| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2018/00419/И |
| Дугаар | 102/ШШ2018/00749 |
| Огноо | 2018-03-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2018/00749
| 2018 оны 03 сарын 07 өдөр | Дугаар 102/ШШ2018/00749 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Г.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.Г-д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ноогдох хэсгээ гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.З /үнэмлэх 2402/, хариуцагч Ч.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2004 онд Ч.Г-тэй гэр бүл болж, хамтран амьдраад 16 жил болж байна. Бидний дундаас 2005 оны 4-р сарын 28-нд охин Г.Э, 2011 оны 7-р сарын 8-нд охин Г.Э нар төрсөн. 2009 оноос эхлэн бидний дунд үл ойлголцол үүссэн, Ч.Г нь архи уусан үедээ намайг хэл амаар амаар доромжилж, надад байнга гар хүрдэг. Эрүүл байхдаа зүгээр байдаг. Энэ тухай эцэг эх, ах дүү нартаа хэлж байгаагүй. Архи ууж надад гар хүрчихээд маргааш нь уучлалт гуйж, дахин тэгэхгүй гэдэг байсан. Тэрэнд нь итгээд хүүхдүүдээ бодоод уучилдаг байсан юм. Цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцалж, хоёр хүүхдээ өөрийн асрамжиндаа авна. Эд хөрөнгийн хувьд хашаа байшинг надад, Тоёота Приус маркийн автомашиныг Ч.Г-д үлдээхээр тохиролцсон. Хашаа байшин маань банкны зээлийн барьцаанд байдаг, одоо 10-аад сая төгрөгийн үлдэгдэлтэй, зээлийг би төлдөг. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хоёр хүүхдийг миний асрамжид үлдээн, тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Ч.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2004 онд гэр бүлж болж, 2005 онд охин Э, 2011 онд охин Э нар төрсөн. Сүүлийн 6 жил Г.Б бид таарамжгүй харилцаатай болж, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон юм. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Өөрсдийн гэх хашаа байшинг Г.Б-д, 53-98 УНА улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашиныг би авахаар тохирсон. Хоёр хүүхдээ эхийнх нь асрамжид өгч, тэтгэлэг тогтоолгохыг зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Б нь Ч.Г-д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ноогдох хэсгээ гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Г.Б, Ч.Г нар нь 2014 онд гэр бүл болж, амьдрах хугацаандаа 2005 оны 4-р сарын 28-нд охин Г.Эн, 2011 оны 7-р сарын 8-нд охин Г.Э нарыг төрүүлж өсгөжээ.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй байна.
Харин гэрлэгчид хамт амьдрах хугацаандаа нөхөр Ч.Г нь архи уусан үедээ эхнэрээ зоддог, хэл амаар доромжилдог зэрэг маргааны улмаас хоорондоо таарамжгүй харьцаатай болсон нь зохичгийн тайлбараар тогтоогдсон байна.
Дээрх нөхцөл байдлын улмаас гэрлэгчид цаашид хамт амьдрах боломжгүй, энэ байдал хүүхдүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөхөөр байх ба хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн байна. Иймд гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж, тэтгэлийн асуудлыг хуульд зааснаар шийдвэрлэх нь зүйтэй.
Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулахдаа хүүхдүүдийг эхийн асрамжинд үлдээж, эцэг Ч.Г нь тэтгэлэг төлөх, гэрлэгчийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс 53-98 УНА улсын дугаартай Тоёота Приус машиныг Ч.Г-д, Баянгол дүүргийн 22-р хороо, Зүүн нарангийн 16-130А тоот хашаа байшинг Г.Б болон 2 хүүхдэд үлдээхээр тохирсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 132-р зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.Г, Г.Б нарын гэрлэлтийг цуцалж, 2005 оны 4-р сарын 28-нд төрсөн охин Г.Эн, 2011 оны 7-р сарын 8-нд төрсөн охин Г.Э нарыг эх Г.Б-ийн асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан охин Г.Э-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, Г.Э, Г.Э нарыг 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр, тус бүрт тэтгэлэг гаргуулж эцэг Ч.Г-гээр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хуулийн 130-р зүйлийн 130.2 дахь хэсэгт заасныг баримтлан 53-98 УНА улсын дугаартай Тоёота Приус машиныг Ч.Г-д, Баянгол дүүргийн 22-р хороо, Зүүн нарангийн 16-130А тоот хашаа байшинг Г.Б болон Г.Эн, Г.Э нарт тус тус үлдээсүгэй.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Ч.Г-ээс 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
5. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА