Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 7A

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунчимэг даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Р.Цэрэндэжид,

Нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

Улсын яллагч Ж.Энх-Амгалан,

Хохирогч М.Лхагвасүрэн, түүний хууль ёсны төлөөлөгч М.Золзаяа,

Хохирогчийн өмгөөлөгч Г.Хандсүрэн,

Шүүгдэгч У.Даваасүх, түүний өмгөөлөгч Ж.Баярсайхан,

Иргэний хариуцагч Г.Мөнгөнцэцэг

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626010163 дугаартай, 106/2016/0524/э индекстэй хэргийн шүүгдэгч

 

Монгол улсын иргэн, 1997 оны 3 дугаар сарын 24-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хэрэг үйлдэх үедээ “Шинэ үе” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн цхаилгаанчны 1А ангид сурч байсан, ам бүл 2, ээжийн, хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 8 дугаар гудамж 113 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн ТК97032417 дугаарын регистртэй, Хиад Боржигон овгийн Улаанбандийн Даваасүхэд холбогдох хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч У.Даваасүх нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо “Шинэ үе” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хашааны гадна О.Бат-Эрдэнийг цохилоо гэсэн өөрт хамааралгүй асуудалд оролцож, муухай харлаа гэх үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр М.Лхагвасүрэнгийн толгойн тус газарт нь цохиж бие махбодид нь тархины хүнд зэргийн няцрал, тархины баруун тал бөмбөлөгийн эд доторхи  цусан хураа, зүүн талын мөчдийн саажил тархины хаван бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч У.Даваасүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 16 цагийн үед хичээл тараад сургуулиас гараад явж байтал Бат-Эрдэнийн хамраас нь цус гарчихсан байхаар нь би Бат-Эрдэнэ, Лхагвасүрэн нарыг эвлэрүүлэх гээд дуудаад та хоёр эвлэр, уучлалт гуй гэхэд Лхагвасүрэн над руу муухай харахаар нь би түүний зүүн талын шанаа тус газар нь хальт цохьсон. Миний цохилтоос Лхагвасүрэнд хүнд гэмтэл учирсан гэдгийг зөвшөөрөхгүй, надад сонсгосон зүйл ангийг зөвшөөрөхгүй байна. Хохирогчид эмчилгээнд нь 100.000 төгрөг өгсөн байгаа, би залуу хүн, сурах зүйл их байна, энэ боломжоор хангаж өгнө үү гэв.

 

Хохирогч М.Лхагвасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хичээл тараад Бат-Эрдэнэтэй муудалцаад би түүний хамар руу нь нэг удаа цохьсон. Тэгээд явж байтал Даваасүх намайг дуудахаар нь очтол яах гэж хүнтэй муудалцдаг юм гэж хэлээд миний зүүн чихний дээд талд нэг удаа хүчтэй цохьсон. Тэр үед манараад бие сонин болсон. Тэгээд ангийнхаа хүүхэдтэй явж байгаад дүүргийн буудлаас салаад гэр рүүгээ явсан. Гэртээ ирээд ярих гэсэн чинь ам татаад ярьж чадахгүй байсан, тэгээд юу болсныг мэдэхгүй байна гэв.

 

Хохирогч М.Лхагвасүрэнгийн хууль ёсны төлөөлөгч М.Золзаяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Миний хувьд маш их гомдолтой байна. Эрүүл саруул байсан хүү маань одоо тахир дутуу болсон. Хүү маань хичээлдээ явж чадахгүй болсон, маш их эмчилгээ хийгдэх шаардлагатай, энэ бүхэнд мөнгө орж байна. Даваасүхийн ар гэрээс нь 100.000 төгрөг өгснөөс өөр төлбөр өгөөгүй. Одоо эмчилгээнд гарсан зардал, хүүгээ сахиад ажилгүй байсан нэг сарын цалингийн хөлс, өмгөөлөгчид төлсөн хөлс зэрэгт нийт 2.274.130 төгрөгийг шүүгдэгч Даваасүхээс нэхэмжилж байна гэв.

 

Иргэний хариуцагч Г.Мөнгөнцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Манай сургуулийг иргэний хариуцагчаар татсаныг зөвшөөрөхгүй байна. Зодоон нь хичээл тарсаны дараа сургуулийн гадна болсон гэсэн, Даваасүх бусдад гэмтэл учруулсан тул өөрөө л төлбөрөө хариуцах ёстой гэж үзэж байна гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч М.Лхагвасүрэн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр сургууль дээрээ хичээл орж...15 цаг өнгөрөөж тарсан. Хичээл тарж хувцасны шүүгээнээс хувцасаа авах гэж байтал манай ангийн О.Бат-Эрдэнэ шүүгээнийхээ түлхүүрээр миний нүд рүү хатгасан, би тэр үед уурлаад О.Бат-Эрдэнийн хамар луу нь нэг удаа гараараа цохьсон. Тэгээд би сургуулиас гарч гадна хашааны хаалгаар гарч явтал У.Даваасүх миний араас ирээд зүүн талын чихний дээд хэсэг чамархайд 1 удаа гараараа цохьсон...би У.Даваасүхэд цохиулчихаад шууд гэр рүүгээ явсан. Даваасүх намайг цохисоны дараа миний толгой дүүрч эргээд байсан, би цохиулаад газар унаагүй, янз бүрийн зүйл толгойгоороо мөргөөгүй...цохиулсаны дараа ангийнхаа Монголбаяр, Баттулга хоёртой хамт явж байгаад дүүргийн буудлаас салаад гэртээ ирсэн. Намайг гэртээ 17 цагт ирэхэд ээж Золзаяа байсан. ...гэртээ ороод зүүн талын орон дээр сууж байтал манай хоёр настай охин дүү надаас бохь авчирсан уу гэж асуухаар нь авчраагүй гэж хэлтэл миний ам татаад хэлж чадахгүй, дуугарч болохгүй байсан, тэгтэл ээж архи уучихсан юм уу гэж асуухаар нь би үгүй гэж толгой сэгсэрсэн, тэрнээс хойш юу болсоныг санахгүй байна...гэжээ. /хх-19-22/,

 

Насанд хүрээгүй гэрч О.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр...хувцасны шүүгээний түлхүүрээ гартаа бариад явж байгаад яг шүүгээгээ онгойлгох гэтэл манай ангийн М.Лхагвасүрэн доошоо тонгойхдоо нүүрээрээ миний түлхүүрийг мөргөчихөөд, босож ирснээ “чи дээрээс хойш овоо байгаа шүү” гэж хэлээд гараараа миний хамар руу нэг удаа цохьсон. Би хамраа дараад доошоо суутал М.Лхагвасүрэн сургуулиас гараад явсан. Тэгээд би хувцсаа авч гараад сургуулийн гадаа хашааны үүдэнд цусаа арчаад зогсож байтал манай сургуулийн цахилгааны ангийн У.Даваасүх, Б.Мөнхдэлгэр хоёр гарч ирсэн. У.Даваасүх нь надаас “чи яасан бэ, яагаад хамар ам чинь цус болчихсон юм бэ” гэж асуухаар нь зүгээрээ, сая нэг цохиулсан гэж хэлтэл хажуунаас нэг нь Лхагвасүрэн цохичихоод явсан гэж хэлтэл У.Даваасүх М.Лхагвасүрэнг дуудаж “чи ангийнхаа хүүхдийг өмөөрдөг болохоос биш нэгийгээ зоддог юм уу” гэж хэлээд...зүүн талын шанаа толгойны хажуу хэсэгт нэг удаа цохьсон...Миний харсанаар Даваасүх Лхагвасүрэнгийн зүүн талынх нь шанаа толгой хавьд гараараа нэг удаа цохьсон... надад ямар нэгэн бэртсэн зүйл байхгүй, гомдол саналгүй...гэжээ. /хх- 26, 27/,

 

Насанд хүрээгүй гэрч О.Тэмүүжин мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...Намайг сургуулиас гарах гээд явж байхад манай ангийн О.Бат-Эрдэнийн хамраас цус гарчихсан хувцасны шүүгээний хажууд зогсож байсан. О.Бат-Эрдэнэтэй сургуулиас гараад хашааны үүдэнд явж байхад У.Даваасүх, Б.Мөнхдэлгэр хоёр бид нарын араас гарч ирээд юу болсон, яагаад хамар ам цус болчихсон юм бэ гэж асуусан. Тэгээд л М.Лхагвасүрэн О.Бат-Эрдэнийг цохисон гэдгийг мэдсэн. М.Лхагвасүрэнг У.Даваасүх дуудаж зүүн талынх нь чихний ар талд нь гараараа нэг удаа цохисон. М.Лхагвасүрэн О.Бат-Эрдэнэ хоёрыг бие биенээсээ уучлалт гуй гэж У.Даваасүх хэлээд тэр хоёрыг гар бариулсан... гэжээ. /хх- 28, 29/,

 

Насанд хүрээгүй гэрч Б.Мөнхдэлгэр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...хичээл тараад У.Даваасүх бид хоёр цуг явж байтал гагнуурын ангийн О.Бат-Эрдэнэ гэдэг хүүхдийн хамраас цус гарчихсан хашааны үүдэнд зогсож байхаар нь У.Даваасүх бид хоёр очоод юу болсон гэж асуухад М.Лхагвасүрэн цохьсон гэж хэлсэн. Тэгтэл М.Лхагвасүрэн хашааны булан эргэх гээд явж байхаар нь М.Лхагвасүрэнг У.Даваасүх дуудсан чинь хүрээд ирсэн. Тэгээд “та нар яагаад бие биенээ цохиж зодоод байгаа юм бэ, уучлалт гуйгаач” гэж хэлэхэд М.Лхагвасүрэн дуугүй буруу харчихаад зогсоод байсан. Тэгтэл У.Даваасүх М.Лхагвасүрэнгийн хажуунаас зүүн талынх нь шанаа хавьд нэг удаа гараараа цохьсон. Би У.Даваасүхийг араас нь татаж болиулсан...гэжээ. /хх-30/,

 

Насанд хүрээгүй гэрч Д.Монголбаяр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...О.Бат-Эрдэнэ хамраасаа цус гоожуулаад сургуулиас гарч сургуулийн гадна хашааны үүдэнд зогсож байтал У.Даваасүх, Б.Мөнхдэлгэр хоёр гарч ирээд Б.Мөнхдэлгэр О.Бат-Эрдэнэд салфетка гаргаж өгсөн. Харин У.Даваасүх “та нар нэг анги байж эвтэйхэн байхад яадаг юм бэ,  яагаад нэгнийгээ цохиж зодоод, дээрэлхээд байгаа юм бэ” гэж хэлсэн. Яг тэр үед би М.Лхагвасүрэн, У.Даваасүх хоёрын дунд зогсож байсан ба У.Даваасүх шууд М.Лхагвасүрэнгийн толгой хавьд цохьсон...Би М.Лхагвасүрэнтэй хамт сургуулийн гаднаас алхаж яваад автобусны буудлаас салаад гэртээ харьсан...гэжээ. /хх-31/,

 

Насанд хүрээгүй гэрч Б.Содбаатар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...Бид нар тэр үед ар араасаа цувраад сургуулийн хашааны хаалгаар гараад явцгааж байтал манай ангийн М.Лхагвасүрэнг цахилгааны ангийн У.Даваасүх араас нь дуудахаар нь яваад очтол У.Даваасүх “чи ямар дээрэлхүү юм бэ, ямар том юм бэ” гээд М.Лхагвасүрэнгийн зүүн талын шанаанд гараараа нэг удаа цохьсон. М.Лхагвасүрэн цохиулчихаад газар унаагүй, ямар нэгэн зүйл мөргөөгүй, гэхдээ Лхагвасүрэн Даваасүхэд цохиулаад уйлах гэж байгаа юм шиг царай гаргаж хэсэг байж байгаад бид нар автобусны буудал руу алхсан. Буудал хүртэл явах замд би ангийнхаа хүүхдүүдтэй хоорондоо юм яриад Даваасүхийг дээрэлхүү юм бэ гэж ярилцаж яваад буудал хүрсэн, тэр үед Лхагвасүрэн юм ярихгүй дуугай яваад байсан...цохиулсан газраа гараараа дараад юм дуугарахгүй яваад байсан...гэжээ. /хх-32/,

 

Насанд хүрээгүй гэрч С.Баттулгын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...Хичээл тарах үед М.Лхагвасүрэн өөрөө тонгойж байгаад О.Бат-Эрдэнийн барьж явсан түлхүүрэнд нүдээ хатгасан, түүнээс болоод уурлаад О.Бат-Эрдэнийг цохиж хамраас нь цус гаргасан. Тэгээд М.Лхагвасүрэн түрүүлээд гараад явсан. Бид нар ар араасаа цувраад...сургуулийн хашааны хаалгаар гараад М.Лхагвасүрэн хашааны булан эргэх гэж байхад Даваасүх араас дуудсан. Тэгэхээр нь М.Лхагвасүрэн бид хоёр буцаад У.Даваасүх дээр очсон. Яваад очиход У.Даваасүх “чи ямар том юм бэ, хүүхдийн хамар чихчихвэл яахын бэ” гэж хэлээд зүүн талынх нь шанаанд гараараа нэг удаа цохьсон... гэжээ. /хх-33/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Золзаяа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...М.Лхагвасүрэн нь миний том хүү байгаа юм. 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хичээлдээ яваад 16 цаг өнгөрч 17 цаг болж байхад гэртээ...орж ирэхдээ царай нь цонхийн цайчихсан байсан. Би хүүгээсээ толгой тархи чинь өвдөө юу, бие чинь зүгээр үү, яагаад наад царай зүс чинь цонхийгоод байна гэхэд ядраад байна гээд орон дээр сууж байтал 2 настай охин дүү нь ахаасаа “агаа бохь авчирсан уу” гэж хэлсэн. Тэгтэл согтуу хүн шиг хэл нь ээдрээд сонин дуугарахаар нь яаж байнаа гэж хэлээд хүүгээ харахад ам нь мурийсан байхаар нь зүүн талын орон дээрээс босгож баруун талын орон дээр хэвтүүлсэн, орон дээр хэвтүүлээд л ухаан алдчихаар нь эмнэлэг дуудсан...хүүгээсээ юу болсон, яагаад ийм болов гэж асуухад манай сургуулийн цахилгааны ангийн У.Даваасүх гэдэг хүүхэд намайг сургуулийн үүдэн дээр дуудаж миний толгойн зүүн тал руу гараараа цохьсон гэж хэлсэн. Би гомдолтой байна...эмчилгээний ямар ч зардал төлөөгүй. Манай хүүд цаашид эмчилгээ хийлгэхэд хэдэн төгрөгний зардал гарахыг хэлж мэдэхгүй байна. Яг одоогийн байдлаар 2.053.200 төгрөг гарсан байгаа... гэжээ. /хх-23/,

 

Шүүгдэгч У.Даваасүх мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...Би Лхагвасүрэнг уг нь Бат-Эрдэнэтэй эвлэр гэсэн чинь муухай хараад л зогсоод байсан. Тэгэхээр нь би нэг л удаа толгой хэсэгт нь аярхан цохьсон. Намайг эвлэр гэж хэлэхэд миний өөдөөс ямар нэгэн зүйл хэлээгүй. Дуугай л зогсоод байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд цохьсон...гэжээ. /хх-197-200//,

 

Шинжээч эмч А.Амгаланболд мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...М.Лхагвасүрэнгийн биед тархины хүнд зэргийн няцрал, тархины баруун тал бөмбөлөгийн эд доторхи цусан хураа, зүүн талын мөчдийн саажил, тархины хаван бүхий гэмтэл тогтоогдсон. Энэ гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хүний тархины зүүн талд цохих үед тархи цалгиж тархины баруун тал бөмбөлгийн эд няцарч тархины эд доторх цусан хураа үүсэх боломжтой. Хүний гар нь хатуу мохоо зүйлд тооцогддог болохоор гараар 1 удаа цохих үед үүсэх боломжтой...тодорхой хугацаанд дээрхи гэмтлийг авсан хүн хөдөлгөөн хийж явах боломжтой. Гэмтлийг авсан тохиолдолд толгой хүчтэй өвдөнө, дотор муухай оргиж, бөөлжис цутгана, тодорхой хугацааны дараа хэл ам ээдэрч, хөл бадайрна... гэжээ. /хх-35-38/

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн № 840 тоот акт. Дүгнэлт:

1. М.Лхагвасүрэнгийн биед тархины хүнд зэргийн няцрал, тархины баруун тал бөмбөлөгийн эд доторхи цусан хураа, зүүн талын мөчдийн саажил, тархины хаван бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-40/,

 

Шүүгдэгч У.Даваасүхийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-52/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8, 9/, насанд хүрээгүй хохирогчийн төрсний гэрчилгээ болон өвчний түүхийн хуулбар /13, 63-71/, хохирлын баримтууд /хх-72-76/, бусад бичгийн нотлох баримт зэрэг болно.

 

Шүүгдэгч У.Даваасүх нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо “Шинэ үе” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хашааны гадна О.Бат-Эрдэнийг цохилоо гэсэн өөрт хамааралгүй асуудалд оролцож, муухай харлаа гэх үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр М.Лхагвасүрэнгийн толгойн тус газарт нь цохиж бие махбодид нь тархины хүнд зэргийн няцрал, тархины баруун тал бөмбөлөгийн эд доторхи  цусан хураа, зүүн талын мөчдийн саажил тархины хаван бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгчдэгч У.Даваасүх, насанд хүрээгүй хохирогч М.Лхагвасүрэн нараас мэдүүлсэн мэдүүлэг болон хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хохирогч М.Лхагвасүрэнгийн  “...би У.Даваасүхэд цохиулчихаад шууд гэр рүүгээ явсан...гэртээ ороод зүүн талын орон дээр сууж байтал манай хоёр настай охин дүү надаас бохь авчирсан уу гэж асуухаар нь авчраагүй гэж хэлтэл миний ам татаад хэлж чадахгүй дуугарч болохгүй байсан, тэгтэл ээж архи уучихсан юм уу гэж асуухаар нь би үгүй гэж толгой сэгсэрсэн, тэрнээс хойш юу болсоныг санахгүй байна..." гэх /хх-19-22/, насанд хүрээгүй гэрч О.Бат-Эрдэний “…У.Даваасүх М.Лхагвасүрэнг дуудаж “чи ангийнхаа хүүхдийг өмөөрдөг болохоос биш нэгийгээ зоддог юм уу” гэж хэлээд...зүүн талын шанаа толгойны хажуу хэсэгт нэг удаа цохьсон...Миний харсанаар Даваасүх Лхагвасүрэнгийн зүүн талынх нь шанаа толгой хавьд гараараа нэг удаа цохьсон...” гэх /хх- 26, 27/, насанд хүрээгүй гэрч О.Тэмүүжиний “...М.Лхагвасүрэнг У.Даваасүх дуудаж зүүн талынх нь чихний ар талд нь гараараа нэг удаа цохисон...” гэх /хх-29/, насанд хүрээгүй гэрч Б.Мөнхдэлгэрийн “...М.Лхагвасүрэнг У.Даваасүх дуудсан чинь хүрээд ирсэн. Тэгээд та нар яагаад бие биенээ цохиж зодоод байгаа юм бэ, уучлалт гуйгаач гэж хэлэхэд М.Лхагвасүрэн дуугүй буруу харчихаад зогсоод байсан. Тэгтэл У.Даваасүх М.Лхагвасүрэнгийн хажуунаас зүүн талынх нь шанаа хавьд нэг удаа гараараа цохьсон...” гэх /хх-30/, насанд хүрээгүй гэрч Д.Монголбаярын “…би М.Лхагвасүрэн, У.Даваасүх хоёрын дунд зогсож байсан ба У.Даваасүх шууд М.Лхагвасүрэнгийн толгой хавьд цохьсон...” гэх /хх-31/, насанд хүрээгүй гэрч Б.Содбаатарын “...М.Лхагвасүрэнг цахилгааны ангийн У.Даваасүх араас нь дуудахаар нь яваад очтол У.Даваасүх чи ямар дээрэлхүү юм бэ, ямар том юм бэ гээд М.Лхагвасүрэнгийн зүүн талын шанаанд гараараа нэг удаа цохисон...” гэх /хх-32/, насанд хүрээгүй гэрч С.Баттулгын “...М.Лхагвасүрэн хашааны булан эргэх гэж байхад Даваасүх араас дуудсан. Тэгэхээр нь М.Лхагвасүрэн бид хоёр буцаад У.Даваасүх дээр очсон. Яваад очиход У.Даваасүх “чи ямар том юм бэ, хүүхдийн хамар чихчихвэл яахын бэ” гэж хэлээд зүүн талын шанаанд гараараа нэг удаа цохисон...” гэх /хх-33/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Золзаяагийн “...хүүгээсээ юу болсон, яагаад ийм болов гэж асуухад манай сургуулийн цахилгааны ангийн У.Даваасүх гэдэг хүүхэд намайг сургуулийн үүдэн дээр дуудаж миний толгойн зүүн тал руу гараараа цохисон гэж хэлсэн...” гэх /хх-23/, шүүгдэгч У.Даваасүхийн сэжигтнээр болон яллагдагчаар /хх-48, 51, 197-199/ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн № 840 тоот акт, бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд У.Даваасүхийг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч У.Даваасүхэд сонсгосон зүйл анги тохироогүй, хувийн таарамжгүй харьцаа буюу хохирогч М.Лхагвасүрэн нь иргэн Бат-Эрдэнийг цохиж хамраас нь цус гаргачихсан байхаар нь Лхагвасүрэнг уучлалт гуй гэхэд нь үл ойшоон муухай хараад байхаар нь Даваасүх нэг удаа Лхагвасүрэнг цохьсон нь танхайн сэдэлт гэж үзэх үндэслэлгүй тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх талаар онолын тайлбар гаргалаа.

 

Шүүгдэгч У.Даваасүх иргэн О.Бат-Эрдэнийг бусдад цохиулчихсан байгааг хараад асуудлын учрыг ололгүйгээр М.Лхагвасүрэнг хүн цохилоо, эвлэр гэхэд нь муухай харлаа гэх үл ялих шалтгаанаар шалтаглан бусдын эрх чөлөөнд халдан бие махбодид нь  амь насанд аюултай хүнд гэмтэл учруулаад байгааг хувийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Даваасүх өөрт нь огт хамааралгүй, 2 хүний хооронд болоод өнгөрчихсөн асуудлаар нээнтэглэн бусдыг цохиж хүнд гэмтэл учруулсан нь танхайн сэдэлтээр үйлдэгдсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байх ба шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч У.Даваасүхэд холбогдох хэрэгт шүүгдэгч, хохирогч нарын суралцаж байсан “Шинэ үе” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг иргэний хариуцагчаар тогтоосон байх ба шүүгдэгч У.Даваасүхийн үйлдсэн гэмт хэрэг нь санаатай гэмт хэрэг, гэмт хэрэг нь хичээлийн бус цагаар, сургуулийн хашааны гадна үйлдэгдсэн тул өөрийн гэм буруугаас болж хохирогч М.Лхагвасүрэнд учруулсан гэм хорын хохирлыг түүний суралцаж байсан төв нь биш У.Даваасүх өөрөө хариуцан төлөх үндэслэлтэй байна.

Хохирогч М.Лхагвасүрэнгийн хууль ёсны төлөөлөгч шүүгдэгч У.Даваасүхээс эмчилгээний зардал, чөлөө авч хүүхдээ сахисан хугацааны цалин, өмгөөлөгчийн хөлс зэрэгт нийт  нь 2.274.130 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан 1.076.400 төгрөг, чөлөөтэй байсан хугацааны аваагүй цалин 572.163 төгрөг, нийт 1.648.563 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байгаагаас шүүхийн шатанд шүүгдэгчээс төлсөн 100.000 төгрөгийг хасч, үлдэх 1.548.563 төгрөгийг шүүгдэгч У.Даваасүхээс нөхөн гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байх ба хохирогч нь бусад хохирол /баримтгүй хохирлоо баримтжуулаад/ болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлд заасан байцаан шийтгэх ажиллагааны зардалд хохирогчоос өөрийн сонгон авсан өмгөөлөгчид төлсөн зардал хамаарахгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчид төлсөн хөлс гэх 700.000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 Шүүгдэгч У.Даваасүхэд ял шийтгэл оногдуулахдаа түүний өмнө нь ял шийтгэгдэж байгаагүй хувийн байдлыг харгалзан үзлээ. 

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хиад Боржигон овгийн Улаанбандийн Даваасүхийг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. У.Даваасүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 1 сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар У.Даваасүхэд оногдуулсан 7 жил 1 сар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар У.Даваасүхийн цагдан хоригдсон 118 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар У.Даваасүхээс 1.548.563 төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогч М.Лхагвасүрэн /хууль ёсны төлөөлөгч М.Золзаяа/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 700.000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож, хохирогч М.Лхагвасүрэн /хууль ёсны төлөөлөгч М.Золзаяа/ нь бусад хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Хэрэгт авагдсан эд мөрийн баримтгүй болохыг дурдаж, У.Даваасүхэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээн, түүнийг цагдан хорьж, ял эдлэх хугацааг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол У.Даваасүхийг цагдан хорьсныг хэвээр байлгасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ц.ОЮУНЧИМЭГ

                             

                              ШҮҮГЧИД                                          Т.АЛТАНТУЯА

               

                                                          Г.ГАНБААТАР