Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/129

 

 

 

 

 

 

   2022          02           25                                       2022/ШЦТ/129

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч А.Д  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Хотгойд овогт Ариунбаярын Д д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000000031 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. оны ... дугаар сарын ...-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарь фрезерчин мэргэжилтэй, “0” ХХК-д механикч ажилтай, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 1-р байрны 45 тоотод түр оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 564 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ял шийтгүүлж байсан, Хотгойд овогт А-ын Д  (РД:).

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч А.Д  нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн У.У:.М тай маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэгт:

 

Шүүгдэгч А.Д аас: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэсэн,  

Хохирогч У.У:.М аас:2021 оны 12 дугаар сарын 23-ны шөнө 02 цаг 45 минутын үед удаан уулзаагүй найзтайгаа уулзах гээд очсон. Машинд халуун байсан. Машины цонхыг бага зэрэг онгойлгосон. Д  ирээд чи над руу муухай хараад байна, чи намайг мэдэх үү гээд гараа атгаж байгаад эрхий хуруугаараа цохисон. Үг сөрж маргалдаагүй. Миний нүд хавдаад цус гарахаар нь явсан” гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, эрүүгийн 2210000000031 дугаартай хэргээс талуудын  шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

1. Хохирогч У.У:.М ын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 3 дахь тал),

 

2. Хохирогч У.У:.М ын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн орчимд гэртээ байж байгаад Т-той уулзсан. Бид хоёр хамт хоол идчихээд Ж-тай уулзахаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр рүү явсан. Бид хоёр тэдний гэрийн гадна авто зогсоол дээр зогсож байгаад Жавхланбаатарыг дуудсан. Тэгээд бид хоёр Т-н машин дотор суугаад түүнийг хүлээж байтал Ж-р орцноосоо гарч ирээд гадаа машинаа хучаад зогсож байсан ах дээрээ очоод юм яриад зогсож байсан. Би жолоочийн эсрэг талын суудал дээр сууж байсан, цонхоо доош буулгаад тэдний зүг харж байтал Ж-н ах машин руу дөхөж ирээд намайг яагаад муухай хараад байгаа юм, чи намайг мэдэх үү гээд над руу орилоод машины хаалгыг татаж онгойлгоод гараа атгаж байгаад миний баруун нүд рүү нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6 дахь тал),

 

3. Гэрч Г.Э-н 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр би таксинд явж байгаад найз охиноо ажлаас нь аваад Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д ыг аав болсонд нь баяр хүргэх гээд Д ын гэрийн гадаа очиж зогссон. Бид нар ярьж сууж байгаад Д  орохоор болж түүний машиныг хучлагаар хучиж байхад байрны замаар приус 30 маркийн машин нааш цааш яваад байсан. Д  надтай ярьж зогсож байгаад тухай машин руу дөхөж очсон. Тэгэхээр нь би таньдаг хүн чинь юм бол найз нь дөхөөд буучих юмсан гэж хэлээд зогсож байтал Д  тухайн машины хаалгыг татаж онгойлгоод юм ярьж байгаад гэнэт сууж байсан залуугийн нүүр рүү нэг удаа цохиод авсан. Тэгээд нэг их асуудал чимээ шуугиан бололгүй миний зүг хүрээд ирэхээр нь би тэд нар дээр очоогүй. Тэгээд Д  гэр лүүгээ орсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

 

4. Гэрч Д.Ж-н 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр би Д ын ахын гэрт буюу Хан-уул дүүргийн 10 дугаар хороо 1-3-45 тоотод байж байтал 01 цагийн орчимд манай найз У:.М  над руу залгаад өөртэй нь хамт нэг өдөр хоноод өгөөч гэж гуйхаар нь зөвшөөрөөд гэрээс гартал гэрийн гадаа Д  ах машинаа хучлагаар хучаад зогсож байсан. Би Д  ахтай юм яриад зогсож байтал тэрээр манай найзын машины зүг яваад өгсөн. Д  ах У:.М ын сууж байсан талын хаалгыг татаж онгойлгоод хэдэн үг солилцож байгаад гараараа түүний нүүр рүү цохисон.Тэгэхээр нь би сандарч очоод Д  ахыг найзаасаа холдуулаад гэртээ оруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 880 дугаартай хүний биед хийгдсэн:

”У:.М ын биед баруун нүдний ухархайн дотор ханын далд хугарал, баруун нүдний алимны салст, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.

-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”  гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

 

6. Яллагдагч А.Д ын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай найз Э  аав болсонд баяр хүргэж уулзсан. Би түүнтэй 0.5 литрийн хоёр лааз пиво уучхаад байрны урд талын зогсоол дээр машинаа хучаад зогсож байтал манай гэрийн үүдэнд машин эргэлдээд нааш цааш яваад чанга дуу дуугараад байсан. Орой үдэш болсон байхад дуу чимээ гаргаад гэж бодож байсан. Тэгээд манай дүү Жавхланбаатар манай гэрээс гарч ирэхээр нь яах гэж байгаа талаар нь асууж байхад манай гэрийн гадаа яваад байсан приус маркийн машины жолоочийн эсрэг талын суудалд сууж байсан залуу цонхоо буулгаад над руу муухай хараад байсан. Би түүний машинд дөхөж очтол “өөрөө хэн юм, юу хийгээд байгаа юм” гэсэн, тэгэхээр нь миний уур хүрээд түүнийг гарын ар талаараа нүүр рүү нь нэг удаа алгадчихсан. Тэгээд хажуу талаас Жавхланбаатар намайг холдуулаад гэртээ орсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),

7. Хохирогч У.У:.М ын мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн хохирлын 276.500 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 42 дахь тал),

8. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 36 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 34 дэх тал), Байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 35 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 31 дэх тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 32 дахь тал), хуулийн этгээдийн бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 33 дахь тал), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 39-41 дэх тал) болон бусад бичгийн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлт:

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч А.Д ын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай, хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд 276.500 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгч нь 300.000 төгрөгийг хохирогчид шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байгаа тул хохирогчид төлөх төлбөргүй болно, харин хохирогчийн шинээр гаргаж өгч байгаа нүдний ухархайн хагалгааны зардал болох 3.800.000 төгрөгийн баримтын тухайд эмчилгээ хийлгэсэн албан ёсны баримт байхгүй байгаа тул холбогдох баримтаа бүрдүүлсэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Д ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч А.Д  нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтуурсан байхдаа хохирогч У.У:.М ыг “муухай харлаа” гэсэн  шалтгаанаар 2021 оны 12 дугаар сарын 23-ны орой нүүрэн тус газарт нь гарын ар хэсгээр цохиж баруун нүдний ухархайн дотор ханын далд хугарал, баруун нүдний алимны салст, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий” хөнгөн хохирол бие, эрүүл мэндэд нь санаатай учруулсан үйл баримт нь:

 

-Хохирогч У.У:.М ын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 3 дахь тал),

-Хохирогч У.У:.М ын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 6 дахь тал),

-Гэрч Г.Э-н 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

-Гэрч Д.Ж-н 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 880 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит нөхцөл байдлыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоож, оролцогчдын эрхийг зөрчсөн, хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдлыг дүгнэж, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэрэгт харьцуулалт хийсний үндсэн дээр хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлгийг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

            Хэргийн үйл баримтаас тогтоогдсон нөхцөл байдалд хууль дүгнэлт хийхэд  хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаантай холбоотой, шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь нотлогдсон бөгөөд шүүгдэгч А.Д  нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл нь шүүгдэгч согтуурсан байсан нь нөхцөл байдлыг буруугаар тусган ойлгож, бусдын биед халдсан байна.

 

            Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.Д ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан  эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

-мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь гэмт хэргийн хохирол буюу шууд үр дагавар болох ба хохирогчийн эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн гэм хорыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын ...эрүүл мэнд, ...болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилжээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч У.У:.М ын бие, эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба, хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд эмчилгээнд зардал болох 276.500 төгрөгийн баримтыг (хавтас хэргийн 42 дахь тал), шүүх хуралдаанд “Орбита” эмнэлэгт Унтуулгатай ухархайн мэс заслын хагалгаанд 3.800.000 төгрөгөөр орсон баримтыг тус тус хэрэгт ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь дээрх нэхэмжлэлээс 300.000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул үлдэх 3.776.500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч А.Д ын гэмт хэрэг үйлдсэн шинж чанар, үйлдлийн арга хэрэгслийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, ялын саналыг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргасан.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

 

Шүүгдэгч А.Д ын хувийн байдлыг судалсан нотлох баримтууд болох урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоол зэргээр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 05 дүгээр сарын 18-ны өдрийн 564 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ял шийтгүүлж, Булган аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 439 дугаартай захирамжаар 10 сар 13 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан байх ба, энэхүү ялын хугацааг дуусгавар болсон байх тул нэмж нэгтгэх ялгүй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

Шүүгдэгч А.Д ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, нөгөө талаас шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тус хугацаанд торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

   3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт А Д ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт А Д ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д  нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч А.Д д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

                

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д аас 3.776.500 (гурван сая долоон зуун далан зургаан мянга таван зуу) төгрөгийг гаргуулж хохирогч У.У:.М ад олгосугай.

            8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч А.Д д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ДОРЖСҮРЭН