Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 165

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Дашням,

Улсын яллагч Р.Энхтуяа,

Шүүгдэгч Н.Нямдаваа, түүний өмгөөлөгч Н.Болормаа,

Хохирогч Г.Содбаяр

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626011494 дугаартай, 188/2016/0180/э индекстэй 1 хавтаст хэргийн шүүгдэгч 

 

Монгол улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай эрэгтэй, халх бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “Монгол цавуу” ХХК-д борлуулалтын менежер ажилтай, ам бүл 2, эгчийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Содон хороолол 103 байрны 104 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ЧБ86040673 дугаарын регистртэй, Боржигон овгийн Нэргүйн Нямдаваад холбогдох хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Н.Нямдаваа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 5 дугаар сарын  30-аас 31-нд шилжих шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Содбаярыг “хэл амаар доромжилж, нүүрэн тус газар нь цохилоо” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож хохирогч Г.Содбаярын бие махбодид “эрүү ясны хугарал, 1 шүдний сулрал, уруулд шарх, хүзүү тохойд зулгаралт” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Нямдаваа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 оны 05 дугаар сарын 30-аас 31-нэд шилжих шөнө 3 найзын хамт байж байхад 22 цагийн үед Содбаяр ирсэн. Би Содбаярт 2 дүүгийнх нь талаар ярихад Содбаяр намайг хэл амаар доромжлоод эхлэхээр нь түүнийг бариад автал Содбаяр миний шанаа тус газар цохихоор нь би зөрүүлээд нүүрэн тус газар нь цохьсон. Тэгтэл Содбаяр намайг дэгээдэж унагаасан, Оюунболд биднийг салгасан юм. Би хохирогчид нийтдээ 3.200.000 төгрөг эмчилгээнд нь өгсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулахыг хүсье гэв.

Хохирогч Г.Содбаяр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

2016 оны 05 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө Нямдаваа ах над руу залгаад хүрээд ир гэхээр нь би яваад очтол 3 найзын хамт байж байсан, Намайг очиход 2 нь яваад найз Оюунболд нь үлдсэн. Бид гурав бааранд орж суусан. Ингээд намайг явах гэхэд Нямдаваа ах наадахдаа 2000 төгрөг өгчих гэж Оюунболдод хэлэхээр нь би нэг болохоор баян цатгалан, нэг болохоор ядуу гуйлгачин гэж хэлдэг, наад мөнгийг чинь авахгүй гэхэд Нямдаваа ах намайг бариад авахаар нь би нүүрэнд нь цохьсон, Нямдаваа ах зөрүүлээд намайг цохьтол би газар унасан. Миний эрүү эвгүй оргиод хугарсан байсан, нийтдээ эмчилгээндээ 3.300.000 төгрөг хүлээн авсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй гэв.

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 7591 тоот акт. ДҮГНЭЛТ:

1. Г.Содбаярын биед эрүү ясны хугарал, нэг шүдний сулрал, уруулд шарх, хүзүү тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-24/,

 

Шүүгдэгч Н.Нямдаваа хохирогчоор мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

              ...Содон хорооллын 103 дугаар байрны сааданд сууж байхад Содбаяр над руу залгаад хаана байна гэхээр нь байгаа газраа хэлэхэд байж байгаарай, би ингээд очлоо гэсэн...Содбаяр 23 цагийн үед ирэхээр нь дэлгүүрээс 2.5 литрийн Нийслэл нэртэй том пиво худалдаж аваад Оюунболд бид 3 уусан...Содбаяр, Оюунболд бид 3 авсан пивоо ууж дуусаад Жи нэртэй бааранд 00 цагийн орчим ороод пиво уугаад 02 цагийн үед гарсан...Содбаярыг “би гэрт чинь хүргэж өгье” гэж хэлсэн чинь та нар манай дүү Одбаярыг хулгайч гэж хэлсэн, та нар Солонгос явж ирээд ийм баян болчихсон юм уу, танайх баян, манайх ядуу юм байна л даа гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би чи юу яриад байгаа юм, хэн Солонгос яваад баяжаад байгаа юм гээд заамдаад авсан чинь Содбаяр миний нүүр рүү цохьсон, тэгэхээр нь зөрүүлээд би нүүр рүү нь цохиход миний шүд эвгүй болчихлоо гээд орилоод байсан. Энэ үед Оюунболд бид 2-ыг салгасан, тэгтэл буцаад Содбаяр миний цамцны захаас заамдаж аваад миний хөлийг дэгээдээд газар унагаасан. Хөлөн дээр гишгэсэн. Энэ үед надад учирсан “хөнгөн” зэргийн гэмтэл үүссэн боловч надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...гэжээ. /хх-14/,

             

              Гэрч О.Оюунболд мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

              ...Содбаяр, Нямдаваа бид Сонгинохайрхан дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байх Жи бааранд орж пиво уугаад 02 цагийн орчим гарсан, хүнсний дэлгүүр орж бэлэн гоймон аваад байж байсан чинь араас Содбаяр “та нар ямар амиа пизда нар вэ, Солонгос явж ирээд их баяжиж дээ” гээд орилоод Нямдаваа руу танай гэр бүлийг хүйс тэмтрэнэ гээд зодох гээд байсан. Тэгтэл Содбаяр Нямдаваа нар нэг нэгнийхээ хувцаснаас зууралдаад авсан. Содбаяр Нямдаваагийн нүүрэн тус газар гараараа цохисон, Нямдаваа зөрүүлээд цохьтол Содбаяр Нямдавааг мордоод газар цуг унасан. Тэр үед би салгасан...гэжээ. /хх-20-21/,

  Хохирогч Г.Содбаяр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

             ...Оюунболд, Нямдаваа бид 3 сааданд сууж үлдээд 2.5 литр пиво ууж байхдаа Нямдаваа ах “танай Тодбаяр гэх ихэр чинь Одбаяр, Буянхишиг хоёрын хулгайн хэргийн талаар учрыг нь мэдээгүй байж миний ээжийн талаар юу гээд байгаа пизда вэ” гэсэн. Тухайн үед би Нямдавааг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор тоолгүй орхисон. Пиво ууж дуусаад тэр 2-той цуг би Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Жи нэртэй бааранд ороод ганц 2 пиво уугаад 02 цагийн үед гарсан...Би харилаа гэтэл Оюунболд наадахдаа 2000 төгрөг өгчих гэсэн...би та нараас мөнгө авмаар юм шиг байна уу, өөрөө гэртээ харьчихна, та нар нэг бол баян цатгалангаараа дуудалцаад, эсвэл бид нарыг ядуугаар дуудаад байх юм гэтэл Нямдаваа миний цамцнаас заамдаад авсан. Би Нямдаваагийн нүүр рүү гараараа нэг удаа цохьсон, тэгтэл зөрүүлээд намайг цохиход шүд эвгүй болохоор нь би Нямдавааг барьж аваад ноцолдоод цуг газар унасан...гэжээ. /хх-10/,

 

Шүүгдэгч Н.Нямдаваагийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-60/, болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Н.Нямдаваа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 5 дугаар сарын  30-аас 31-нд шилжих шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Содбаярыг хэл амаар доромжилж, нүүрэн тус газар цохилоо гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож түүний  бие махбодид эрүү ясны хугарал, 1 шүдний сулрал, уруулд шарх, хүзүү тохойд зулгарал” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Нямдаваа, хохирогч Г.Содбаяр нараас мэдүүлсэн мэдүүлэг болон хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хохирогч Г.Содбаярын “…Нямдаваа миний цамцнаас заамдаад авсан, тэгэхээр нь би Нямдаваагийн нүүр лүү гараараа нэг удаа цохьсон, тэгтэл зөрүүлээд намайг цохиход шүд эвгүй болохоор нь би Нямдавааг барьж аваад ноцолдоод цуг газар унасан…” гэх /хх-11/, гэрч О.Оюунболдын “...Содбаяр, Нямдаваа нар нэг нэгнийхээ хувцаснаас зууралдаад авсан, Содбаяр Нямдаваагийн нүүрэн тус газар гараараа цохисон, Нямдаваа зөрүүлээд цохьтол Содбаяр Нямдавааг морьдоод газар цуг унасан...” гэх /хх-21/, шүүгдэгч Н.Нямдаваагийн хохирогчоор болон яллагдагчаар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч Г.Содбаярын биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн № 7591 тоот акт, бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд Н.Нямдавааг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Н.Нямдаваад ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад учруулсан хохирлоо бүрэн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 55.1.10-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Хохирогч Г.Содбаяр 473.500 төгрөгийн баримт гаргаж өгсөн, хохиролдоо нийт 3.300.000 төгрөг төлүүлж авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй болохоо шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлснийг дурдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигон овгийн Нэргүйн Нямдавааг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Н.Нямдавааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Н.Нямдаваад оногдуулсан 1 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Н.Нямдаваа цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Содбаяр нэхэмжлэх зүйлгүй гэснийг, хэрэгт авагдсан эд мөрийн баримтгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг журамлан Н.Нямдаваад оногдуулсан 1 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Нямдаваад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.ОЮУНЧИМЭГ