгайлан 1.285.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч ******* нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Хохирогч *******ын “...Би 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 18 цагийн орчим эхнэр, хүүхдүүд, хадам ээж нарын хамт хамаатны айл болох Баярсайхан ахынд очоод 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 02 цагийн орчим гэртээ ирээд эхнэр, хүүхдүүд гэрийн гадаа буугаад би машинаа гражид тавьж байтал эхнэр хулгайч гэж орилоод гэрээс гараад ирсэн. Тэгтэл баруун талын хашаан дээгүүр хүн даваад зугтаж байсан.” /хх-ийн 22-23 дугаар хуудас/, хохирогч *******гийн “...Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 29-06 тоотод байх өөрийн өвлийн сууцандаа өдөр бүр ирж зул өргөдөг юм. 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зул өргөөгүй юм. Тэгээд 25-ны өдөр 18 цагийн үед зул өргөхөөр ирсэн чинь манай байшинд байсан авдар савыг онгичоод эд зүйлийг нь гаргаад орхисон байсан.” /хх-ийн 88 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч *******гийн “...2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг хүнс бараан зах дотор байрлах Хангамж худалдааны төвийн №78 дугаартай лангуунд байрлах миний эзэмшлийн ломбарданд 2 ширхэг хуучин цагийн мөнгөн аягыг 200.000 төгрөгөнд барьцаанд тавьчихаад алга болсон.” /хх-ийн 91 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч *******ын “...2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ******* манай ломбарданд 2 ширхэг шинэ цагийн мөнгөн аягыг 130.000 төгрөгөнд тавьсан.” /хх-ийн 94 дугаар хуудас/, гэрч *******гийн “...Манай гэрийнхэн 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 18 цагийн орчим хүргэн ах Баярсайхныд очоод шөнө 02 цагийн үед гэртээ ирсэн. Гэрийн гадаа ирээд би 2 хүүхдийн хамт гэртээ ортол том өрөөний цонхоор хүн гарч байхыг хараад гэрээсээ буцаж гараад нөхөр Буянбадрахад хэлсэн.” /хх-ийн 24-25 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ий 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/02 дугаартай, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 12/54 дугаартай, 2121 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 03/06 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангууд, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл,  эд зүйлд үзлэг хийж түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Заан гарьд” ломбардны 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1066 дугаартай барьцаат зээлийн гэрээ, “Стийл шоп” ломбардны 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 8458 дугаартай барьцаат зээлийн гэрээ, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгүүд, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ий 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/02 дугаартай, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 12/54 дугаартай, 2121 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 03/06 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангууд, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл,  эд зүйлд үзлэг хийж түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Заан гарьд” ломбардны 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1066 дугаартай барьцаат зээлийн гэрээ, “Стийл шоп” ломбардны 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 8458 дугаартай барьцаат зээлийн гэрээ, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг 5-500 тоотод байрлах *******ын хувийн сууцанд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан, 2020 оны 12 дугаар сарын 23-24-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг 5-500 тоотод байрлах *******гийн хувийн сууцанд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв  гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч ******* нь хохирогч *******, ******* нарт эд зүйлийг нь буцаан өгсөн, иргэний нэхэмжлэгч *******д 246.000 төгрөг, *******д 160.500 төгрөгийг төлсөн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгүүд, эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, иргэний нэхэмжлэгч *******, ******* нарын шүүхэд ирүүлсэн хүсэлтүүд зэргээр тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч *******, *******, иргэний нэхэмжлэгч *******, ******* нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдаж байна.

           

            Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 99.750 төгрөг нэхэмжилсэн ба Монгол улсын засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 161 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 3.7 дугаар зүйлд “Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг буруутай этгээдээс гаргуулах тухай шийдвэрийг гаргахдаа энэхүү журмын 3.1, 3.2-т заасан мөрдөгч, прокурор, шүүгчийн тэмдэглэл, маягт, тэдгээрт хавсаргасан нотлох баримтын эх сурвалжид үндэслэнэ” гэж заажээ.

 

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 99.750 төгрөг нэхэмжилсэн тэмдэглэл, маягтаа ирүүлсэн боловч нотлох баримтын эх сурвалжаа хавсарган ирүүлээгүй байна. 

 

Иймд Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 99.750 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.

Улсын яллагч “Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ******* нь “Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хоёр жил гурван сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хоёр жил гурван сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

  Шүүгдэгч ******* нь 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт 47 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 47 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцлоо.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.8, 1.9, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Дамба овогт *******ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Дамба овогт *******ыг хоёр жил гурван сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хоёр жил гурван сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 47 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй,  хохирогч *******, *******, иргэний нэхэмжлэгч *******, ******* нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэнэд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд нэхэмжилсэн 99.750 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.