Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/140

 

 

 

 

 

 

   2022          03           01                                       2022/ШЦТ/140

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч Т.Отгонтөгс,

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2110022370001 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 19 цагийн үед Хан-Уул дүүргийн  _ гэх газар хохирогч Г.Ш-г хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохиж, газар унасан байхад нь 1 удаа нүүрэн тус газар нь өшиглөж, эрүүл мэндэд нь баруун хоншоор ясны урд, дотор, гадна хажуу хана, баруун нүдний ухархайн доод хана, хамар ясны далд хугарал, баруун нүдний алимны доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, шанаа, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэгт:

 

Шүүгдэгч Б.О-аас: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэсэн,  

 

Хохирогч Г.Ш-с: 2021 оны 11 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө дөрвүүлээ Био руу явж байхад адуугаа гарга гэж Б.О хэлсэн. Ийм үйл явдлаас болж маргалдсан. Сүртэй маргалдах юм байгаагүй, зодолдох дээрээ тулаагүй. Био дээр ирэхэд энэ хүний хүүхэд нь аавыг зодсон байна, найзуудыгаа дуудна гэж утсаар яриад байсан. Би тэр хүүхдэд ахын дүү бид нар маргалдсан, би зодоогүй, одоо эв зүйгээ ололцсон гэж яриад зогсож байхад Б.О мотоциклтэй ирээд хүүхэдтэй юу яриад байгаа юм гээд хажуугаас цохисон. Тэгээд би цагдаа дуудсан” гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, эрүүгийн 2110022370001 дугаартай хэргээс талуудын  шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 4 дэх тал),

 

2.Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн НХЖХТ-ийн Эргүүлийн офицер цагдаагийн ахмад Н.Ц-н 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн: “...2021 оны 11 дүгээр сарын 14-ий өдрийн 21 цаг 10 минутад Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Био 14 дүгээр гудамжинд би хүнд зодуулсан гэх дуудлага мэдээллийг шалгахад Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Био 14 дүгээр  гудамжны задгайд оршин суух Б.О нь хажуу хашааны иргэн Г.Ш адуугаа хариулгагүй явуулсан байна гэж маргалдаж баруун нүд рүү нь гараараа цохин гэмтэл учруулсныг мөрдөгч а/х А хүлээлгэн өгөв...” гэсэн илтгэх хуудас  (хавтаст хэргийн 5 дахь тал),

 

3. Хохирогч Г.Ш-н 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хан-Уул дүүргийн _ гэх газар 5-6 жил гаран эхнэр хүүхдийн хамт амьдарч байна. 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Биокомбинатын цаана байх _ гэх газар адуу тамгалсан бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн эгч Ц машин бариад Б, М нарын хамт Био руу явж байтал манай болон М-н адууг О ах мотоциклоор элдээд байхаар нь бид нар “Та яагаад адуу элдээд байгаа юм” гэж хэлтэл адуу чинь манай хэсэг рүү ороод ирсэн байна гээд хэрүүл хийгээд байхаар нь тэр газраас яваад О ахын хүү Т гэр рүү очоод байж байтал Тэмүүлэн аавтайгаа ярьж байснаа бид нартай маргалдаад хэл амаар доромжлоод байхаар нь би аавыг чинь дуудсан гээд байж байтал О ах ирээд учир зүггүй нүүр хэсэг рүү баруун гараа атгаж байгаад нэг удаа хүчтэй цохисон, арагшаа савж унаад босох гэтэл нүүр хэсэг рүү хөлөөрөө нэг өшиглөөд дахин өшиглөх гэтэл хүүхэд нь болиулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дахь тал),

 

4. Гэрч О.Д-н 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 21 цагийн үед хөрш айлын С орж ирээд “О-н бандитай уулзъя, хоёулаа цуг оръё ” гэж хэлсэн. Тэгээд би С-г дагуулаад О-н хүүхэд болох Т-н гэрт орсон. Т, С хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаад Т-н гэрээс гарсан. Тэгээд гэрийнх нь гадаа байж байтал Т-н аав О ах эхнэрийн хамт ирээд мотоцикл дээрээсээ буугаад шууд С-н нүүр рүү гараараа нэг удаа цохисон чинь С уначихаар нь босгох гээд байж байтал О нүүр рүү нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),

 

5. Гэрч П.О-н 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 15-ны орой 22 цаг өнгөрч байхад ажлаа тараад гэртээ ирсэн чинь нөхөр Ш нүүр ам нь цус болсон нүүр нь хавдаад аймаар болсон байхаар нь юу болсон талаар асуухад эгч хажуугаас О-н хүүхэдтэй муудалцсан гэхээр нь Т-н гэрт очиход аав, ээж хоёр нь сууж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад танай нөхөр чинь өөрөө эхэлсэн гэсэн зүйлийг ярьсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 11513 дугаартай хүний биед хийгдсэн:

“Г.Ш-н биед баруун хоншоор ясны урд, дотор, гадна хажуу хана, баруун нүдний ухархайн доод хана, хамар ясны далд хугарал, баруун нүдний алимны доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, шанаа, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.

- Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

- Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”  гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

 

7. Яллагдагч Б.О-ын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үхрээ туугаад явж байтал Ш гэх залуугийн ахынх нь адуу манай өвөлжөөн дээр ирэхээр нь гэрийнх нь хойд талд очоод гэр рүүгээ адууг нь тогтоогоод буцах гэж байтал Приус 20 машин ирээд дотроос нь 3 хүн бууж ирсэн. М гэх залуу машин дотор сууж байхаар нь ахын дүү адуугаа харалдаа гэж хэлтэл харин тиймээ ахаа гэсэн. Удалгүй М-н цаанаас Ш гэх залуу бууж ирээд чамд өмчлөөд өгсөн газар юм уу гээд хэл амаар доромжлоод байхаар нь чамтай яриагүй гэхэд машинаас бууж ирээд хэрүүл хийгээд байсан. Тэгээд бид нар олуулаа чамайг яасан ч яадаг юм гээд элэг рүү Ш гэх залуу өвдгөөрөө 3 удаа өшиглөхөөр нь тэд нараас мултраад мотоцикл дээрээ суугаад Шинэбаярыг ард сундалчих энэ хоёроос холдож байгаад үзэх үү гэхэд Шинэбаяр айгаад суугаагүй. Тэгээд би мотоциклоо асаагаад зугтсан чинь Ш машинаараа араас хөөж эхэлсэн. Гэрийнхээ хажууд очоод малгай бээлийгээ өмсөөд байж байтал Шинэбаяр машинтай хажуугаар зөрөхдөө араас хүрээд ирээрэй гэхээр нь тоолгүй гэртээ харьсан. Тэгээд хүү утсаар залгахаар нь 5 минутын дотор гэрт нь очтол хүү хашаан дотроо сандал дээр суугаад Ш зогсож байхаар нь уур хүрээд Шинэбаяр дээр очоод нүүр хэсэг рүү нь баруун гараа атгаж байгаад нэг удаа цохитол хойшоо толгой хэсгээрээ савж унаад босоод ирэхээр нь зүүн хөлөөрөө нүүр хэсэг рүү нь нэг удаа хүчтэй өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дэх тал),

 

8. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад:Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 24 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 49 дэх тал), оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 50 дахь тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 72 дахь тал), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 65-67, 79-84 дэх тал) болон бусад бичгийн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлт:

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Б.О-ын үйлдсэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай, хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд 219.236 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгч төлж барагдуулаагүй тул хохирогчид олгуулах, харин хохирогчийн шинээр нэхэмжилж байгаа 10.840.000 төгрөг нь бодитоор учирсан хохирол биш байх тул холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна.” гэсэн дүгнэлтийг;

 

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Баяржавхлангаас “Шүүгдэгч гэм буруугаа ойлгож байна гэж байгаа боловч хэрэг болсноос хойш өнөөг хүртэл хохирол төлөх санаачилга гаргаагүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд өгсөн баримтаар 10.840.000 төгрөгийг гаргуулж, яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай байна. Үүнийг шүүхээс гаргуулах шийдвэр гарах боломжтой гэж үзэж байна. Мөн өмгөөлөгчийн хөлсийг хохиролд тооцуулах саналтай байна. Шүүгдэгчийн хувийн байдал тааруу байна. Хохирлоо төлбөл шүүгдэгчид оногдуулах ял нь ч хөнгөрөх байх. ” гэсэн дүгнэлтийг;

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанжаргалаас “Миний үйлчлүүлэгч хохирогчтой маргалдах болсон гол шалтгаан нь малын бэлчээрээс үүссэн. Тухайн үед шүүгдэгч, хохирогч нар салж явцгаасан. Гэвч Г.Шинэбаяр нь гэртээ оччихоод Б.О-ын гэрийг заалгаж очсоноор маргаан үүссэн. Энэ нь гэрч О,  хохирогчийн мэдүүлгээс харагддаг. Б.О нь гэм буруу дээр маргадаггүй. Хохирлыг төлнө гэдгээ илэрхийлсэн. Миний зүгээс хохирогч гэрийг нь асууж байгаад очсон нь өөрөөс нь шалтгаалсан гэж харж байна. Нэхэмжилж буй 10.840.000 төгрөг нь бодит учирсан хохирол биш тул хүлээн зөвшөөрөхгүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн нийт 219326 төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрнө. Шүүгдэгч төлж барагдуулна. Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй тухай хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс ярьж байна. Энэ үйл явдал нь 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр болсон. Гэтэл хохирогч 2021 оны 01 дүгээр сараас 08 дугаар сар хүртэл нийгмийн даатгал шимтгэл төлсөн. Ямар шалтгааны улмаас хохирогч 08 дугаар сараас хойш нийгмийн даатгал төлөөгүй гэдэг нь тодорхойгүй байна, мөн перфект эмнэлэгт хагалгаанд орох зардлыг хүлээн зөвшөөрөхгүй. ” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан ба, шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.О-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч Б.О нь Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Биокомбинатын 14 дүгээр гудамжны задгай гэх газар согтуурсан үедээ 2021 оны 11 дүгээр сарын 14-ний орой 19 цагийн үед хохирогч Г.Ш-тай адуугаа манай газар луу орууллаа гэсэн шалтгаанаар маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохиж, газар унасан байхад нь нүүрэн тус газар нь хөлөөрөө 1 удаа өшиглөн бие, эрүүл мэндэд нь баруун хоншоор ясны урд, дотор, гадна хажуу хана, баруун нүдний ухархайн доод хана, хамар ясны далд хугарал, баруун нүдний алимны доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, шанаа, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

- Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 4 дэх тал),

- Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн НХЖХТ-ийн Эрүүгийн офицер цагдаагийн ахмад Н.Ц-н 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн илтгэх хуудас  (хавтас хэргийн 5 дахь тал),

- Хохирогч Г.Ш-н 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дахь тал),

- Гэрч О.Д-н 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),

- Гэрч П.О-н 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 11513 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит нөхцөл байдлыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоож, оролцогчдын эрхийг зөрчсөн, хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдлыг дүгнэж, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэрэгт харьцуулалт хийсний үндсэн дээр хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлгийг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

            Хэргийн үйл баримтаас тогтоогдсон нөхцөл байдлаас хууль зүйн дүгнэлт хийхэд  хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаантай холбоотой, шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл хохирол учирсан нь нотлогдсон бөгөөд шүүгдэгч Б.О нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл нь шүүгдэгч, хохирогч нар нь согтуурсан байсан нь нэгнээ үл хүндэтгэсэн нөхцөл байдал, улмаар маргах, бусдын бие, эрүүл мэндэд халдах болсон байна.

 

            Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.О-ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан  эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

- мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь гэмт хэргийн хохирол буюу шууд үр дагавар болох ба хохирогчийн эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн гэм хорыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын ...эрүүл мэнд, ...болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилжээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Ш-н бие, эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол учирсан байх ба, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол хор уршгийн талаарх баримтаа гаргаагүй, шүүхийн шатанд гаргана гэсэн байна. Харин шүүхэд:

2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 36.326,40 төгрөгийн,

2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 7,500 төгрөгийн,

2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 7,500 төгрөгийн, Монос Улаанбаатар ХХК-аар үйлчлүүлсэн талаарх,

2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ЭМЖЖ эмнэлгээр үйлчлүүлсэн 120,000 төгрөгийн  2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн  Перфект эмнэлгийн үзлэгийн төлбөрт тушаасан 40,000 төгрөгийн, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжилгээ хийлгэхэд 8000 төгрөг төлсөн тухай /баримтгүй/ төлбөр   нийт  219.326 төгрөгийн баримтуудыг гарган өгсөн байх ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгч дээрх хохирлыг хүлээн зөвшөөрч маргаагүй, харин хохирогчоос   10.840.000 төгрөгийн цаашид эмчилгээ хийлгэх болон ажилгүй байсны нийгмийн даатгалтай холбоотой гарах зардал гэж нэхэмжилснийг шүүгдэгч хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгчээс 10 минутын завсарлага авч нотлох баримтын хүрээнд 219.326 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн тул энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж хуульчилсан,

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийн хүрээнд өмгөөлөгч сонгон авсан, бодит хохиролд хамаарахгүй байх тул өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Г.Ш-н шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад гаргаж өгсөн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Перфект эмнэлгийн үзлэгийн төлбөрт тушаасан 40,000 төгрөгийн баримт дээр бичигдсэн 10.840.000 төгрөгийн мөнгөн цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай” талаар баримтыг ирүүлсэн боловч энэ зардал бодитоор гараагүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул цаашид гарах эмчилгээний болон, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал төлөхтэй холбоотой хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Б.О-ыг гэмт хэрэг үйлдсэн шинж чанар, үйлдлийн арга хэрэгслийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг;

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Баяржавхлангаас “Ялын саналыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэдийгээр өнөөдөр хохирол төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа боловч 2019 онд энэ зүйл заалтаар торгох ял авч байсан байна. Урьд танхайрах хэргээр ял шийтгэгдэж байсан. 3 дахь удаагаа шүүгдэгч болж ирсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлсөн гэж буй боловч өөрийн үйлдэлд дүгнэлт хийгээгүй байна. Иймд торгох ялаас өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанжаргалаас: “Миний үйлчлүүлэгч гэм буруу дээр маргахгүй.  Хохирлыг зохих ёсоор төлж барагдуулсан. Б.О нь мал малладаг, 5 хүүхэдтэй хувийн байдал, дээр дурдсан шинж зэргийг харгалзаж шийтгэлийг хөнгөрүүлж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан ба шүүгдэгч дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, ялын саналыг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргасан.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл болон тухайн хүний хувийн байдал зэрэгт нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

Шүүгдэгч Б.О-ын хувийн байдлыг судалсан нотлох баримтууд болох урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр 2 удаа ял шийтгэгдэж байсан байх ба ялын хугацаа дуусгавар болсон талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан /хавтаст хэргийн 68 дахь тал/ байх тул нэмж нэгтгэх ялгүй байна.

Түүнчлэн шүүгдэгч урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй ба, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй.

Шүүгдэгч Б.О-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар нөгөө талаас шүүгдэгчийн хувийн байдал буюу урьд хүний эрүүл мэнд эсрэг гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан байх боловч энэ байдалдаа дүгнэлт хийгээгүй, засарч хүмүүжээгүй дахин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон, хохирогчийн биед хүндэвтэр хохирол учруулсан хор уршгийг бүрэн арилгаагүй, гэмшээгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд өөрийн оршин суудаг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

   3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

            ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч Б.О-ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд шүүгдэгч Б.О-ыг  өөрийн оршин суух Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Г.Ш-н нэхэмжилсэн өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Ш нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.           

 

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДОРЖСҮРЭН