Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/140

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Ц.Баатарсүрэн,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Түлээ овогт *******т холбогдох 2126000000159 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Түлээ овогт ******* регистрийн дугаар: /*******/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр *гэх газарт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 0159 ӨВР улсын дугаартай Портер автомашиныг жолоодож яваад онхолдож автомашины тэвшин дээр зогсож явсан *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Би тэр өдөр Өвөрхангай аймгийн Сант сум ороод хүргэн ахын байшингаас барилцаж байгаад яаралгүй гэр лүүгээ явсан. Хөдөө гарах гэж байхад Баянбаатар, ******* хоёр мотоциклио ачиж явна гээд 8 хүн хамт явахаар болсон. Хойшоо давж явж байгаад ******* ахтай таараад 2 пиво хувааж өгөөд яараад хөдөлсөн. Явж байхад гэнэт машин руль булаах шиг болоод онхолдсон” гэв.

 

          Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр бензин авах гээд Сант сумын төв орсон. Бензинээ авчихаад хөдөө ******* ахынх руу явах гэж байтал ******* ахтай гэрийнхээ үүдэнд таарсан. Тэр үед бороо орж байсан тул хүүхдүүд даарчихна мотоциклоо машин дээр чинь ачаад явчих уу? гээд ******* ахаас асуусан чинь тэг тэг гээд мотоциклоо ачаад явсан. Сумын төвөөс хойш гараад явж байтал ******* ахын танил нь таараад 1 хагас пиво, 1 бүтэн пиво авчирсан байхаар нь тэрийг нь уучихаад хөдөлсөн. ******* ахын эхнэр, манай эхнэр, 2 хүүхэд, манай найзын эхнэр явж байсан. ******* ах жолоо барьж явсан хажууд нь эхнэр нь манай 2 хүүхдийг өвөр дээрээ аваад сууж байсан. Манай эхнэр өвөр дээрээ манай найзын эхнэрийг аваад суусан. Би ачаан дээр сууж явсан. Манайх ******* ахынхтай саахалт айл болохоор бүгд л гэр лүүгээ явж байсан. Өөр ямар нэгэн зорилго байхгүй. Миний мэдэхээр л тэр ******* ахын найзынх нь авчирсан 1 хагас пиво, 1 бүтэн пиво л уусан. Машин дайвалзаж байгаад л онхолдчихсон. ******* ах өөрөө жолоо барьж явсан. Осол гараад би эмнэлэгт сэрсэн. Миний эгэм болон 4 хавирга хугарсан, зүүн чих ханзарсан. Надад гомдол санал, нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-22 дугаар хуудас/,

Гэрч*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...19 цаг 35 минутын үед дуудлага ирсэн. Би тус өдөр жижүүр эмч байсан. Ертөнцийн зүгээр хойд хөндий гэх газар руу явсан. Хүмүүс машин 2 эргээд босоон гэж ярьж байсан. ******* зовуурьтай амьсгаа авч чадахгүй чичирсэн байдалтай байсан. *******д өвдөлт намдаах, цус тогтоох тариа хийсэн. П.Авидсүрэн нь өөрөө зовууриа хэлж ярьж байсан. Сумын эмнэлэгт өөрийн хувийн машинаар тээвэрлэж ирсэн. Эгэм хугарсан баруун чих ханзарсан, хавирга хугарсан, цээжний цээжний битүү гэмтэлтэй, баруун талын нүүрний арьс зулгарч урагдсан байсан. Сумын эмнэлэгт авчираад тариа хийсэн. Оёдол тавьж байхад их архи үнэртэж  байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

 

Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 6 дугаар сарын 14-ны өдөр сумын төвд байдаг илүү гэрээ хураах гэж 15 цагт ирсэн. 6 дугаар сарын 15-ны орой 18 цаг өнгөрөөгөөд сумын төвөөс Сант сумын 4-р багт байдаг гэр лүүгээ явахаар нөхөр гарсан. ******* ажил хийхээр хот явах гэж байсан болохоор манайд эхнэр хүүхдүүдээ үлдээгээд өөрөө мотоциклоо унаад буцна гэж байсан болохоор мотоциклийг нь ачаад явсан. Баянбаатарынх манайхтай саахалт айл таараад бид хоёр мотоциклоо ачаад хамт явчихъя гэхээр нь бид хэд нилээн олуулаа явна даа гэж хэлээд хамт явахаар болсон. Төвөөс гараад 2 таньдаг хүн таараад 2,5 литрийн том пиво 1 бүтэн 1 талыг гурвуулаа хувааж уусан. Бараг 1 цаг болсон байх. Хөдлөөд явахдаа Баянбаатарын эхнэрээс цаг асуухад 19 цаг нилээн өнгөрч байсан гэсэн. Нэг гүвээ даваад хурдыг нь харахад 40 км цаг хурдтай явж байсан. Машин унах үед зүгээр дайвалзах шиг л болсон. Унасныхаа дараа машины урд талаар гарч машинаа харахад жолоочийн тал хонхойж цөмөрсөн байсан. ******* ойролцоогоор 2 метрийн зайтай дээшээ хараад хэвтэж байсан. Тухайн үед амьсгалахгүй байж байгаад байгаад татсан чинь урт амьсгаа аваад ёолж эхэлсэн. *******гээс цааш 3-4 алхам зайд *******гийн мотоцикл хэвтэж байсан. Баянбаатар намайг гарахад босоод зогссон байсан. Машин хэд эргэснийг мэдэхгүй байна хазайх шиг л болсон. Түргэний тэрэг ирэх үед нэлээн орой болж байсан учир машинаа тэнд үлдээгээд явбал хажуугаар явсан хүнд эвгүй байх болов уу гэж бодоод сумын төвөөс ******* гэх *******ын найзыг дуудаж машинаа холдуулсан. Түлхүүрийг нь түлхсэн чинь асаж байхаар нь ******* машин унаж хол тавьсан. Эрхийн үнэмлэх байхгүй. Нэг их жолоо барьдаггүй. Төв орохоор бол жолооны үнэмлэхтэй хүн гуйгаад машинаа бариулдаг байсан. Хэрэг гардаг өдөр жолооны үнэмлэхтэй хүн нь завгүй гээд өөрөө барьсан. 0159 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслийг өнгөрсөн жилийн 2 дугаар сард Сант сумаас Доржхорол гэдэг хүнээс авсан. Хөдөө байдаг учир завгүй. Завтай болохоор мөнгө төгрөгийн] асуудалтай болоод бичиг баримтаа шилжүүлж аваагүй. Одоо энэ Доржхорол гэдэг хүний нэр дээр бичиг баримт нь байдаг. Машинаа 5.600.000 төгрөгөөр төлбөрийг нь бэлэн мөнгөөр бүрэн төлж авсан юм. Өчигдөр толгой жаахан дүйрч өвдөж байсан, зүүн талын хөлний эрээн булчин хөхөрсөн байсан.” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 25-27 дугаар хуудас/,

 

Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...06 дугаар сарын 15-ны өдөр вакцинаа хийлгээд мотоциклоо ачаад явсан. Төвийн хойно зогсоод ******* пиво гаргаж ирээд хувааж уусан. Би уугаагүй манай нөхөр бас уугаагүй. Замдаа замаасаа орж гараад байхаар нь би жаахан зөөлөн яв гэсэн гэж хэлсэн. ******* бага зэргийн согтолттой байсан. Машин унасны дараа би эмнэлэгт дуудлага өгсөн. Машин дотор , , , *******, , миний бие сууж явсан. Машины тэвшин дээр Авидсүрэн, Баянбаатар хоёр сууж явсан. Эргэлтэн дээр дараад тэгээд унах шиг болсон. Жолоочийн эсрэг тал руугаа өнхрөөд 2 удаа эргээд 4 дугуй дээрээ боссон. Дээр нь явсан хоёр хүн шидэгдсэн байсан. ******* бага зэргийн согтолттой байсан. Миний зүүн талын дал, мөр хэсгээр хөдлөх үед бага зэргийн зовиуртай байна. надад гомдол санал нэхэмжилж байгаа зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

 

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...6 дугаар сарын 15-ны өдөр 19 цагийн үед Сант сумаас өөрийн мотоциклоо *******ын машины тэвшин дээр нь ачаад гарсан. Сумаас гарахдаа *******, ******* хоёр нэг, нэг пиво аваад гарсан байсан. Майхны арын даваа өнгөрөөд пивонуудаа хувааж уусан. Ууж дуусаад Өлзийт сумын “Чулуут” гэх газарт байдаг гэр рүүгээ явахаар хөдөлсөн. Хоорондоо муудалцсан зүйл байгаагүй. Тэвшин дээр *******тэй хамт суугаад явсан. Явж байгаад нэг дарсан уу яасан машин унасан. Миний мотоциклийн хянах самбар, судар унасан байсан.Сумын төвөөс гарахаасаа өмнө жоохон уучихсан байсан. Давааны цаана нэмж уугаад бага зэрэг согтсон. Би жолооны үнэмлэхтэй боловч хараа муу гадаа харанхуй болж, бороо орох гээд байсан болохоор машин барьж явах боломжгүй байсан. Миний баруун талын мөр хэсгээр жаахан хөндүүр, баруун хөмсөгний доод талын арьс зулгарч урагдсан өөр өвдсөн зүйл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

 

Гэрч Э.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр бензин авахаар сумын төв орсон сумын төв орчихоод хөдөө явах гэж байтал ******* ах бас хөдөө явах гэж байсан. Тэгээд хүүхдүүдтэй явсан болохоор машин дотор нь суугаад явъя гээд ярилцсан манайх мотоциклоо дээр нь ачсан Авидсүрэн Баянбаатар хоёр машины тэвшин дээр сууж явсан сумын төвөөс хойш гараад явж байгаад ******* ах хүмүүстэй таараад пиво уусан тэгээд цаашаа явж байгаад л машин онхолдчихсон. Миний нүдний хэсэгт зулгараад хавдсан хүүхдүүдийн бие зүгээр Авидсүрэн гэмтчихсэн байсан тэгээд эмнэлэг ирж авч яваад эмчид үзүүлсэн. ******* ах өөрөө машинаа жолоодоод явж байсан. Бага хүүхэд болох О.ийн биед ямар нэгэн гэмтэл учраагүй. О.ын зулай дээр жаахан хавсан байсан. эмчид үзүүлэхэд гайгүй байна гэсэн. Надад гомдол сана нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 32-35 дугаар хуудас/,

 

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...01-59 улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн автомашиныг би 2014 онд худалдаж авсан. Нэр дээрээ шилжүүлээд гэрчилгээ авсан. Сүүлд 2019 онд зарахдаа нэрийг нь шилжүүлж өгөөгүй байсан. Би Доржхорлоо гэдэг хүнд зарж байсан. Сүүлд ******* гэдэг хүн авсан гэсэн. Завгүй явсаар байгаад нэрийг нь шилжүүлээгүй юм. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

 

Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... улсын дугаартай портер автомашиныг би 2019 оны хавар 04 дүгээр сард Баян-Өндөр сумын хүнээс аваад унаж байгаад 2010 оны 06 дугаар сард оношилгоо болохын өмнө Сант сумын ******* гэдэг хүнд 5.500.000 төгрөгөөр зарсан одоо бол надад хамаагүй машин байгаа юм. Нэрийг нь би авахдаа шилжүүлээгүй байж байгаад зарсан нэрийг нь шилжүүлж өгөөгүй. Хишигбат гэдэг хүний нэр дээр байдаг би *******тай наймаа хийгээд төлбөр тооцоо дууссан автомашин *******ын машин надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Э.Хүрэлсүхийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 255 дугаартай 1. Үзүүлэгч *******гийн биед баруун эгэм, баруун 3,4,5,6 дугаар хавирганы далд хугарал, хамрын хянга ясны цөмөрсөн хугарал, баруун чихний дэлбэнд шарх, баруун чамархай, баруун хацар, баруун чихний дэлбэн, зүүн гарын алганы ар хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. З.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрхи гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс. хамаарна” гэсэн дүгнэлт, /хх-ийн 40-44 дүгээр хуудас/,

 

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №2964 дугаартай шинжээчийн 1.2, Шинжилгээнд ирүүлсэн” ******* РД:******* цус 1” гэсэн хаягтай цуснаас 3.1 промилли илэрч байна. Цусанд илэрсэн 3,1 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /хх-ийн 45-49 дүгээр хуудас/,

 

Мөрдөгчийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №11 дугаартай магадлагаа /хх-ийн 78-79 дүгээр хуудас/,

 

 Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2126000000159 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 85 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхний лавлагааа /хх-ийн 95 дугаар хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Сант сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 65 дугаартай тодорхойлолт /хх-ийн 93 дугаар хуудас/,

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 94 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 88-90 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Улсын яллагч “Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар гэм буруутайд тооцох саналтай байна. Хохирогч нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ******* “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

       Шүүгдэгч ******* нь 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Улаан тойром” гэх газарт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 0159 ӨВР улсын дугаартай Портер автомашиныг жолоодож яваад онхолдож автомашины тэвшин дээр зогсож явсан *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч ******* нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

Хохирогч Д.Авирсүрэнгийн "...Би тухайн өдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр бензин авах гээд Сант сумын төв орсон. Бензинээ авчихаад хөдөө ******* ахынх руу явах гэж байтал ******* ахтай гэрийнхээ үүдэнд таарсан. Тэр үед бороо орж байсан тул хүүхдүүд даарчихна мотоциклоо машин дээр чинь ачаад явчих уу? гээд ******* ахаас асуусан чинь тэг гээд мотоциклоо ачаад явсан. Сумын төвөөс хойш гараад явж байтал ******* ахын танил нь таараад 1 хагас пиво, 1 бүтэн пиво авчирсан байхаар нь тэрийг нь уучхаад хөдөлсөн. ...Осол гарах үед машин дайвалзаж байгаад онхолдчихсон. Осол гараад би эмнэлэгт сэрсэн. Миний эгэм болон 4 хавирга хугарсан, зүүн чих ханзарсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-22 хуудас/, гэрч*******ийн  ”2021 оны 06 дугаар сарын 15-ны орой 19 цаг 35 минутанд дуудлага ирсэн тус өдрийн жижүүр эмч байсан, учир ертөнцийн зүгээр хойд хөндий гэх газар руу явсан. Хүмүүс ёолсон машин хоёр эргээд боссон гэж ярьж байсан. ******* зовиуртай, амьсгалаа авч чадахгүй, чичирсэн, цочирдсон байсан. *******д өвдөлт намдаах, цус тогтоох тариа хийсэн. Авидсүрэн нь өөрөө зовууриа хэлж ярьж байсан. Сумын эмнэлэгт өөрийн хувийн машинаар тээвэрлэж ирсэн. Эгэм хугарсан, баруун чих ханзарсан, хавирга хугарсан, цээжний битүү гэмтэлтэй, баруун талын нүүрний арьс зулгарч урагдсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23- 24 хуудас/, гэрч *******ийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны орой 18 цаг өнгөрөөгөөд сумын төвөөс Сант сумын 4 дүгээр багт байдаг гэр лүүгээ явахаар нөхөр болох *******тай гарсан. ...Төвөөс гараад 2 таньдаг хүн таараад 2.5 литрийн том пиво 1 бүтэн 1 талыг 3 уулаа хувааж уусан. ...Машин унах үед зүгээр дайвалзах шиг л болсон. Унасныхаа дараа машины урд талаар гарж машинаа харахад жолоочийн тал хонхойж цөмөрсөн байсан. Авидсүрэн ойролцоогоор 2 метр зайтай дээшээ хараад хэвтэж байсан”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-27 хуудас/,

Тухайн өдөр *******ын автомашинд сууж явсан, автомашин хэрхэн унасан талаар мэдүүлсэн гэрч /хх-ийн 28-29 хуудас/, гэрч /хх-ийн 30-31 хуудас/, гэрч Э. /хх-ийн 32-35 хуудас/ нарын мэдүүлэг,

Хохирогч *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №255 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 40-44 хуудас/, Шүүгдэгч ******* хэрэг гарах үед 3.1 промилл буюу хүнд зэргийн согтолттой байсан болох нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №2964 дугаартай шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн” ******* РД:******* цус 1” гэсэн хаягтай цуснаас 3.1 промилл илэрч байна. Цусанд илэрсэн 3,1 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /хх-ийн 45-49 дүгээр хуудас/,  Мөрдөгчийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №11 дугаартай магадалгаа /хх-ийн 78-79 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр  давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

        Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр  замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв  гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч *******гийн шүүхэд ирүүлсэн “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлтээр тогтоогдож байна.

 

Улсын яллагч “Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял эдлүүлж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

       Шүүгдэгч ******* гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би бие муутай хүн. Хөнгөн шийтгэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч *******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

 

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, уг хуулийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж, 

 

4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж,  

 

4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж,

 

Мөн  хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж,

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хамаарч байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Түлээ овогт *******т холбогдох 2126000000159 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн  4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Түлээ овогт *******ыг автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Түлээ овогт *******т холбогдох 2126000000159 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ******* нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд  мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч,  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдьдсугай.

 

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх

тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.