Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/217

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0113/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч Д.О /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт Б  овогт Д-ийн О-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2218000000101 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б  овогт Д-ийн О /РД: ........ /, ........ оны ....  дүгээр сарын ... -ны өдөр ....  аймагт төрсөн, ....  настай, эрэгтэй, ..... боловсролтой, .......... ажилчин, мэргэжилтэй, “........ ” ХК-д .........  ажилладаг, ам бүл .. , ..........-ийн хамт ......  аймгийн .......... сумын ......  дүгээр баг, .......  дугаар хороолол, ....  дүгээр байрны .....  тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд .......  аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ний өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Д.О-ыг согтуурсан үедээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.О нь согтуурсан үедээ 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ............. аймгийн ..........  сумын ....  дүгээр баг ......  дүгээр байрны ......  тоотод иргэн Л.У-ын толгойн тус газар мөргөж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамар орчмын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О-ын мэдүүлсэн: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргаж мэтгэлцэх зүйлгүй. Мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлгээ өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй, прокурортой тохиролцсон ялыг оногдуулж өгнө үү. гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2218000000101 дугаартай хэргээс:

 

Хохирогч Л.У-ын хэрэг бүртгэлтэд 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: ...Өнөөдөр Улаанбаатар хотод гэртээ байж байтал Дархан-Уул аймагт байдаг манай найз А над руу залгаад Нөхөртэйгөө хэрэлдчихлээ. Улаанбаатар хот руу чам дээр очлоогэж хэлсэн. Тэгээд удалгүй буцаад залгахад утсаа аваагүй. Тэгж байгаад 15 цагийн үед над руу дахин залгаад Улаанбаатар хотод ирчихлээ гэж хэлээд надтай уулзахаар нь юу болсон талаар асуухад Надад үнэхээр хэцүү байна.Ер нь салдаг юм уу гэж байсан юунаас болоод яагаад гэдгийг нь надад тайлбарлаж хэлээгүй. Манай найз надтай хамт байж байгаад Дархан орж хүүхдээ аваад Дарханд хоночхоод өглөө эрт гараад хөдөө ээж дээрээ очъё гэж хэлсэн. Тэгэхээр нь би найз А, найз залуу Н нарын хамт Дархан-Уул аймаг руу Улаанбаатар хотоос шөнө 01 цагийн үед явж 04 цагт Дарханд ирсэн. Бид Дарханд ирээд ...... буудалд орж хоноод маргааш нь манай найз А хүүхдээ аваад бид хоёрын хамт явна гээд бид амрах гэж байтал 05 цагийн орчим А руу нууцалсан дугаар залгаад танай нөхөр О архи уугаад байна гэж хэлсэн. Гэхдээ нарийн тодорхой юу болсон талаар мэдэхгүй байна. А нөхөртэйгөө утсаар ярьж дуусаад Оын байгаа газрыг мэдчихлээ би яваад ирье гээд явсан. Тэгээд удалгүй над руу утсаар залгаад О-ийнд хүрээд ирээч. Би ганцаараа байна. Орохоосоо айгаад байна. Хамт оръё гэхээр нь би ганцаараа такси барьж яваад очиход А .....  дүгээр байрны 0 тоот руу яваад орчихсон байсан. Тэгэхээр нь араас нь ортол А-ын нөхөр 1 залуу 3 эмэгтэйн хамтаар архи ууж байсан. Тухайн үед А  нөхөртөө хандаж Чи ямар арчаагүй юм бэ. Гэртээ очъё. Хүүхэд дээрээ хамт очъё гэж хэлээд нөхрийн хамт түрүүлээд гарахаар нь би араас нь гартал орцны үүдэнд зогсоод над руу харж байгаад миний хамар руу мөргөчихсөн. Тэгээд би цагдаа дуудсан. Миний хамар хөндүүрлэж өвдөж байна. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 4 дэх тал/,

 

Гэрч С.О-ийн хэрэг бүртгэлтэд 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн: ...Би 2022 оны 02 дугаар сарын 12-ны шөнө 01 цагийн үед хээтэй хороололд О  гэх найзынхаа гэрт 2 найзын хамт пиво уугаад сууж байхад О над руу залгаад миний байгаа газар ирэхэд нэлээн согтуу байсан. Тэгээд О манай найзын гэрт орж ирээд нэг шил архи гаргаж ирээд хамт уугаад байж байхад гаднаас эхнэр нь нэг найзын хамт орж ирээд О-д Хүүхэдтэйгээ явж байна гэж хэлээд тэр хоёр хоорондоо маргалдаж байгаад Оыг гэрээс аваад гарсан. Тэгээд хэсэг байж байгаад гаднаас О-ын эхнэр А-ийн найз болох эмэгтэй хамт орж ирээд Миний хамрыг О толгойгоороо мөргөчихлөө гээд хамраа дараад ороод ирсэн. Тэгээд би яаж байгаа юм бэ гэж хэлээд бөөнөөрөө яриад байж байтал гаднаас цагдаа орж ирсэн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 225 дугаартай ...Л.У-ын биед хамар ясны хугарал, хамар орчмын цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Л.У-ын биед илэрсэн гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

 

Д.О-ын яллагдагчаар 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн: ....2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шилжих шөнө 01 цагийн үед манай ажлын газрын ах над руу залгаад ахын дүү Нэгдсэн эмнэлэг дээр ахдаа ус ундаа дөхүүлээд өгөөч гэж хэлэхээр нь гэрээсээ гараад яваад очсон. Тэгээд би эмнэлэг дээр очоод дэлгүүрээс авсан зүйлээ ажлынхаа газрын ахад өгчхөөд буцаад гэр рүүгээ харих гээд таксинд суух гээд байж байхад миний танил Ш  гэж дууддаг О гэх залуу надтай холбогдоод эхнэр чинь ......  дүгээр байрны .....  давхрын ....  тоотод байна гэж хэлэхээр нь яваад очиход тэр байранд Ш , З  хоёр бас өөр хоёр танихгүй эмэгтэйн хамт байж байсан. Манай эхнэр байхгүй болохоор нь би тэнд хүлээгээд сууж байтал удалгүй гаднаас манай эхнэр А найз У-ын хамт гаднаас ирээд надтай хэрүүл хийгээд маргалдсан. Тэгээд би үүд хэсэгт эхнэртэйгээ маргалдаад байж байхад Ш намайг болио гээд гараас бариад араас татахад эхнэрийн найз У хажуу талаас над руу орилоод байхаар нь би нүүр хэсэг рүү нь толгойгоороо 1 удаа мөргөчихсөн. Тэгээд хэрүүл болоод маргалдаад байж байхад гаднаас цагдаа нар ирсэн. Би У-ын нүүрэн тус газар нэг удаа мөргөсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

 

Шүүгдэгч Д.О нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд улсын яллагчтай тохиролцсон эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж өгнө үү гэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.О-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Д.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Д.О-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Д.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Хохирогч Б.У  нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул энэ тогтоолоор шүүгдэгч Д.О-аас. гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б  овогт Д-ийн О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан аяганы хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.ИДЭР