Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/97

 

 Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Төмөрбарс,

Улсын яллагч Д.Ганцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өнөрболд /Онлайнаар/,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Маарамба овогт *******д холбогдох 2126000000115  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1/82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6-д зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, Маарамба овогт *******, регистрийн дугаар:*******,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч “...******* нь 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өглөө 07 цагийн орчим Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1 дүгээр баг “Баянхайрхан” гэх газар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр *******г гэр бүлийн маргааны улмаас биед нь хууль бусаар халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

2021 оны 04 дүгээр сарын 13-ны өглөө 07 цагийн орчим *гэх газар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн төрсөн хүүхэд болох *******ыг өөдөөс нь хэрүүл хийлээ гэх зүйлээр шалтаглан биед нь хууль бусаар халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм зүйл хийхгүй” гэв.

 

Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нөхөр Буянжаргалын хамтаар Богд сум руу автомашинаа засуулахаар явсан. Тэгээд автомашинаа засуулчихаад хөдлөх гэж байтал тэр айлын залуу нь араас ирээд Хайрхандулаан сумын гуанз руу явъя гэж хэлсэн. Тэгээд Хайрхандулаан сумын гуанз руу яваад 2.5 литрийн “Сэрүүн” нэртэй пиво нилээн хэдийг аваад Хайрхандулаан сумын цаана уулан дээр 3 ширхгийг нь уусан. Дараа нь манай гэрт ирээд үлдсэн 3 ширхгийг нь уусан. Тэгээд өглөө 7 цагийн үед нөгөө залууг явсан чинь манай нөхөр нөгөө залуутай намайг хардаад миний нуруу руу өшиглөсөн. Тэгээд гэртээ орсон чинь дахиж өшиглөөд миний үснээс зулгаагаад орон дээр миний бие рүү гараараа хаа хамаагүй цохьсон. Мөн автомашины түлхүүрээ барьчихаад түлхүүртэй гараараа миний гар хүзүү, цээж рүү цохьсон. Тэгээд саахалтын айл болох Бүд гэх айлд очоод эхнэрийг нь намайг аймаг руу хүргээд өгөөч гэж хэлээд аймаг руу хүргүүлсэн. Тэгээд энэ талаар эгчдээ хэлэхэд цагдаад хэлье гээд өргөдөл гаргасан ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6, 12 дугаар хуудас/, 

 

Насанд хүрээгүй хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр манай аав ******* нь ээжийн үснээс нь зулгаагаад гараараа бие рүү нь цохиод байсан. Зөндөө олон цохьсон. Мөн намайг үснээс зулгаагаад миний нүүр рүү алгадаж цохьсон. Тэгсэн чинь миний шүд хөдөлчихсөн. Бас хөлөөрөө миний хөл рүү өшиглөсөн. Аав өөртэйгээ хамт пиво уусан ахтай ээжийг хардаад тэгээд намайг зодсон. Тэр үед аав согтуу байсан. Аав намайг ээжийгээ өмөөрлөө гээд зодсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дугаар хуудас/, 

 

Гэрч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ГЦэцэгмаа нь хүүхдүүдээ аваад миний төрсөн эгч Өлзийхүүгийнд нөхөртөө зодуулчихлаа гээд ирсэн. Тэгээд эгч намайг дуудаад *******гийн биеийг хараадах гэхээр нь би *******гаас юу болсон талаар асуусан чинь нөхөр намайг зодчихлоо гэхээр нь биеийг нь хартал цээж рүү нь цохьсон бололтой шалбаралт үүссэн байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад би гомдол гаргасан. Мөн хүүхдээ зодсон юм шиг байсан ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

 

Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Одоо эхнэр Цэцэгмаа, охин Бүжинлхам нартайгаа эвлэрсэн. Хамт амьдарч байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56 дугаар хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №191 дугаартай шинжээчийн “...Үзүүлэгч *******гийн биед тархи доргилт, баруун эгэм, баруун дал, баруун гарын бугалга хэсэгт цус хуралт бүхий зулгаралт, баруун гарын бугалга хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт, /хх-ийн 31-32 дүгээр хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №191 дугаартай шинжээчийн “...Үзүүлэгч *******ын биед тархи доргилт, 14 дүгээр шүдний булгарсан баруун завьжны дотор салстын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт, /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

 

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, хохирогч *******гийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч*******ын 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтүүд /хх-ийн 43, 51-52,108-109 хуудас/,

 

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 146 дугаартай тодорхойлолт /хх-69/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-62/, Амбулаториор эмчлүүлэгсдийн картны хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1/82 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 61-63, 69, 93-101, 102 дугаар хуудас/

 

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-59/ зэрэг болно.

 

Улсын яллагч “Шүүгдэгч ******* нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өнөрболд “Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ******* нь нь 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өглөө 07 цагийн орчим Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1 дүгээр баг “Баянхайрхан” гэх газар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр *******г гэр бүлийн маргааны улмаас биед нь хууль бусаар халдан зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун эгэм, баруун дал, баруун гарын бугалга хэсэгт цус хуралт бүхий зулгаралт, баруун гарын бугалга хэсэгт цус хуралт бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан,

2021 оны 04 дүгээр сарын 13-ны өглөө 07 цагийн орчим Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1 дүгээр баг “Баянхайрхан” гэх газар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн төрсөн хүүхэд болох *******ыг өөдөөс нь хэрүүл хийлээ гэх зүйлээр шалтаглан биед нь хууль бусаар халдан зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, 14 дүгээр шүдний булгарсан баруун завьжны дотор салстын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч ******* нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч *******гийн “...Өглөө 7 цагийн үед нөгөө залууг явсан чинь манай нөхөр нөгөө залуутай намайг хардаад миний нуруу руу өшиглөсөн. Тэгээд гэртээ орсон чинь дахиж өшиглөөд миний үснээс зулгаагаад орон дээр миний бие рүү гараараа хаа хамаагүй цохьсон. Мөн автомашины түлхүүрээ барьчихаад түлхүүртэй гараараа миний гар хүзүү, цээж рүү цохьсон. ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6, 12 дугаар хуудас/, насанд хүрээгүй хохирогч *******ын “...Тухайн өдөр манай аав ******* нь ээжийн үснээс нь зулгаагаад гараараа бие рүү нь цохиод байсан. Зөндөө олон цохьсон. Мөн намайг үснээс зулгаагаад миний нүүр рүү алгадаж цохьсон. Тэгсэн чинь миний шүд хөдөлчихсөн. Бас хөлөөрөө миний хөл рүү өшиглөсөн. Аав өөртэйгээ хамт пиво уусан ахтай ээжийг хардаад тэгээд намайг зодсон..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дугаар хуудас/,  гэрч *******гийн “...2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Цэцэгмаа нь хүүхдүүдээ аваад миний төрсөн эгч Өлзийхүүгийнд нөхөртөө зодуулчихлаа гээд ирсэн. Биеийг нь хартал цээж рүү нь цохьсон бололтой шалбаралт үүссэн байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад би гомдол гаргасан. Мөн хүүхдээ зодсон юм шиг байсан. ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/, яллагдагч *******ын “...Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Одоо эхнэр Цэцэгмаа, охин Бүжинлхам нартайгаа эвлэрсэн. Хамт амьдарч байгаа. ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56 дугаар хуудас/, хохирогч *******, насанд хүрээгүй хохирогч ******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №191 дугаартай, 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №191 дугаартай шинжээчийн дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, хохирогч *******гийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч*******ын 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтүүд гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, насанд хүрээгүй хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №191 дугаартай, 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №191 дугаартай шинжээчийн дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, хохирогч *******гийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч*******ын 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтүүд зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч ******* нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв  гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч *******, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч******* нарын шүүхэд ирүүлсэн “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлтээр тогтоогдож байна.

 

Улсын яллагч “Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өнөрболд нь “...Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж өгнө үү ” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч *******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

   Шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч *******д мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч *******д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч *******, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч******* нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 34.14 дүгээр зүйлийн 1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 6, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Маарамба овогт *******ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч Маарамба овогт *******ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч *******, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч******* нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

 

                        5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

                        7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.