Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/158

 

 

 

 

 

 

   2022         03           09                                       2022/ШЦТ/158

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,   

улсын яллагч М.Энхбаатар /томилолтоор/,

шүүгдэгч Ц.Б”, Э.Ц”, С.Ө”, тэдгээрийн өмгөөлөгч Н.Б” нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Ч” овогт Ц”ийн Б”,

Боржигон овогт Энхбатын Ц” нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан;

шүүгдэгч С.Ө”ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2101000520032 дугаартай, нэг хавтас хэргийг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, хоёр ахын хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ч” овогт Ц”ийн Б” (РД:).

2. Монгол Улсын иргэн, 000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Орос хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-0, эхнэр, гурван хүүхдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Э-ын Ц” (РД: ***).

3. Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, АШУИС-н сувилахуйн сургуулийн 0 дугаар дамжааны оюутан, ам бүл-0, нөхөр, хоёр хүүхдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б” овогт С”ын Ө” (РД:***).

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн эрүүгийн хэргийн товч агуулга:

Яллагдагч Ц.Б” нь Э.Ц”, С.Ө”, Д.М” нартай гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж бүлэглэн:

-2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, мөн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Е””  хотхоны 07/02 тоотод ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан;

Яллагдагч Э.Ц” нь Ц.Б”, Д.М”, С.Ө” нартай гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, мөн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Е”” хотхоны 07/02 тоотод ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан;

Яллагдагч С.Ө” нь Э.Ц”, Ц.Б”, Д.М” нартай гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, мөн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Е”” хотхоны 07/02 тоотод ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж ажиллуулахад нь хөзөр тараагчаар ажиллаж гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

    ТОДОРХОЙЛОХ нь

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэцгээв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, эрүүгийн 2101000520032 дугаартай хэргээс оролцогчдын  шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тэмдэглэл (хавтас хэргийн 5 дахь тал),

2. Хэргийн газрын үзлэг хийсэн 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтас хэргийн 7-14 дэх тал),

3. Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн мөрдөгчийн санал (хавтас хэргийн 15 дахь тал), мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн прокурорын тогтоол (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

4. 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн эд зүйл хүлээн авсан тухай  мөрдөгчийн валют хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтас хэргийн 18 дахь тал),

5. 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дипозет дансанд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

6. Гэрч Б.Б”ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр манай найз Ц” над руу утасдаад мөрийтэй тоглох уу гэхээр нь тэгье гээд Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, “Е””-ийн” 00 тоотод очсон. Тэнд 3 хүн байсан. Тэр гурван хүнтэй дөрвүүлээ мөрийтэй покер тоглосон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал),

7. Гэрч С.Б”ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: “...2022 оны 01-р сарын 14-ний өдөр Ц” гэх залуу тоглох уу гээд яриад байсан юм тэгээд орой 20 цагийн орчим “Е”” дээр ирээд 6-7 хүнтэй 1.000.000 төгрөгийн бооцоотой тоглохоор болоод эхнийх нь үнэгүй суулгаад дараагийнхаас нь мөнгөөр тоглоорой гэсэн. Тэгээд сууж байхдаа 2.000.000 төгрөгийн хасаа хожоод сууж байхад гаднаас цагдаа нар орж ирсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дахь тал),

- гэрчээр дахин 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: “...Би урьд өмнө өгсөн мэдүүлэгтээ сандраад тус тоотод 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэг удаа тоглож байснаа мартаад мэдүүлэг өгсөн байна лээ. Би урьд нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Е” хотхоны 7/2 тоотод нэг удаа тоглож байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дахь тал),

8. Гэрч Ү.Т”ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 17 цагийн орчим найз Ц” 00000” дугаарын утаснаас залгаад үнэгүй нэг цэнэглээд өгье өнөөдөр ирээд суучих гэсэн юм. Тэгээд орой 23 цагийн орчим ХУД-ийн 11 дүгээр  хороо “Е””  хотхоны 7-2 тоотод очсон. Намайг орсон чинь 1 сая төгрөгийн хасаа өгөөд 6 хүнтэй ширээн дээр суугаад Техас тоглож байхад гаднаас цагдаа нар орж ирсэн юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дахь тал),

- гэрчээр дахин 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Е”” хотхоны 7-2 тоотод 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс өмнө 2021 оны 12 дугаар сарын 25-ны үед тоглож байсан. Тус тоотод нийтдээ 2 удаа тоглосон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дахь тал),

9. Гэрч Б.А” мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: “...Би 2021 оны 01-р сарын 14-ний өдөр Ц” гэх танил залуу 0000 дугаарын утаснаас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Е”” хотхоны 7-2 тоотод “Техас” тоглох гэж байна гээд 18 цагийн орчим дуудахаар нь 19 цагт тухайн хаяг дээр очсон. Тэгээд очоод 3 давхарт гараад покер тоглох зориулалтын ширээн дээр надаас гадна 6 хүн суугаад хүний 1 сая төгрөгийг Ө” гээд тэнд байсан эмэгтэйн дансанд хийгээд 22 ширхэг хасаа аваад тоглож байхад гаднаас цагдаа нар орж ирсэн юм....” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 55 дахь тал),

- гэрчээр дахин 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс өмнө 2021 оны 12 дугаар сарын 25-ны үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Е”” хотхоны 7-2 тоотод нэг удаа тоглосон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57 дахь тал),

10. Гэрч О.Д”ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Ц” гэх танил залуу 0000 дугаарын утаснаас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо,  “Е””  хотхоны 7-2 тоотод покер тоглох уу, өнөөдөр цуглах гэж байна ирэх юм уу гэсэн. 20 цагийн орчим тухайн газарт ирсэн. Намайг тухайн газарт ирэхэд Ц”, О” ах байсан. Нийт 5 хүн байсан. Удалгүй хүмүүс нэмэгдэж ирээд олуулаа болсон. Би 3 давхрын жижиг өрөөнд 6 хүнтэй нэг ширээн дээр Техас   тоглосон, мөрийний мөнгийг Б” гээд хасаа барьж байсан хүнд 400 евро бэлнээр өгөөд 30 орчим хасаа аваад тоглоод 30 ширхэг хасаагаа алдаад жижиг өрөөнд тамхи татаж байхад гаднаас цагдаа нар орж ирсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дахь тал),

11. Гэрч Д.О”ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: “...Би 2022 оны 01-р сарын 14-ний өдөр Цогоо гээд дүү 19 цагийн орчим ирээд тоглооч гээд дуудахаар нь“Е”” хотхон дээр найз Н”ын хамт очоод тоглохоор болоод ахад нь мөнгө байхгүй байна мөнгөтэй болохоороо өгье гээд Б” гээд залуугаас 1 сая төгрөгт тааруулаад хасаа өгсөн хэд байсныг санахгүй байна. Тэгээд тоглож байхад гаднаас цагдаа нар орж ирсэн юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62 дахь тал),

12. Гэрч А.О”ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр 14-ний өдөр оройн 22 цагийн өнгөрч байхад өөрийн найз О” руу уулзаж хувийн асуудлын талаар ярилцъя гэж залгасан. Тэгтэл О”, Н” хоёр “Зайсан” толгойн урд “Е””  гээд хотхонд байна гэхээр нь би очсон. Тэнд очиход 10 орчим хүн тэр байранд байсан. 3 давхарт нь покер тоглож байсан. Тэгээд О”ыг хүлээгээд 2 давхарт нь байж байтал цагдаа нар орж ирсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64 дэх тал),

13. Гэрч П.Н”ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр миний танил О” 19 цагийн үед миний утас руу залгаад хоёулаа нэг газар очъё тоглоом болж байгаа юм байна гэхээр нь би сонирхъё гээд намайг О” гэрийн гаднаас ирж аваад бид хоёр Зайсангийн урд байдаг “Е”” хотхонд ирсэн. Би хэддүгээр байр гэдгийг нь мэдэхгүй байна. Бид хоёрыг очиход 10 орчим хүн байсан. Орж гараад хүмүүс яваад байсан болохоор яг хэдэн хүн байсныг нь мэдэхгүй байна. Би тэнд О”ыг дагаж анх удаа очсон. Тэнд 1 сая төгрөгийн бооцоотой тоглоом болж байсан. Би бооцооны мөнгө гэж 500 ам.доллар бэлнээр Б” гэдэг залууд өгсөн. Мөн өөрийн нэр дээр бүртгэлтэй байдаг “Саран тал” ХХК-ны Голомт банкны 0000гэсэн данснаас С”ын Ө” гэсэн эзэмшигчтэй 0000 гэсэн данс руу 400.000 төгрөгөөр 1 удаа, 1.000.000 төгрөг 1 удаа нийт 1.400.000 төгрөг шилжүүлсэн. Тоглоом эхлээд 2 цаг орчим болж байтал цагдаа нар орж ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66 дахь тал),

14. Гэрч Х.Г”ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 20 хүртэл гэртээ эхнэр хүүхдүүдийн хамт байж байгаад 20 цагт гарч өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг угаалгасан юм. Машинаа угаалгаж дуусаад найз Ц”ын 0000 гэсэн дугаар луу өөрийнхөө 0000 гэсэн дугаараас залгаж хаана байгааг асуусан. Тэгтэл Ц” “Е””-д байна гэхээр нь за би очлоо гэж хэлээд 21 цагийн үед очсон. Тэнд очоод грашид машинаа хийгээд дотор талыг нь өөрөө цэвэрлэсэн. Намайг тэнд очиход миний таньдгаас Ц”, эхнэрийнх нь хоёр дүү гээд хоёр залуу байсан. 3 давхарт нь хэдэн хүмүүс покер тоглож байсан. Би утсаараа интернэтээр тоглоод 2 пиво уугаад сууж байтал цагдаа нар орж ирсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68 дахь тал),

 

15. Гэрч Г.Б”ы мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: “...Манай үеэл эгч Д” 2022 оны 01 сарын 14-ний өдрийн орой 22 цаг өнгөрч байхад үеэл дүү Ш” бид хоёрыг “Е”” хотхон руу ахуйн цэвэрлэгээний хэрэгсэл аваачиж тавьчхаад ир гээд явуулсан. Ш” бид хоёрыг “Е”” хотхоны 7/2-р байранд очиход миний таньдгаас миний төрсөн эгч Хонгорзулын нөхөр Ц” ах байсан. Мөн танихгүй нэг эмэгтэй 10 гаран эрэгтэй хүмүүс байсан. Бид хоёр авчирсан юмаа тавьчхаад явах гэтэл та хоёр хоол идчихээд яв, би хүргээд өгье гэж Ц” ах хэлсэн. Ингээд бид хоёр хоол идээд байж байтал цагдаа нар ирсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70 дахь тал),

 

16. Насанд хүрээгүй гэрч Э.Ш”гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: “...Манай үеэл эгч Д” 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн орой 22 цаг өнгөрч байхад Б” ах бид хоёрыг “Е”” хотхон руу ахуйн цэвэрлэгээний хэрэгсэл аваачиж тавьчхаад ир гээд явуулсан. Б” ах бид хоёрыг “Е””  хотхоны 7/2 байранд очиход миний таньдгаас Б”ы төрсөн эгч *** нөхөр Ц” ах байсан. Мөн танихгүй нэг эмэгтэй 10 гаран эрэгтэй хүмүүс байсан. Бид хоёр авчирсан юмаа тавьчхаад явах гэтэл та хоёр хоол идээд яв, би хүргээд өгье гэж Ц” ах хэлсэн. Ингээд бид хоёр хоол идээд байж байтал цагдаа нар ирсэн. ...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 72 дахь тал),

 

17. Эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн тогтоол (хавтаст хэргийн 73 дахь тал),

 

18. Шүүгдэгч Э.Ц”ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Е”” хотхоны 7-2 тоот байрыг кино контент, клип хийх зорилгоор түрээсэлсэн. Тэгээд хуурай ах Б”ыг тухайн байранд байлгасан. Тухайн үед би өөрөө урьд нь мөрийтэй тоглоом тоглодог байсан болохоор зохион байгуулж болох юм байна гэж бодоод гэр бүлийн найз Ө”, найз М” болон Б” ах нартай ярилцаж тус мөрийтэй тоглоом тоглуулахаар болсон. Ингээд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Е”” хотхоны 7-2 тоот байранд 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Т”, Д”, А”, Б”, О”, Н” нарын зургаан хүнтэй мөрийтэй тоглоом /покер/ зохион явуулж байсан. Тэгсэн чинь цагдаа нар орж ирсэн юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 94-96 дахь тал),

 

19. Шүүгдэгч Ц.Б”ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Е”” хотхоны 7-2 тоот байрыг хуурай дүү Ц” контент, клип хийнэ гэж түрээсэлсэн. Тухайн байранд нь би байрлаж харж байсан. Тухайн үед 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Ц” хүмүүс дуудаад мөрийтэй тоглоом зохиогоод би хясааг нь зөөж өгсөн. Дараа нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Е”” хотхоны 7-2 тоот байранд 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зургаан хүнтэй мөрийтэй тоглоом /покер/ зохион явуулж байхад цагдаа нар орж ирсэн юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 102-103 дахь тал),

20. Шүүгдэгч С.Ө”ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр манай найз Ц” над руу залгаж манай ах нэг юм хийх гээд хөзөр холиод өгөөч гэсэн. Тэгэхээр нь би Хан- Уул дүүргийн 11 дүгээр хороо “Е”” хотхоны 7-2 тоотод Ц”ын байгаа газар нь очсон. Намайг тэнд очиход Ц”ын ах Б” болон танихгүй 6 хүн мөрийтэй покер тоглож байсан. Би очоод нэг цагийн 30,000 төгрөгөөр дилер буюу холигч хийсэн. Тухайн үед цаг гаран тоглуулаад байж байсан чинь цагдаа нар гаднаас орж ирсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 109-111 дэх тал),

 

21. Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч нарын гаргасан хүсэлт (хавтас хэргийн 179-180 дахь тал), Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, ял тохиролцсон санал (хавтаст хэргийн 181-192 дахь тал),

 

22. Шүүгдэгчийн нарын хувийн байдалтай холбоотой баримтууд:

22.1 Э.Ц”ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 134 дэх тал), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 146 дахь тал), Татвар төлөөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 148 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа (хавтаст хэргийн 155 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 124 дэх тал),

22.2 Шүүгдэгчийн С.Ө”ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 142 дахь тал), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 146 дахь тал),Татвар төлөөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 148 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа (хавтаст хэргийн 156 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 125 дахь тал),

22.3 Шүүгдэгчийн Ц.Б”ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 136 дэх тал), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 146 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 28 дахь тал), Татвар төлөөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 148 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа (хавтаст хэргийн 153 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 127 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

   Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад яллагдагчийн гаргасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, ялын санал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч Э.Ц” нь Ц.Б”, Д.М”, С.Ө” нартай гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, мөн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Е”” хотхоны 07/02 тоотод ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар;

Шүүгдэгч Ц.Б” нь Э.Ц”, С.Ө”, Д.М” нартай гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, мөн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Е”” хотхоны 07/02 тоотод ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар;

Шүүгдэгч С.Ө” нь Э.Ц”, Ц.Б”, Д.М” нартай гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, мөн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Е”” хотхоны 07/02 тоотод ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж ажиллуулахад нь хөзөр тараагчаар ажиллаж гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Б” шүүх хуралдаанд “Миний үйлчлүүлэгч нар өмнө ял шийтгэлд эдэлж байгаагүй. Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэргийг харгалзаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан ба, шүүгдэгч нар нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Ц.Б” нь Э.Ц”, С.Ө”, Д.М” нартай гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, мөн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Е”” хотхоны 07/02 тоотод ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом   зохион байгуулсан,

Шүүгдэгч Э.Ц” нь Ц.Б”, Д.М”, С.Ө” нартай гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, мөн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Е”” хотхоны 07/02 тоотод ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом  зохион байгуулсан,

Шүүгдэгч С.Ө” нь Э.Ц”, Ц.Б”, Д.М” нартай гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, мөн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Е”” хотхоны 07/02 тоотод ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж ажиллуулахад нь хөзөр тараагчаар ажиллаж гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон үйл баримт нь:

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тэмдэглэл (хавтас хэргийн 5 дахь тал),

-Хэргийн газрын үзлэг хийсэн 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтас хэргийн 7-14 дэх тал), Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоол (хавтас хэргийн 16-17 дахь тал),

-2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр эд зүйл хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл (хавтас хэргийн 18 дахь тал),

-2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Дипозет дансанд үзлэг мөрдөгчийн тэмдэглэл (хавтас хэргийн 24-25 дахь тал),

-Гэрч Б.Б”ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтас хэргийн 42-43 дахь тал),

-Гэрч С.Б”ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтас хэргийн 45 дахь тал) болон 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэрчээр дахин өгсөн мэдүүлэг (хавтас хэргийн 47 дахь тал),

-Гэрч Ү.Т”ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтас хэргийн 50 дахь тал) болон 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гэрчээр дахин өгсөн мэдүүлэг (хавтас хэргийн 52-53 дахь тал),

-Гэрч Б.А” мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлэг  (хавтас хэргийн 55 дахь тал) болон 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэрчээр дахин өгсөн мэдүүлэг (хавтас хэргийн 57 дахь тал),

-Гэрч О.Д”ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтас хэргийн 60 дахь тал),

-Гэрч Д.О”ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтас хэргийн 62 дахь тал),

-Гэрч А.О”ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтас хэргийн 64 дэх тал),

-Гэрч П.Н”ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтас хэргийн 66 дахь тал),

-Гэрч Х.Г”ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтас хэргийн 68 дахь тал),

 

-Гэрч Г.Б”ы мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтас хэргийн 70 дахь тал),

 

-Насанд хүрээгүй гэрч Э.Ш”гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлэг  (хавтас хэргийн 72 дахь тал),

 

-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн тогтоол (хавтас хэргийн 73 дахь тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит нөхцөл байдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон, оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж цэгнэж, харьцуулан шинжилж гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж; 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.

 

Хууль зүйн хувьд “Мөрийтэй тоглоом” гэдэгт хоёр буюу түүнээс дээш тооны этгээдийн хооронд буюу эсхүл тоглоомын газрын зохион байгуулагчаас тогтоосон журмын дагуу хонжворын хэлэлцээр бөгөөд мөрийтэй тоглоомын үр дүн нь мөнгөн буюу бусдын эд хөрөнгийн үнэлгээгээр тодорхойлогдох ба ашиг хонжоо олох зорилготой үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог бүхий л тоглоом хамаарна.

Тус гэмт хэргийн субъектив тал нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, ашиг олох зорилготой байдаг бол объектив тал нь олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан идэвхтэй үйлдлийг ойлгоно. Тус гэмт хэрэг нь мөрийтэй тоглоом зохион байгуулсан үеэс төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

Мөн Олон нийтийн газарт мөрийтэй тоглоом зохион байгуулах гэж зочид буудал, ресторан, театр, бусад үзвэр үйлчилгээний газар, аж ахуйн нэрээр халхавчлан мөрийтэй тоглоход зориулсан өрөө, тасалгаа, орчин бүрдүүлж бусдыг уриалсан байдлыг ойлгоно.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас үзвэл Д.М” болон шүүгдэгч Э.Ц”, Ц.Б”, С.Ө” нар нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Е”” хотхоны 07/02 тоотод Техас, Покер нэртэй хөзрийн мөрийтэй тоглоом зохион байгуулахаар урьдчилан ярилцаж, санаа зорилго, үйлдлээрээ нэгдэж, урьдчилсан үгсэн тохиролцон мөрийтэй тоглоом зохион байгуулжээ.

 Ингэхдээ Э.Ц”, Ц.Б”, С.Ө” нар нь мөрийтэй тоглоом тоглох  бооцооны хэмжээг 400.000, 1.000.000 төгрөг, 400 евро, 500 ам доллараар тогтоож, бооцооны мөнгийг Ц.Б” хураан авч, С.Ө” диллер буюу хөзөр холигчоор ажиллаж, төлбөрийг өөрийн дансаар шилжүүлэн авч, шүүгдэгч У.Ц” тоглогчдыг дуудах, уриалах ажлыг зохион байгуулах зэргээр оролцож мөрийтэй тоглоомыг зохион байгуулжээ.

Түүнчлэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Е”” хотхоны 7-2 тоот орон сууцны нийтийн эзэмшлийн байрны өрөөг мөрийтэй тоглоом зохион байгуулах орчин болгож бүрдүүлж бусдыг уриалж төгрөг болон валютаар төлбөр авч үйл ажиллагаа явуулсан нь олон нийтийн газар зохион байгуулсан гэж дүгнэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох” гэж,

өн зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.”гэж,

3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ.”

3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх.” гэж тус тус хуульчилсан.

 

Дээрх байдлаас нэгтгэн хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч нар өөрсдийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай санаатай хэлбэрээр, шунахай сэдэлттэй гэмт хэрэг үйлдсэн, мөн анхнаасаа мөрийтэй тоглоом зохион байгуулахаар буюу гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, бүлэглэн гүйцэтгэсэн, нөгөө талаас шүүгдэгч С.Ө” нь бүлэглэн гүйцэтгэснээс гадна диллер буюу хөзөр тарааж хамжигчаар хамтран оролцжээ.

Иймд прокуророос шүүгдэгч нарыг холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг үндэслэлтэй гэж дүгнэв.

Мөн прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ажиллагаа хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Б” нь гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, урьдчилсан үгсэн тохиролцож,  бүлэглэн олон нийтийн газар ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан; шүүгдэгч Э.Ц”ыг гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, урьдчилсан үгсэн тохиролцож бүлэглэн олон нийтийн газар ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт тус тус  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар;

шүүгдэгч С.Ө”ийг олон нийтийн газар ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт бүлэглэж, хамжигчаар оролцсонд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нарыг Д.М”тай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн байх ба, мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.М”ад холбогдох хэргийг прокурорын 2022 оны 03 дугаар сарын 01-ны 03 дугаартай тогтоолоор тусгаарласан бичгийн баримт хавтас хэрэгт авагджээ. Энэ нь бусад шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянан шийдвэрлэхэд саад болохгүй гэж үзэж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг нь хохирол, уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болно.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Э.Ц”, Ц.Б”, С.Ө” нарт ялын санал танилцуулж, эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, тэдэнд  нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул тохиролцсон ялын саналын хүрээнд:

-шүүгдэгч Э.Ц”т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан  мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр,

-шүүгдэгч Ц.Б”од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр,

-шүүгдэгч С.Ө”т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналтай, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 500 ам доллар, 400 еврог улсын орлого болгох, Сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалах, бусад хэрэгт хураагдсан бусад эд зүйлсийг устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй.” гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б”: “Миний үйлчлүүлэгч нар өмнө ял шийтгэлд эдэлж байгаагүй тул улсын яллагчтай тохирсон ялаар шийтгэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан, шүүгдэгч нар нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно. 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл болон тухайн хүний хувийн байдал зэрэгт нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

Шүүгдэгч нарын хувийн байдлыг судалсан баримт болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч нар нь урьд ял шийтгэлгүй байх тул  тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлыг шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын гаргасан саналтай танилцаж зөвшөөрсөн тухай баримт зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагууд хангагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

Мөн дээрх гэмт хэрэг үйлдсэн хүнд дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон учир тэдэнд хуульд заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Ц”ыг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000  төгрөгөөр торгох ял, Ц.Б”ыг 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ял;

 -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Ө”ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр тус тус торгох ял тус тус шийтгэж, шүүгдэгч нарын орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус бүрд тогтоож, торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлэхээс зайлсхийвэл шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

  1. Бусад асуудлын талаар:

1/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж;

-2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж тус тус хуульчилсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн:

NZ3200513709 серийн дугаартай 200евро,

NZ3200513673 серийн дугаартай 200 евро,

ML04968353 С серийн дугаартай 100 ам доллар,

MD09753975 B серийн дугаартай 100 ам доллар,

ML04968399 C серийн дугаартай 100 ам доллар,

ML04968352 C серийн дугаартай 100 ам доллар,

LB13022759 S серийн дугаартай 100 ам доллар, нийт 400 евро, 500 ам долларыг тус тус улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

 

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн

-Саарал өнгийн 135 ширхэг хасаа,

-Цэнхэр өнгийн 96 ширхэг хасаа,

-Ногоон өнгийн 66 ширхэг хасаа,

-Хар өнгийн 8 ширхэг хасаа,

-Хар өнгийн покер стар гэсэн бичиглэлтэй 52 ширхэг хөзөр,

-Dealer гэсэн бичиглэлтэй дугуй зүйл 1 ширхэг,

-Улаан өнгийн цулгуй хөзөр таслагч 1 ширхэг,

-Саарал өнгийн 2 ширхэг жижиг хайрцаг,

-Тод цэнхэр өнгийн 98 ширхэг хасаа,

-Хар өнгийн 89 ширхэг хасаа,

-Саарал өнгийн 53 ширхэг хасаа,

-Ногоон өнгийн 27 ширхэг хасаа,

-Бүдэг цэнхэр өнгийн 1 ширхэг хасаа,

-Жижиг хэмжээтэй 2 ширхэг түлхүүр,

-Хар өнгийн хайрцагтай покер стар нэртэй хөзөр 53 ширхэг,

-Улаан өнгийн хайрцагтай покер стар нэртэй хөзөр 52 ширхэг,

-Улаан өнгийн хайрцагтай покер стар нэртэй хөзөр 52 ширхэг,

-Улаан өнгийн хайрцагтай покер стар нэртэй хөзөр 3 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв. 

3/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

           4/Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэд энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Э-ын Ц”, Ч” овогт Ц”ийн Б” нарыг гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн олон нийтийн газар ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар;

-Шүүгдэгч Б” овогт С”ын Ө”ийг “гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн олон нийтийн газар ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт  хамжигчаар оролцсонд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар:

-Б овогт Э-ын Ц”ыг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 (таван сая) төгрөгөөр торгох ял,

-Ч” овогт Ц”ийн Б”ыг 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 (дөрвөн сая) төгрөгөөр торгох ял;

 -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б” овогт С”ын Ө”ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц”, Ц.Б”, С.Ө” нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн  биелүүлэхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц”, Ц.Б”, С.Ө” нар нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Э.Ц”, Ц.Б”, С.Ө” нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

  

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн:

NZ3200513709 серийн дугаартай 200евро,

NZ3200513673 серийн дугаартай 200 евро,

ML04968353 С серийн дугаартай 100 ам доллар,

MD09753975 B серийн дугаартай 100 ам доллар,

ML04968399 C серийн дугаартай 100 ам доллар,

ML04968352 C серийн дугаартай 100 ам доллар,

LB13022759 S серийн дугаартай 100 ам доллар тус тус улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн Саарал өнгийн 135 ширхэг хасаа, Цэнхэр өнгийн 96 ширхэг хасаа, Ногоон өнгийн 66 ширхэг хасаа, Хар өнгийн 8 ширхэг хасаа, Хар өнгийн покер стар гэсэн бичиглэлтэй 52 ширхэг хөзөр, Dealer гэсэн бичиглэлтэй дугуй зүйл 1 ширхэг, Улаан өнгийн цулгуй хөзөр таслагч 1 ширхэг, Саарал өнгийн 2 ширхэг жижиг хайрцаг, Тод цэнхэр өнгийн 98 ширхэг хасаа, Хар өнгийн 89 ширхэг хасаа, Саарал өнгийн 53 ширхэг хасаа, Ногоон өнгийн 27 ширхэг хасаа, Бүдэг цэнхэр өнгийн 1 ширхэг хасаа, Жижиг хэмжээтэй 2 ширхэг түлхүүр, Хар өнгийн хайрцагтай покер стар нэртэй хөзөр 53 ширхэг, Улаан өнгийн хайрцагтай покер стар нэртэй хөзөр 52 ширхэг, Улаан өнгийн хайрцагтай покер стар нэртэй хөзөр 52 ширхэг, Улаан өнгийн хайрцагтай покер стар нэртэй хөзөр 3 ширхгийг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

9. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Э.Ц”, Ц.Б”, С.Ө” нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, өмгөөлөгч, нар гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Ц”, Ц.Б”, С.Ө” нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ДОРЖСҮРЭН