Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2015/1331

 

2015 оны 7 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2015/1331

Улаанбаатар хот

 

Ө-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Ц.Цогт, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө нарыг оролцуулан, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн /хуучнаар/ 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 274 дүгээр шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Өгийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэгч Ө би 2013 оны 12 дугаар сарын 9, 10-нд "Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн" олон нийтэд зарласан Хэнтий аймгийн орон нутаг дахь Улсын бүртгэлийн ажлын байрны сул орон тоонд тэнцэж орсон. Жирэмсний амралттай байх хугацаанд иргэн Ө намайг ажлаас чөлөөлсөн байсан. Иргэн Ө би Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу ажил хөдөлмөрөө эрхлэх байтал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга П хууль зүйн үндэслэлгүй акт гарган ажлаас чөлөөлж, сонгон шалгаруулалтад тэнцээгүй Гийг миний оронд авч, томилж ажил үүргийг гүйцэтгүүлж байгаад би гомдолтой байна. Иймдалбан тушаалд эргүүлэн томилж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1054 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: ...Миний бие Хэнтий аймгийн улсын бүртгэгчийн сул орон тоонд төрийн албаны мэргэжлийн шалгалт өгч тэнцээд ажиллаж байгаад жирэмсний амралтаа авсан. Жирэмсний амралттай байх хугацаанд намайг ажлаас чөлөөлсөн бөгөөд ажлаас чөлөөлсөн 08 дугаар сарын 04-ний өдрийн тушаалыг танилцуулаагүй. Би төрсний дараах 60 хоногоо дуусгаад ажилдаа орох өргөдөл өгөхдөө бичиг хэргээс энэ тушаалыг хуулбарлан авсан. Энэ маргаан гарснаас хойш Хэнтий аймаг болон Улаанбаатар хот руу олон удаа ирж байгаа. Энэ хугацаанд ажиллаж байсан бол орлого олох байсан. Мөн шалгалтаа өөр орон тоон дээр өгсөн байсан бол нөөцөд байх боломжтой байсан. Г нь 2013 оны 06 дугаар сард чөлөө аваад 2013 оны 08 дугаар сард төрсөн бөгөөд захиалгыг төрийн албаны салбар зөвлөл зарласан байдаг. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Аймаг, сум, тосгон, хорооны иргэний бүртгэлийн ажилтнууд Засгийн газрын хуралдааны "Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 120 дугаар тогтоолоор тус газрын харъяанд шилжин ажиллах болсон. Улсын бүртгэлийн байгууллагын төрийн захиргааны албан хаагчдыг холбогдох хуулийн дагуу тус газрын дарга томилж, чөлөөлөхөөр заасан байдаг. Тодруулбал Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т "Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь салбар, нэгжийн дарга, улсын бүртгэгчийг томилж, чөлөөлөх" гэж заасан. Тус газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 75 дугаар тушаалаар Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Мөрөн сумын улсын бүртгэгчээр Гийг томилсон. Улсын бүртгэгч Г 2014 оны 01 дүгээр сард Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу жирэмсний болон амаржсаны амралтаа эдэлж хүүхэд асрах чөлөө авсан. Ийнхүү эзгүй байгаа албан хаагчийн оронд улсын бүртгэлийн үйлчилгээг иргэд, хуулийн этгээдэд тасралтгүй хүргэх зорилтын хүрээнд Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам"-ыг үндэслэн тус газрын даргын 2014 оны 17 дугаар тушаалаар Өг албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон бөгөөд дээрх тушаалд Гийн хүүхэд асрах чөлөөг дуусах хүртэл хугацаанд Өг томилох тухай тодорхой заасан.Г нь 2014 оны 08 дугаар сард хүүхэд асрах чөлөөгөө дуусгавар болгон үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ тус газарт гаргасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэг,Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам-ын 4.6 дахь заалтыг тус тус үндэслэн Гийг үүрэгт ажилд нь эргүүлэн томилж Өг чөлөөлсөн болно. Өгийн нэхэмжлэлд дурьдсан Мөрөн сумын улсын бүртгэгчийн сонгон шалгаруулалтыг тус газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс албан ёсоор зарлаагүй болно. Аймгийн болон сум, тосгоны улсын бүртгэлийн ажлын байрны сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд захиалгыг салбар зөвлөлд хүргүүлдэг. Тухайлбал Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам"-ын 2.1-т төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4-т заасны дагуу нөхөх боломжгүй тохиолдолд иргэнийг сонгон шалгаруулж авах захиалгыг байгууллага нь ажлын байр тус бүрээр гарган, төрийн албаны зөвлөлөөс баталсан "Төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах тусгай шаардлага"-д нийцүүлэн боловсруулсан ажлын байрны тодорхойлолтын хамт энэхүүжурмын 4.1-т заасан харьяаллын дагуу Төрийн албаны зөвлөл болон аймаг, нийслэл дэх салбар зөвлөлд хүргүүлнэ гэж заасан байдаг. Гэтэл тус газрын дэргэдэх салбар зөвлөлөөс холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн ажлын байрны сул орон тооны сонгон шалгаруулалтын албан ёсны захиалгыг Хэнтий аймаг дахьТөрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хүргүүлээгүй байтал дур мэдэн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж хууль дүрмийг зөрчсөнөөс тухайн сонгон шалгаруулалтад оролцсон иргэд хохирсон байна. Иймд тус газрын даргын 2014 оны "Ажлаас чөлөөлөх тухай" 1054 дүгээр тушаал хуульд нийцсэн захиргааны акт бөгөөд Өгийн нэхэмжлэлд дурьдсан хариуцагч нь Улсын бүртгэлийн ерөнхий газар биш тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн түр ажиллах журмыг үндэслээдУлсын бүртгэлийн ерөнхий газрын дарга 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1054 дүгээр тушаалаар Өг ажлаас чөлөөлсөн бөгөөд үүнийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй. Учир нь нэхэмжлэгчийг анх томилсон акт дээр түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай гэж заасан. 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 17 дугаар тушаал нь ажилд томилох тухай тушаал байсан бол 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1054 дүгээр тушаал нь эрх зүйн үр дагавар үүсгэх байсан. Гэтэл төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг хангасан эрх зүйн үр дагавар үүсгээгүй. Ө нь албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан тул төрийн жинхэнэ албан хаагч гэсэн шийдвэр байхгүй байна. Хэнтий аймгийн сонгон шалгаруулалтыг манай захиалгагүйгээр явуулсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийншаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 274 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Өгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 1054 дүгээр тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: ...Улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь салбар, нэгжийн дарга, улсын бүртгэгчийг томилж чөлөөлөх гэж заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Улсын бүртгэлийн байгууллагын Төрийн захиргааны албан хаагчдыг томилж, чөлөөлөх эрхтэй. Аймгийн болон сум, тосгоны улсын бүртгэгчийн ажлын байрны сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд захиалгыг салбар зөвлөлд хүргүүлдэг. Төрийн албаны салбар зөвлөлийн 2013 оны 86 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэжлийн шалгалт авах журмын 2.1-т төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4-т заасны дагуу нөхөх боломжгүй тохиолдолд иргэнийг сонгон шалгаруулж авах захиалгыг байгууллага нь ажлын байр тус бүрээр гарган энэхүү журмын 1.4-т заасан харъяаллын дагуу Төрийн албаны зөвлөл болон аймаг, нийслэл дэх салбар зөвлөлд хүргүүлнэ гэж заасан. Дээрх журмын холбогдох заалтаас үзэхэд Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь салбар зөвлөлд захиалга хүргүүлэх эрх бүхий байгууллага биш гэдэг нь тодорхой байна. Тус салбар зөвлөл нь сонгон шалгаруулалтыг 2013 оны 12 дугаар сарын 09,10-ны өдрүүдэд зохион байгуулж хууль дүрмийг зөрчсөнөөс тухайн сонгон шалгаруулалт хүчин төгөлдөр бус юм. Хэнтий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн гаргасан захиргааны акт нь хүчин төгөлдөр бус учир Өгийн мэргэжлийн шалгалтанд орж тэнцсэн дүнг хууль бус гэж үзэж байна. Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 75 дугаар тушаалаар Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газарт Иргэний бүртгэлийн ажилтанаар ажиллаж байсан. Гийг Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Мөрөн сумын улсын бүртгэгчээр томилсон. Г нь 2014 оны 01 дүгээр сард Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу жирэмсний болон амаржсаны амралтаа эдэлж хүүхэд асрах чөлөө авсан. Ийнхүү эзгүй байгаа албан хаагчийн оронд улсын бүртгэлийн гэрчилгээг иргэд, хуулийн этгээдэд тасралтгүй хүргэх зорилтын хүрээнд Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам-ыг үндэслэн тус газрын даргын 2014 оны 17 дугаар тушаалаар Өг албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон бөгөөд дээрх тушаалд Гийн хүүхэд асрах чөлөөг дуусах хүртэл хугацаанд Өг түр томилох тухай заасан. Г нь 2014 оны 08 дугаар сард хүүхэд асрах чөлөөгөө дуусгавар болгон үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ тус газарт гаргасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэг, Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмын 4.6 дахь заалтыг тус тус үндэслэн Гийг үүрэгт ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулж Өг ажлаас нь чөлөөлсөн байна. Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 274 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Учир нь шүүх иргэн Өгийн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1054 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй байгаа этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулахгүйгээр шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Өгийн эгүүлж тогтоолгохыг хүссэн албан тушаалд одоо томилогдон ажиллаж байгаа Гийн эрх, ашиг хөндөгдөж болзошгүй байгааг анхаараагүй нь буруу байна.

Мөн шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлэлгүй шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн.

Тодруулбал, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Өг Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Мөрөн сумын улсын бүртгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 17 дугаар тушаалыг гаргахдаа ямар баримт, хүсэлтэд үндэслэж гаргасан эсэх, Хэнтий аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2014 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 05 тоот албан бичгээр /х.х-73/ Өг сул орон тоонд томилуулах тухай санал болон шалгалтад тэнцсэн материалыг хэнд хүргүүлсэн эсэх, Хэнтий аймгийн улсын бүртгэлийн хэлтэс Улсын бүртгэлийн ерөнхий газарт Өг ажилд томилуулах санал болон холбогдох баримтыг хүргүүлсэн эсэх, өөрөөр хэлбэл хариуцагч нь Өг ажилд томилсон тушаал гаргахдаа сонгон шалгаруулалтын дүнг үндэслэсэн эсэхийг тодруулах нь маргааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байна.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.3.3-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, 88.3.4-т заасан нотлох баримт дутуу бүрдүүлсэн гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.3, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн /хуучнаар/ 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 274 дүгээр шийдэврийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаармагадлалыг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

ШҮҮГЧ О.НОМУУЛИН