Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/125

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0112

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,

Шүүгдэгч Б.Д /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ц овогт Б-ийн Дт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2218000000110 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 сарын 17-ны өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ц овогт Б-ийн Д /РД: ........... /, .....  оны .... дугаар сарын ..... -ний өдөр ........ аймгийн ......  суманд төрсөн, эрэгтэй, .....  настай, ....  боловсролтой, ...........  мэргэжилтэй, ...... ХХК-д .......  ажилтай, ам бүл .... , эцэг, эх, дүүгийн хамт ....... аймгийн ....... сумын ....  дугаар баг, .......  дугаар гудамжны ......  тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Б.Д нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Тухайн үед хэл амаараа учраа олж болох байсан. Миний буруу.” гэв.

 

Эрүүгийн 2218000000110 дугаартай хэргээс:

 

Хохирогч Х.Т-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 5 дахь тал/, гэрч Б.Б-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/, насанд хүрээгүй гэрч Т.У-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 223 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 16-17 дахь тал/, Аюулын зэргийн үнэлгээ /хавтаст хэргийн 25-26 дахь тал/, Б.Д-ын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалж, эд мөрийн баримтад үзлэг хийв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч Б.Д-т холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 15 цагийн үед  ...........  аймгийн ......  сумын .........  дугаар баг ......  тоот гэртээ гэр бүлийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Х.Т-ын эрүүл мэндэд зүүн бугалга, баруун, зүүн хонгонд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:

 

Хохирогч Х.Т-ын мөрдөн байцаалтад 2022  оны 02 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн: ...Би Д-тай 2020 оноос нэг гэрт орсон. Бид хоёр нэг гэрт орсны дараа 2021 оны 09 дүгээр сард Д намайг зодоод бид хоёр салсан боловч дахиж тэгэхгүй гэж уучлалт гуйгаад бид эргээд нийлсэн. Тэгтэл 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хамт хөдөө манай ээж аавынх руу явж байгаад замдаа маргалдсан чинь буцаж гэртээ ирээд намайг зодсон. Мөн миний том охин болох Уянгыг хүртэл зодсон. Тэгж байгаад бид хоёр хэрэлдэхээ болиод нэг гудамжинд байдаг Д-ын аав ээжийнх нь гэр лүү хоёр хүүхэдтэйгээ орсон. Тэгээд аавынх нь гэр лүү орсны дараа Д аав ээж хоёртоо уурлаж орилж байгаад гарсан. Тэгснээ .........-д очиж уулан дээр гарч зогсож байгаад уурлаад Би энэ охиныг чинь алчихъя гэж байгаад уур нь гараад бид нар цуг гэртээ ирээд унтацгаасан. Тэгээд өглөө босоод утсаараа ах руугаа залгахад ах нар маань намайг ирж аваад цагдаад дуудлага өгсөн. Д нь сүүлд намайг зодохдоо миний зүүн гарын булчин хэсэг рүү нэлээн олон удаа гараараа цохисон. Мөн нуруу руу утасны цэнэглэгчээр 3 удаа ороолгосон, баруун хөл дээр дэвсэлсэн. Мөн охины маань хоолойг боогоод, цээж рүү нь хэд хэдэн удаа цохиж түлхсэн, дух руу нь няслаад нүд рүү нь хатгах зэргээр зодсон. Одоогоор миний гар хавдаж хөхөрсөн байдалтай, охины хоолой зулгарсан байдалтай байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5 дахь тал/,

 

Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтад 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн: ...2022 оны 02 дугаар сарын 14-ний өглөө манай бэр Т-ын ах болох А  гэх хүн над руу утсаар яриад Та энэ хоёрын гэрт хүрээд ирээч гэхээр нь очсон чинь тэр хоёр хэрэлдэж маргалдаад, манай хүү Д эхнэрээ зодсон байдалтай Тунгалагтуулын зүүн гарын булчин хэсэг нь хөхөрсөн байсан. Манай бэр хэлэхдээ бас охиныг нь зодсон гэж хэлсэн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/,

 

Насанд хүрээгүй гэрч Т.У-ын мөрдөн байцаалтад 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн: ...Хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Манай аав Д ээж Т руу уурлаад зүүн гар талын гар руу нь гараараа 10 орчим удаа цохисон. Тэгээд ээж Т-ын цохиулсан гар нь хар өнгөтэй /хөхөрчихсөн/ болчихсон. Тэгээд манай аав Д миний цээж хэсэг рүү түлхээд газарт байсан тоглоом дээр унагаасан. Газарт унаад босоод ирсэн чинь миний гэдэс хэсэг рүү гарынхаа тохойгоор цохисон. Тэгээд над руу нүүрний савтай тос шидсэн. Тэр савтай тос гэхдээ намайг оноогүй. Миний нурууны хэсэг тонгойхоор өвдөж байгаа гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 223 дугаартай ...Х.Т-ын биед зүүн гарын бугалга, зүүн хонго, баруун хонгонд цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Х.Т-ын биед илэрсэн гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 227 дугаартай Т.У-ын биед хүзүү хоолойн ар хэсэгт дарагдлын ором зулгаралт тогтоогдлоо. Дээрх зулгаралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Т.У-ын биед илэрсэн зулгаралт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хавтаст хэргийн 22 дахь тал/,

 

Аюулын зэргийн үнэлгээний /...0-3 буюу бага/ гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

 

Б.Д-ын яллагдагчаар 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн: ...2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 14 цагийн орчим өөрийн эхнэр Т-ын болон хоёр хүүхдийн хамт салхилах гээд ........  руу явж байсан юм. Тэгээд явж байгаад замдаа эхнэр бид хоёр цаашаагаа хөдөө явж юм үзэх гэж байсан чинь эхнэр Т явахгүй гээд байсан юм. Харин би явчхаад ирье гэсэн. Тэгээд энэ асуудлаас болж хоорондоо маргалдсан. Тэгээд буцаж гэртээ ирсэн. Тэгээд гэртээ ирээд эхнэрийнхээ зүүн гарынх нь булчин хэсэг рүү гараа атгаж байгаад 6-7 удаа цохисон. Тэгээд У-ыг түлхэж газар унагаасан. Маргааш өглөө нь манай эхнэр Т  цагдаа дуудаж гомдол гаргасан. Би эхнэр Т-д хохирол төлбөр төлөөгүй. Т надаас хохирол нэхэмжлээгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/ зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 15 цагийн орчимд .......  аймгийн ............  сумын .. дугаар баг, ........  тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч Х.Т-д бие махбодын хүчирхийлэл үйлдэж зүүн гарын бугалга хэсэгт гараараа цохиж, зүүн хонго, баруун хонго хэсэгт нь хөлөөрөө өшиглөж зүүн гарын бугалга, зүүн хонго, баруун хонгонд цус хуралтын гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.гэв.

 

Шүүгдэгч Б.Д нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Шүүхээс шүүгдэгч Б.Д-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохоо бичгээр илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.1 дэх хэсэгт зааснаарэхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг тус хуулийн үйлчлэлд хамааруулахаар,

мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг,

5.1.2. “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг гэж тус тус тодорхойлжээ.

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч Х.Т-ын эрүүл мэндэд учирсан зүүн гарын бугалга, зүүн хонго, баруун хонгонд цус хуралт бүхий хөнгөн хохирол нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч Б.Д-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгчийн зан харилцаа, гэр бүлийн ёс суртахууны хэм хэмжээ зөрчсөний улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Хохирогч Х.Т  нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирол нэхэмжлээгүй, холбогдох баримтыг гаргаж өгөөгүй тул шүүгдэгч Б.Д-аас энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч саналдаа: Шүүгдэгч Б.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. гэв.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Д нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч Б.Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Д-т ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлж байгаа байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 6 сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц овогт Б-ийн Д-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-т оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ИДЭР