| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2017/02878/и |
| Дугаар | 3051 |
| Огноо | 2017-11-14 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 3051
2017 оны 11 сарын 14 өдөр Дугаар 102/ШШ2017/03051 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, хороо, хороолол, дугаар байрны тоотод оршин суух Б овогт Б Э-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч аймаг, Дархан сум, дугаар баг, дугаар байрны тоотод оршин суух Т овогт Г О холбогдох эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг, нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Б.Э нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 10 дугаар сард Г.О-тэй танилцаж, хамтран амьдраад, 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүү Э.Э төрсөн.
2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Г.О БНХАУ руу 1 жилийн хугацаатай сургалтаар явсан бөгөөд тодорхойгүй шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулалгүй холбоогоо тасалсан.
Бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул Г.О хүү Э.Э эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү, гэжээ.
Хариуцагч Г.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би 2015 оны 10 дугаар сард Б.Э-тай танилцаж, 2016 оны 2 дугаар сараас хамтран амьдраад, 2016 оны 10 дугаар сарын дунд үеэс бидний харилцаа дууссан.
Б.Э намайг БНХАУ-д байх хугацаанд жирэмсэн болсон гэдгээ утсаар хэлсэн ба түүний жирэмсэн болох хугацаа 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд байх магадлалтай гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгэнт шинжээчийн дүгнэлтээр эцэг нь мөн гэж тогтоогдсон тул тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Г.О холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар 2015 оноос гэр бүлийн харьцаатай болж, 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүү Э.Э-ийг төрж, гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас 2016 оноос хойш тусдаа амьдарч, хамтран амьдрах хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, 1107002347 дугаартай хүүхдийн Төрсний гэрчилгээ-ний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж зааснаар зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй боловч хүү Э.Э төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг зохигчдод үүсчээ.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар эцэг ГО-ээс сар бүр тэтгэлэг гаргуулж, хүү Э.Э-ийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг хариуцагчид анхааруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тэтгэлэг тогтоох нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн амьжиргааны баталгаажих доод түвшин 185300 төгрөгийг 50 хувиар тооцож, нэг жилийн хугацаанд 1 хүүхдэд төлвөл зохих тэтгэлэг 1.111.800 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31233 төгрөг, нийт хариуцагчаас, 103000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтууд гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Э.Э-ийг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоож, эцэг Т овогт Г-ын О-ээс сар бүр гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Г.О-ээс гаргуулах тэтгэлгийн хэмжээ цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс,түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Э-д даалгасугай.
4.Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар түүнийг зориулалтаар зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103.000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 103.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА