| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2021/0063/э |
| Дугаар | 2021/ШЦТ/141 |
| Огноо | 2021-09-06 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Ганцэцэг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 2021/ШЦТ/141
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагч Д.Ганцэцэг,
Шүүгдэгч Б.Ариунаа, түүний өмгөөлөгч Т.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олхуд овгийн Банзрагчийн Ариунаад холбогдох 1926001460050 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Олхуд овгийн Банзрагчийн Ариунаа /РД:ШЖ71051505/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч “...Олхуд овгийн Банзрагчийн Ариунаа нь “Номин тав трейд” ХХК-ний Хангамж аж ахуйн албанд ажиллаж байхдаа чингэлэг зарна хэмээн хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж О.Лхагва-Очироос 2019 оны 01 дүгээр сарын 15- ны өдөр Ц.Энхбаярын эзэмшлийн 5069177847 тоот дансаар 3 сая төгрөг, 1.5 сая төгрөг, 3 сая төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн эзэмшлийн 5011041176 тоот дансаар 3 сая. 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн эзэмшлийн 5011041176 тоот дансаар 2 сая төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн эзэмшлийн 5011041176 тоот дансаар 2 сая төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 14.500.000 төгрөгийг залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Ариунаа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээж гэмшиж байна гэв.
Хохирогч О.Лхагва-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.Ариунаатай холбоотой байгаа. Надаас авсан мөнгөө өгнө гэж хэлдэг хамгийн сүүлд 2019 оны 04 дүгээр сарын 15-ны үеэр над руу утсаар залгаад эгч нь хоёр контейнер аргалаад өгөхөөр боллоо миний дүү хаана байна гэхээр нь би Улаанбаатар хотод ирчихсэн байна гэхэд 10 цаг гээд шийд өгнө гэж хэлээд таг болсон. Надад зохицуулаад өгнө болгоно гэж хэлэхээс биш болохгүй байна гэсэн зүйл хэлдэггүй. Надаас 14.500.000 төгрөг авснаас 6.000.000 төгрөгийг хоёр хуваагаад Улаанбаатар хотод байхдаа бэлнээр өгсөн. 500.000 төгрөгийг миний дүү зардал хий гэж хэлээд өгсөн. Хүнээс контейнер авахын тулд 5 удаа ачааны машинтай очиж байсан. Надаас гарсан зарлага гэж бодоод надад өгсөн. ...Миний контейнерийг гаргаж өгөхгүй байхаар нь би мөнгөө авна гэж хэлэхэд Б.Ариунаа ажлын цаг дуусчихлаа нэг дэх өдөр болох талаар хэлэхээр нь би итгэхгүй байна гэхэд хоёулаа төлбөр барагдуулах гэрээ хэлцэл хийчихье гэж хэлээд энэ гэрээг хийсэн. Тэгээд “Хонда инсайт” маркийн авто машины гаалийн бичиг болон түлхүүрийг барьцаа болгож өгөөд үүнийг өөртөө байлгаж бай төлбөрөө төлөөд дуусахаар авна гэж хэлээд надад өгсөн. Үүнээс хойш 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Лхагвасүрэн ирж уулзаад би Б.Ариунаа гэх хүнийг батлан дааж авна банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах гэж байгаа зээл бүтэхээр таны мөнгийг өгнө гэж хэлээд машинаа аваад явсан. Түүнээс хойш сураггүй болсон. /хх-ийн 28-29 хуудас/,
2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ариунаа надтай утсаар холбогдоод 4 дүгээр цахилгаан станц хавиас ирээд контейнер аваарай би нэг контейнер олчихлоо гэж хэлэхээр нь миний хохирлыг барагдуулах гэж байгаа юм байна гэж бодоод 11 дүгээр сарын 24-ний өдөр Шаланз маркийн ачааны авто машин хөлсөлж Улаанбаатар хотод очсон. Ингээд Ариунаа руу залгахад утсаа авахгүй утас нь холбогдох боломжгүй болчихсон. Ингээд мөн өмнөх шигээ намайг залилсан байгаа юм байна гэж бодоод 25-ны өдөр машинаа буцаасан байгаа. Үүний дараа 11 сарын 28-ны өглөө 08 цагт Лхагва-очир гэж хүн мөн үү Ариунаа өөрт чинь нэг контейнер өг гэсэн юм гэж залгаж байна гэсэн. Тэгсэн удалгүй Ариунаа тухайн 91198097 дугаараас залгаад Ариунаа байна чи хаана байна хоёулаа 11 цагийн үед 4 дүгээр цахилгаан станц дээр уулзъя тэгээд контейнераа аваарай гэж хэлсэн. Би Ариунааг утсаар залгахыг хүлээсэн тэгсэн 15 цагийн үед Ариунаа яриад маргааш өглөө 10 цагт контейнераа ачна би краны мөнгө аваад очъё 89070203 гэсэн дугаар луу залгаад контейнер ачих газраа заалгаарай энэ хүнээс авч байгаа юм гэж хэлсэн. Би энэ дугаар луу нь залгахад тиймээ Б.Ариунаа гэж хүн надаас контейнер авахаар болсон хэзээ ч ачиж болно гэхээр нь би 18 цагийн үед машинаа аваад тухайн газар нь очсон. Тэгээд би зааж өгсөн контейнерийг нь ачаад гарах гэтэл тухайн хүн контейнерийн чинь мөнгө орж ирээгүй байна байж бай гэж хэлсэн. Би замын машин буцаагаад гуйж ачуулсан учраас жолооч нь яараад байна гэхээр нь машинаа явуулчихъя би өөрөө мөнгө ортол “Хос бэрс” гэх буудалд байж байя гэж хэлсэн. Улмаар Ариунаа мөнгөө хийгээгүй банк хоорондын гүйлгээгээр хийсэн маргааш өглөө нь мөнгө нь орно гэж Ариунаа хэлсэн. Энэ байдал нь худлаа байсан. Контейнерийн эзэд нь би маргааш өдөр хүртэл хүлээчих би өөрөө батлан даая энэ Ариунаа гэж хүн худлаа хэлчих шиг боллоо би та нарыг хуурахгүй энэ хүнд дахиад залилуулчихлаа өмнө нь ийм тохиолдол гаргаад миний хохирлыг барагдуулна гэхээр нь ирсэн байсан юм гэж учирлаж хэлсэн боловч тэдгээр хүмүүс намайг Ариунаатай нийлж хамтарч залилан мэхлэх гэж байна гээд цагдаад өгсөн. Ингэхээр нь би Ариунаатай дахиад ярихад Ариунаа мөнгөө хийчихсэн байгаа маргааш өглөө орно гэх мэтээр худлаа хэлээд байхаар нь яалт ч үгүй өөрөөсөө 4.200.000 мянган төгрөг гаргаж контейнерийн мөнгийг Ариунаагийн өмнөөс тухайн хүмүүст өгч хохирлыг барагдуулсан. Ингээд Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр очсон. Тэнд контейнер залилууллаа гэж хүмүүс өргөдөл гаргасан ба өргөдлийг шалгаж байгаа мөрдөгчийг миний хэргийг шалгаж байгаа мөрдөгч Ч.Цогтбаяртай яриулж болсон явдлын талаар тайлбарлуулсан. ...Энэ Ариунаа гэх этгээд удаа дараа миний хохирлыг барагдуулна гэж намайг Улаанбаатар хотод дуудаад олон удаа залилсан. Ийм учраас би гомдолтой байна. Энэ хүнээс болж мөнгө төгрөг, эдийн засаг цаг зав, сэтгэл санаагаар их хохирлоо. Одоо хэргийг түргэн шуурхай шийдвэрлүүлж хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна. 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хот руу контейнер ачуулах гэж хөлсөлж явуулсан шланз маркийн ачааны авто машинд 450 литр түлшний мөнгө буюу 1.030.000 мянган төгрөгийн түлш хийж өгсөн. Үүний дараа 11 дүгээр сарын 28-ны өдөр Б.Ариунаагаас залилуулж авсан контейнерийн мөнгө 4.200.000 төгрөг төлж контейнер ачсан машиндаа 392 литр түлш буюу 897.680 төгрөгний түлш хийж өгсөн. Мөн энэ өдрийн орой Б.Ариунааг гэрээс нь очиж аваад Өвөрхангай аймаг хүртэл таксины хөлс 200.000 мянган төгрөг гарсан байгаа. Нийтдээ 6.328.180 төгрөгний хохирол нэмж гарсан байгаа. Контейнер зарсан хүн бол Ариунаатай ямар нэг харилцаа холбоотой хүн биш байсан. Б.Ариунаа энэ хүнтэй зарын дагуу холбогдож контейнер худалдаж авахаар тохиролцсон байсан. Тохиролцсоныхоо дагуу мөнгөө ч өгөөгүй намайг ч давхар хэрэгт оруулах шахсан мөнгө төгрөгөөр хохироосон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 хуудас/,
Гэрч Ц.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Одоогоос 2-3 жилийн өмнө манай ээж Б.Ариунаа гэх хүн интернет зар тавиад өг гэсэн гэж хэлсэн. Б.Ариунаа нь манай ээжтэй хамт ажилладаг байсан юм. Контейнер зардаг хүн байна гэж ойлгосон. Би зар явуулсны дараа хүмүүс залгаж би Б.Ариунаагийн утсыг өгөөд энэ хүнтэй уулз гэж явуулсан. Өвөрхангай аймгийн тээврийн жолооч гээд нэг хүн контейнер авна гээд яриад байсан. Би тэр хүнд Б.Ариунааг зааж өгөөд явуулсан. Тэгсэн нөгөө ах дахиж холбогдоод гоё контейнер байна авъя мөнгөө шилжүүлнэ гэхээр нь би ирж авахдаа мөнгөө өгөөд яв гэсэн чинь “яах юм” гэхэд миний 5069177847 дугаарын данс руу 2.000.000 гаруй төгрөг шилжүүлсэн. Би яг хэдэн төгрөг байсныг одоо сайн санахгүй байна. Нөгөө ахын явуулсан 2 хүнийг би Б.Ариунаа руу явуулаад 2.000.000 төгрөгийг Б.Ариунаа руу шилжүүлээд үлдэгдлийг нь өөртөө үлдээгээд контейнер авахаар өгнө гэж бодсон. Тэгсэн 7-14 хоногийн дараа нөгөө ах над руу контейнераа авч чадахгүй байна. Б.Ариунаа чинь утас нь холбогдохгүй байна гэсэн. Тэгээд нөгөө ахтай Б.Ариунааг олж уулзах гээд нэг өдөр явсан. Тэгсэн Б.Ариунаа Хан-Уул дүүргийн эмнэлэг дээр нөхрийнх нь бие муу гээд сахиж байсан. Тэгсэн Б.Ариунаа контейнер өгөх боломжгүй, мөнгийг чинь үрчихсэн гээд тэр 2 машин барьцаалаад гэрээ хийсэн. Би үлдэгдэл 2.500.000 төгрөгийг буцааж өгсөн. Дахиад контейнер авна гээд тэр ах мөнгө өгчихсөн юм билээ. Тэр хоёрын дунд хэдэн төгрөгийн асуудал үүссэн талаар би мэдэхгүй. Миний дансаар мөнгө нь орж ирсэн болохоор би тэр ахыг Б.Ариунаатай уулзуулсан юм. ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40 хуудас/,
Гэрч Б.Даваасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэхдээ “...Манай Хангамжийн салбар нь контейнер зардаггүй. Байгууллагуудад тавилга, тоног төхөөрөмж, хангамжийн материал хуваарилдаг. Б.Ариунаа нь нярваар ажиллах үедээ бараа эд зүйлийн хөрөнгийн хангамжаар тараах болон буцаан татан авалт хийгдсэн хадгалах зориулалт бүхий 80 гаруй контейнер түрээсийнх нь нийлбэл 100 гаруй контейнер дотор нь хураах тэндээсээ салбаруудад тараах ажил хариуцаж байсан. Манайх контейнер зардаггүй. Контейнер зарах эрх манай хангамжийн салбарт байхгүй. Хэрэв зарах бол “”Номин төв”-ийн захирлын зөвшөөрлөөр зарна. 2017, 2020 онуудад контейнер зарсан бусад үед зараагүй. Агуулахын контейнерыг зарах эрх бидэнд байхгүй.”гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43 хуудас/,
2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Хаан банкны” депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 17-19 хуудас/,
Номин тав трейд ХХК-ний 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №3-15/57 дугаартай Б.Ариунааг ажилд томилсон тухай даргын тушаал /хх-ийн 56 хуудас/,
Номин тав трейд ХХК-ний 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №3-15/35 дугаартай Б.Ариунааг ажлаас чөлөөлөх тухай даргын тушаал /хх-ийн 55 хуудас/,
Ажилтны мэргэжлийн ур чадвар, ажлын хариуцлага, зан байдлын талаар нэгдсэн тодорхойлолт /хх-ийн 57 хуудас/,
Өвөрхангай аймгийн прокурорын газрын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 192600140050 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 45-46 хуудас/,
Шүүгдэгч Б.Ариунаагийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-66/, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №813 дугаартай Засаг даргын тодорхойлолт /хх-58/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-73 хуудас/ зэрэг болно.
Улсын яллагч “Шүүгдэгч Б.Ариунаа нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Шүүгдэгч Б.Ариунаа нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Ариунаад холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Б.Ариунаа нь “Номин тав трейд” ХХК-ний Хангамж аж ахуйн албанд ажиллаж байхдаа чингэлэг зарна хэмээн хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж О.Лхагва-Очироос 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Ц.Энхбаярын эзэмшлийн 5069177847 тоот дансаар 3.000.000 төгрөг, 1.500.000 төгрөг, 3.000.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн эзэмшлийн 5011041176 тоот дансаар 3.000.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн эзэмшлийн 5011041176 тоот дансаар 2.000.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн эзэмшлийн 5011041176 тоот дансаар 2.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 14.500.000 төгрөгийг залилсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Б.Ариунаа нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч О.Лхагва-Очирын “...Б.Ариунаатай холбоотой байгаа. Надаас авсан мөнгөө өгнө гэж хэлдэг. Хамгийн сүүлд 2019 оны 04 дүгээр сарын 15-ны үеэр над руу утсаар залгаад эгч нь хоёр контейнер аргалаад өгөхөөр боллоо миний дүү хаана байна гэхээр нь би Улаанбаатар хотод ирчихсэн байна гэхэд 10 цаг гээд шийд өгнө гэж хэлээд таг болсон. Надад зохицуулаад өгнө болгоно гэж хэлэхээс биш болохгүй байна гэсэн зүйл бол хэлдэггүй. Надаас 14.500.000 төгрөг авснаас 6.000.000 төгрөгийг хоёр хуваагаад Улаанбаатар хотод байхдаа бэлнээр өгсөн. 500.000 төгрөгийг бол миний дүү зардал хийгээд гэж хэлээд өгсөн. Хүнээс контейнер авахын тулд 5 удаа ачааны машинтай очиж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29/, гэрч Ц.Энхбаярын “Одоогоос 2-3 жилийн өмнө манай ээж Б.Ариунаа гэх хүн интернэтед зар тавиад өг гэсэн гэж хэлсэн. Б.Ариунаа нь манай ээжтэй хамт ажилладаг байсан юм. Контейнер зардаг хүн байна гэж ойлгосон. Би зар явуулсны дараа хүмүүс залгаж би Б.Ариунаагийн утсыг өгөөд энэ хүнтэй уулз гэж явуулсан. Өвөрхангай аймгийн тээврийн жолооч гээд нэг хүн контейнер авна гээд яриад байсан. Би тэр хүнд Б.Ариунааг зааж өгөөд явуулсан. Тэгсэн нөгөө ах дахиж холбогдоод гоё контейнер байна авъя мөнгөө шилжүүлнэ гэхээр нь би ирж авахдаа мөнгөө өгөөд яв гэсэн чинь “яах юм” гэхэд миний 5069177847 дугаарын данс руу 2.000.000 гаруй төгрөг шилжүүлсэн. Би яг хэдэн төгрөг байсныг одоо сайн санахгүй байна. Нөгөө ахын явуулсан 2 хүнийг би Б.Ариунаа руу явуулаад 2.000.000 төгрөгийг Б.Ариунаа руу шилжүүлээд үлдэгдлийг нь өөртөө үлдээгээд контейнер авахаар өгнө гэж бодсон. Тэгсэн 7-14 хоногийн дараа нөгөө ах над руу контейнераа авч чадахгүй байна. Б.Ариунаа чинь утас нь холбогдохгүй байна гэсэн. Тэгээд нөгөө ахтай Б.Ариунааг олж уулзах гээд нэг өдөр явсан. Тэгсэн Б.Ариунаа Хан-Уул дүүргийн эмнэлэг дээр нөхрийнх нь бие муу гээд сахиж байсан. Тэгсэн Б.Ариунаа контейнер өгөх боломжгүй, мөнгийг чинь үрчихсэн гээд тэр 2 машин барьцаалаад гэрээ хийсэн. Би үлдэгдэл 2.500.000 төгрөгийг буцааж өгсөн. Дахиад контейнер авна гээд тэр ах мөнгө өгчихсөн юм билээ. Тэр хоёрын дунд хэдэн төгрөгийн асуудал үүссэн талаар би мэдэхгүй. Миний дансаар мөнгө нь орж ирсэн болохоор би тэр ахыг Б.Ариунаатай уулзуулсан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40 хуудас/, гэрч Б.Даваасүрэнгийн “манай Хангамжийн салбар нь эд хөрөнгө контейнер зардаггүй. Байгууллагуудад тавилга, тоног төхөөрөмж, хангамжийн материал хуваарилдаг. Б.Ариунаа нь нярваар ажиллах үедээ бараа эд зүйлийн хөрөнгийн хангамжаар тараах болон буцаан татан авалт хийгдсэн хадгалах зориулалт бүхий 80 гаруй контейнер түрээсийнх нь нийлвэл 100 гаруй контейнер дотор нь хураах тэндээсээ салбаруудад тараах ажил хариуцаж байсан. Манайх контейнер зардаггүй. Контейнер зарах эрх манай хангамжийн салбарт байхгүй. Хэрэв зарах бол “”Номин төв ”-ийн захирлын зөвшөөрлөөр бид зарна. 2017, 2020 онуудад контейнер зарсан бусад үед зараагүй. Агуулахын контейнерыг зарах эрх бидэнд байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43 хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 15-16/, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Хаан банкны” депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 17-19 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Б.Ариунаа нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Б.Ариунаа нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг залилсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Ариунааг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Ариунаа нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч О.Лхагва-Очирын шүүхэд ирүүлсэн “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлтээр тогтоогдож байна.
Улсын яллагч “Шүүгдэгч Б.Ариунаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “...Шүүгдэгч Б.Ариунаад ял шийтгэл оногдуулахдаа 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солино гэсэн байгаа. Б.Ариунаад оногдуулах ялыг Өршөөлийн хуульд хамрагдуулахаар нөхөр нь өвчтэй гадаадад явж эмчлүүлэх шаардлагатай байгаа. Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар гадаадад зорчих боломжгүй болох учир шүүхээс Б.Ариунаагийн хувийн байдлыг харгалзаж торгуулийн ял оногдуулж өгнө үү. Шүүгдэгч Б.Ариунаа өөрөө тэтгэвэр авдаг, хүүхдүүд нь ажил төрөлтэй учраас торгуулийн ялыг төлөх боломжтой. Шүүгдэгч Б.Ариунаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж тухайн торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгч Б.Ариунаад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Ариунаагийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Б.Ариунаад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Б.Ариунаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ариунаад оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, шүүгдэгч Б.Ариунаа нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,
Шүүгдэгч Б.Ариунаа нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Ариунаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Олхуд овгийн Банзрагчийн Ариунааг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүгдэгч Олхуд овгийн Банзрагчийн Ариунааг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ариунаад оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ариунаа нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Ариунаа нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч О.Лхагва-Очир нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ариунаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдьдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Ариунаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.