Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/149

 

 

 

 

        

   2022        05           19                                      2022/ШЦТ/149

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                              2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Түвшинжаргал,

Улсын яллагч Н.Энхтулга,

Хохирогч Д.Э-,

Шүүгдэгч Э.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Н-т холбогдох эрүүгийн 2238000380107 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Э.Н-,

Шүүгдэгч Э.Н- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингис” зочид буудалд 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Д.Э-тэй маргалдаж нүүр хэсэгт толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь хоншоор ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Н- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингис” зочид буудалд 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Д.Э-тэй маргалдаж нүүр хэсэгт толгойгоороо мөргөж, эрүүл мэндэд нь хоншоор ясны хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулж, “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9-р тал/,
  • Хохирогч Д.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 25-ны орой 22 цагийн үед найзуудтайгаа уулзаад Доргио бааранд орсон. ...Д.Б- О- гээд хүүхэн рүү залгасан байсан. Тэгсэн О- нь Чингис зочид буудалд байна гэсэн юм шиг байна лээ. ...Чингис зочид буудлын үүдэнд ирээд Д.Б- О- руу орохоор болоод намайг хамт орчихоод ирье гээд 4 давхарт гараад 405 тоот өрөөний үүдэнд очоод ...орсон чинь өрөөнд хоёр эмэгтэй, хоёр залуу байсан. Тэгсэн Д.Б- тэр хүмүүстэй юм яриад суухаар нь би ариун цэврийн өрөө рүү ороод бие засаад гарах гэж байтал нэг залуу миний араас орж ирэхээр нь “О- гэж эмэгтэй танай юу юм бэ гэсэн чинь” нөгөө танихгүй залуу “манай эхнэр байгаа юм” гэж хариулсан. Тэгээд аан за за гэж хэлчихээд гарах гэсэн чинь нөгөө залуу миний куртикнээс барьж авахаар нь эргээд хартал миний нүүр хэсэгт хоёр удаа толгойгоороо мөргөсөн. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гэсэн чинь нөгөө танихгүй залуу “чи миний эхнэрийг асууж орж ирдэг хэн юм бэ” гээд согтуурхаад намайг тавихгүй байсан. ...би гомдолтой байна. Энэ хэргийн улмаас үүссэн мөнгө зардлыг гаргуулж авмаар байна. Би удахгүй Улаанбаатар хот руу явж хамрын хажуу талын яс хугарсан байж болзошгүй гэсэн мөн хоёр шүдээ янзлуулна...“ гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 20-р тал/,
  • Гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 25-ны орой найзууд болох Д.Э-, М.Н-, П- бид нар Доргио бааранд орцгоосон юм...Тэгээд тэндээ нэг хүүхэнтэй танилцаад гар утасных нь дугаарыг авсан. Тэр хүүхэн бас нэг эмэгтэй найзтайгаа явж байсан. Тэгээд гэртээ ирээд нөгөө танилцсан эмэгтэйн гар утас руу залгаж хаана байгаа, юу хийж байгаа талаар асуухад Чингис зочид буудалд байна, найзын хамт ууж байна гэхээр нь би яваад очих юм уу гэсэн чинь хүрээд ир гээд өрөөнийхөө номерыг хэлж өгсөн. ...М.Н- Д.Э-, П- нар манай гадаа ирээд ирээд машинд суугаад Чингис зочид буудлын гадаа очоод Д.Э-г хамт орчихоод гараад ирье гээд хамт 405 дугаартай өрөөнд очиход нэг эрэгтэй хүн хаалга онгойлгож өгсөн. Тэгсэн цаана нь миний танилцсан хүүхэн байж байсан. Тэгэхээр нь нөгөө хүүхнээс юун эрэгтэй хүн байгаа юм бэ гэж асуухад манай нөхөр байгаа юм гэж хэлсэн. ...Д.Э-тэй хамт хаалга онгойлгож өгсөн залуу хамт ариун цэврийн өрөө ороод гарч ирээд бид хоёр гарах гээд хаалганы хажууд явж байхад Д.Э-г хаалга онгойлгож өгсөн танихгүй залуу хоёр удаа нүүр хэсэгт мөргөсөн. ...шинжээч эмчид үзүүлэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/,
  • Гэрч М.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 25-ны орой найзуудын хамт Доргио баар орсон. ...тэгээд Чингис зочид буудлын гадаа Д.Э-, Б-, П- бид нар очоод Д.Б-, Д.Э- хоёр буудал руу хамт орсон. ...удалгүй Д.Э- хүнд зодуулчихлаа гэсээр гараад ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/,
  • Гэрч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр эхнэр болох Д.А-, төрөл садангийн Э.Н-, түүний эхнэр Д.О- бид дөрөв Доргио орохоор явцгаасан. Тэгээд уусан үедээ хадмынд яаж очих вэ гээд буудал захиалаад орсон. ...би орондоо ороод амрах гээд хэвтэж байхад хаалга нүдээд эрэгтэй хүн О- гээд дуудаад байсан. ...Д.Э- гэдэг залуу манай ахыг “хөгшөөн нойл ороод уулзихъя” гээд ороод хаалгаа хаасан. ...нойлоос манай ах нөгөө залуутай зууралдаад гараад ирсэн. Тэгэхэд Б- гэх залуу манай ахыг толгой руу нь 2-3 удаа цохиод авахад Д.Э- гэдэг залуу гараад гүйсэн. ...манай эхнэр буудлын ах хоёр нөгөө залуучуудыг хөөсөн. ...миний зүгээс нэхэмжлэх зүйлгүй. Би шинжээч эмчид үзүүлж гомдол санал гаргахгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 27-28, 31-р тал/,
  • Гэрч Д.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр би нөхөр Ж.Б- болон гэр бүлийн найзууд болох Д.О- буюу О-, Э.Н- бид дөрөв Мөрөн суманд уулзаад караоке ороод ...бааранд орсон. Удалгүй хальт харахад О- хаалганы үүдэнд хоёр залуутай уулзаад зогсож байхаар нь таньдаг хүмүүстэй уулзаж байгаа юм болов уу гэж бодоод орхисон. Удалгүй баар хаах үед манай нөхөр болон Э.Н- хоёр орж ирээд хамт Чингис зочид буудал орсон. ...удалгүй буудлын хаалга чанга нүдээд амраахгүй болохоор нь Э.Н- хаалга онгойлгоход хоёр залуу ороод ирсэн. Д.Э- гэдэг залуу Э.Н-ыг аваад ариун цэврийн өрөө орсон. Тэнд юу болсныг мэдэхгүй байна. Удалгүй гараад ирсэн. ...Б-, Э.Н- хоёр ноцолдож байх үедээ буудлын толь хагалсан. Тэр хоёр бие биенээ цохиогүй ноцолдсон. Э.Н- босч ирэхэд Д.Э- хэрүүл өдөж байгаад зууралдаж харилцан цохилцсон. Д.Э- нүүрээ дарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р тал/,
  • Гэрч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тухайн өдөр би нөхөр Э.Н-, нөхриин дүү Ж.Б-, түүний эхнэр Д.А- нарын хамт дөрвүүлээ караоке орж дуулаад пиво уугаад гарч Доргио баар орсон. ...бааранд байхад Д.Э- гээд манай 10 жилийн сургуульд надаас 2 доод ангид байсан зүс таних залуу тааралдаж надтай танимхайраад би зүс таних юм болохоор утсаа өгсөн. ...тэгээд байж байтал Э.Н-, Ж.Б- нар ирээд хамт Чингис зочид буудал ороод унтаж байтал хаалга нүдсэн. ...манай өрөөнд Д.Э- нэг танихгүй залуутай орж ирээд ...Д.Э- манай нөхрийг ярих юм байна гээд ариун цэврийн өрөө рүү дагуулаад орсон. Би хувцсаа өмсөх гээд босоод орон дээрээ сууж байтал 00-ын өрөөнөөс Д.Э- амаа дараад гарч ирээд шууд өрөөнөөс гараад явсан. ...тэгээд Д.Э- миний шүд уначихсан байна, чи үүнийг хар гээд алган дээрээ шүд шиг цагаан юм харуулаад утсаараа бичлэг хийгээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37-р тал/,
  • Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 147 дугаартай: “1. Д.Э-гийн нэмэлтээр ирсэн материалд хоншоор ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хэрэг гарсан гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 2. Өмнө гаргасан №39 дугаартай дүгнэлт өөрчлөгдөж Д.Э-гийн биед үүссэн хоншоор ясны хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 3. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 61-р тал/

- Шүүгдэгч Э.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би нэг удаа л нүүр рүү нь мөргөсөн. ...би өөрийн буруутай үйлдлээс учирсан хохирлоо би төлнө” гэх мэдүүлэг /хх-ийн 67-р тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ “...үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Шүүгдэгч Э.Н-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 70-р тал/,
  • Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 71-р тал/,
  • Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72-р тал/,
  • Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 73-75-р тал/ зэрэг баримт бичиг болно.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

    Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, хохирогчийн зүй бус үйлдэл, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал зэрэг нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Э.Н- нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан нь танхайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Э.Н-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хүндэвтэр хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Д.Э- нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд эмчилгээний зардал 3.695.051 төгрөг, шатахууны зардал 1.251.788 төгрөг, хоол хүнсний зардалд 516.930 төгрөг, хэрэглээний зардалд 320.280 төгрөг, нийт 5.784.049 төгрөгийг нэхэмжилж,

Хавтаст хэрэгт 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Анагаахын Шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх зардлын 3.008.241 төгрөгийн Е-баримт, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Ноён” пицца чикен гэх 3.000 төгрөгийн Е-баримт, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Ноён” пицца чикен гэх 75.800 төгрөгийн Е-баримт, 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Монос” эмийн сангийн эм тарианы үнэ 7.095 төгрөгийн Е-баримт, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Монос” эмийн сангийн эм тарианы үнэ 42.000 төгрөгийн Е-баримт, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Ази фарма” эмийн сангийн эм, тарианы үнэ 59.500 төгрөгийн Е-баримт, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Их Отгонтэнгэр” эмийн сангийн эм тарианы үнэ 49.500 төгрөгийн Е-баримт, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Нью адонис” гэх эм тарианы үнэ 25.200 төгрөгийн Е-баримт, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Анагаахын Шинжлэх ухааны үндэсний их сургууль-НАСС гэх дэлгэмэл рентген хийлгэсэн зардлын 25.000 төгрөгийн Е-баримт, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Хаан” банкны 2.000 төгрөгийн баримт, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Мөнхийн тун” ХХК-ийн эмийн сангийн эм тарианы үнэ 150.100 төгрөгийн Е-баримт, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Ноён” пицца чикен гэх 59.900 төгрөгийн Е-баримт, 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Монос” эмийн сангийн эм тарианы үнэ 10.690 төгрөгийн Е-баримт, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Гялс Анагаах Ухааны төв”-ийн үзлэг, үйлчилгээний төлбөр 143.600 төгрөгийн Е-баримт, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Монос” эмийн сангийн эм тарианы үнэ 6.725 төгрөгийн Е-баримт /хх-ийн 80-р тал/,

2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн TDB автозогсоолын төлбөр 2.500 төгрөгийн Е-баримт, 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ШТС-108 Толгойт-2 гэх 80.700 төгрөгийн шатахууны Е-баримт, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн ШТС-59 Булган 3 гэх 20.000 төгрөгийн шатахууны Е-баримт, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ШТС-10 Хорооллын эцэс гэх 30.000 төгрөгийн шатахууны Е-баримт, 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ШТС-59 Булган 3 гэх 74.000 төгрөгийн шатахууны Е-баримт, 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ШТС-59 Булган 3 гэх 5.500 төгрөгийн Е-баримт, 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ШТС-59 Булган 3 гэх 50.000 төгрөгийн шатахууны Е-баримт, 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ШТС-59 Булган 3 гэх 20.000 төгрөгийн шатахууны Е-баримт, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Петростар” ХХК-ийн 40.000 төгрөгийн шатахууны Е-баримт, 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Д.Э- нэрээр бичигдсэн 52.800 төгрөгөөр хот хооронд зорчих тасалбар, 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Шунхлай петролиум” шатахуун түгээх станцын 20.000 төгрөгийн Е-баримт, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Шунхлай петролиум” шатахуун түгээх станцын 30.000 төгрөгийн Е-баримт, 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Шунхлай петролиум” шатахуун түгээх станцын 30.000 төгрөгийн Е-баримт, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “НИК” ХХК-ийн шатахууны 30.000 төгрөгийн Е-баримт, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 73.000 төгрөгийн шатахууны Е-баримт, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “TDB” автозогсоолын төлбөр 5.000 төгрөгийн Е-баримт, үсэг балархай 6.200 төгрөгийн Е-баримт, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ШТС-10 Хорооллын эцэс гэх 20.000 төгрөгийн Е-баримт, 2022 01 дүгээр сарын 21-ний өдрийн “Avto Oil HHK” 5 шар гэх шатах тослох материалын үнэ 84.000 төгрөгийн Е-баримт, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ШТС-85 Мөрөн хот гэх 82.011 төгрөгийн Е-баримт, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн ШТС-108 Толгойт-2 гэх 73.040 төгрөгийн Е-баримт, 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ШТС-103 Мөрөн-2 гэх 50.000 төгрөгийн Е-баримт, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Шунхлай трейдинг” ХХК-ийн 45.000 төгрөгийн Е-баримт, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “Avto Oil HHK” 5 шар гэх 128.000 төгрөгийн Е-баримт, 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Петростар” ХХК-ийн шатахууны үнэ 30.000 төгрөгийн Е-баримт, 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн МТ шатахуун түгээх станцын 50.000 төгрөгийн шатахууны Е-баримт, 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн МТ шатахуун түгээх станцын 30.000 төгрөгийн шатахууны Е-баримт, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Д- нэрээр бичигдсэн 51.000 төгрөгийн хот хооронд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих тасалбар, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “НИК” ХХК-ийн шатахууны үнэ 10.000 төгрөгийн Е-баримт, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Шунхлай петролиум” ХХК-ийн шатахууны үнэ 40.000 төгрөгийн Е-баримт, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Шунхлай петролиум” ХХК-ийн шатахууны үнэ 30.000 төгрөгийн Е-баримт, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “НИК” ХХК-ийн шатахууны үнэ 44.988 төгрөгийн Е-баримт, 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Шунхлай трейдинг” ХХК-ийн шатахууны үнэ 30.000 төгрөгийн Е-баримт, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ШТС 028 гэх шатахууны үнэ 30.000 төгрөгийн Е-баримт, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “НИК” ХХК-ийн шатахууны үнэ 30.000 төгрөгийн Е-баримт /хх-ийн 79-р тал/, хоол хүнс хэрэглээний зардлын 516.930 төгрөгийн баримтууд /хх-ийн 77 тал/, хэрэглээний зардлын 320.280 төгрөгийн баримтууд /хх-ийн 78 тал/-ыг гаргаж өгсөн байна.

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Анагаахын Шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх зардлын 3.008.241 төгрөгийн Е-баримт, 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Монос” эмийн сангийн эм тарианы үнэ 7.095 төгрөгийн Е-баримт, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Монос” эмийн сангийн эм тарианы үнэ 42.000 төгрөгийн Е-баримт, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Ази фарма” эмийн сангийн эм, тарианы үнэ 59.500 төгрөгийн Е-баримт, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Их Отгонтэнгэр” эмийн сангийн эм тарианы үнэ 49.500 төгрөгийн Е-баримт, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Нью адонис” гэх эм тарианы үнэ 25.200 төгрөгийн Е-баримт, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Анагаахын Шинжлэх ухааны үндэсний их сургууль-НАСС гэх дэлгэмэл рентген хийлгэсэн зардлын 25.000 төгрөгийн Е-баримт, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Хаан” банкны 2.000 төгрөгийн баримт, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Мөнхийн тун” ХХК-ийн эмийн сангийн эм тарианы үнэ 150.100 төгрөгийн Е-баримт, 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Монос” эмийн сангийн эм тарианы үнэ 10.690 төгрөгийн Е-баримт, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Гялс Анагаах Ухааны төв”-ийн үзлэг, үйлчилгээний төлбөр 143.600 төгрөгийн Е-баримт, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Монос” эмийн сангийн эм тарианы үнэ 6.725 төгрөгийн Е-баримт /хх-ийн 80-р тал/, 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Д.Э- нэрээр бичигдсэн 52.800 төгрөгөөр хот хооронд зорчих тасалбар /хх-ийн 79-р тал/-ыг нотлох баримтаар үнэлж, хохирогчийн эмчилгээ, замын зардалд 3.582.451 төгрөгийг шүүгдэгч Э.Н-аас гаргуулж хохирогч Д.Э-д олгохоор шийдвэрлэв.

Хохирогч Д.Э-гээс эмчилгээтэй холбоотой нэхэмжилсэн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Ноён” пицца чикен гэх 3.000 төгрөгийн Е-баримт, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Ноён” пицца чикен гэх 75.800 төгрөгийн Е-баримт, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Ноён” пицца чикен гэх 59.900 төгрөгийн Е-баримт /хх-ийн 80-р тал/, нотлох баримтгүй 26.700 төгрөгийг, хоол хүнс хэрэглээний зардалд нэхэмжилсэн 516.930 төгрөгийн /хх-ийн 77-р тал/, хэрэглээний зардалд нэхэмжилсэн 320.280 төгрөгийн баримтууд /хх-ийн 78-р тал/ нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамаарахгүй байх тул хохирогчийн нэхэмжлэлээс 1.005.310 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Хохирогч Д.Э- нь шүүх хуралдаанд: “...цаашид гарах эмчилгээний зардал,  Улаанбаатар-Мөрөн, Мөрөн-Улаанбаатар чиглэлд өөрийн “Приус-30” маркийн автомашинаар 7-8 удаа явсан. Замын зардал, шатахууны зардлыг нэхэмжилнэ” гэх ба хавтаст хэргийн 79 дүгээр хуудсанд авагдсан 1.251.788 төгрөгийн баримтуудаас 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Д.Э- нэрээр бичигдсэн 52.800 төгрөгөөр хот хооронд зорчих тасалбарыг нотлох баримтаар үнэлж, бусад замын зардал болон шатахууны зардлын баримтууд нь бодитой эсэхэд эргэлзээтэй, тодорхой тооцоо гаргах боломжгүй байх тул цаашид гарах эмчилгээний зардал, замын зардал, шатахууны зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.Н-аас нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Э.Н- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Э.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” санал гаргасныг харгалзан шүүгдэгчид 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-т оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-ыг 1.500 (нэг мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-т оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Э.Н-т оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Э.Н-аас 3.582.451 (гурван сая таван зуун наян хоёр мянга дөрвөн зуун тавин нэг) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Э- (...)-д олгож, нотлох баримтгүй 26.700 төгрөгийн, хоол хүнсний зардал, хэрэглээний зардалд нэхэмжилсэн нийт 1.005.310 (нэг сая таван мянга гурван зуун арван) төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь шатахууны зардал, цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.Н-аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           М.ЭРДЭНЭ-ОЧИР