Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 427

 

 

  2019         5               7                                          ДШМ/2019/427

 

 

                                                     Б.Б-, А.Ч- нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Энхбаатар,

шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Н.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч А.Ч-ийн өмгөөлөгч Д.Баасансүрэн,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-, шүүгдэгч А.Ч-ийн өмгөөлөгч Д.Баасансүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Б-, А.Ч- нарт холбогдох эрүүгийн 1711009660039 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овгийн Б.Б, 19.. оны 12 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт ..................тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ............./;

Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, мөн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 46А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 15 жилийн хорих ял оногдуулж, 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр оногдуулсан ялыг дүйцүүлэн хасч суллагдсан.

            2. Дэд овгийн А.Ч, 19 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, гааль татварын мэргэжилтэй гэх, Олон улсын эдийн засаг бизнессийн сургуулийн 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эхийн хамт ...................тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: УЗ95122013/;

            Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 318 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цагийн албадан ажил хийлгэх ялаар. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 144 дугаартай магадлалаар уг ялыг хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ болгон өөрчилсөн.

            Б.Б- нь 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Цаг уур, орчны шинжилгээний газрын орчим хохирогч О.Ч руу хүч хэрэглэн довтолж “Samsung Galaxy S8” маркийн гар утсыг авч 1.850.000 төгрөгийн хохирол учруулж гэмт хэргийг гүйцэтгэсэн, А.Ч- нь урьдчилан амлаж яллагдагч Б.Б-ийг санаатай гэмт хэрэг үйлдэхэд “Sonata-6” маркийн 89-29 УБН улсын дугаартай автомашинаар дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Б-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, А.Ч-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж, бусдын эд хөрөнгийг авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч А.Ч-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 2 дахь хэсэгт зааснаар А.Ч-ийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Б-ий цагдан хоригдсон 377 хоногийг, шүүгдэгч А.Ч-ийн цагдан хоригдсон 53 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч Б.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч А.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Б- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би гэмт хэрэгт холбогдсон цагаасаа эхлэн үнэн зөв мэдүүлэг өгч, мөрдөн байцаалт болон прокурорын шатанд саад учруулаагүй. Анхан шатны шүүх хурлаар орохдоо айж балмагдсан байсан учраас уг гэмт хэргийг ганцаараа үйлдсэн гэж худал хэлсэн. А.Ч- бид хоёр уг гэмт хэргийг хамт үйлдсэн, үйлдсэн болох нь тогтоогдсон мэдүүлэг өгсөн зэргээр нотлогддог. Би өөрийн үйлдсэн гэмт хэргийн хор холбогдлыг сайн ойлгож, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Бусдад төлөх төлбөргүй, хоригдож байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй зэргийг харгалзан үзэж надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жил болгон хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч А.Ч-ийн өмгөөлөгч Д.Баасансүрэн гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхийн шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ хэсэгт “...шүүгдэгч А.Ч- нь урьдчилан амлаж шүүгдэгч Б.Б-ийг санаатай гэмт хэрэг үйлдэхэд “Sonata” маркийн 89-29 УБН улсын дугаартай автомашинаар дэмжлэг үзүүлсэн, гар утсыг худалдан борлуулах, олсон орлогыг хувааж авах зэргээр хамжигчаар оролцон дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь тогтоогдож байна” гэжээ. Дээрх дүгнэлтээр А.Ч-ийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон боловч энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан диспозицод нийцэж байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол...” гэсэн диспозицтой нийцэхгүй юм.

2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс “Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Прокуророос шүүгдэгч А.Ч-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус өөрчилж, шүүгдэгч Дэд овгийн А.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар улсын яллагч зүйлчлэлийг өөрчилж ялласан учир шүүх түүний хүрээнд хянан шийдвэрлэсэн байтал өөрөө Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих үндэслэлгүй байсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Прокурор нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээнэ” гэж заасан. Гэтэл 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд улсын яллагчаас ялын санал хэлэхдээ “...гэмт хэрэг мөн үү, биш гэх үү, гэхдээ би хамжигч гэж үзэж байна...” гэж эргэлзээтэйгээр ялласан төдийгүй түүний шинжлэн судалсан нотлох баримтууд нь /хх 13-15, хохирогч О.Чимэдрагчаагийн мэдүүлэг хх-19, гэрч Ч.Одхүүгийн мэдүүлэг хх 29-30, эд зүйлийн үнэлгээ хх-20, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн газрын шинжээч эмчийн гаргасан 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 12862 дугаартай дүгнэлт/ А.Ч-ийг урьдчилан амлаж дээрэмдэх гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутай болохыг нотолсон баримт байхгүй болно. Өөрөөр хэлбэл улсын яллагч шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцохдоо тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм бурууг хөдлөшгүй нотолсон баримтаа шүүх хуралдаанд шинжлэн судлуулж, түүний хүрээнд ял шийтгэл оногдуулдаг учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээр шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэс болгохгүй” гэж зохицуулжээ.

            Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эргэлзээ байжээ. Тухайлбал, илтгэгч шүүгч прокуророос  “хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан, энэ байдлыг юу гэж үзэж байна вэ? үйлдэл тус бүр дээр, хохирол болгон дээр зүйлчлэх ёстой юм биш үү. Дээрэмдэх гэмт хэрэг чинь өөрөө хэлбэрийн бүрэлдэхүүнтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй. Тэгэхээр хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг яаж шийдвэрлэх юм бэ?” гэж, даргалагч шүүгч прокуророос “ хүч хэрэглэж байгаа үйлдэл нь хохирогчийн эрүүл мэнд рүү чиглэсэн үйлдэл байна. Одоо буцаагаад энэ хэрэгт нь яллагдагчаар татвал яах вэ /хх-88/, “Энэ гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг” гэж хариулсан. Өөрөөр хэлбэл “довтолгоо хийж байгаа хүн дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгэгдэнэ. Тэгэхээр довтлох үйлдэлд нь оролцоогүй хүн яаж дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгэгдэх юм бэ” гэхэд прокуророос “хариулсангүй” гэж тус тус асуусан байдлаас харахад эргэлзээтэй шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хянан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Б-ий өмгөөлөгч Н.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Б- анхан шатны шүүх хуралдаанаар гэм буруугаа хүлээсэн. Анхан шатны шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгчийн хохирол болох 840.000 төгрөгийг хоёр хувааж төлсөн. Энэ талаар баримтыг хэрэгт хавсаргасан байгаа. Шүүгдэгч Б.Б- хохирол төлсөн, гэм хорын хохирлыг арилгасан учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

            Прокурор М.Энхбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэлтэй дүгнэж шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл тохирсон. Шүүгдэгч А.Ч-, Б.Б- нар нь дээрмийн гэмт хэргийг хоёулаа үйлдсэн. Хоёулаа хэрхэн юу гэж ярьсан талаар А.Ч-ийн ярьсныг Б.Б-, Б.Б-ий ярьсныг А.Ч- нотолдог. Өөрөөр хэлбэл “яллагдагч өөрийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг шууд нотлох баримт болохгүй ч гэсэн бусад баримтаар давхар тогтоогдсон бол нотлох баримт болно” гэсэн заалт байдаг. Шүүгдэгч А.Ч- гэм буруугаа хүлээдэггүй ч гэсэн шүүгдэгч Б.Б- нотолдог. Дээрмийн гэмт хэргийг үйлдэж эхэлсэн цаг хугацаанаас дуусах хүртэл буюу тухайн эд зүйлийг дээрэмдэж аваад зарж борлуулах хүртэл шүүгдэгч А.Ч- хамтрагчаар оролцож байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд үгсэн тохиролцсон, үгсэн тохиролцоогүй ч гэсэн үйлдлээрээ нэгдсэн байвал хамтран оролцогч гэж үзнэ. Иймд бүлэглэн үйлдсэн гэдэг нь хавтас хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдсон гэж үзэж байна. Шүүхээс хохирол төлбөр төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн байдал зэргийг харгалзан үзээд тухайн зүйл хэсэгт оногдуулах хорих ялын хамгийн доод хэмжээ буюу 2 жилийн хорих ялаар шийтгэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч А.Ч-ийн үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөнгө угаах гэмт хэргийн шинж байхгүй. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.Б-, А.Ч- нарт  холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 86 дугаар шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүй байна. Учир нь,

Прокуророос шүүгдэгч нарыг тухайн гэмт хэрэгт бүлэглэж, Б.Б-ийг гүйцэтгэгчээр, А.Ч-ийг хамжигчаар оролцсон гэж, Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, А.Ч-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна. 

            Шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч нарт прокуророос зүйлчилсэн Эрүүгийн хуулийн зүйл хэсэгт зааснаар тус бүрийг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэжээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна”, 3.5 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Гэмт хэргийн хамжигчид гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанарыг харгалзан шүүх энэ хуульд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээний дотор гүйцэтгэгчид оногдуулах ялаас ихгүй ял оногдуулна” гэж тус тус заасан байхад анхан шатны шүүх шүүгдэгч нарт ял шийтгэхдээ ял ялгамжтай байх дээрх хуулийн шаардлагыг хангалгүй, тус бүрийг ижил хэмжээний буюу 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

            Түүнчлэн шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо үйлдэл оролцоогоор нь ялгамжтай тооцож чадаагүй, тэдний цагдан хоригдсон хоногийг буруу тооцсон, “хөнгөн хохирол учруулсан байна” гэж шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ дүгнэсэн атлаа энэ үйлдэлд нь зохих хууль зүйн дүгнэлт өгөөгүй орхигдуулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг хэрэглээгүй талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй зэрэг ноцтой алдаанууд гаргажээ.

            Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хүндрүүлэх боломжгүй учраас дээр дурьдсан алдаануудыг анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэх замаар зөвтгөх боломжтой.

            Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцтэл шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

            Шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлээр хүчингүй болгож байгаа тул шүүгдэгч Б.Б-, шүүгдэгч А.Ч-ийн өмгөөлөгч Д.Баасансүрэн нарын давж заалдах гомдлыг энэ удаа хэлэлцээгүй болохыг тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Б-, А.Ч- нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцтэл шүүгдэгч Б.Б-, А.Ч- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                           ШҮҮГЧ                                                                    Н.БАТСАЙХАН

 

   ШҮҮГЧ                                                                    Б.ЗОРИГ