Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/151

 

 

 

 

 

 

  2022          03           04                                       2022/ШЦТ/

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч Д.Нямдэлэг,

шүүгдэгч Ө.Т” нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б” овогт Ө”ын Т”ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000000017 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн, 00 настай, эрэгтэй, Дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “У” ХХК-д чанар шалгагч ажилтай, ам бүл-2, эхнэрийн хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 0000 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б” овогт Ө”ын Т” (РД:).

 

Холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Яллагдагч Ө.Т” нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Тайгер спорт зааланд 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр 00 цагийн орчимд Б.Б”тай маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь баруун хацрын нумны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Т”: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, эрүүгийн 2210000000017 дугаартай хэргээс оролцогчдын  шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

1. Хохирогч Б.Б”ийн Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 4 дэх тал),

 

2. Эд мөрийн баримтаар тооцох тухай 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 6 дахь тал),

 

3. Хохирогч Б.Б”ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “...Би “Улаанбаатар Бүк” гэх барилгын компанид жилийн өмнө 2020 оны 6 дугаар сард гагнуурчин мэргэжлээр ажилд орсон. Манай компанийн ажилчид 7 хоногийн мягмар гариг бүр орой 18 цагаас 20 цагийн хооронд заал авч сагс тоглодог юм. 2021 оны 12 дугаар сарын 14-нд Хан-Уул дүүрэгт байрлах “Тigег” спорт зааланд орой 19 цагийн үед компанийн ажилчид болох 18 хүн очиж 5, 5-аараа ээлжлэн сагс тоглож байхад би заслан буюу хаалт тавихад би Тэнгистэй мөргөлдөөд Тэнгис унаад би бас хальт унаад босоод ирсэн чинь Тэнгис босож ирээд яаж тоглоод байгаа юм бэ гээд зүүн гараараа баруун дээд шанаанд цохисон. Тэгээд би цохиулчхаад тоглохоо болиод суугаад хөлсөө хатааж байгаад хувцсаа өмсөөд гэртээ хариад оройн хоолоо идэх гэсэн чинь хөндүүрлээд идэж чадахгүй байсан учир гэмтсэн юм байна гэж бодоод гэмтлийн эмнэлэг дээр рентген зураг авхуулахад компьютер томографын шинжилгээ хийлгэх хэрэгтэй юм байна гэж хэлсэн учир гэмтлийн эмнэлгийн үүдэнд байдаг “Лазер Мед” гэх хувийн эмнэлэгт компьютер томографын шинжилгээ хийлгэхэд баруун хацрын нум гурвалсан дотогш цөмөрсөн хугаралтай хугарлын харалдаа зөөлөн эдэд хаван хавдартай гэсэн учир цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гаргасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал),

 

4. Гэрч Д.Д”гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: “...Би “Улаанбаатар Бүк” ХХК-д гагнуурчнаар ажилладаг компани 7 хоног болгон мягмар гариг бүр “Тiger” спорт зааланд ажилчдаараа сагс тоглодог юм. Тухайн өдөр буюу энэ оны 12 дугаар сарын 14-нд Хан-Уул дүүрэгт байрлах “Тiger” спорт зааланд 19 цагийн үед компанийн ажилчид заал авч Б”, Б” бид 3 нэг багт тоглож байхад хажуугийн шугамаас бөмбөг гаргаад надад өгөөд би бөмбөгтэй явж байх үед Б” ирж заслан тавих үед Т” Б”ын заслан буюу хаалтад мөргөж унаад Т”, Б” 2 бие биенээ түлхэж байгаад дахиад нэг харсан чинь Т”  Баттунгалгыг цохиж байсан тэгэхээр нь очоод салгасан өөр юм болоогүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

 

5. Гэрч С.Б”ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: “...Би “Улаанбаатар Бүк” ХХК-д гагнуурчнаар ажилладаг компани 7 хоног болгон мягмар гариг бүр “Tiger” спорт зааланд ажилчдаараа сагс тоглодог юм. Тухайн өдөр буюу энэ оны 12 дугаар сарын 14-нд Хан-Уул дүүрэгт байрлах Tiger спорт зааланд 19 цагийн үед компаний ажилчид заал авч Д”, Б” бид 3 нэг багт тоглож байхад хажуугийн шугамаас бөмбөг гаргаад Д”-д өгөөд Д” бөмбөгтэй явж байх үед нь Б” очиж заслан тавих үед Т”, Б”ын заслан буюу хаалтад мөргөж унаад босож ирээд цохисон. Д” гүйж очиж Т”ыг болиулаад тэр 2-ийг салгасан. Тэгээд Д” бид 2 тоглохоо болиод сууж байгаад тухайн заалнаас явсан. Тухайн үед Д” очиж Т”ыг болиулах гэхэд бас Т” Д” руу чи яах гээд байгаа юм хэний талд ороод байгаа юм бэ гээд дайрч байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 535 дугаартай хүний биед хийгдсэн

“-Б.Б”т баруун хацрын нумны хугарал тогтоогдлоо

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн, цохих үйлдлээр үүсгэгдэнэ

-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

-Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

 

7. 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 30-33 дахь тал),

 

8. Хохирогч Б.Б”ийн мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн 222.950 төгрөгийн хохирлын баримт (хавтаст хэргийн 38 дахь тал),

 

9. Шүүгдэгч Ө.Т”ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 14-нд Хан-уул дүүрэгт байрлах Тайгер спорт зааланд орой 19 цагийн үед “Улаанбаатар БҮК” компанийн ажилчидтай хамт заал авч сагс тоглож байгаад Б”тай маргалдсаны улмаас баруун гараараа зүүн шанаа тус газар гараа атгаж байгаад цохисон...” мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал),

 

10. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 56-57 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дахь тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 44 дэх тал), Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа (хавтаст хэргийн 45 дахь тал), Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 46 дахь тал), Байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 47 дахь тал), Тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дахь тал), Ажлын байрны тодорхойлолт (хавтаст хэргийн 49 дэх тал) болон бусад бичгийн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

         

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлт:

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Ө.Т”ын үйлдсэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай, хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд 222.950 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгч төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Ө.Т”ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч Ө.Т” нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Тайгер спорт зааланд 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 19 цагийн орчим Б.Б”тай маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь баруун хацрын нумны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

- Хохирогч Б.Б”ийн Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 4 дэх тал),

- Эд мөрийн баримтаар тооцох тухай 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 6 дахь тал),

- Хохирогч Б.Б”ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал),

- Гэрч Д.Д”гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

- Гэрч С.Б”ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 535 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

- 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 30-33 дахь тал), зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит нөхцөл байдлыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоож, оролцогчдын эрхийг зөрчсөн, хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдлыг дүгнэж, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэрэгт харьцуулалт хийсний үндсэн дээр хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлгийг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

            Хэргийн үйл баримтаас тогтоогдсон нөхцөл байдлаас хууль зүйн дүгнэлт хийхэд  хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаантай холбоотой, шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл хохирол учирсан нь нотлогдсон бөгөөд шүүгдэгч Ө.Т” нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл нь шүүгдэгч, хохирогч нар нэгнээ үл хүндэтгэсэн нөхцөл байдлын улмаас маргаан үүсэж, бусдын бие, эрүүл мэндэд халдсан үйлдэл болсон гэж дүгнэлээ.

 

            Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ө.Т”ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан  эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүгдэгч шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

- мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь гэмт хэргийн хохирол буюу шууд үр дагавар болох ба хохирогчийн эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн гэм хорыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын ...эрүүл мэнд, ...болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилжээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б”ийн бие, эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол учирсан байх ба, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол хор уршгийн талаарх:

2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Лазер мед эмнэлгээр үйлчлүүлсэн 100.000 төгрөгийн,

2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Эмийн сангаар үйлчлүүлсэн 35.000 төгрөгийн,

2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Сити фарм эмийн сангаар үйлчлүүлсэн 53.700 төгрөгийн,

2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Астелла ХХК Эмийн сангаар үйлчлүүлсэн 34.250 төгрөгийн нийт 222.950 баримтуудыг гарган өгсөн байх ба шүүгдэгч болон дээрх хохирлыг хүлээн зөвшөөрч нотлох баримтын хүрээнд хохирлыг нөхөн төлсөн тухай баримтыг гаргаж өгсөн тул энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Ө.Т”ыг гэмт хэрэг үйлдсэн шинж чанар, үйлдлийн арга хэрэгслийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, ялын саналыг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргасан.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл болон тухайн хүний хувийн байдал зэрэгт нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

Хувийн байдлыг судалсан баримт болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч Т.Тэмүүлэн нь урьд ял шийтгэлгүй байх тул  түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

 

Шүүгдэгч Ө.Т”ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар нөгөө талаас шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тус хугацаанд торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

   3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б” овогт Ө”ын Т”ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б” овогт Ө”ын Т”ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Т”од оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Т” нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч Ө.Т”од оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.  

 

7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.Б”т төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Ө.Т”од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч гардан авснаас эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ө.Т”од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ДОРЖСҮРЭН