Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 423

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана  даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч:, Боржигин овогт Б Э.

            Хариуцагч:, Улам оргих овогт Б Б.

            Гэрээний үүрэг 15.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Э нь 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр  хариуцагч Б.Бтай зээлийн гэрээ байгуулж 10.000.000 төгрөгийг 2017  оны 04 дүгээр сарын 03-наас 2017 оны 05 дугаар сарын 03-ныг хүртэл 30 хоногийн хугацаатай, хүүгүй зээлдүүлсэн. Мөнгийг хариуцагч Б.Бын дансанд шилжүүлсэн. Хариуцагч зээлсэн мөнгөө 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төлж барагдуулах байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй. Зээлдүүлсэн мөнгөө нэхэхээр ямар нэг шалтаг шалтгаан хэлж, зарим үед утсаа авахгүй, утасны дугаараа солих болсон. Гэрээний 2.5-д зааснаар хариуцагч хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөх ёстой. Хариуцагчийн хариу тайлбартай танилцахад надтай утсаар ярьж тохирсон 10.000.000 төгрөг төлнө гэсэн байсан. Төлөөлөгчийн хувьд түүнтэй би үнийн дүнгийн талаар ярьж тохиролцоогүй. Иймд хариуцагч Б.Баас зээлийн 10.000.000 төгрөг, алданги 5.000.000 төгрөг нийт 15.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.    

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Б би 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 10.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан авсан. Гэхдээ энэ мөнгө нь ажил гүйцэтгэх мөнгө байсан. Ажил бүтэхгүй тохиолдолд буцаан олгох мөнгө учир зээлийн гэрээ байгуулан авсан нь үнэн. Энэ мөнгө 10.000.000 төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 15 гэхэд өгч барагдуулна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бтой утсаар ярьж тохирсон болно гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Б.Бд холбогдох гэрээний үүрэг 15.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Б.Этэй 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 10.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, хүүгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож төлөх нөхцөлтэйгээр тохиролцсон байна.

 Зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээхээр заажээ.

            Зохигч гэрээний 2.6, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн мөнгийг шилжүүлсэн, хариуцагч  хариу тайлбартаа 10.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж хүлээн авсан талаар тайлбарлан, үнийн дүнд маргаагүй байна.

            Шүүхэд гаргасан хариу тайлбартаа хариуцагч нь зээлийн шилжүүлэн авсан 10.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн боловч талууд зээлийн гэрээний 2.3, 2.5-д зээлдэгч 2017 оны 05 дугаар сарын 03-ны дотор үл маргах журмаар төлж барагдуулах ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд шүүхийн журмаар шийдвэрлүүлэх, зээлдэгч хугацаандаа зээлээ төлөхгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож төлөхөөр тохирсон тул хариуцагч Б.Баас үндсэн зээл 10.000.000 төгрөг, алданги 5.000.000 төгрөг нийт 15.000.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.

            Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн алданги Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн хуулийн зүйлд нийцсэн байна.

            Иймд хариуцагч Б.Баас 15.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Эт олгож, хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан хэлбэрээр улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгож  шийдвэрлэв.

            Хариуцагч Б.Бд энэ өдрийн шүүх хуралдааны товыг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                         

                                                                                                     

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн  281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Б.Баас 15.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Эт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас 232.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Эт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч,хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн доторНийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ж.КУЛЬДАНА