Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/256

 

 

 

 

 

 

   2022         04           08                                       2022/ШЦТ/256

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,   

улсын яллагч Ц.Гэрэлчимэг,

шүүгдэгч Д.И” нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Х”овогт Д”гийн И”ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2210000000308 дугаартай, нэг хавтаст хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, аав, ээж дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 00 дугаар гудамж 00 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Х”овогт Д”гийн И” (РД:).

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн гэмт хэргийн товч агуулга:

Яллагдагч Д.И” нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 12-ны шөнө 02 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “З”” цогцолборын “Ион” нэртэй бааранд үйлчлүүлж байхдаа Б.Ө”тай тухайн үеийн таарамжгүй харилцаанаас буюу бүжиглэхдээ шүргэлцсэн гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар баарнаас гарахдаа уг цогцолборын 1 давхрын урсдаг шатны хажууд Б.Ө”тай дахин маргалдаж түүнийг салгах гэсэн найз Д.А”гийн нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, баруун шанаанд шарх, доод эрүүний баруун 1 дүгээр шүдний сулрал, зүүн нүдний зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.И”аас: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хоёр: Эрүүгийн 2210000000308 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт бүртгэгдсэн 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 4 дэх тал),

2. Хохирогч Д.А”гийн мөрдөн шалгах ажиллагаанд:

 

-2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 11-ний 23 цагийн орчимд найз Э”, Э” нарын хамт Хан”Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “З”” цогцолборын “Ион” нэртэй бааранд үйлчлүүлэхээр орсон. Шөнө 01 цагийн орчимд Ион бааранд маш их хүнтэй байсан болохоор би найз нарынхаа хамтаар нэг ширээн дээр сууж байсан. Бид нар бүжиглэж байгаад манай найз нарын нэг нь намайг цохисон залуугийн гутал дээр санамсаргүй гишгэсэн чинь үл таних залуу согтуу байсан учраас Ө”гийн нүүрэнд нь цохихоор нь бид нар салгасан. Хүн ихтэй бүтэхгүй юм байна гээд гарахаар болсон. Ион баарны гарах хаалган дээр зогсож байтал хүрч ирээд асуудал үүсгэх гээд байхаар нь бид нар маргаан үүсгээгүй байж уучлаарай гэж хэлсэн. Тэгээд салаад урсдаг шатаар доош буухад намайг цохисон залуу, өөр нэг залуу өдөөд байхаар нь болилдоо гээд гэж хэлэх гэж байсан чинь миний нүүрэн тус газар руу хэд хэдэн удаа цохисон, миний хамраас цус гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-11 дэх тал),

-2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “...И” надаас уучлалт гуйгаад миний эмчилгээнд зарцуулсан 390.000 төгрөгийг төлж барагдуулсан. Би шүүх хуралд оролцохгүй, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

3. Гэрч Д.Ө”гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 11-ний шөнө найз А”, Э”, Э” нарын хамтаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “З”” цогцолборын “Ион” нэртэй бааранд найз нарын хамт орж үйлчлүүлэхээр болсон. Ороход маш их хүнтэй байсан. Бид ширээ аваад сууж байгаад ширээнийхээ хажууд бүжиглэж байсан чинь миний гар утас дугарсан. Утсаа аваад ярихад А”г зодсон гэх залуу бид нартай шахцалдаад маргаан үүссэн. Бид нар уучлаарай гэж хэлээд, гаръя гээд гарах гэтэл баарны үүдэнд дахиж А”г цохисон залуу бид нар руу дайраад байсан. Бид нар маргаан үүсгээгүй уучлаарай гэж хэлээд байхад А”гийн нүүрэн тус газар нь 2-3 удаа цохисон. А”гийн хамраас цус гараад бид нар түргэн тусламж дуудсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-33 дахь тал),

4. Гэрч М.Э”гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 11-ний шөнө А”, Ө”, Э” нарын хамтаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “З”” цогцолборын “Ион” нэртэй бааранд найз нарын хамт орж үйлчлүүлэхээр болсон. Маш их хүнтэй байсан. Тэгээд бид нар ширээн дээр сууж байгаад бүжгийн талбай руу яваад буцаад ирсэн чинь А”г цохисон залуу манай найз нартай маргалдаж байсан. Тэр залууг дундуур нь орж салгаад гарах хаалга руу явж байхад дахиад маргалдсан. “З”” цогцолборын урсдаг шатаар доош буух гэж байхад А”г бааранд маргаан үүсгээд байсан залуу цохиод хамраас нь цус гаргасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-38 дахь тал),

 

5. Гэрч А.Э”ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 11-ний 23 цагийн орчимд А”, Ө”, Э” нарын хамтаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “З”” цогцолборын “Ион” нэртэй бааранд найз нарын хамт орж үйлчлүүлэхээр болоод, ороход их хүнтэй байсан. Бид нар ширээн дээр сууж байгаад ширээнийхээ хажууд бүжиглэж байсан чинь нэг мэдсэн маргаан болсон. Тэр үед хүн ихтэй байсан учраас шахцалдсанаас болоод маргаан болсон юм шиг байсан. Бид нар тэр залуугаас уучлалт гуйгаад хэн хэнтэйгээ маргалдаад яах вэ гэж хэлээд гарсан. Намайг найз нарынхаа гадуур хувцаснуудыг аваад сүүлд гарахад А” урсдаг шатны хажууд хэвтэж байсан, хамраас нь цус гарч байсан. Хажууд нь А”гийн биед гэмтэл учруулсан И” гэх залуу би цохисон нь үнэн хариуцлагаа хүлээнэ гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-43 дахь тал),

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2935 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлтэд:

“...Д.А”гийн биед хамрын ясны хугарал, баруун ташаанд шарх, доод эрүүний баруун шүдний сулрал, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

- Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 51-52 дахь тал),

 

7. Яллагдагч Д.И”ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 12-ны шөнө танил ах П” ахын хамтаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “З”” цогцолборын “Ион” бааранд орж үйлчлүүлж байгаад бүжгийн талбай дээр үл ялих зүйлээс болж үл таних залуучуудтай маргалдсан. Би тэр үед нэлээн согтуу байсан. Ингээд маргалдаж байгаад баарнаас гарахаар болоод “З”” цогцолборын 1 давхрын урсдаг шатны хажууд зогсож байсан чинь надтай маргалдсан залуучууд буугаад ирсэн. Тэгээд би нэг залуутай маргалдсан чинь найз нь гэх А” дундуур орохоор нь би нүүрэн тус газар нь гараараа хоёр удаа цохисон. Тэр залуу хойшоо урсдаг шатны хажуугаар унахаар нь би шатаар дээш гадуур хувцсаа авах гээд гарсан чинь хоёр найз нь намайг барьж авсан. Удалгүй цагдаа нар ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65-67 дахь тал),

8. Хохирогч Д.А”гаас хэрэгт ирүүлсэн эмчилгээнд зарцуулсан 138.000 төгрөгийн баримтууд (хавтаст хэргийн 85 дахь тал), Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчлүүлэгчийн талаарх баримт (хавтаст хэргийн 87 дахь тал), хохирогч Д.А”гийн гомдол, саналгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 93 дахь тал),

9.Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч Д.И”ын гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 92 дахь тал), Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, прокурорын ял тохиролцсон санал (хавтаст хэргийн 95-98 дахь тал),

10. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 71 дэх тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 72 дахь тал), үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй эсэх талаарх лавлагаа (хавтаст хэргийн 73 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 74 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 70 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

   Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад яллагдагчийн гаргасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, ялын санал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Д.И”ын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Д.И” нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “З”” цогцолборын “Ион” нэртэй бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэн, согтуурсан үедээ 2022 оны 02 дугаар сарын 12-ны шөнө 02 цагийн орчимд тус газар үйлчлүүлж байхдаа иргэн Б.Ө”тай тухайн үеийн таарамжгүй харилцааны буюу бүжиглэхдээ шүргэлцсэн гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар баарнаас гарахдаа уг цогцолборын 1 давхрын урсдаг шатны хажууд Б.Ө”тай дахин маргаан үүсгэж, түүнийг салгах гэсэн иргэн  Д.А”гийн нүүрэн тус газарт гараараа цохиж бие, эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, баруун шанаанд шарх, доод эрүүний баруун 1 дүгээр шүдний сулрал, зүүн нүдний зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

-Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт бүртгэгдсэн 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 4 дэх тал),

-Хохирогч Д.А”гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 28 (хавтаст хэргийн 9-11 дэх тал), 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр тус тус өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

 

-Гэрч Д.Ө”гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-33 дахь тал),

-Гэрч М.Э”гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 36-38 дахь тал),

-Гэрч А.Э”ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 41-43 дахь тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2935 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлт (хавтаст хэргийн 51-52 дахь тал),

 

-Яллагдагч Д.И”ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 65-67 дахь тал),

- Гэмтэл согог судлалын үндэсний төвийн баримт (хавтаст хэргийн 87 дахь тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит нөхцөл байдлыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоосон байх ба оролцогчдын эрхийг зөрчсөн, хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдлыг дүгнэж, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэрэгт харьцуулалт хийсний үндсэн дээр хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлгийг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан ба, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах шинжийг гэмт хэргийн шинжээр тодорхойлжээ.

 

Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Д.И”ын тухайн үед бусадтай үүссэн үл ойлголцол, таарамжгүй харьцаа, маргааныг хохирогч болиулах үйлдэл хийхэд түүний бие, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь  шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “2.Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.”гэж заасан бөгөөд  шүүгдэгчийн үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж согтуурсан байсан нь маргаан үүсэх нөхцөл болсон байна.

Мөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ажиллагаа хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэв.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.И”ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.

Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг, суурь боловсрол эзэмшсэн байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан бөгөөд шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Тус хэргийн улмаас хохирогч Д.А”гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба, хохирогч хор уршгийн зардлыг нэхэмжилсэн 138.000 төгрөгийн баримтыг хэрэгт ирүүлсэн бөгөөд, хохирогч нь гомдол саналгүй, хохирлыг авсан талаарх хүсэлтийг бичгээр (хавтаст хэргийн 93 дахь тал) гаргасан байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж гэм буруугийн зарчмыг тодорхойлжээ.

Мөн гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл болон тухайн хүний хувийн байдал зэрэгт нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

 

Улсын яллагч санал, дүгнэлтдээ “шүүгдэгч Д.И”ад ялын санал танилцуулж, эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул тохиролцсон ялын саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй.” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч дээрх дүгнэлтийг зөвшөөрч байгаа талаар илэрхийлсэн. 

Хувийн байдлыг судалсан баримт болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч Д.И” нь Цагдаагийн байгууллагын санд  бүртгэлгүй буюу ял шийтгэлгүй байх тул  түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлыг шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирлыг нөхөн төлсөн”-г зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын гаргасан саналтай танилцаж зөвшөөрсөн тухай баримт зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагууд хангагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

Иймд шүүгдэгч Д.И”ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тус хугацаанд торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгч Д.И”ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х”овогт Д”гийн И”ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х”овогт Д”гийн И”ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.И”ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг  тогтоосугай

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.И” нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.И”ад оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Шүүгдэгч Д.И”ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Д.И”ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.И”ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ДОРЖСҮРЭН