| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2018/00450/И |
| Дугаар | 102/ШШ2018/00568 |
| Огноо | 2018-03-21 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2018/00568
| 2018 оны 02 сарын 21 өдөр | Дугаар 102/ШШ2018/00568 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: О.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.А-д холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Б, хариуцагч С.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Би 2014 онд С.А-тай танилцаж хамтран амьдарсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2015 оны 5-р сарын 18-нд хүү Б төрсөн, одоо 2 ой 9 сартай. Бид гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд хүүгээ 4 сартай байхад нь салсан. Тухайн үед бид С.А -ынд амьдардаг байсан, салсан шалтгаан нь хэзээ ч надад хайр халамжтай байгаагүй, хүүхэддээ эцэг шиг нь байж чаддаггүй, ажил хөдөлмөр хийдэггүй байсан. Би мөнгө зээлж, ээмэг бөгжөө ломбарданд тавьж мөнгө олж амьдарлаа авч явж байсан. Намайг хөхүүл, нялх хүүхэдтэй, ажил хийх боломжгүй, харж хандах аав, ээжгүй, цаашдаа хүүхэдтэйгээ амьдрахад хэцүү байхад орхиод явсанд нь маш их гомддог. Гэвч хүүхдээ 7 сартай байхад нь эргэж амьдарсан боловч салсан. Түүнээс хойш эргэж нийлээгүй. Хүү маань төрсөн цагаасаа эхлээд над дээр өссөн, их өвддөг байсан, 7-8 удаа эмнэлэгт хэвтсэн, С.А-ыг ирээч гэсэн боловч нэг ч удаа ирээгүй, хүүхдээ асуугаагүй. Төрсөн өдөр, үсний найранд нь ч ирээгүй, тэглээ гээд нэг ч төгрөг түүнээс гуйгаагүй. Бид ярилцаад С.А хүүхэддээ мөнгө өгч байя гэж тохирсон. Гэтэл 1, 2 сар өгөөд больсон. Түүнээс байнга хүүгийнхээ мөнгийг шилжүүлээч гэсээр залхаж байна. Тэгээд ч холбогдохоо больсон. Харин ээж нь хэдэн төгрөг өгсөн. Хүүхдийнхээ ирээдүйг бодож эцгээр тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч С.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хамт амьдарч, ажил хийж байхдаа мөнгө өгдөг байсан. Би ээж аавтайгаа амьдардаг. Хүүхдээ өөр дээрээ авч өсгөвөл хэн хэнд маань хэрэгтэй гэж бодож байна. Би амьдрахын төлөө л хичээсэн, түрээсийн байранд амьдарч байгаад аавындаа ирж амьдарсан. Би О.Б-ийн ярьж байгаа шиг тийм байгаагүй, тэр хэл ам ихтэй, уурлаж загнана, маажина, өнчин болохоор нь халамжилж явна гэж бодож байсан. Аргагүй болоод гэрээсээ гараад явдаг болсон, сүүлдээ салсан. Өөр ямар нэг тайлбар байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Б нь С.А-д холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
С.А, О.Б нар нь гэр бүл болох зорилгоор 2014 оноос хамт амьдарч 2015 оны 05-р сарын 18-ны өдөр хүү А.Б-ыг төрүүлж өсгөжээ.
Гэр бүлийн тухай хуулийн 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 26-р зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 38-р зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.
Харин талууд хамт амьдрах хугацаандаа С.А нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, халамж анхаарал тавьдаггүй, хүүхдээ харж ханддаггүй, О.Б нь хэл ам хэрүүл маргаан хийдэг зэрэг таарамжгүй харьцааны улмаас хүүхдээ 7 сартай байх үеэс нь тусдаа амьдарсан, үүнээс хойш хүү А.Б эхийн асрамжинд өссөн нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “...хүүхдээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй” гэх боловч энэ нь хүүхдийн тэтгэлэг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж дүгнэлээ.
Иймд хуульд заасан журмаар хүүхдийн тэтгэлэг тогтоож хүү А.Б-ыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны 5-р сарын 18-нд төрсөн хүү А.Б-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг С.А-аар тэжээн тэтгүүлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч С.А- аас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА