Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 428

 

 

 

 

 

 

 

2019            5              7                                             ДШМ/2019/428

 

                                                     Т.Л-ид холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч Т.Л-,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 247 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Л-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1806023840573 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Боржигин овгийн Т.Л, 19... оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ......... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт..............тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: УТ91042039/;

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1, 148 дугаар зүйлийн 148.3, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил 1 сарын хугацаагаар хорих ял,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 936 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 8 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 9 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан.

Т.Л- нь:

1. 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн дотуур байрнаас иргэн А.Нургайшаагийн эзэмшлийн 1.000.000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютерыг "Үндэсний телевизийн ажилтан зорилтот нэвтрүүлгээр дамжуулан 5 оюутны төлбөрийг төлөх тул зөөврийн компьютероо аваад ир банкинд очиж 10.000 төгрөг тушаагаад ир гэж" худал хэлж хуурч мэхлэн зөөврийн компьютерыг залилсан,

2. 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Улаанбаатар Төмөр Замын Тээврийн Дээд" сургуулийн дотуур байранд өөрийгөө Монголын үндэсний радио телевизийн залуучуудын хэсэг хариуцсан ерөнхий найруулагч, "Оюутан хөтөлбөрт" оролцуулна гэж худал хэлж хуурч мэхлэн иргэн Э.Энхжингийн “Ленова” маркийн 520.000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютерыг залилсан,

3. 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Улаанбаатар Төмөр Замын Тээврийн Дээд" сургуулийн дотуур байранд өөрийгөө Монголын үндэсний радио телевизийн залуучуудын хэсэг хариуцсан ерөнхий найруулагч, "Оюутан хөтөлбөрт" оролцуулна гэж худал хэлж хуурч мэхлэн иргэн С.Оюунсүрэнгийн “HP” маркийн 520.000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютерыг залилсан,

4. 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Улаанбаатар Төмөр Замын Тээврийн Дээд" сургуулийн дотуур байранд Монголын үндэсний радио телевизийн залуучуудын хэсэг хариуцсан ерөнхий найруулагч, "Оюутан хөтөлбөрт "оролцуулна гэж худал хэлж хуурч мэхлэн иргэн Б.Төгөлдөрийн “Ленова” маркийн 520.000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютерыг залилсан,

5. 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Улаанбаатар Төмөр Замын Тээврийн Дээд" сургуулийн дотуур байранд өөрийгөө Монголын үндэсний радио телевизийн залуучуудын хэсэг хариуцсан ерөнхий найруулагч, “Оюутан хөтөлбөрт” оролцуулна гэж худал хэлж хуурч мэхлэн иргэн Г.Одгэрэлийн “Асер” маркийн 390.000 төгрөгийн зөөврийн компьютерыг залилсан,

6. 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Улаанбаатар Төмөр Замын Тээврийн Дээд" сургуулийн оюутны дотуур байранд өөрийгөө Монголын үндэсний радио телевизийн залуучуудын хэсэг хариуцсан ерөнхий найруулагч, "оюутан хөтөлбөрт " оролцуулна гэж худал хэлж хуурч мэхлэн иргэн Б.Баярсувдын “Dell” маркийн 510.000 үнэ бүхий зөөврийн компьютерыг залилсан,

7. 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Наран моллийн урд талын зогсоол дээр иргэн Ц.Сэржмядагийн 31-18 УНЗ улсын дугаартай "Волксваген тоурег" маркийн автомашиныг 14.000.000 төгрөгөөр худалдан авья хэмээн худал хэлж, хуурч мэхлэн залилсан,

8. 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "АЧ" анагаах ухааны их сургуулийн оюутны дотуур байранд өөрийгөө Н.Тамир гэж танилцуулан "Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз"-ээс явж байна 4 хүүхэд шалгаруулан сургалтын төлбөр хийх болно гэж худал хэлж хуурч мэхлэн иргэн Ж.Доржнамсангийн эзэмшлийн тошиба маркийн 800.000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютер залилсан,

9. 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "АЧ" анагаах ухааны их сургуулийн оюутны дотуур байранд өөрийгөө Н.Тамир гэж танилцуулан "Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз"-ээс явж байна 4 хүүхэд шалгаруулан сургалтын төлбөр хийх болно гэж худал хэлж хуурч мэхлэн иргэн С.Ариунтуяагийн эзэмшлийн хар өнгийн “Самсунг галакси эс-4” маркийн 160.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг залилсан,

10. 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "АЧ" анагаах ухааны их сургуулийн оюутны дотуур байранд өөрийгөө Н.Тамир гэж танилцуулан "Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз"-с явж байна 4 хүүхэд шалгаруулан сургалтын төлбөр хийх болно гэж худал хэлж хуурч мэхлэн иргэн О.Лхамхүүгийн эзэмшлийн хар өнгийн “Самсунг галакси эс-4” маркийн 100.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг залилсан,

 11. 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "АЧ" анагаах ухааны их сургуулийн оюутны дотуур байранд өөрийгөө Н.Тамир гэж танилцуулан "Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз"-с явж байна 4 хүүхэд шалгаруулан сургалтын төлбөр хийх болно гэж худал хэлж хуурч мэхлэн иргэн Д.Нандинцэцэгийн эзэмшлийн “Самсунг гранд-2” маркийн 200.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг залилсан,

12. 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо нутаг дэвсгэрт Алтан Овооны 2-39 А тоотод оршин суух иргэн Л.Мөнхбаярын эзэмшлийн “Приус-20” маркийн 24-65 УНН улсын дугаартай машиныг хүүхэд хүргээд ирнэ гэж худал хэлж хуурч мэхлэн 7.951.500 төгрөгийн үнэ бүхий автомашиныг залилсан,

 13. 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд дарь эхийн 30 дугаар гудамжны 1672 тоотод байрлах иргэн Р.Энхсайханы үйл ажиллагаа эрхлэн явуулдаг “Тамир" гэх хүнсний дэлгүүрт өөрийгөө "АПУ" компаниас явж байна хөргөгч тавьж өгнө. Урьдчилгаа төлбөр төлөх ёстой гэж худал хэлж, хуурч мэхлэн 150.000 төгрөгийг залилсан,

14. 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо "Анар" зочид буудлын ард таксины жолооч иргэн Ц.Алтанцэцэгийн эзэмшлийн 450.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг жи-3” маркийн гар утас, бэлэн 100.000 төгрөгийн бензиний талон зэргийг утсаар яриад өгий, талоныг мөнгө болгож өгий гэж худал хэлж, хуурч мэхлэн авч 550.000 төгрөг залилсан,

 15. 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 5 дугаар гудамжинд байрлах "Энхжин" нэртэй хүнсний дэлгүүрийн худалдагч О.Цэцэнбаярт өөрийгөө "АПУ" ХХК-ны худалдааны төлөөлөгч байна танай дэлгүүрт шинээр хөргөгч тавина урьдчилгаа төлбөр төлөх ёстой гэж худал хэлж, хуурч мэхлэн 100.000 төгрөг авч залилсан,

 16. 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 3 дугаар гудамжинд байрлах С.Даваанямын эрхлэн ажиллуулдаг "Хишигдэлгэрэх" нэртэй хүнсний дэлгүүрийн худалдагч Ж.Хишигжаргалд өөрийгөө "АПУ" ХХК-ны худалдааны төлөөлөгч байна танай дэлгүүрт шинээр хөргөгч тавина. Урдчилгаа төлбөр төлөх ёстой гэж худал хэлж, хуурч мэхлэн 100.000 төгрөг авч залилсан,

17. 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 5-573 тоотод байрлах "Ивээл" нэртэй хүнсний дэлгүүрт иргэн Ч.Билгээд "АПУ" компаниас явж байна хөргөгч тавьж өгнө. Урьдчилгаа төлбөр төлөх ёстой гэж хуурч мэхлэн бэлэн 300.000 төгрөг залилсан,

18. 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва хороолол дунд байрлах хүнсний дэлгүүрт "АПУ" компаниас явж байна танай дэлгүүрт пивоны хөргөгч тавина. Урьдчилгаа төлбөр төлөх ёстой гэж худал хэлж, хуурч мэхлэн иргэн О.Алтансувдаас бэлэн 250.000 төгрөг залилсан,

19. 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тахилтын 2-1А тоотод оршин суух иргэн Ж.Батсайханы эзэмшлийн "Хонгор" нэртэй хүнсний дэлгүүрээс "АПУ" компаниас явж байна хөргөгч тавьж өгнө. Урьдчилгаа төлбөр төлөх ёстой гэж худал хэлж, хуурч мэхлэн бэлэн 400.000 төгрөг залилсан,

 20. 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг иргэн Х.Өлзийхишигийн эзэмшлийн "Далайн хун" хүнсний дэлгүүрт "АПУ" компаниас явж байна хөргөгч тавьж өгнө. Урьдчилгаа төлбөр төлөх ёстой гэж худал хэлж, хуурч мэхлэн 117.000 төгрөг залилсан,

21. 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хайрханы 9-317 тоотод байрлах "Анарцагаан" хүнсний дэлгүүрээс "AПУ" ХХК-аас явж байна хөргөгч тавьж өгнө. Урьдчилгаа төлбөр төлөх ёстой гэж худал хэлж, хуурч мэхлэн иргэн Х.Баттулгаас бэлэн 190.000 төгрөг залилсан,

22. 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо монлаагийн 16-02 А тоотод үйл ажиллагаа явуулдаг "Хужиртай" нэртэй хүнсний дэлгүүрийн худалдагч Х.Доржхандад "АПУ" компаниас явж байна хөргөгч тавьж өгнө. Урьдчилгаа төлбөр төлөх ёстой гэж худал хэлж, хуурч мэхлэн 190.000 төгрөг залилсан,

23. 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг иргэн Ч.Батдоржийн "Цэцэгхэн" хүнсний дэлгүүрт "АПУ" компаниас явж байна хөргөгч тавьж өгнө. Урьдчилгаа төлбөр төлөх ёстой гэж худал хэлж, хуурч мэхлэн 500.000 төгрөг залилсан,

24. 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Өргөн дэлгэрэх" нэртэй дэлгүүрийн худалдагч иргэн Т.Нансалмаад "АПУ" компаниас явж байна архи пивоны зөвшөөрөл гаргаж өгнө хөргөгч тавьж өгнө. Урьдчилгаа төлбөр төлөх ёстой гэж худал хэлж, хуурч мэхлэн 460.000 төгрөгийг залилсан,

25. 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хишигдэлгэрэх" нэртэй хүнсний дэлгүүрт иргэн Т.Амаржаргалд "АПУ" компаний борлуулалтын албаны хүн байна, танай хөргөгчний хугацаа болсон байна, хөргөгч тавьж өгнө. Урьдчилгаа төлбөр төлөх ёстой гэж худал хэлж хуурч мэхлэн бэлэн 380.000 төгрөг залилсан,

26. 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг иргэн О.Энхжаргалд АПУ ХХК-аас явж байна гэрээт борлуулагч болгоё гэж худал хэлж, хуурч мэхлэн, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хорооллын орчимд 1.500.000 төгрөгийг бэлнээр авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.Л-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигин овгийн Т.Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Л-ийн цагдан хоригдсон хоёр зуун хорин гурав хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Л-оос 7.518.500 төгрөг гаргуулж, хохирогч Б.Төгөлдөрт 520.000 төгрөг, Г.Одгэрэлд 390.000 төгрөг, Б.Баярсувдад 510.000 төгрөг, Ж.Доржнамсанд 800.000 төгрөг, С.Ариунтуяад 160.000 төгрөг, О.Лхамхүүд 100.000 төгрөг, Д.Наниданцэцэгт 200.000 төгрөг, Л.Мөнхбаярт 351.500 төгрөг, О.Цэрэнбаярт 100.000 төгрөг, С.Даваанямд 100.000 төгрөг, Ч.Билгээд 300.000 төгрөг, О.Алтансувдад 250.000 төгрөг, Ж.Батсайханд 400.000 төгрөг, Х.Өлзийхишигт 117.000 төгрөг, Х.Баттулгад 190.000 төгрөг, Х.Доржхандад 190.000 төгрөг, Ч.Батдоржид 500.000 төгрөг, Т.Нансалмаад 460.000 төгрөг, Т.Амаржаргалд 380.000 төгрөг, О.Энхжаргалд 1.500.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Охь нэртэй архи 1 ширхэгийг устгуулахаар, бичлэг бүхий сиди 2 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Т.Л-ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг тухайн өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Л- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хуралдааны үед “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо огт төлөөгүй байдал, гэмт хэрэгт өгч байгаа үнэлэлт дүгнэлт, хялбар аргаар өөрийн хэрэгцээ болон амин зуулгыг залгуулах гэсэн санаатай үйлдэл, гэмт хэрэг үйлдэх үедээ тодорхой эрхэлсэн ажилгүй, цалин орлогогүй байсан байдал, амьдралын эх үүсвэрээ болгосон байдал” гэх мэт хүндрүүлэх хүчин зүйлсийг гол болгон ялласан байдаг. Мөн шүүхээс надад ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэхээр хуульд тусгайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй гэх мэт дүгнэлтүүдийг хийж хүндрүүлэх нөхцөл байдал болгон шийдвэрлэсэн байдаг. Гэтэл, миний бие өөрийн үйлдсэн буруутай үйлдэл бүртээ чин сэтгэлээсээ гэмшиж бусдад учруулсан хохирол болох 31.000.000 гаруй төгрөгийн хохирлоос төлж барагдуулан одоо 7.518.500 төгрөгийн хохирол үлдсэн байгаа ба уг хохирлыг нэн даруй төлж барагдуулахаа мөрдөн байцаалтын шатнаас эхлэн илэрхийлж, төлж барагдуулсаар ирсэн. Гэтэл хохирол огт төлж барагдуулаагүй гэж дүгнэн хүндрүүлэх нөхцөл байдлаар шийдвэрлэсэн. Хавтас хэрэгт хохирогч А.Нургайша, Э.Энхжин, С.Оюунсүрэн, Ц.Сэржмядаг, О.Энхсайхан, Ц.Алтанцэцэг нар нь хохирлоо бүрэн хүлээж авсан тухай баримт тусгагдсан.

Миний бие энэ төрлийн гэмт хэрэгт удаа дараа холбогдож байсан боловч тухайн үед өөрийн буруутай үйлдэлд үнэлэлт дүгнэлт хийж, амьдралд зөв замыг сонгох чадамж дутмаг, бага залуу насны буруу бодлоор бүгдийг өнгөц харан, ганц өөрийн биеийн жаргалыг бодон буруу шийдвэрүүд гаргаж байжээ. Гэтэл энэ удаагийн хэрэгт холбогдсон үед зөвхөн өөрийгөө бодож буруу шийдвэр гаргаж болохгүй гэдгийг ухааруулсан олон үйл явдал болсон. Гэр бүлийн амьдрал зохиож эхнэртэй болсон ба тухайн хүн амьдралыг харах өнцгийг минь өөрчилж өөрийн шударга хөдөлмөрөөр зөв хүн болон гэр бүлтэйгээ элэг бүтэн амьдрах нь аз жаргал гэдгийг ойлгосон. Амьдралд хамгийн чухал зүйл болох бусдын итгэл найдварыг алдаж нийгэмд сөрөг бүтээгдэхүүн болж байсан байна. Амьдралыг үзэх үзэл маань өөрчлөгдөж, өөрийгөө зөв хүн болгох хатуу зарчим өөртөө тавьсан. Энэ талаар шүүгч болон прокурор нарт удаа дараа илэрхийлж байсан. Түүнчлэн өөрийн үйлдсэн үйлдлүүдийг цагдаа болон прокурорын байгууллагад өргөдөл хүсэлт гарган шалгуулж, энэ буруу замаас өөрийгөө нэг мөр татан гаргах зорилготойгоор хэргээ өөрөө хүлээсэн байдаг. Баянзүрх дүүргийн хяналтын прокурор М.Эрдэнэзаяа, цагдаагийн газрын мөрдөн байцаагч Н.Пүрэвжав, Н.Нямдорж нарт хүсэлтээ гарган шалгуулж хохирлоо төлсөн байдаг. Мөн шүүх шийдвэр гаргахдаа “эрхэлсэн тодорхой ажилгүй, цалин орлогогүй байсан ба амьдралын эх үүсвэр болгосон” гэсэн байдаг. Гэтэл анх хэрэг шалгагдаж эхэлсэн 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөг байцаагч, цагдаагийн ахмад Н.Нямдорж иргэний үнэмлэхний хуулбар, ажлын газрын тодорхойлолт, цалингийн тодорхойлолт зэргийг гаргаж өгсөн байсан нь хавтас хэргээс алга болсон байсан. Би 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хорих ангиас суллагдсан бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Нарангийн голд байрлах “Хаан хүнс импекс” ХХК-д ажиллаж байгаад 2018 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр чөлөө авсан тухайн хугацаанд сар бүр тогтмол орлоготой ажил эрхэлж байсан. Үүнийг тухайн байгууллагаас гаргаж өгсөн тодорхойлолт батлан харуулж байна. Иймээс миний хүсэлтийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдаагүй хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хорих ялын хугацаа, дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

            Прокурор М.Эрдэнэзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Т.Л- урьд нь 3 удаа залилах гэмт хэргийг үйлдсэн. Хохирлыг төлж барагдуулсан ч гэсэн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл үндэслэлтэй, тохирсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Л-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Т.Л-ид холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 247 дугаартай шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүй байна.

Учир нь, мөрдөн шалгах болон прокурорын хяналтын шатанд шүүгдэгч Т.Л-ийн хувийн байдлыг зөв тогтоож чадаагүйгээс шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдож байна.  

Шүүгдэгч Т.Л- нь энэ гэмт хэрэгт холбогдохоос өмнө Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоол /хх 113-126/-оор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 9 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн байна. 

Түүний ял шалгах хуудас /хх 93/-аар “Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 194 дүгээр шүүгчийн захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчилж, 2 жил 6 сар 9 хоногийн хорих ял болгон өөрчилж, 9 сар 16 хоног үлдсэн” талаар тэмдэглэгджээ.

Шүүгдэгч Т.Л-ийн 26 үйлдлийн эхнийх нь 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр үйлдэгдсэн гэж үзвэл хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн байж болохоор байна.

Иймд шүүгдэгч Т.Л-ийн урьд ял шийтгүүлж байсан шүүхийн шийтгэх тогтоолуудаас гадна ялтны ялыг шинээр хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуульд нийцүүлсэн болон хорих ялыг хугацаанаас өмнө тэнссэн сулласан байж болох шүүгчийн захирамж зэрэг шаардлагатай баримтуудыг бүрэн авч хэрэгт хавсаргах хэрэгтэй.  

Ингэснээр шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг хэрэглэх эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийх боломжтой болгох юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө” гэж, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” бол Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ гэж заажээ.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 247 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.Л-ид холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлээр хүчингүй болгож байгаа тул шүүгдэгч Т.Л-ийн “хорих ялыг хугацаа болон дэглэмийг хөнгөрүүлж өгөх” тухай давж заалдах гомдлыг энэ удаагийн шүүх хуралдаанаар хэлэлцээгүй болохыг дурьдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 247 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.Л-ид холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцтэл шүүгдэгч Т.Л-ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                           ШҮҮГЧ                                                                    Н.БАТСАЙХАН

 

                           ШҮҮГЧ                                                                     Б.ЗОРИГ