Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 332

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: , “О” ХХК /РД:24/

Хариуцагч:, “Н з” ХХК /РД:264/

            11.137.427 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ор, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Он, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч ОрБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ор шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ОрБ ХХК нь Н з ХХК-тай 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ORB/YГ-12/12 тоот Интернэтийн үйлчилгээ үзүүлэн ажилласан. Гэрээгээр үйлчлэгч нь интернэтийн 512 Kbps хурдтай сансрын холболтыг найдвартай хангах үйлчилгээг үзүүлэх, үйлчлүүлэгч Н з ХХК нь гэрээний хавсралтад заасан төлбөрийг төлөх үүргийг хүлээж гэрээ байгуулсан. Н з ХХК-д 2015 оны 09 дүгээр сар хүртэл гэрээний дагуу үйлчилгээ үзүүлсэн. Дунд нь төлбөр төлөгдөөгүй гэсэн шалтгаанаар үйлчилгээг тухай бүрд нь хааж байсан. Н з ХХК нь 2014 оны 09 дүгээр сар 3.805.573 төгрөг, 2014 оны 10 дугаар сар 521.880 төгрөг, 2014 оны 11 дүгээр сар 3.805.573 төгрөг, 2015 оны 09 дүгээр сар 3.004.400 төгрөг нийт 11.137.426 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч Н з ХХК-иас 11.137.427 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н з ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Он шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Энэ төлбөр нь аль 2014 оны төлбөр. Н з ХХК-ийн удирдлагад энэ мөнгөө төл, ийм юм битгий хийж бай гэж хэлсэн. Би 100.000.000, 200.000.000 төгрөгний хэрэгт чинь явна, ийм юман дээр өөрсдөө яв, мөнгөө төл гэж хэлсэн. Тэгээд ч эвлэрэх саналтай ирсэн. Иймд нэхэмжлэлээс 80% буюу 8.000.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх 3.137.426 төгрөгийг төлөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “ОрБ” ХХК нь хариуцагч “Н з” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 11.137.427 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

            Хариуцагч Н з ХХК нь 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдөр  нэхэмжлэгч ОрБ ХХК-тай №orb YГ-12/12 Интернэтийн сансрын холболтын үйлчилгээний гэрээ байгуулж үйлчлэгч ОрБ ХХК нь интернэтийн 512 Kbps хурдтай сансрын холболтыг хангах, үйлчлүүлэгч Н з ХХК нь гэрээний хавсралтад заасан төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээж гэрээг байгуулжээ.

            Зохигчийн байгуулсан Интернэтийн сансрын холболтын үйлчилгээний гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан хүчин төгөлдөр хэлцэл байна.

            Нэхэмжлэгч, хариуцагч гэрээний хүчин төгөлдөр байдал, 2014 оны 09, 10, 11 сар, 2015 оны 09 дүгээр саруудын үйлчилгээний төлбөрийн дүнд маргаагүй.

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 8.000.000 төгрөг төлөхөөр эвлэрэн хэлэлцэх санал гаргасанг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй, 3.137.427 төгрөгийг төлөхгүй гэсэн тайлбар нь нотолсон баримтгүй, ямар үндэслэлээр татгалзсан талаарх тайлбарыг гаргаагүй тул төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэлгүй байна.

            Хариуцагч Н з ХХК нь гэрээний 3.1.2-т зааснаар гэрээг цуцлах, дуусгавар болгох санал гаргаагүй, 3.2.1-т заасан гэрээний хавсралтад заасан төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй буруутай тул хариуцагчаас гэрээний үүрэгт 11.137.427 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ОрБ ХХК-д олгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Н з ХХК-иас 11.137.427 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ОрБ ХХК-д олгосугай.

           

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193.149 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Н з ХХК-иас 193.149 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ОрБ ХХК-д олгосугай.

             

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ж.КУЛЬДАНА