| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2022/0191/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/165 |
| Огноо | 2022-03-11 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/165
2022 03 11 2022/ШЦТ/165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин,
улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,
шүүгдэгч Б.Т”, түүний өмгөөлөгч Г.О,
шүүгдэгч С.М”, түүний өмгөөлөгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Жинчин овогт Баттулгын Т”,
Б” овогт С”ын М” нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2210002060110 дугаартай, нэг хавтас хэргийг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дотоод хэргийн их сургуулийн Хилийн албаны сургуулийн 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл-3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 91-08 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ж овогт Б-ын Т” (РД:).
2. Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Орхон аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “С” ХХК-д хаалга доторлогч ажилтай, ам бүл-0, эцэг, эх, эгч нарын хамт Сонгинохайрхан дүүрэг 0 дүгээр хороо Толгойт 00 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б” овогт С”ын М” (РД:).
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн эрүүгийн хэргийн товч агуулга:
Яллагдагч Б.Т”, С.М” нар нь гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж бүлэглэн 0000 оны 00 дүгээр сарын 00-00-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Нисэх 86 дугаар байрны гадна зогсоол дээр тавьсан хохирогч А.С”ийн эзэмшлийн 0000” УББ улсын дугаартай приус-20 автомашины 4 ширхэг дугуйг обудын хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор дорцов, домократ хэрэглэж, машин механизм ашиглан хулгайлж 960.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан,
-мөн үргэлжилсэн үйлдлээр 0000 оны 00 дүгээр сарын 00-00-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа-2 хорооллын авто зогсоолд С.М”ийн унаж явсан 00-00УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслээр очиж улмаар тус авто зогсоолд байсан Ц.Д”гийн эзэмшлийн 00-00 УАМ улсын дугаартай “Тоёота Приус-30” загварын автомашины 4 ширхэг обудтай дугуйг домократ, дорцов зэргийг ашиглан тайлан нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч иргэн Ц.Д”д 1.105.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.М”, Б.Т” нараас: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйл байхгүй гэцгээв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, эрүүгийн 2210002060110 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Нэг. Ц.Д”гийн эд хөрөнгийг хулгайлсан хэргийн нотлох баримтууд.
1.1 Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ирүүлсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал),
1.2 Хэргийн газарт үзлэг хийсэн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-10 дахь тал),
1.3 Хохирогч Ц.Д”гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн: “...Би өөрийн цагаан өнгийн 2010 онд үйлдвэрлэгдсэн 2017 онд Монгол Улсад орж ирсэн. 0000” УАМ улсын дугаартай “Тоёота приус 30” маркийн автомашины 4 ширхэг 16-тай энгийн обудтай дугуйтай нь Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Буянт-Ухаа 0 хорооллын 0000” дугаар байрны гадна талд 2022 оны 01 дүгээр сарын 13-ны орой 23 цагийн үед байрлуулсан. Өглөө 08 цаг 15 минутад хулгайд алдсанаа мэдээд цагдаад хандаж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),
- хохирогчоор дахин 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өгсөн: “...Нэмж ярих зүйл гэвэл надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Миний автомашины дугуйг хулгайлсан хоёр хүн миний хохирлыг бүрэн барагдуулсан учраас надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65 дахь тал),
1.4 “Дамно” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №ХУ2-22-55 дугаартай: 17-ийн хэмжээтэй хайлш обудтай, 17-ийн хэмжээтэй өвлийн дугуй, боолтын зах зээлийн үнэлгээг 1.105.000 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 23 дахь тал),
1.5 Шүүгдэгч Б.Т”гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр яллагдагчаар өгсөн: “...Миний санаж байгаагаар 2022 оны 01 дүгээр сарын 12-ны орой байх. М” ах над руу чат бичээд ...ахын дүү орой завтай юу гэж асуухаар би завтай байна гэж хэлсэн. Орой нь бид хоёр 21 цагийн орчим манай ээж Даваасүрэнг ажлаас нь буюу Цэцэг төв орчмоос очиж авсан. “Цэцэг” төвөөс буцаад Толгойт руу гэр рүү явж ээжийг гэрт нь хүргэж өгсөн. Ээжийг хүргэж өгчхөөд байж байсан чинь М” ах надаас таксинд хамт явъя гэж гуйсан. Тэгэхээр нь би ээжийг очоод авчихсан юм чинь гэж бодоод хамт таксинд явахаар болсон. Хамт явж байхдаа би хажууд нь унтаад явж байсан. Нэг сэрсэн чинь нисэхэд явж байсан. Нисэхийн 81 гэсэн байр руу төв замаасаа шороон замаар тухайн байр руу ороод ирчихсэн байж байсан. Нисэх 81 дүгээр байрны орчим нэг машины ард хэсэгт таглаж тавиад, тэгээд намайг М” ах “ахын дүү хүн хараад байж байгаарай ” гээд машинаасаа буугаад өөрийнхөө машины ард хэсгээс 4 ширхэг блок буулгаж тухайн хойно таглаж тавьдаг машины ард хэсэгт нь тавиад, М” ах тухайн хар өнгийн приус-20 маркийн автомашиныг дмокрадаж эхэлсэн. Намайг хүн харж байгаарай гэх үед нь болохоор би машины гадна хэсэгт зогсоол байсан хашааны булан хэсэгт нь доошоо хүн хараад зогсож байсан чинь намайг М” ах дуудаад явъя гэж хэлсэн. Энэ өдрөө 03 цагийн орчим намайг гэрийн гадна буулгаад би гэр рүүгээ орж амарсан. Маргааш нь М” ах манай гэрт орж ирсэн. Тухайн үед миний барьж байсан гар утас болохгүй байсан. М” ах өөрийнхөө гар утсан дээр тухайн 4 ширхэг обудтай дугуйныхаа зургийг дарж аваад надад өөрийнхөө гар утсыг М” өгөөд, “Обуд дугуйн худалдаа гэсэн зарын групп” дээр 16-тай обуд зарна гэсэн утга бүхий зар байршуулж тухайн зарын доор М” ахын дугаар, нөгөөх нь би өөрийнхөө яг ашигладаг фейсбүүк хаяг болох Т” Б. гэсэн хаягаас тухайн зарыг оруулж байсан. М” ах утсаар ярьж байгаад нэг хүнд тухайн 4 ширхэг дугуйгаа зарахаар болчихлоо гэж хэлсэн. Ингээд Нью гарден хотхонд тухайн дугуйг обудтай нь 4 ширхэг дугуйгаа 600,000 төгрөгөөр зарсан. Эхний машины дугуйг авснаас хойш 2 хоногийн дараа 2022 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр өглөө 09 цагийн үед манай гэрт М” ах орж ирсэн. Тэгээд машиндаа нэг юм худалдаж авна гээд байсан, юу авах гээд байсан талаар нь бол мэдэхгүй байна. Бид хоёр гэрийн гадна уулзчихаад ах нь машиндаа нэг авчхаад ирье гээд явсан. Энэ өдрийнхөө орой нь манай ээж бас над руу залгаад ажлаасаа оройтно гээд, тэгээд М” ахдаа хэлж байгаад ээжийгээ ажлаас аваадхаарай гэж хэлсэн. Ингээд ээжийгээ ажлаас нь шөнийн 00 цагийн орчим очиж аваад ээжийг гэрт оруулчхаад ээж, аав хоёрт бас хамт таксинд явах гэсэн юм гээд хэлсэн чинь тэр үед манай аав бас уурлаад яах гэж шөнө орой хүүхэд дагуулж яваад байгаа юм бэ гээд уурласан. Тэгсэн чинь М” ах өнөөдөр баасан гараг учраас хүн их олдох байхаа гээд намайг гэрээс аваад явсан. Ингээд гэрээс гараад нисэх чиглэл рүү явсан. Тэгээд нисэхийн тэр хавиар тойрч явж байгаад Буянт-Ухаа 2 хороолол орчим руу очоод надад дахиад М” ах “ахын дүү хүн хараад машиндаа байж байгаарай” гээд машинаасаа буугаад явсан. Тэгээд алхаж явж байгаад нээх удалгүй машиндаа буцаж орж ирээд машинаа хөдөлгөөд нэг машины ард очоод зогссон. Надад М” ах “ахын дүү надаас нэг л удаа хүн хараад өгчих гээд гуйсан” юм. Тэгээд би машинаас буугаад машиных нь урд хэсгээр буюу яг зам дагуу машин орж ирдэг хэсэгт нь хүн хараад байж байсан. Тухайн үед М” ах нэлээн удсан. Намайг дуудаад заа суучих явъя гээд машинд суух үед манай ээж М” ахын утас руу залгасан чинь намайг байхгүй АТМ рүү мөнгө авах гээд явсан, хүнтэй хамт буучихсан байна гээд намайг хажууд нь сууж байхад чиш гээд ярьсан юм. ...Маргааш өдөр нь би 12 цаг хүртэл унтсан. М” ах намайг орж ирээд сэрээсэн. Тэгээд надад ах нь өчигдрийн авсан обудан дээр мөнгө нэмээд өөрийнхөө машинд обуд сольж тавина гэж хэлсэн. Орой нь машиныхаа обудыг Цайз-16 орчим очиж нэг хүнтэй утсаар ярьж байгаад, ...нэг хүнтэй обуд дугуйгаа өөрөө сольсон. Миний хувьд тухайн үед дагаад явж байсан. Тэр хүнд обудны зөрүү гэж М” ах 370,000 орчим мянган төгрөг өгсөн байх гэж бодож байна. Маргааш нь билүү нөгөөдөр нь цагдаагаас дэслэгч Хишигдорж залгаад 15 цагийн орчим ирж мэдүүлэг өгөөрэй гэж хэлсэн. Ингээд би цагдаагийн хэлтэс дээр ирж мэдүүлэг өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-43 дахь тал),
1.6 Шүүгдэгч С.М”ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр яллагдагчаар өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Т”гийн гэрт очоод бид хоорондоо ярилцаж байгаад автомашины дугуй хулгайлахаар болсон. 2021 оны 01 дүгээр сарын 13-ний орой 21 цагийн үед би Т”гийн хамт өөрийн эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн 00-00 УБӨ улсын дугаартай саарал өнгийн автомашинтай гэрээс нь гараад таксинд явж байгаад 2022 оны 01 дүгээр дүгээр сарын 14-ны шөнө 03 цаг өнгөрч байхад Буянт-Ухаа-2 хорооллын баруун талд шороон зогсоол дээр байсан Тоёота Приус 30 маркийн автомашины дугуйг хулгайлсан. Тухайн үед би машин бариад явж байсан. Т” домкратдаад дугуйг тайлахаар нь би доор блок ивж машинд дугуйг зөөж машиндаа хийсэн. Шөнө 04 цаг өнгөрч байхад Т”г гэрт нь буулгаад би гэртээ очсон. Маргааш нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр Т” зар тавиад бид хоёр дугуйг нэгдүгээр хорооллын арын зам дагуу танихгүй эрэгтэй хүнд 550,000 төгрөгөөр зарсан. Бид хоёр мөнгийг тэнцүү хувааж авсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дахь тал),
Хоёр. А.С”ийн эд хөрөнгийг хулгайлсан хэргийн нотлох баримтууд:
2.1 Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаарт хэлтэст 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ирүүлсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 90 дэх тал),
2.2 Хэргийн газарт үзлэг хийсэн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 92-94 дэх тал),
2.3 Хан-Уул дүүгийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голконда гэх нэртэй барилгын хашаанд байрлах 1 дугаартай хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн тэмдэглэлд:
“...Зураг №1: “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэл хохирогчийн автомашины ар хэсэгт ирээд зогсож байгаа хэсгийг харуулав.
-Зураг №2: “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэлтэй хүмүүс гэмт хэргээ дуусгаад автомашинтайгаа ертөнцийн зүгээр баруун тийш хөдлөн явж байгаа хэсгийг харуулав...” гэсэн хэсэг (хавтаст хэргийн 102-103 дэх тал),
2.4 Хохирогч А.С”ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: “...Би Хан-Уул дүүгийн 16 дугаар хороо 612 байрны 13 тоотод ...амьдарч байгаа. Би өөрийн нэр дээрээ Приус 20 загварын тээврийн хэрэгслийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 17 сая төгрөгөөр худалдан авсан. Тухайн тээврийн хэрэгсэлд маргааш нь Сутай захаас 16 хэмжээтэй нийт 4 ширхэг дугуйг обудтай нь 1.600.000 төгрөгөөр худалдан авч байсан. 2022 оны 01 дүгээр сарын 11-ний 02 цагийн үед би эхнэр Нямсүрэнгийн хамтаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Гарден сити” хорооллоос гараад Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны замаар ороод байрны гадна зогсоолдоо машинаа тавихад 02 цаг 10-15 минут болж байсан санагдаж байна. Тухайн үед миний машины зүүн талд нь цэнхэр өнгийн Приус 20 загварын тээврийн хэрэгсэл болон баруун талд нь ямар машин зогсож байсныг нь би сайн санахгүй байна. Буугаад дугуйгаа харахад хэвийн байсан. Би ер нь ихэвчлэн Нисэх 86 байрны дотор хашаанд нь машинаа тавьдаг. Шөнө ирсэн болохоор зогсоол байхгүй болоод тэнд машинаа тавьсан. Өглөө 10 өнгөрөөгөөд машин руугаа явтал машины 4 ширхэг дугуйг тайлаад авсан байхаар нь цагдаагийн 102 дугаарт дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 110 дахь тал),
2.5 “Дамно” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №ХУ2-22-54 дугаартай: 16 хэмжээтэй гоёлын хайлш обудтай, 16 хэмжээтэй өвлийн дугуйн зах зээлийн үнэлгээг 960.000 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 127 дахь тал),
2.6 Шүүгдэгч Б.Т”гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр яллагдагчаар өгсөн: “...Нисэх 81 дүгээр байрны орчим нэг машины ард хэсэгт таглаж тавиад намайг М” ах “хүн хараад байж байгаарай ” гээд машинаасаа буугаад өөрийнхөө машины ард хэсгээс 4 ширхэг блок буулгаж тухайн хойно таглаж тавьдаг машины ард хэсэгт нь тавиад тэгээд М” ах тухайн хар өнгийн приус-20 маркийн автомашиныг дмокрадаж эхэлсэн.. Намайг хүн харж байгаарай гэх үед нь болохоор би машины гадна хэсэгт зогсоол байсан хашааны булан хэсэгт нь хүн хараад зогсож байсан чинь намайг М” ах дуудаад явъя гэж хэлсэн. 03 цагийн орчим намайг гэрийн гадна буулгаад би гэр рүүгээ орж амарсан. ...“Обуд дугуйн худалдаа гэсэн зарын групп” дээр 16-тай обуд зарна гэсэн утга бүхий зар байршуулж тухайн зарын доор М” ахын дугаар, нөгөөх нь би өөрийнхөө яг ашигладаг фейсбүүк хаяг болох Т” Б. Гэсэн хаягаас тухайн зарыг оруулж байсан. ...Нью гарден хотхонд тухайн дугуйг обудтай нь 4 ширхэг дугуйгаа 600,000 төгрөгөөр зарсан. ...2022 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр өглөө 09 цагийн үед манай гэрт М” ах орж ирсэн. Бид хоёр гэрийн гадна уулзчихаад ах нь машиндаа нэг авчхаад ирье гээд явсан юм. ...М” ах өнөөдөр баасан гараг учраас хүн их олдох байхаа гээд намайг гэрээс аваад явсан юм. ...Буянт-Ухаа 2 хороолол орчим руу очоод надад дахиад М” ах хүн хараад машиндаа байж байгаарай гээд машинаасаа буугаад явсан. ...тэгээд машинаа хөдөлгөөд нэг машины ард очоод зогссон. ...би машинаас буугаад машиных нь урд хэсгээр буюу яг зам дагуу машин орж ирдэг хэсэгт нь хүн хараад байж байсан. ...намайг дуудаад заа суучих явъя гээд машинд суусан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 183-185 дахь тал),
2.7 Шүүгдэгч С.М”ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр яллагдагчаар өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Т”гийн гэрт би очсон. Т” мөнгөний хэрэг гараад байна гэж хэлсэн. Бид хоёр хоорондоо ярилцаж байгаад автомашины дугуй хулгайлахаар болоод 2022 оны 01 дүгээр сарын 11-ний орой 20 цагийн үед би Т”гийн гэрт очсон. Тухайн би өөрийн эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн 00-00 УБӨ улсын дугаартай саарал өнгийн автомашинтай очсон. Энэ машиныг Гантулга гэх хүнээс 7 сая төгрөгөөр худалдан авсан, өөрийн нэр дээр шилжүүлж авч амжаагүй байсан юм. Бид хоёр 23 цаг өнгөрч байхад өөрийн машинтай гараад хотоор явж байгаад 02 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Нисэх 81 дүгээр байрны зогсоол руу орсон. Тус байрны ертөнцийн зүгээр хойд талд шороон зогсоол дээр байсан хар өнгийн Тоёота Приус 20 маркийн автомашины дэргэж очиж зогсоод Т” машинаас буугаад багажаас дугуйн торцов, домкрат авсан, би араас нь буугаад машины жолооч талын дугуйг Т” тайлж авахаар нь би доод талд бетон ивсэн. Ард талын дугуйг Т” тайлж байх хооронд би тайлсан дугуйг өөрийнхөө машины багажинд хийгээд буцаад очиход арын дугуйг тайлсан байхаар нь би машинд хийсэн. Машины дөрвөн дугуйг тайлж аваад Толгойт руу би өөрийн гэртээ очоод машинаа хашаандаа оруулсан. 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Т” зар тавиад бид хоёр дугуйг Яармагийн зам дагуу танихгүй эрэгтэй хүнд 600,000 төгрөгөөр зарсан. Бид хоёр мөнгийг тэнцүү хувааж авсан юм....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 195-196 дахь тал),
Гурав. Бусад нотлох баримтууд:
3.1 Гэрч Д.Батчулууны мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойт 127-57 тоотод бүртгэлтэй боловч одоо уг тоот хаягтаа амьдардаггүй юм. Одоо Толгойтын 91 дүгээг гудамж 8 тоотод амьдарч байгаа. Миний хувьд С”ын М” буюу манай гэрийн ойролцоох гэр нь байдаг залууд 2020 оны 02 дугаар санагдаж байна. Өөрийн 8830 УНӨ улсын дугаартай, саарал өнгийн тоёота приус-20 маркийн автомашиныг тухайн үедээ газраар бартер маягаар солилцож байсан юм. Машины нэр шилжилтийг хийгээгүй байгаа шалтгаан нь газрынхаа бичиг баримтыг би өөрийнхөө нэр дээр шилжүүлсний дараа машины нэрийг шилжүүлэхээр тохиролцсон. Өмчлөлийн хувьд би авсан газар дээрээ одоо амьдарч байгаа. М” надаас тухайн автомашиныг унаад байж байгаа учраас надад ямар нэгэн хамааралгүй гэсэн утгатай юм. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь миний нэр дээр болохоос биш автомашины эзэмшигч нь М” юм. Анх тохиролцсоноор бол 2022 оны 04 дүгээр сард асуудлаа шийдээд, тэгээд машинаа нэр дээрээ шилжүүлж авахаар тохиролцсон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58 дахь тал),
3.2 Хохирогч Ц.Д”, А.С” нарын гомдол, саналгүй тухай хүсэлт (хавтаст хэргийн 216-217 дахь тал), Хялбаршуулсан журмаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч С.М”, Б.Т” нарын гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 225-226 дахь тал), Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, ялын санал (хавтаст хэргийн 227-238 дахь тал),
3.3 Шүүгдэгчийн С.М” хувийн байдалтай холбоотой баримтууд: иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 155 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 156 дахь тал), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 153 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 157 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа (хавтаст хэргийн 158 дахь тал), Цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 69 дэх тал), Хатан үүд ХХК-д гагнуурчнаар ажилладаг талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 71 дэх тал),
3.4 Шүүгдэгчийн Б.Т”гийн хувийн байдалтай холбоотой баримтууд: иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 159 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 160 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 161 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа (хавтаст хэргийн 162 дахь тал), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 154 дэх тал), Дотоод хэргийн их сургуулийн суралцагчийн тодорхойлолт (хавтаст хэргийн 67 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад яллагдагч нарын гаргасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, ялын санал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар:
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Т”, С.М” нар нь гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Нисэх 86 дугаар байрны гадна зогсоол дээр тавьсан хохирогч А.С”ийн эзэмшлийн 0000” УББ улсын дугаартай приус 20 автомашины 4 ширхэг дугуйг обудын хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор дорцов, домократ хэрэглэж, машин механизм ашиглан хулгайлж 960.000 төгрөгийн хохирол учруулсан, үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 01 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хорооллын авто зогсоолд С.М”ийн унаж явсан 00-00УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслээр очиж улмаар тус авто зогсоолд байсан Ц.Д”гийн эзэмшлийн 00-00 УАМ улсын дугаартай Тоёота Приус 30 загварын автомашины 4 ширхэг обудтай дугуйг домократ, дорцов зэргийг ашиглан тайлан нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч иргэн Ц.Д”д 1.105.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, мөн тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох домократ, дорцов зэргийн ашиглаж үйлдсэн болох нь хохирогч нарын мэдүүлэг, яллагдагч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлангууд, хяналтын камерын бичлэг болон бусад шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул тэднийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай, шүүгдэгч нар нь гэм хорыг арилгасан байх тул хохирогч нарт төлөх төлбөргүй байна” гэсэн дүгнэлтийг,
-Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.О, Б.Т нар нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлж, гэм буруугийн талаарх дүгнэлтдээ “улсын яллагчийн саналтай адил байр суурьтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан бөгөөд шүүгдэгч нар нь хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч С.М”, Б.Т” нар нь бүлэглэн:
-0000 оны 00 дүгээр сарын 00-00-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Нисэх” 86 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан байсан хохирогч А.С”ийн эзэмшлийн 0000” УББ улсын дугаартай “Toyota Pruis-20” загварын автомашины 4 ширхэг дугуйг, обудын хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор дорцов, домократ хэрэглэж, машин механизм ашиглан хулгайлж 960.000 төгрөгийн төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
-Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаарт хэлтэст 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ирүүлсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 90 дэх тал),
-Хэргийн газарт үзлэг хийсэн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 92-94 дэх тал),
-Хяналтын Камерын бичлэгт үзлэг хийсэн 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 102-103 дэх тал),
-Хохирогч А.С”ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: “...байрны гадна зогсоолдоо машинаа тавихад 02 цаг 10-15 минут болж байсан санагдаж байна. ...Өглөө 10 өнгөрөөгөөд машин руугаа явтал машины 4 ширхэг дугуйг тайлаад авсан байхаар нь цагдаагийн 102 дугаарт дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 110 дахь тал),
-“Дамно” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №ХУ2-22-54 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 127 дахь тал),
-Б.Т”гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 183-185 дахь тал),
- С.М”ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 195-196 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар;
-мөн үргэлжилсэн үйлдлээр 0000 оны 00 дүгээр сарын 00-00-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутагт байх “Буянт-Ухаа-2” хорооллын авто зогсоолд С.М”ийн унаж явсан 00-00 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслээр очиж, тус авто зогсоолд байрлуулсан байсан Ц.Д”гийн эзэмшлийн 00-00 УАМ улсын дугаартай “Toyota prius-30” загварын автомашины 0 ширхэг обудтай дугуйг домократ, дорцов зэргийг ашиглан тайлан нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч иргэн Ц.Д”д 1.105.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
-Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ирүүлсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал),
-Хэргийн газарт үзлэг хийсэн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-10 дахь тал),
-Хохирогч Ц.Д”гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн: “...0000” УАМ улсын дугаартай “Тоёота приус 30” маркийн автомашины 4 ширхэг 16-тай энгийн обудтай дугуйтай нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хорооллын 0000” дугаар байрны гадна талд 2022 оны 01 дүгээр сарын 13-ны орой 23 цагийн үед байрлуулсан. Өглөө 08 цаг 15 минутад хулгайд алдсанаа мэдээд цагдаад хандаж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал) болон хохирогчоор дахин 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 65 дахь тал),
-“Дамно” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №ХУ2-22-55 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 23 дахь тал),
- Б.Т”гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 41-43 дахь тал),
-С.М”ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит нөхцөл байдлыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоосон байх ба оролцогчдын эрхийг зөрчсөн, хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдлыг дүгнэж, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэрэгт харьцуулалт хийсний үндсэн дээр хохирогч, яллагдагч нарын мэдүүлгийг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ.
Мөн машин механизм ашиглах гэдэгт эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашиглахыг;
- тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэдэгт ..тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг хамааруулан тус тус ойлгоно.
Шүүгдэгч С.М”, Б.Т” нар нь иргэн Ц.Д”, А.С” нарын автомашины эд анги дугуй, обудыг хулгайлахдаа учрах саадыг арилгах зорилгоор торцов, домкрат зэрэг багажийг ашиглан боолтоор нь тайлж авах замаар хулгайлан авсан үйл баримт байх ба, багаж ашиглахгүйгээр эд ангийг автомашины их биеэс салгах боломжгүй бөгөөд улмаар эдгээр эд ангийг салгаж авахын тулд торцов, домкрат зэргийг зориуд бэлтгэж очсон байх тул тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Түүнчлэн хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ иргэн Д.Батчулууны эзэмшлийн 8830 УНӨ улсын дугаартай, Toyota prius-20 загварыг машин механизмыг ашигласан болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогджээ.
Хэргийн үйл баримтаас тогтоогдсон нөхцөл байдлаас хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч С.М”, Б.Т” нар нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогч нарын автомашины дугуй, обудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор дорцов, домакрад хэрэглэж, машин механизм ашиглаж хулгайлан авсан өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно”,
Мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус хуульчилсан.
Иймд шүүгдэгч С.М”. Б.Т” нарын гэмт үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэлтэй бөгөөд дээрх зүйл хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус хуульчилсан.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Д”д 1.105.000, хохирогч А.С”ид 950.000 төгрөгийн хохирол учруулсан байх ба хохирогч нарт хохирол нөхөн төлөгдсөн, мөн хохирогч нар гомдол саналгүй, хохирлоо барагдуулсан, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч С.М”, Б.Т” нарт ялын санал танилцуулж, эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, тэдэнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Т”, С.М” нарыг тус бүрийг 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно” гэсэн дүгнэлтийг;
-шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Оюунболд, Б.Тэнгис нараас “Гэм буруу дээрээ маргадаггүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан улсын яллагчтай тохирсон ялын хүрээнд шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл болон тухайн хүний хувийн байдал зэрэгт нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.
Шүүгдэгч С.М”, Б.Т” нарын хувийн байдлын талаар судалсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар тэд ял шийтгэгдэж байгаагүй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг арилгасныг” тус тус хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан болно.
Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гэм буруугийн зарчимд нийцэх ба, тус гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн “хүнд” ангилалд хамаарч байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх талаар заасан тус зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах тухай зохицуулсан.
Шүүгдэгч С.М”, Б.Т” нар нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тус бүрд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг яллагдагч нарт танилцуулахад зөвшөөрч гарын үсгээ зурсан байх ба, шүүх хуралдаанд гэм буруу, прокурорын ялын саналыг зөвшөөрч байгаа, хохирлын нөхөн төлсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар мэдүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтын нөхцөл хангагдсан гэж үзэв.
Иймд шүүгдэгч С.М”, Б.Т” нар “Хулгайлах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Т”, С.М” нарт тус бүрд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т”, С.М” нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.
3. Бусад асуудлын талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т”, С.М” нарын шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр баривчлагдсан тус бүрийн 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, эдлэх ялаас хасахаар,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Мөн шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ Д.Батчулууны эзэмшлийн 8830 УНӨ улсын дугаартай, Toyota prius-20 загварыг ашигласан байх бөгөөд тухайн тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөл, эзэмшлийнх байх тул хураах, улсын орлого болгох үндэслэлгүй гэж үзсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ж овогт Бын Т”, Б” овогт С”ын М” нарыг “Хулгайлах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Т”, С.М” нарыг тус бүрийг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т”, С.М” нарт тус бүрд оногдуулсан 1 (нэг) жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т”, С.М” нарын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр баривчлагдсан тус бүрийн 2 (хоёр) хоногийг тэдний эдлэх ялд нь оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нарын холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Т”, С.М” нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Т”, С.М” нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН